Тэнгэрт одсон өдрийн утга учир

22,670 үзэлт

Тэнгэрт одсон өдөр нь Есүсийн тэнгэрт одсон үйл явдлыг дурсдаг өдөр. Энэ нь бид ч бас өөрчлөгдөөд Христ шиг тэнгэрт одно гэсэн найдварыг бидэнд өгдөг өдөр юм. Есүс тэнгэрт одохоосоо өмнө шавь нартаа дэлхийн үндэстнүүдийг авралын замаар хөтлөхийг тушаасан байдаг. Ариун тушаалыг нь хүлээн авсан анхны сүмийн итгэгчид Тэнгэрт одсон өдрөөс эхлэн 10 хоногийн турш чин сэтгэлээсээ залбирсныхаа дүнд эхний бороо Ариун Сүнс авч, сайн мэдээг дэлхий дахинаа тунхаглаж эхэлжээ.

Дэлхийн сайн мэдээ бол Ариун Сүнсний үед амьдарч байгаа бидний гүйцээх ёстой үүрэг. Тэнгэрт одсон өдрөөр Бурханы амласан яруу алдар, ерөөлийг сэтгэлдээ хоногшуулж, дэлхий дахины сайн мэдээг гүйцээхийн төлөө явах ёстой замаа олж мэдэцгээе.

Тэнгэрт одсон өдрийн үүсэл ба утга учир

3500 жилийн өмнө Египетээс гарсан тэр үед Мосе Улаан тэнгисийг гатлаад 40 дэх өдрөө буюу ариун тооллын 3 сарын 1-нд Бурханд дуудагдан, Синаи уул өөд гарсан юм. Бурхан тэр үедээ хэрэв израиль ард түмэн Бурханы үгэнд дуулгавартай байж, гэрээг нь сахивал Бурханы сонгосон ард түмэн болж, бүх ард түмний дээгүүр өндөрт тавигдана хэмээн айлдсан байдаг.

“Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв. Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллажээ. Мосе, Бурханд өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулнаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан. Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.” Гэт 19:1-6

Библид Есүсийг “Мосетэй адилхан эш үзүүлэгч” гэсэн нь Мосе Есүс хоёрыг сүүдэр бодитын холбоо хамааралтайг харуулсан хэрэг (Дэд.Хуу 18:18, Үйл 3:20-24). Мосе Улаан тэнгист орсон нь Есүс булшинд орохыг, Улаан тэнгисийг гатлан хуурай газарт гарсан нь Есүс булшнаас гарч амилахыг илэрхийлжээ. Мосе Улаан тэнгисийг гатлаад 40 дэх хоног дээрээ Синаи ууланд гарсан нь Есүс амилаад 40 дэх өдөртөө тэнгэрт одохыг урьдчилан харуулсан аж.

“… Зовлон эдэлснийхээ дараа Тэр амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын тухай айлдаж байв. … Тэгээд, цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв. Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов. … цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь —Галилын эрчүүд ээ, та нар юунд тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ гэв.” Үйл 1:1-11

2000 жилийн тэртээ Есүс шавь нартаа хожим Ариун Сүнсний хүч чадал буулгаж өгөхөө амлаад, Самари ба дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглахыг захичихаад тэнгэрт одсон. “Та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” хэмээн айлдсанчлан (Иох 13:15) Христийн тэнгэрт одсон явдал нь Христийг дагадаг итгэгчид ч хожим өөрчлөгдөж, улмаар тэнгэрт одно гэдгийг харуулж байна.

Тэнгэрт одох яруу алдар

Сайн мэдээ дэлхий дахинаа тунхаглагдан Бурханы авралын үйл хэрэг бүрэн дуусах аваас үүргээ бүрэн биелүүлсэн сүүлчийн үеийн итгэгчид ч Есүс тэнгэрт одсон шиг тэнгэрт одох яруу алдрыг хүртэх болно. Библид сүүлчийн мөчид Христ дотор үхэгсэд амилж, тэр үе хүртэл амьд байж Христийг хүлээн авсан хүмүүс нь нүд ирмэхийн зуур өөрчлөгдөн тэнгэрт одох яруу алдрыг эдэлнэ хэмээн гэрчилж байна.

“Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой.” 1Кор 15:50-53

Сонын авгалдай төрсөн цагаасаа усан дотор амьдарч байгаад нас бие гүйцсэн шавьж болж өөрчлөгдөхөөрөө мөнгөлөг далавч ургуулан, тэнгэрт эрх дураараа нисдэг аж. Бурханы бүтээсэн өчүүхэн шавьж ч хүртэл тийм байдаг бол Бурханы хүүхэд болсон бидний ирээдүйн төрх ямар бол оо? Бурхан биднийг угийн төрөлх байдал болон төрхөнд маань оруулна гэж амласан болохоор бидний бие махбод тэнгэрийн сүнслэг биеэр өөрчлөгдөх өдөр ирэх нь гарцаагүй.

“… Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.” 1Тес 4:13-18

Бидэнд одоо үүлэн дунд өндөрт өргөгдөн, Бурханыг угтан авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед мөнх амь, аз жаргал эдлэх амлалт л үлдээд байна. Христ шиг сүнслэг биеэр өөрчлөгдөөд, тэнгэрт одох баяр хөөрийн цаг мөчөө бодоод, баяр баясгалан, итгэл найдвар тээн, итгэлийн цөлийн аян замаар үргэлжлүүлэн алхацгаая.

Тэнгэрт одсон өдөр дэлхийн сайн мэдээний үүрэг даалгасан нь

Тэнгэрт одох өдрийн бас нэгэн чухал утга учир бол Христ дэлхийн сайн мэдээг хамгийн анх тунхагласанд оршдог юм. Дэлхий дахиныг гэмшүүлж, аврал руу хөтлөх үүргийг итгэгчиддээ ухааруулж, дэлхийн сайн мэдээний эхлэл тавигдсан гүн гүнзгий утга учиртай өдөр бол Тэнгэрт одсон өдөр юм. Эл өдөр Есүс шавь нартаа тэнгэрт одох яруу алдрыг харуулаад зогсохгүй “Явж, бүх үндэстнийг дагалдагч болгоод, авралын ерөөлт мэдээ тунхаглаарай” хэмээн тушаасан билээ.

“Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул өөд явав. Тэд Есүсийг хараад Түүнд мөргөж, зарим нь харин эргэлзэж байлаа. Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:16-20

Өгсөн тушаалынх нь дагуу шавь нар Христийн даатгасан ариун үүргийг биелүүлэх гэж Тэнгэрт одсон өдрөөс эхлэн арав хоногийн турш чин сэтгэлээсээ залбирч, Пентэкостын өдөр эхний бороо Ариун Сүнс авсан байдаг (Үйл 2:1-4). Ингэснээр хүн төрөлхтнийг аврах шинэ гэрээний мессеж Иерусалим болон Иудагаас хальж, бүх дэлхийн улс үндэстнүүдэд хүчтэйгээр тунхаглагдаж эхэлсэн байдаг.

Ариун Сүнсээр дүүрсэн анхны сүмийн итгэгчид болон элч нар цаашид дуугүй суугаад байж чадалгүй, үгийг тунхаглахад бүх зүрх, бүх хүсэл, хамаг халуун сэтгэлээ зориулсан билээ.

“Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. … Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. … Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.” Үйл 2:38-47

“Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн дээр ирэв. Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ. Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.” Үйл 4:1-4

Анхны сүм асар ихээр өсөж, дэлхийн сайн мэдээний эхлэлийг тавьж чадсаны учир нь итгэгчид хүний хүч чадвар, хүний мэргэн ухааныг түшилгүй, Бурханы хүч чадлыг бүрэн түшиж байсан болохоор тэр юм. Тэд бүгд Бурханы өгсөн Ариун Сүнсийг түшин, нэг сэтгэлээр сайн мэдээ тарааж байсан учраас л Бурхан тэдэн дээр аврагдагсдыг өдрөөс өдөрт нэмэгдүүлж байсан аж.

Өнөө үед ч дэлхийн сайн мэдээний ажлыг хувь хүний чадвараар хийх гэвэл огтхон ч бүтэшгүй хэрэг. Харин Бурханы хүч чадал дотор хангалттай биелүүлнэ. Төгс хүчит Елохим Бурхан хамт байгаа болохоор бүх зүйл болж бүтнэ гэсэн итгэлтэй байх аваас өдөрт гурван мянга, таван мянган хүнийг ч аврах боломжтой юм шүү.

Анхан үеийн Бурханы сүмийнхэн Бурханаас хүлээсэн үүргээ дуулгавартай биелүүлж, дэлхийн сайн мэдээний төлөөх тугаа өндөрт өргөжээ. Өнөө үед бид ч тэдний жишээгээр сүүлчийн сайн мэдээний түүхийг биелүүлэхийн төлөө бүгд хамтдаа хүчин зүтгэцгээе. Ариун Сүнсээр дүүрч, сайн мэдээ хараахан тунхаглагдаагүй бүхий л бүс нутагт тэнгэр Эцэг Эхийнхээ авралыг хичээнгүйлэн тунхаглацгаая.

Бидэнтэй хамт байж тусалдаг Бурхан

Есүсийг хавчиж байсан тухайн үеийн шашны удирдагчид Христийн сайн мэдээ хурдтай тунхаглагдахыг хараад ихэд гайхаж, сайн мэдээ тунхаглуулахгүй гэж зүсэн бүрийн аргаар саад хийж байв. Харин тэд хичнээн их саад хийлээ ч Ариун Сүнсээр дүүрсэн итгэгчдийг зогсоож дийлээгүй юм.

“Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад… цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд сануулъя гэцгээв. Ингээд тэднийг дуудаж, Есүсийн нэрээр огт ярьж, заахгүй байхыг тушаав. Гэвч Петр Иохан нар тэдэнд —Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ. Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа.” Үйл 4:13-21

“Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.” Үйл 20:22-24

Элч Петр, Иохан нар “Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй” гэж зоригтойгоор өчиж байжээ. Элч Паул бас сайн мэдээ тунхаглах үүрэг албаа гүйцээхийн тулд амиа ч юман чинээ боддоггүй байж. Үйлс номд гарч байгаа дүр зургууд нь анхны сүмийн итгэгчид Бурханыг хичнээн их хайрладаг байсныг харуулж байна. Тэд тэнгэрийн мөнхийн яруу алдрыг харан, газар дээр амсах түрхэн зуурын зовлонгоо тэвчиж байсан юм. Тэд сорилт шалгуур, саад хавчлагыг ч ажралгүй зоригтойгоор сайн мэдээ тунхаглаж, нэг нэгнээ харж халамжлан, санаа тавьж, хамтдаа тэнгэрийн хаанчлалыг чиглэн явцгаасан аж.

Өнөө үед ч биднийг дэлхий дахинд сайн мэдээ тунхаглахаар Сатан уг түүхийг саадгүй явагдаг гээд зүгээр хараад сууж байгаа юм биш. Тэглээ гээд саад гүтгэлэг хэдий чинээ их байна Бурханы түүх төдий чинээ их гардаг. Анир чимээгүй, тогтуун үед бид салхийг төдийлөн мэдрээд байдаггүй ч модны навчис сэрчигнэх үед салхи байдгийг анзаардаг шүү дээ. Үүнтэй адил амар тайван байдалд Бурханы тусламжийг ухаарах амаргүй. Харин бэрхшээлтэй тулгарч тэмцээд, уг бэрхшээл саадыг нэвтлэн гарах агшинд Бурхан бидэнд алхам тутамд маань тусалж байгааг мэдэрдэг юм.

Библид хэдийгээр хүний амьдралын бүх зүйл хоосноос хоосон гэсэн ч Бурхан доторх зүдэл зүтгэлийг бол харин хоосон биш гэж зааж өгч байна (Ном.Үгс 1:2, 1Кор 15:58). Энэ газрын агшин зуурын хоосон яруу алдар биш, тэнгэрийн мөнхийн яруу алдар бидэнд бэлтгэгдсэн байгаа. Ариун Сүнсний үеийн сайн мэдээний эш үзүүлэгчдийн хувиар хүний амьдралын цаг хугацааг хаана хөрөнгө оруулж байж хамгийн үнэ цэнэтэй болохыг тунгаан бодож, мөнхөд амьдрах тэнгэрийн хаанчлалын гэр рүүгээ хүсэн тэмүүлж, үлдсэн үүргээ бүх хүчээ дайчлан биелүүлэхийг бүгдээс нь хүсэх байна.

Бурханаар бахархацгаая

Энэ ертөнцөд цаашид үхэл байхгүй, зовлон байхгүй, гашуудах гэж үгүй сүр жавхлант ертөнц оршин байдгийг хараахан мэддэггүй, ямар ч найдваргүй амьдарч байгаа хүн олон. Одоо тэдэнд бүгдэд нь тэнгэрт одох яруу алдар болон мөнхийн тэнгэрийн хаанчлалын нутгийнх нь тухай тунхаглан мэдүүлцгээе.

“Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах [бахархах, NLT англи Библи] болно. Тэд бөхийн унацгаасан, харин бид босоцгоож, цэх шулуун зогсоцгоосон. ЭЗЭН, авраач! Бидний дуудах өдөр хаан бидэнд хариулах болтугай!” Дуу 20:7-9

Бидэнд ч бас дэлхийн бүх хүнд бахархах зохистой Нэгэн бий. Тэр бол хүн төрөлхтний Аврагч, мөнхөд бидэнтэй хамт байгаа Елохим Бурхан юм.

Энэ үеийн Аврагч болсон Сүнс ба Сүйт бүсгүйд итгэн, магтаал өргөх үйл хэрэг одоо дэлхийн хаа сайгүй ид өрнөж байна. “Самари ба дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болоорой” хэмээх Христийн сүүлчийн захиасыг санаж, зөгнөлийн бүрээн дуунаар хамтдаа хөдлөн, авралын мэдээг дэлхий дахинаа бүгдэд нь тунхаглах Бурханы зарлагууд болцгооё.

Бурхан аливаа нэг үүрэг даалгахдаа хийж чадах чадварыг нь ч давхар өгдөг. Хүүхдүүддээ гарт нь юу ч бариулахгүйгээр зүгээр ажил даатгаад явуулчихдаг аав ээж гэж байхгүй шүү дээ. Үүнтэй адил Бурхан “Яв” хэмээн айлдахдаа бидэнд Ариун Сүнсээ өгөх нь гарцаагүй. Тэнгэр Эцэг Эхийн соёрхон өгсөн Ариун Сүнсний өвч зэвсгийг бүрэн агсаад, дэлхийн сайн мэдээнд хамтдаа хүчээ дайчилцгаая. Тийнхүү агаар мандалд Эзэнийг угтан аваад, тэнгэрт өргөгдөх яруу алдарт нэг хүн ч үлдэлгүй бүгдээрээ оролцохыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.