Матай 22-р бүлэгт Есүс “Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэдгийг анхны тушаал гэж хэлдэг. Уг нь анхны тушаал чинь “Надаас өөр бурханд үйлчилж болохгүй” гэдэг тушаал биш юм уу?

158 Үзсэн тоо

“Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.” Мат 22:35-38

Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэдэг нь Бурханыг 100% хайрла гэсэн үг. Бурханыг 100% хайрладаг хүн мэдээж өөр бурханд үйлчлэхгүй. Арван тушаалын анхны тушаал ба Есүсийн дурдсан анхны тушаал нь ялгаатай бус адилхан юм.

Бурханыг бүрэн хайрлах арга

Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гэж ярьдаг хүн олон байдаг. Гэсэн хэдий ч тэдэнд Бурханыг хайрлах өөрсдийн гэсэн хэм хэмжүүр, арга барил бий. Гэвч тэд ердөө хүний бодол санаа, арга барилаар Есүсийн айлдсан анхны тушаалыг сахих боломжгүй. Библид бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханыг хайрлах арга зам бичигдсэн байдаг. Тэр нь Алгасал баяр сахих явдал.

“Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэн ёсоор өөрийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэгтүн гэж тушаав. Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэтээр Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. Харин Иосиа хааны арван наймдугаар онд Иерусалим хотноо ЭЗЭНд Алгасалыг сахисан юм. … Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.” 2Хаа 23:21-23, 25

Иосиа хаан Алгасал баяр сахиснаараа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханыг хайрласан хүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна. Тиймээс Иосиа хаан шиг Алгасал баяр сахисан хэн боловч Есүсийн бидэнд өгсөн анхны тушаалыг бүрэн сахих боломжтой болно.

Анхны тушаал ба Алгасал баяр

Бид анхны тушаал ба Алгасал баярын холбоо хамаарлыг арай дэлгэрэнгүй судалбал бүр ч тодорхой болно.

“Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга.” Дэд.Хуу 6:4-8

“Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн үгийг өөрөөр хэлбэл анхны тушаалыг гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга хэмээсэн. Гэтэл Алгасал баярын тухай дурдахдаа ч адилхан үг айлдсан.

“Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.” Гэт 13:8-9

Израилийн ард түмэн Египетээс гарахдаа үйлдсэн ёслол нь Алгасал баярын ёслол байв (Гэт 12:1-14). Есүсийн айлдсан анхны тушаал болон Алгасал баярыг аль алийг нь гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болго гэж айлдсан нь эцэстээ анхны тушаал болон Алгасал баяр нь адилхан гэдгийг хэлж байна. Тиймээс Алгасал баяр сахисан Иосиа хаан анхны тушаалыг бүрэн сахисан гэсэн гэрчлэл авсан байна. Хамгийн агуу бөгөөд анхны тушаал “Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” хэмээх айлдал нь зөвхөн Алгасал баяр сахиж байж л биелэх боломжтой.

Өөр бурхдыг устгадаг Алгасал баяр

Хэрэв бид Алгасал баярыг сахивал Бурханаас өөр бурханд үйлчилж болохгүй гэсэн Арван тушаалын анхны тушаалыг автоматаар биелүүлж чадна.

“… Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.” Гэт 12:11-12

Бурхан Алгасал баярын шөнө Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгасан. Бусад бурхад шүүгдэж, устдаг тул Алгасал баяр сахивал Бурханд л бүрэн үйлчлэх боломжтой болно.

Иосиа хаан ч мөн Бурханд итгэдэг байсан ч үе дамжин үйлчилж ирсэн шүтээнүүдээ жигшүүрт шүтээн гэдгийг нь мэдэлгүй 18 жилийн турш тэдгээрийг ариун газарт байлгасаар иржээ. Харин Алгасал баярыг ухаараад сүнслэг нүд нь нээгдэж, урьд өмнө өөрийн мэдэлгүй үйлчилж байсан шүтээнүүдээ бүрэн устгасан юм.

“Харин Иосиа хааны арван наймдугаар онд Иерусалим хотноо ЭЗЭНд Алгасалыг сахисан юм. Түүнчлэн ЭЗЭНий өргөөнөөс тахилч Хилкиагийн олсон номд бичигдсэн хуулийн үгсийг гүйцэлдүүлэхийн тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газарт ба Иерусалимд үзэгдсэн бүх л бузрыг Иосиа хөөн зайлуулжээ.” 2Хаа 23:23-24

Үүнтэй адилхан үйл явдал Хезекиа хааны үед ч болсон байдаг.

“Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж мөн Ефраим ба Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнөө ирэхийг тэднээс хүсэв.” 2Шас 30:1

“Энэ бүхэн (Алгасал баяр) дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.” 2Шас 31:1

Хэрэв бид Бурханыг өөр бурхдаас ялгаж чадахгүй бол өөрийн мэдэлгүй өөр бурхдад үйлчилнэ. Харин Алгасал баярыг сахих юм бол сүнслэг нүд нээгдэж, өмнө нь мэдэхгүй үйлчилж байсан өөр бурхан шүтээнүүдийг бүгдийг нь устгаж чадна. Энэ бол Алгасал баярын хүч.

Шинэ гэрээний Алгасал баярыг дэлхий дахинаа тунхаглая

Аль ч цаг үед хэрэв Алгасал баяр сахихгүй бол өөрийгөө Бурханд итгэдэг гэж боддог хүн ч шүтээн шүтэхээс өөр аргагүй болдог.

Өнөөгийн үй олон сүм нарны бурхны эхний өдөр болох ням гарагт мөргөл сахиж, нарны бурхны төрсөн өдөр буюу Христмас тэмдэглэж, загалмайн шүтээн хийж, босгодог. Үүний шалтгаан ч мөн л Алгасал баяр тэмдэглэдэггүйтэй холбоотой.

Алгасал баяр бол өөр бурхдад үйлчлэлгүй, зөвхөн Бурханыг л хайрлаж, Түүнд үйлчлэх цорын ганц арга юм. Бурханыг хэрхэн төгс хайрлаж, хэрхэн үйлчлэхээ мэдэхгүй байсан бидэнд Алгасал баярын үнэнийг Өөрийн биеэр мэдүүлсэн Елохим Бурхандаа талархаж, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханы хайрлах арга зам болох шинэ гэрээний Алгасал баярыг дэлхий дахинаа тунхаглацгаая.