Гэрээ ба итгэл

30,602 үзэлт

Хүний нийгэм гэгч хүн хоорондын амлалтуудаас тогтдог. Цаасан мөнгө уг нь жирийн нэг өөдөс цааснаас хэтрэхгүй зүйл хэрнээ хүн хоорондын тогтсон амлалтын улмаас зүгээр ч нэг цаас биш, эд юмс зарах, худалдан авах мөнгөн дэвсгэрт болоод хувирчих жишээний.

Хэрвээ жаахан хүүхэд мөнгө урчихвал хүмүүс харамсдаг ч зүгээр нэг цаас урахад нь нэг их тоодоггүй. Мөнгөн дэвсгэрт биш харин жирийн цаасанд ямар нэг амлалт агуулаагүй учраас тэр шүү дээ.

Энэ мэт жишээнээс амлалт гэгч ихээхэн чухал гэдгийг ойлгож болохоор байна.

Бурхан болон хүн төрөлхтний хооронд ч Бурханы тогтоосон амлалт буюу гэрээ гэж бий. Итгэлийн амьдралын тухайд ч гэрээ болон итгэл гэгчийн хоорондын холбоо хамаарлыг ойлгохгүйгээр бид яагаад Бурханы тушаал сахих ёстойгоо, яагаад Елохим Бурханд итгэх итгэлээ сахих ёстойгоо ойлгохгүй, улмаар ийм тодорхой бус итгэлээсээ болоод итгэлийн үндэс ганхахад хүрнэ.

Итгэлийн зорилго бол сүнсний аврал авах (1Пет 1:9). Ертөнцөд өөрсдийгөө аврал авсан гэдэг олон хүн бий. Бүгд л авралын өөр өөр замыг санал болгодог ч авралын тухайд бол бид зөвхөн Бурханы амлалтын үгэнд л найдах учиртай. Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрсөн энэ гэрээ хичнээн эрхэм чухал болохыг бодоход цаг гаргацгаая.

Авралтай шууд холбоотой Бурханы амлалт

Ертөнцөд өдий төдий гүн ухаан, үзэл ойлголт байдаг ч авралын арга нь Бурханы амлалтыг бичсэн Библид л бий. Тухайн сургаал хичнээн логиктой үнэн юм шиг санагдсан ч Библид бичигдээгүй л бол тэр нь авралтай ямар ч холбоо хамааралгүй хоосон сургаал юм. Эдүгээ дэлхийн олон сүмд сахидаг хүний тушаалаас бид бүхэн татгалзаж байгаагийн учир ч түүн дотор Бурхан болон бидний хооронд тогтсон амлалт байхгүйтэй холбоотой.

Есүсийн Өөрийн биеэр жишээ үзүүлж, элч нарын тунхаглаж байсан Бурханы тушаалыг сахигч нь авралд хүрнэ гэсэн Бурханы амлалт байгаа учраас л бид Библийн үгийн дагуу итгэлийн замаар алхацгааж байна.

“… Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг. …” Гал 1:6-10

Сайн мэдээ нь Бурханы бидэнтэй тогтоосон амлалт юм. Бурханы амлалтыг хүний дураар өөрчлөх аваас энэ нь “өөр сайн мэдээ” болно. Тийм учраас Бурхан өөр сайн мэдээ тунхаглаж, сахиж байгаа хүмүүсийг аврал авч чадахгүй хэмээн тодорхой айлдсан байна. Бэлэн мөнгийг хуурамчаар үйлдэн хэрэглэх нь гэмт хэрэг болдог шиг Бурханы тогтоосон сайн мэдээг өөрчлөх юм уу гуйвуулж байгаа үйлдэл нь сүнслэг гэмт хэрэг юм.

Цаасан мөнгөнд нийгэмд тогтоосон амлалт бий. Түүнчлэн мөнгөнийх нь хувьд ашиглаж болох олон болзол бий. Дэвсгэртийн нэг хэсэгт нь тодорхой үсэгнүүд, нөгөө хэсэгт нарийн хийц, тоо цифр, зарим хэсэгт нь бүр харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан товгор хээ гээд л хэд хэдэн онцлогтой.

Үүнтэй адилхан Бурхан бидний авралын төлөө Библид тодорхой нөхцөл болзол тавьсан.

“Долоо дахь өдрийн Амралтын өдрийг санаж сахь”, “Эхний сарын 14-ний үдэш Алгасал баяраар талх, усан үзмийн дарс идэж уух ёслол үйлдвэл Би та нарт мөнх амь өгөхөө амлая” гээд л. Бурхан энэ мэтээр сүнслэг хараагүй хүмүүсээр Бурханыг олуулах гэсэндээ иймэрхүү амлалтуудаа Библид бичиж үлдээсэн хэрэг.

“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:18-19

Бурхан Библийн 66 номын алив үг сургаал дээр нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй хэмээсэн. Мөнгөн тэмдэгтийн хийц зургийн нэг хэсгийг нь л хасах юм уу эсвэл зарим зүйл нэмсэн бол энэ нь ямар ч үнэ цэнэгүй хуурамч мөнгө болно. Хуурамч сургаал номлолын оронд зөвхөн Бурхан болон бидний хооронд амласан гэрээгээ дагах нь чухал гэсэн практик сургаалыг үүгээр зааж өгч байна.

Хуурамч мөнгө олширвол нийгмийн дэг журам эвдэгдэхэд хүрнэ. Сатаны хуурамчаар бий болгосон өөр сайн мэдээ энэ ертөнцөд эмх замбарааг нь алдуулна гэдгийг урьдаас мэдэж байсан Бурхан Библийн үгэн дээр нэмж ч, хасаж ч болохгүй гэж тушаасан юм. Бурханы үгийн дагуу үйлдэх үед аврал авч, харин үгэн дээр нь өөр юм нэмж хавсарган, эсвэл үгнээс нь хасаад хаячихвал мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй юм чинь аргагүй шүү дээ.

Сахиж байгаа тушаал бүхнээ бид Библиэр нэг бүрчлэн батлах боломжтой тул бид одоо Бурханы авралын амлалттай нийцсэн итгэлийн амьдралаар амьдарч байгаадаа бат итгэлтэй байж болох юм. Тэнгисийн эргийн элс мэт үй олон хүн аврал авах элдэв янзын арга санал болгож байгаа ч тэдний заадаг тэр арга чухамдаа Библийн сургаал мөн үү, биш үү гэдгийг бид шалгадаг байх учиртай. Мөн Бурхан бидэнтэй ямар амлалт тогтоосныг нягталж үзэх хэрэгтэй.

Алгасал баяр нь Бурханы гэрээ

Эл үүднээс бид сахидаг Алгасал баяраасаа эхлээд судалж үзье. Алгасал баяр нь Бурхан Өөрөө байгуулсан шинэ гэрээ юм.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн.” Иох 6:53-55

Есүсийн махыг идээгүй, Есүсийн цусыг уугаагүй хүний дотор мөнх амь байхгүй гэсэн байна. Хичнээн мундаг хүн байгаад ч амь байхгүй бол ямар утга учир байна аа?

Хүний Хүүгийн мах ба Хүний Хүүгийн цусыг идэж уух үед амь өгнө хэмээн айлдсан үг нь авралын эрх мэдэлтэй Бурханы ард түмэнтэйгээ шууд тогтоосон нандин амлалт юм. Бурхан энэ амлалтаа хэзээ ч цуцлахгүй.

Тэгвэл юуг Есүсийн мах ба цус хэмээн айлдсаныг судлан үзэцгээе.

“… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

Алгасал баярын талхыг Есүсийн мах, усан үзмийн дарсыг нь Есүсийн цус хэмээн амлалт тогтоосон байна. Есүсийн мах, цусыг идэж уугаагүй бол амь байхгүй гэсэн нь Алгасал баяр сахихгүйгээр Бурханы амласан мөнх амийг авч чадахгүй гэсэн утгатай юм.

Бидний Аврагч болох Бурхан Есүсийн мах ба цусыг бэлгэдсэн Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар амлалт тогтоосон болохоор бид заавал идэж уух хэрэгтэй. Бурханы сургаалыг дагах нь мөнх амь, авралд хүрэх зам, жинхэнэ итгэл мөн.

Бурхан бидэнд амийн шинэ гэрээ Алгасал баярыг зөвшөөрөн, энэ гэрээгээр биднийг мөнхийн Бурханы хаанчлал руу хөтөлсөн юм.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. … ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.” Иер 31:31-34

Бурханы тогтоосон шинэ гэрээнд Бурханы гайхамшигт ивээл, хязгааргүй их ерөөл бий. Мөн Бурхан шинэ гэрээн дотор байдаг ард түмнийхээ хилэнц нүглийг уучилна хэмээн Библид баттай амлан үлдээжээ. Нээрээ л шинэ гэрээний Алгасал баяр нь эрхэм нандин үнэн юм.

Амралтын өдөр нь Бурханы гэрээ

Аврал авахыг хүсэж л байгаа бол одоо Библиэр дамжуулан амласан Бурханы амлалтын үгийг дагаад амьдарч байгаа эсэхээ эргэн харахад болно. Бидний сахиж байгаа Амралтын өдөр ч мөн л Бурханы гэрээ юм.

“Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна. Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн. Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн. … Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв. Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. …” Езе 20:11-21

Амралтын өдөр бол Бурхан болон Бурханы ард түмний хоорондох тэмдэг гэсэн амлалтын үгийг ч үл тоон, Амралтын өдрийг сахих хэрэггүй гэх юм уу эсвэл ямар ч хамаагүй өдөр сахихыг уриалж байгаа хүмүүс яах бол оо? Бурхан Өөрийнх нь амлалтыг зөрчсөн ёс бусыг үйлдэгчдийг эцсийн өдөр бөөгнүүлж боогоод галд хаяж шатаана гэсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл тэднийг мөнхийн тамын галд хаяна гэсэн үг (Мат 13:30, 40-42 харьцуулах).

Харин хууль тушаал, зарлигийг нь сахидаг Сионы хүүхдүүддээ Бурхан аврал амласан. Элч Иохан энэ дэлхийгээс аврагдах “эмэгтэйн бусад үр удам” нь Бурханы тушаалыг чин үнэнчээр чандлан сахигчид хэмээн бичсэн байдаг (Илч 14:12, 12:17).

Бид Амралтын өдрийг сахиж байгаа нь энэ өдөр тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Елохим Бурханд магтаал өргөхийн зэрэгцээ Бурхантай бий болгосон харилцаагаа улам бүр бататгадаг гэсэн үг. Түг түмнийг бүтээсэн Бүтээгч Бурхан бол бидний тэнгэр Эцэг Эх минь юм шүү гэдгийг сэтгэл зүрхнийхээ гүнд хоногшуулаарай.

Гэтэл Бурханы гэрээлсэн сайн мэдээ Сатаны нөлөөгөөр элч нарын үеийн сүүлчээс эхлээд бага багаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Тэгж явсаар МЭ 4-р зууны үед бүрэн өөрчлөгдсөн. 321 онд Амралтын өдөр ням гарагт болж өөрчлөгдөн, 325 онд Алгасал баяр устжээ. Бурханы үнэнийг устгасан Сатаны хүчнүүд өөрсдөө өөр зүйл санаачлан гаргаж, 354 оны үед Христмасыг бий болгон сүмд оруулж иржээ. Улмаар 568 онд сүмийн оройд загалмай байрлуулж эхлэв. Тэдний оруулж ирсэн эдгээрийн аль нь ч Библийн 66 номны хаанаас нь ч олдохгүй.

Библид яв цав тэмдэглэснийг цөмийг нь устгачихаад, бүр тэр байтугай Бурханы тушаал сахидаг хүмүүсийг “тэрс” гэж тодорхойлсон юм.

Өнөө үед ч олон хүн Бурханы үнэнд саад хийж байна. Тэд мөхөж сүйрэх тавилантай учир Бурханы гэрээний үнэ цэнийг бууруулж байгаа. Гэвч аврал авахыг хүсэмжилдэг тэнгэрийн хүүхдүүдэд бол энэхүү гэрээ нь туйлын хэрэгтэй амийн үг билээ.

Үнэн байхгүй газар төөрч будилсан хүүхдүүдийнхээ төлөө Эцэг Эх минь энэ дэлхийд ирж, устаж алга болсон шинэ гэрээний бүхий л үнэнийг сэргээж өгсөн билээ. Алга болчихоод байсан хууль тушаал, зарлиг тогтоолыг нэг нэгээр нь зааж мэдүүлэх замаар бидэнд бүрэн төгс авралаа соёрхон, Бурхан болон бидний хоорондын амлалтыг дахин сэргээсэн юм.

Бурханы амлалтыг мэдүүлцгээе

Өдөр тутмын амьдралд үй олон амлалт хүмүүсийг удирдан захирч байдаг. Нэг жишээ бол уулзварын гэрлэн дохио. Улаан гэрлээр зогсож, ногоон гэрлээр зорчино гэсэн амлалт бий. Гэтэл амлалт бүхий гэрлэн дохиог зөрчиж өөрийнхөө бодлоор хөдөлгөөнд оролцсон гэж бодоод үзье л дээ. Иймэрхүү үйлдэл нь нийгмийн хэв журамд аюул учруулж, зөвхөн өөрийн ч биш өрөөл бусдын амь насанд хүртэл халгаатай шүү дээ.

Сансар огторгуйн хэв журмыг сэргээн, хүүхдүүдээ аврахын төлөө Библийн үгэн дээр нэмэх юм уу хасахгүй байхыг Бурхан захисан юм. Гэвч ёрын муу сүнс Сатан үхлийн зүг чирч гулдарсаар. Христийн заасан сайн мэдээнээс өөр бусад сайн мэдээг тунхаглавал хараагдана хэмээн Библид бичсэн учир энэ.

Аврал болон амийн зүгт хөтлөх Библийн үгийг хэм хэмжүүрээ болгон, бичсэнийнх нь дагуу амьдрах хэрэгтэй. Бурханы үг мөн л бол өөрийн бодлыг хаяад, бүгдийг нь хүлээн авч дагах нь итгэл юм. Библид шинэ нэр байгаа гэсэн бол шинэ нэрэнд л итгэж, Библид Сүнс болон Сүйт бүсгүйг гэрчилж байвал Тэднийг л хүлээн авч итгэх хэрэгтэй.

Бид энэ газар ирсэн тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзсан болохоор авралын баттай зам руу орцгоосон. Библийн сургаалаар харахад бид Алгасал баярын Христийн мах, цусаар дамжуулж Бурханы хүүхдүүд болон, шинэ гэрээний үнэн дотор амьдарч байна. Амралтын өдөр Бурхандаа мөргөл өргөснөөрөө Бурхантай сүнслэг харилцаа бий болгож, Бурхан бидний мөргөлийг Абелын тахил мэт хүлээн авч байна.

Түүн дотор биднийг аврахын төлөөх Бурханы хүсэл төлөвлөгөө бий. Иймд шинэ гэрээний сайн мэдээг дэлхийн бүх үндэстэнд бүгдэд нь тунхаглаарай хэмээн захисан юм. Бурханы амлалтыг хараахан мэдэхгүй байгаа, мөн Бурханд итгэдэг гэчихээд Бурханы хүссэнээр зөв дагаж чадахгүй байгаа хүн олон бий.

Бид тэдэн рүү очоод, итгэлийн амьдралд нь Бурханы амлалт байгаа эсэхийг ялгаж салгатал нь зааж өгөх хэрэгтэй. Амлалт тогтоогүй бол цаас хичнээн том, өргөн байлаа гээд ердийн цааснаас хэтрэхгүй. Хэдийгээр нимгэн, харьцангуй жижиг цаас боловч хүмүүсийн амлалттай цаас нь мөнгөн дэвсгэрт гэх үнэ цэнэ агуулдаг шүү дээ.

Энэ мэтээр амлалт байгаа байхгүйн ялгаа дэндүү их байгаа биз. Үгээрээ тэнгэр газрыг бүтээсэн хүч чадлын Бурханы байгуулсан гэрээнд туйлаас итгэж, Бурханы алив үг сургаалыг эцсээ хүртэл чандлан сахихыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье. Бид нэгэнт Бурханы амлалтыг авсан учраас цаашид санаа зовох хэрэггүй. Бидний итгэл Бурханы үгээр бэхжин, бидний аврал Бурханы үгээр баталгаажсан юм шүү. Ийм агуу ухаарал хайрлаж, аврал соёрхон, шинэ гэрээний үнэн рүү биднийг дуудан хөтөлсөн тэнгэр Эцэг Ан Сан Хун Христ болон шинэ Иерусалим тэнгэр Эхдээ хязгааргүй талархал, яруу алдар, хүндэтгэлийг өргөе.