
Нэгэн бизнесмен амралтаараа далайн эргийн жижиг тосгоноор явав. Далайн эрэг дагуу зугаалж явтал бараг хоосон шахуу тороо татах загасчинтай таарчээ. Хачирхсан тэрээр яагаад илүү их загас байхгүй байгааг нь асуутал загасчин инээснээ “Би өдрийн хэрэгцээгээ л барьдаг” гэлээ. Бизнесмен санаа зовсон байдалтай ийн хэлэв.
“Гэхдээ та яагаад илүү ихийг барьдаггүй юм бэ? Илүү их загас барьвал зах дээр зарж, илүү их мөнгө олох боломжтой. Тэр мөнгөөрөө бүр том завь худалдаж аваад, бүр ч их загас барьж болно шүү дээ.”
“Тэглээ гээд би энэ бүхнээс юу олж авах билээ?” гэх загасчны асуултанд бизнесмен илт бухимдан ингэж хариулав.
“Яахав дээ, эцэст нь та баян болно! Тэгвэл та зүгээр л зугаацахын тулд загасчилж, гэрийнхэнтэйгээ далайн эрэг дээр амарч, далайд сэлж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. Хичнээн жаргалтай байхаа зүгээр төсөөлөөд үз дээ!”
Загасчин чимээгүйхэн сонсонгоо инээмсэглэн,
“Би угаасаа одоо ч яг тэгж амьдарч байна” гэв.
Зарим хүн энэ бизнесмен шиг амжилтанд хүрэхийг эрмэлзэнэ. Зарим нь загасчин шиг энгийн амьдралын хэв маягийг сонгоно. Амьдралд яаж амьдрах ёстой вэ гэсэн цор ганц зөв хариулт гэж үгүй. Магадгүй хамгийн чухал нь “Та яг одоо аз жаргалтай байна уу?” гэдэгт бид “тийм” гэж үнэнээсээ хэлж чадах эсэх нь юм.