
“Аль модыг нь тайръя даа, байз?”
Нэг эрдэмтэн хашаандаа сүх барьчихаад илжгэн чихний хоёр модыг ээлжлэн харж зогсоно. Нэг мод нь их жимс ургасан атлаа идэхийн аргагүй гашуун жимс байлаа. Нөгөөх нь чихэрлэг амттай ч хэдхэн илжгэн чих ургасан байв гэнэ. Олигтой үр дүнгүй хэр нь хашаанд дэмий зай эзлэх модонд бухимдсан эрдэмтэн аль нэгийг нь тайрч хаяхаар шийджээ. Түүнийг бодолд автан зогстол эхнэр нь чимээгүйхэн ойртон ирээд ийн өгүүлэв.
“Энэ нь жимс бага ургасан ч амттай, шинэхнээрээ байна. Нөгөө модны жимс гашуун ч зүсэж амтлаад хатаасан жимс хийж болно.”
Эхнэрийнхээ үгийг сонсоод эрдэмтэн анх харснаараа л дүгнэж, хэт яарснаа ойлгов. Тэрээр гэмшингүй янзтай сүхээ буулгаж, хоёр модоо хоёуланг нь үлдээхээр шийдэв.
Аливааг зөвхөн гадаад үзэмжээр дүгнэж цэгнэвэл далд үнэ цэнийг анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй. Заримдаа бид түр азнаж, сүхээ тавиад, хараахан анзаараагүй зүйл байгаа эсэхийг өөрөөсөө асуух хэрэгтэй болдог. Ингэвэл шинэхэн, амтат илжгэн чих ч иднэ, хатаасан илжгэн чих ч иднэ.