Ертөнц аврагдах нь Бурханаас хамаарна

16,641 үзэлт

Бурхан авралын ажлыг тэргүүн шугаман дээр хөтөлж байна. Өөрийн хүүхдүүддээ сайн мэдээний бүх гавьяаг өгч, харагдахгүй ч биднийг хөтөлж буй Эцэг, Эх Бурханы тусламжтайгаар хуучин болон шинэ гэрээний түүхүүд мөн энэ цаг үе дэх зөгнөлүүд ч биелсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд Бурханы хүслийг дагаагүй зүйл бидэнд их байсан. Гэсэн хэдий ч тэнгэр Эцэг, Эх минь биднээс нүүр буруулалгүй бүхнийг тэвчин, гэмшихийг хүлээн, мөнхийн тэнгэрийн эх нутгийн зүг хөтөлж байна. Эцэг, Эх Бурханыхаа энэ их ивээлд талархал, яруу алдрыг өргөж байна.

Дэлхий хэрхэн эргэж, сансар огторгуй хэрхэн хөдөлдгийг нэг бодоцгооё. Энэ үзэгдлийн ард Бурхан байгаа шүү дээ. Хэрэв Бурханы хүч чадлаар ажиллахгүй бол дэлхийн эргэлт зогсож, бүхий л сансар огторгуй эгшин зуур хөдлөхөө болино. Бидний хялбархан хийчихдэг, мэдээжийн юм шиг санагддаг зүйлс ч Эцэг, Эх Бурханы мутар дотор л ажиллаж байдаг юм. Үүнийг оюун бодолдоо шингээж, Сионы ард түмэн бид үргэлж талархан, тэнгэрийн хаанчлалд орох хүртлээ ядарч туйлдалгүйгээр итгэлийн замаар гүйцгээе.

Бурхан Сионы хүүхдүүдэд тусална

Бурхан Мосед тусалснаараа израильчуудыг хөтөлж, Петрт тусалснаараа анхны сүмийг удирдаж байсан болохоор тэд Сатанд бууж өгөөгүй юм. Тийнхүү Бурхан өнөөдөр яг энэ мөчид ч бидэнд тусалж байгааг Библийн сургаалаар баталж үзье.

“Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ, чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ».”Иса 41:10-12

“… “Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. …”Иса 43:1-3

Бурхан бидэнтэй хамт байна гэж айлдсан. Хүмүүс сул дорой мөн дутуу ядмаг. Харин Бурхан бүгдийг чадагч шүү дээ. Бүгдийг чадагч Бурхан Өөрөө “Би чамд тусалж, хүчирхэгжүүлэн чамайг тэнхрүүлнэ” хэмээн айлдсан. Заримдаа бид сүнсний дайнд зүрх алдам нөхцөл байдалтай тулгарч, хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарахаа мэдэхгүй мухарддаг. Харин Бурхан бидэнд тусалдаг болохоор эргэн тойронд маань байгаа сүнслэг дайсагнал, саад бэрхшээл юу ч биш билээ.

“… Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, үнэн зөв минь үл мөхнө. Үнэн зөвийг мэддэг, зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн. … Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно.”Иса 51:6-7, 11

Зүрхэнд нь Бурханы хууль байгаа, Сион руу буцаж ирсэн хүмүүсийг Бурхан “Чи Миний ард түмэн” гэж айлдсан (Иса 51:16). Баяр наадмын хот Сионд Бурхан оршиж, зүрхэнд нь Түүний хууль байдаг хүмүүсийг тайвшруулдаг юм.

““Тиймээс ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно. … Сайн сайхныг мэдээлж, авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх сайнмэдээ авчрагчийн хөл уулсын дээр юутай үзэсгэлэнтэй? Харуулууд чинь дуугаа өргөн хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна. ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ.”Иса 52:6-8

Бурханы ард түмэн Түүний нэрийг мэднэ. Тэд Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний үе тус бүрд ажиллаж байсан Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрийг мэднэ. Тэд мөн Ариун Сүнсний Сүйт бүсгүй болох шинэ Иерусалимын нэрийг мэдэх юм. Бурхан Сионд цугласан ард түмнийг ямар ч хүнд хэцүү нөхцөлд “Бүү ай, Би заавал тусална” хэмээн айлдсан. Бурханы үл харагдах тусламжаар бид оршиж байгаа. Олон сүнсийг Эцэг Эх Бурханы энгэрт хөтлөх сүнслэг ялалтын мөчийг угтаж байна.

Бурханы удирдсан тулаан ба ялалт

Библийн түүхээс үзвэл Бурхан ард түмэндээ тусалж, хүмүүсийн санаанд багтамгүй гайхамшгуудыг гүйцэлдүүлж ирснийг бид мэднэ. 3500 жилийн өмнө израильчууд Бурханы тусламжаар дайснаа бут цохисон. Өнгөрсөн түүхээр дамжуулан Бурхан Өөрийн ард түмэнд үргэлж туслан, ялалтын зам нээж өгдөг байсныг баримтаар баталж үзэцгээе.

“… Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв. Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. … түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав. ЭЗЭН, Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв. Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлэхдээ —ЭЗЭНий андгаар дээрх мутар! ЭЗЭН үеийн үед Амалектай дайтах болой хэмээв.”EГэт 17:8-16

Мосегийн тушаасан ёсоор Иошуа тулаанд орсон. Гэвч Амалекийн эсрэг тулаанд ялалт авчирсан нь Мосе, Иошуа нар биш. Бурхан тэр тулаанд тулалдаж, тэднийг ялахад тусалж байсан юм. “ЭЗЭН үеийн үед Амалектай дайтна” гэж бичигдсэнчлэн Бурхан тулааныг хөтөлж ялсан.

Иерихогийн хана хэрмийг Иошуа нураасан биш, Бурхан үүнийг гүйцэлдүүлсэн юм. Хүмүүс Иошуа Мосе нарын нэрийг сайн санадаг ч, үргэлж тэднийг сүр хүчит ялалтанд хөтөлж байсан нь Бурхан гэдгийг, бүх зүйл дээр тэдний ард Бурхан байсан гэдгийг мартах үе олон. Бид зөвхөн Библид гардаг баатруудад анхаарлаа хандуулах биш, тэднийг хэн тийм агуу хүчирхэг баатар болгосныг ч бас анхаарах хэрэгтэй юм.

Израильчууд Бурханы тусламжтайгаар Канааныг эзэлсний адил, бид бас Бурхан тусалж байгаа учир сүнсний Канаан болох тэнгэрийн хаанчлалд хангалттай орж чадах юм. Бурхан ард түмэндээ Ариун Эцэгийн үед ч, Ариун Хүүгийн үед ч тусалж байсны адил, энэ үед мөн Сионд байгч, үзэсгэлэнтэй сайн мэдээ тунхаглагч хүмүүст тусалсаар байгаа билээ.

Бурхан цөлд тэнгэрээс талхыг бороо мэт оруулсан

Хүмүүс цэцэрлэгт сайн боловсорсон жимсийг л анхаараад харин цэцэрлэгч түүнийг цаг үргэлж арчилж тордон, бордож, нахиаг нь хүйтэн хяруунаас хамгаалж, жимс нэг бүрийг нь шавьжнаас хамгаалж байдаг гэдгийг огт анхаардаггүй. Энэ дэлхийд хичээл зүтгэлгүйгээр гарах амжилт нэг ч үгүй.

Бурхан ард түмнээ цөлөөр 40 жил хөтлөхдөө тэдний төлөө үл үзэгдэх сүнсний ертөнцөд хичнээн их зүтгэснийг харцгаая.

T“ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. … Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг та нарын гонгинон гомдоллохыг ЭЗЭН сонссон. …”Гэт 16:4-8

Балга ус, үмх мах ч үзэгдэхгүй эзгүй цөлд Бурхан ард түмнээ хоол хүнсээр хангаж байсан юм. Тэр үед хориос дээш насны зургаан зуун мянган эр, тэдний эхнэр хүүхдийг оролцуулан нийт 3 сая орчим хүн байсан гэсэн тооцоо байдаг. Ийм олуулаа байхад нь ч Бурхан тэдний цөл дэх 40 жилийн амьдралыг нэг өдөр ч хоол хүнсээр таслаагүй юм. Бурхан тэдэнд бүх зүйл дээр туслан, хүнд хэцүү цөлийн замаар эсэн мэнд хөтлөн, сүү зөгийн бал бялхсан Канаан нутагт аваачсан билээ.

Харин израильчууд өөрсдийн зовлонг л анхаарч, тэднийг хооллохын төлөө Бурхан өлсөхөд нь тэнгэрээс талх оруулан, цангахад нь чулуунаас ус гаргасан гайхамшгийг харсан ч өдөр бүр өөрсдийг нь хооллож ундлах Бурханы зүтгэлийг тэд бодож байгаагүй.

Одоо Эцэг Эх Бурхан маань бидний төлөө хэрхэн чимээгүйхэн ажиллаж, зовлонгийн замыг туулж байгаа вэ гэдгийг бодоод, Елохим Бурхандаа талархал өргөн, олон сүнсийг авралд дуудахад сэтгэл хүслээ бүрэн зориулцгаая.

Бурханы удирдаж, гүйцэлдүүлж байгаа сайн мэдээний түүх

Бид моддыг харвал мөчир, навч, цэцэг, жимстэй байдаг. Энэ бүгд модонд холбогдсон үзэгдэх зүйлс нь л болохоос биш гол үүрэгтэй нь биш. Харин хүмүүс нүдэнд харагдах гоёмсог цэцгийг, жимсийг нь л анхаарч, модыг бүхэлд нь харж чадалгүй мунхаг авирладаг.

Авралын үндэс бол Бурхан. Бид авралын түүхийн явцад олон цэвэр буудай үр жимс гаргавал хэн соёолуулж байгааг ухаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үр жимс гаргаж байгаа нь “би” биш, харин Бурхан надад зөвшөөрч өгсөн гэдгийг ойлгоод, Бурханд л яруу алдар, магтаал өргөх хэрэгтэй. Бид тэгж чадваас сайн мэдээ Самари, газрын хязгаар хүртэл хурдан тунхаглагдана.

“Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ. … Энэ нь бүх дэлхийн эсрэг тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм. Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.”Иса 14:24-27

Ертөнцийг аврах дэлхийн сайн мэдээний их үйл хэргийг Бурхан удирдан явуулдаг юм. Тиймээс авралын үйл явцад оролцох боломжийг бидэнд олгосон Бурхандаа талархал өргөж, Бурханд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байхын тулд өөрийгөө цэвэрлэн, арчиж зүлгэх нь бидний үүрэг, бидний зам юм (2Тим 2:21).

Ухаантай, боловсролтой гэгддэг хүмүүс Бурханыг арай бага түшдэг. Тэд сайн мэдээний ажлыг өөрсдийн хүчээр хийх гэж хичээн, таагүй үр дүнд хүрдэг. Харин эсрэгээрээ өөрийн сул доройг мэдэж, Бурханы хүч чадал үгүйгээр юу ч хийж чадахгүй гэж боддог хүмүүс бүх зүйл дээр Бурханаас хичээнгүйлэн тусламж гуйн, олон үр жимс гаргадаг.

Бидэнд итгэл найдвар, урам зориг хэрэгтэй ч бүх зүйлийг Бурхан гүйцэлдүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Төгс хүчит Бурханы хүч чадлыг өмсөн Самари ба газрын хязгаар хүртэл ертөнцийг аврахаар явах үед л сайн мэдээний агуу түүх биелэх боломжтой. Тиймээс Паул элч өөрийгөө цовдолж, дотроо оршиж байгаа Христийг л бодон, өдөр бүр зөвхөн Бурханыг түшсэн.

Бурханы удирдаж байгаа бүх үйл хэрэг зайлшгүй биелэх бөгөөд бидний ивээл ерөөлийн төлөөх үйл хэрэг гэдэгт итгэн, амьдралынхаа цаг мөч бүхэнд Бурханыг түшин, үгэнд нь баясан, дуулгавартай дагадаг болбол ертөнцийн бүх хүнийг гэмшүүлж чадах юм. Бурхан чулуу шиг хатуу зүрх сэтгэлтэй хүмүүсийг зөөллөж, үгийг нь хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж өгсний дараа, бид сайн мэдээ тараахад сайн мэдээний үр үндэслэн үр жимс гардаг.

“Зүрхний төлөвлөгөө хүнээс. Хэлний хариулт ЭЗЭНээс. … Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ.”Сур.Үгс 16:1-3

Бурханы төлөвлөсөн ажил заавал биелэх тул дэлхийн сайн мэдээний удирдлагыг ч Бурханд даатгавал биелэх нь дамжиггүй. Хэрэв бид өөрсдийн хүчээр Бурханаас тусдаа сайн мэдээний ажлыг хийх гэвэл Бурханы төлөвлөсөн авралын түүх огтхон ч урагшлахгүй юм. Тиймээс бидэнд залбирал хэрэгтэй. Бидний сэтгэл зүтгэл Эцэг, Эх Бурханы тусламжтай хосолж байж л дэлхийг аврах Бурханы төлөвлөгөө бүрэн гүйцэд хэрэгжинэ.

GБурхан биднийг үргэлж хөтөлдөг

Бидэнд үнэхээр Бурхан хэрэгтэй. Биднийг үргэлж нүглээс ангижруулж, хамгаалж байдаг Бурханаа түшин, ертөнцийг аврах авралын их аян замдаа заавал Бурханаа залан урагшилцгаая.

“… Бурхан, Таны нэр Таны магтаал шиг газрын хязгааруудад хүрнэ. Таны баруун мутар ялалтаар дүүрэн. … Учир нь энэ Бурхан мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө.”Дуу 48:8-14

Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан. Мосе, Иошуа нартай үргэлж хамт байсан Бурхан өнөө үед бидэнтэй хамт байж, эцэс хүртэл биднийг хөтлөн өгч байна. Анхны сүмийн үед элч Паул, Петр болон ариун хүмүүст тусалж байсан тэр Бурхан өнөө үед бидэнд бас тусалж байгаа билээ.

“ЭЗЭН бол миний хоньчин. Надад дутах зүйл үгүй. Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та зөвтийн замаар намайг хөтөлдөг. Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад… Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань насан туршид минь намайг лавтай яа дагана. ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна.”Дуу 23:1-6

Хонь сул дорой амьтан ч, хоньчныхоо тусламжаар ямар ч аюул ослоос зайлж чадна. Хоньчин бол хоньдын хувьд цорын ганц итгэж болох нэгэн. Үүн шиг Бурхан бол бидний Хоньчин.

Бурхан бидэнд тусалж байгаа учраас эдүгээ дэлхийн өнцөг булан бүрд Ариун Сүнсний хөдөлгөөн хичнээн эрчимтэй өрнөж, сайн мэдээ хичнээн хурдтай тунхаглагдаж байгаа билээ. Хэрэв одоо болтол Ариун Сүнсний хөдөлгөөнд саад учруулж байгаа ямар нэг зүйл байвал тэр нь “би өөрөө” юм. Сайн мэдээний ажил “би явдаг”, “би хийдэг” учраас биш, гагцхүү Бурхан бидэнтэй хамт байгаа учраас гүйцэлдэж байдаг юм.

Бурхантай хамт байгаа хүмүүсийг л ертөнц хүлээж байгаа. Цаг ямагт Бурханы хүслийг санан, Бурханы хүслийг сэтгэлдээ бясалгаж явдаг хүмүүст Бурхан Ариун Сүнсний түүхийг харуулах юм. Тэрээр үеийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байна хэмээн амласан. Тиймээс бидний Хоньчин болсон Елохим Бурхан буюу Эцэг Эхийгээ дотроо залж, Бурханы удирдлаган дор дэлхийн бүх улсад явж сайн мэдээ тараах хэрэгтэй. “Би” ганцаараа явах биш, Эцэг Эх Бурханаа зүрхнийхээ гүнд залаад, Солонгост ч, гадаадад ч сайн мэдээний ивээлтэй үр жимс хурааж авахыг хүсэх байна.