Бурханы чинхүү сэтгэл

Паг Дун Мин / Солонгос, Анян

11,237 үзэлт

“Мин ээ, гэртээ ирээд хэд хонож болох уу?”

Ердийнхөөсөө арай өөр, түгшүүртэй өнгө аясаар ээж маань ийн утасдав. Ах бид хоёрын санааг зовоохгүй гэж барагтай бол ярьдаггүй ээж маань гэнэт утсаар ярихыг бодвол нэг юм болсон нь гарцаагүй. Нээрээ л тийм байлаа. Ээжийн нурууны диск нь муудсанаас болоод яаралтай тусламжийн эмнэлэгт хүргэгдсэнээр барахгүй бие нь дээрдэхгүй байгаа тул нэг хэсэгтээ эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон бололтой. Тиймээс би яаралтай чөлөө аваад, шууд аавынх руу явлаа.

Эмнэлгийн орон дээр хэвтэж байсан ээжийн маань биеийн байдал миний бодож байснаас ч ноцтой байлаа. Сууж ч чадахгүй, босоод алхаж ч чадахгүй болохоор хэвтрийн байдалтай байхаас өөр аргагүй байлаа. Хоол ундаа өөрөө ч ууж идэж чадахгүй, бас ганцаараа бие засаж ч чадахгүй болсон байлаа. Жаахан хөдлөх төдийд л ёолох ээжийгээ хараад би өөрийн эрхгүй санаа алдлаа.

Би өдөр нь өвчтэй ээжийгээ асарч, шөнө нь эмнэлгийн нэмэлт орон дээр атиралдан унтав. Зай завсар л гарвал аавындаа очиж угаалга цэвэрлэгээ хийн, аавынхаа хоолыг бэлдэх ажил ч миний үүрэг байлаа. Долоо хоногийн турш надаар сахиулсандаа ээж минь сэтгэл нь зовж, уучлал эрмээр байгаа бололтой.

Ээж минь санаснаас нэлээн удаан эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болж, ах бид хоёр ээлжээр аав ээжийнхээ гэрт очдог болов. Ээж минь биднийг дахиж ирүүлэхгүй гэсэндээ өөрийгөө сахиургүй байсан ч болно гэж байдгаараа эсэргүүцсэн ч чихрийн шижинтэй, зүрх нь муу, дээрээс нь өөрөө ч босож чадахгүй өвчтөнийг хэн орхиод явж чадах билээ дээ?

Өвчин нь эдгэрэхгүй олон эмнэлгээр явж байгаад нийслэл орчмын газар нутагт нэгэн нэр хүндтэй сайн эмнэлэг рүү шилжүүллээ. Тэр эмнэлгийн эмч мэс засалд оруулахыг зөвлөв. Биедээ мэс хүргэхийг хүсдэггүй ээж минь өөр аргагүй байсан тул эцэст нь мэс заслын орон дээр хэвтлээ. Бодож байснаас ч илүү удаан үргэлжилсэн мэс заслын үр дүн нь амжилттай боллоо.

Мэдээ алдуулалт нь яваандаа гарч сэргэсэн ээжийгээ хараад, хэдэн сарын турш анх удаа л санаа амрав. Тэгтэл төд удалгүй чанга хангинах утасны дуу тэр сэтгэлийн амар тайвныг эвдэв. Ах залгаж байлаа.

“Аав барилгын талбайд ажиллаж байгаад хөлөө хугалаад одоо эмнэлэгт байна. Хөдөлж ч чадахгүй байна гэнэ. Чи оччихгүй юу? Ээжид битгий хэлээрэй, санаа нь зовчихно.”

Нэг хөлөө битүү гипстүүлсэн болохоор аав хувцсаа ч ганцаараа сольж өмсөж чадахгүй байж л дээ. Тэгээд ээж рүү залгая гэхээр бие нь дэндүү муу байсан тул ах руу залгаж. Ах тэр даруй очиж чадахгүй болохоор над руу залгасан нь тэр байлаа. Аз болоход амрах өдөр байсан тул би цаг зав гайгүй байв. Ээждээ тэгж ингэсхийн шалтаг хэлчихээд хурдхан гэгч нь гэртээ ирж цүнх саваа цэгцлэв.

“Аав ээж хоёрт минь яагаад ийм юм тохиолдов оо? ”

Машиныхаа цонхоор гадагш хартал хэдийн бүрэнхий болчихож. Аав ээждээ санаа зовоод сэтгэл тайвангүй байлаа. Гэвч шударгаар хэлэхэд би зөвхөн аав ээждээ ч зовоод байсан юм биш. Үнэндээ сэтгэл дотор илүү том орон зай эзэлж байсан зүйл нь аав ээжийн өвдсөн, осолдсон зэргээс болж надад учруулах төвөг саад нь байсан хэрэг. Аав руу очих хүртэл машинаар 3 цаг явна. Хол биш ч гэлээ бас тийм ч ойрхон газар биш байлаа. Хагас бүтэн сайн болгонд ядарснаа ч эс ажран ээжийгээ сахиж, асарсаар нэг мэдэхнээ сэтгэл бүр цуцсан байв.

Бодлогошрон байтал гэнэт саяхан уншиж байсан Библийн ишлэл санаанд оров.

Энэлэлд Тэр хүргэсэн ч энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат. Хэнийг ч зовоож, энэлгэхийг үл хүсэгч нь Тэр билээ. Гаш 3:32-33

Бурхан бидний нүглийн хальсыг тайлуулах үүднээс хүмүүний амьдралд зовлон бэрхшээл, сорилт шалгуурын үйл явцыг бэлтгэсэн байдаг. Эцэг эхийн хувьд хүүхдүүдийнхээ зовлонг харахаас илүү хэцүү зүйл байхгүй л дээ. Гэвч Бурхан түр зуурын сорилт шалгуураар дамжуулан биднийг бүрэн төгс өөрчлөгдөн, дахин төрөөсэй гэж л туйлаас хүсэж байдаг аж.

Одоогийн надад тохиолдоод буй энэ нөхцөл байдал ч мөн тэрхүү үйл явцын нэгээхэн хэсэг аж. Тэгж бодонгуут л тамирдаад байсан сэтгэл маань цэлмээд ирэв. Анхандаа эмнэлэгт хэвтэхэд эвгүйцээд байсан аавыгаа тайвшруулж, энэ тэрийг бэлдээд, удаан хугацааны дараа эцэг хүүгийн хоорондын яриа өрнүүлж, улаан шошны боов болон амттай байцаатай шарвин авч идсэн. Эцэг эхийн сэтгэл бүгд л адилхан юм даа. Аав ч гэсэн ээж шиг санаа нь зовж уучлал эрэн, талархаж билээ. Уг нь тэр хоёрын минь надад зориулсан хичээл зүтгэлийн хажууд миний ингэх бол юу ч биш шүү дээ.

Манай гэрт ар араасаа тохиолдсон энэ зүйлс ямар ч утга учиргүй аадар бороо биш, сүнслэг ган тайлах бороо байгаасай гэж би чин сэтгэлээсээ залбирсан л даа. Миний хүссэнчлэн энэ бүхэнд Бурханы хүсэл нуугдсан байв. Юун түрүүнд ээжийн маань хэдэн арван жилийн турш зовж байсан нурууны өвдөлт нь бараг алга болж, янз янзын эмнэлэгт очингоо яг биеийн онцлогтоо таарсан сайн эм олж авсандаа чихрийн шижин өвчин нь ч эдгэрэв. Энэ бүхнээс гадна ээжид минь хэдэн сар эмнэлэгт хэвтээд олж авсан хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол Бурханы хайрыг ухаарсан ухаарал байлаа.

“Би түр зуур өвдөхөд л дэлхий хөмрөх мэт байхад өдийг хүртэл биднээс болж зовж зүдэрсэн тэнгэр Эх минь хичнээн шархалж, өвдөж байгаа бол оо. Эхийг би өдөр бүр хүүхдүүдийнхээ дэргэд инээж байгаа болохоор амар тайван, сайхан байгаа л гэж боддог байлаа. Би өөрөө эх хүн байж тэнгэр Эхийнхээ сэтгэлийг арай дэндүү мэдээгүй явж дээ” гээд л.

Ээж шиг аав маань ч ихийг ухаарч байгаа бололтой. Эрүүл чийрэг гэдгээрээ барддаг байсан аав минь өөрийгөө төмөр гартай, төмөр хөлтэй биш гэдгээ, хүн ирээдүйгээ баттай хэлж чадахгүй гэдгийг мэдрээд, эрүүл мэндэд нь хортой зуршлаа багасгаж, сүм рүү явах нь олширч, Бурханд илүү их ойртохыг хичээдэг болсон.

Би ч чамгүй ихийг ухаарсан даа. Эцэг эхийнхээ төлөөх өчүүхэн үйлсээ хүнд хэцүү гэж үзсэн ачлалгүй дүр төрхөө эргэцүүлсэн. Дахиж үгээрээ бус үйлдлээрээ ачийг нь хариулахаар сэтгэл шулуудан, амлалтаа биелүүлж аав ээжийгээ гэх харьцаагаа илүү хайрлан нандигнах болсон. Минийхээр бол сорилт, бэрхшээл гэж үзсэн зүйл ч хүртэл миний сүнсийг гэсэн Бурханы ивээл, ерөөл байлаа.

Олон талаар дутуу дулимаг хүүхдүүдийнхээ төлөө мэдлэг ба ухаарлын үйл явцыг нэгд нэггүй бэлдсэн Бурхандаа гүнээ талархаж байна. Дахин хүнд хэцүү нөхцөл байдал тулгарвал тэр үед юу ухаарах ёстойгоо л эхэлж боддог болно оо. Учир нь энэ нь л Бурханы чинхүү сэтгэл юм билээ.