Онцгой цаг, сайн дурын ажил

Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын

3,706 үзэлт

Арванхоёрдугаар сарын нэг бүтэн сайнд Ганвон аймгийн Дунхэ хотын Мухо боомтын нэгэн тосгонд Дунхэ, Самчог, Ганрын Сионы сурагч, залуучууд, гэрлэсэн эмэгтэйчүүд гээд 200 гаруй хүн цугласан юм. Ганцаараа амьдардаг өндөр настан 4 айлд тус бүр 500 ширхэг, нийт 2000 ширхэг шахмал түлш хүргэж өгсөн юм.

Энэ тосгоны шат нь нарийхан, эгц налуу тул залуу хүмүүс ч өгсөж уруудахад хэцүү байдаг. Нас дээр гарсан ахмадуудад бүр ч хэцүү байж таарна. Цаг агаар хүйтэрвэл өндөр настнууд өвөл бүр ч хэцүү.

Энэ тосгонд өвлийг туулахад зайлшгүй шаардлагатай шахмал түлшний хангамж муу, шахмал түлшний компаниудад хоёр дахин өндөр үнээр авах санал тавилаа ч ирэх хэцүү, аюултай гээд хүргэлт төдийлөн ирдэггүй гэнэ. Сайн дурын ажлаар ирсэн цэргүүд, бусад сайн дурынхан ч энэ бүс нутгаас зайлсхийдэг талаар хотын захиргааны ажилтан хэлэхэд нь сайн дурын ажил явуулж эхлэхийн өмнө бид бүр ч урамтайгаар шийдвэрээ гаргасан.

Төв замаас авхуулаад налуу толгодын шат хүртэл 200 гаран гэр бүл хоорондоо тохой зайтай эгнэж зогслоо. Огцом өгсүүр шаттай хэсэгт нь гэрлэсэн эрэгтэйчүүд зогсож, хэвгийдүү зам дээр нь гэрлэсэн эмэгтэйчүүд болон сурагчид зогссон юм. Гэр бүлүүд байр байрнаасаа үнэт эрдэнэс зөөж байгаа аятай болгоомжтой гэгч нь шахмал түлшээ нэг нэгэндээ дамжуулан чин сэтгэлээсээ зөөв. Ахмадуудын гэр хүртэл эгнэж зогсоод 200 гэр бүл маань хүрэхгүй байсан тул дунд нь шахмал түлшээ бөөнд нь тавьж байгаад тэр газраасаа дахин эгнэж зогсоод, түлшээ цааш нь зөөсөн юм.

Ийм байдлаар дахин дахин зөөх зуур бага багаар гар хөл өвдөж эхлэв. Хүйтний улирал байхад халууны улирал аятай л хөлс дусалж байлаа. Тэглээ гээд ярвайж хөмсөг зангидсан хүнгүй, бүгд л инээмсэглэсээр байсан юм.

Тосгоныхон ч үүдэндээ гарч ирэн биднийг дэмжиж байв. Толгодын бэлд Мухо боомтыг үзэхээр ирсэн аялагчид замдаа зогсоод, бидний зургийг авч байгаа бололтой камерны гэрэл гялсхийж, бичлэг хийж байлаа. Намайг харахад ч гэсэн нүүрсний хөө тортог болж, хөлсөө дуслуулах гэр бүлүүдийн маань дүр төрх Мухо боомтын хөх цэнхэр далайгаас ч илүү үзэсгэлэнтэй харагдсан сан.

Бид гурван цаг орчим зогсолтгүй шахмал түлшээ зөөж дуусгав. Овоолоостой шахмал түлшийг хараад өндөр настнууд өөрийн эрхгүй уйлж, нэг настан ингэж хэллээ.

“Гэрт маань хорьхон ширхэг түлш үлдсэн байснаа дуусгаад л үхэх гэж байлаа. Ингээд түлш хүргэж ирсэн чинь ёстой санаа амарлаа. Одоо бол дахин амьдрах хүсэл төрж байна шүү. Их баярлалаа.”

Нэг нэгээр түлшээ зарцуулж, галаа түлэх бүрд настны сэтгэл ямархуу байсан бол гэж бодохоос хоолой зангирав. Нөгөөтэйгүүр тэгж ингэсхийгээд зүгээр өнгөрчихдөг хэдхэн цагт хэн нэгэнд амьдрах итгэл найдвар төрүүлсэн чухал боломж байжээ гэж бодохоор сайн дурын ажлын хүч нөлөөг өөрийн биеэр мэдэрсэн дээ. Өнгөрсөн хугацаанд завгүйдээ болоод сайн дурын ажилд байнга оролцож чаддаггүй байсан ч цаашдаа илүү их оролцох болно оо.

Заримдаа би үнэ цэнэгүй, утга учиргүй ажилд цагаа өнгөрүүлдэг байсан. Өнгөрсөн хойно ямар ч утга учиргүй байсан цаг хугацаатай харьцуулбал энэ оныг би утга учиртай сайн дурын ажлаар ивээлтэйгээр дуусгаж байгаа юм байна. Гарч буй шинэ ондоо ч мөн Бурханы баяр баясгалан болж, ертөнцийн хүмүүст итгэл найдвар болох ажлаар дүүрэн байх болно.