Амийн титмээ бат зуурах минь
Шанге Валомвелени Нава / Африк, Намиб, Виндхук
Бусдын хувьд энэ өдөр жирийн нэг, байдаг л өдөр байсан байж мэдэх ч миний хувьд бол дэндүү онцгой өдөр байлаа. Баяртай мишээсэн Бурханы сүмийн хэдэн хүн надад Эх Бурхан байдгийг мэдүүлж, авралын амлалтын тухай сайн мэдээ тунхагласан юм. Үнэхээр гайхамшигтай байснаар барахгүй би Библийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн ч ээж маань намайг гадны хүнээс болгоомжлох ёстой гэж сургасан болохоор нухацтай шийдвэр гаргах гэсэндээ Библи сурахаа маргааш нь хүртэл хойшлуулахаар шийдлээ.
Яг тэр үдээс хойш нь би нэгийг нь ч мартахыг хүсэлгүй, гэртээ очоод, зааж өгсөн ишлэлийг тодруулав. Нөгөөтэйгүүр дотроо “Би угаасаа сүмд явдаг шүү дээ. Тэд нартай дахин уулзах хэрэг надад үнэхээр байна уу?” гэж бодсон. Гэвч тэр өдөр миний сурч авсан Бурханы үг сэтгэлд маань гүн шингэсэн байлаа. Маргааш нь товлосондоо уулзахаар сургууль руугаа яарав. Надад асуух юм хэд хэд байсан тул бид дахин Бурханы үг нэлээн хэдэн цаг сурлаа. Удалгүй би шинэ амиар дахин төрөх ерөөл авсан даа.
Хожим нь би гэр бүлүүдтэй сургууль дээрээ ч, Сион дээр ч Библи сурах болов. Сүмд өдөр бүр сурч мэдсэн үг үнэхээр гайхалтай байлаа. Библийн зөгнөлүүд болон тэдгээрийн биелэлт надад өмнө нь ерөөсөө Библиэс харж байгаагүй мэт санагдаж, сэтгэл их хөдөлсөн. Библи миний татгалзахын аргагүй гэрчлэлээр дүүрэн байх нь тэр. Бурхан ч үнэхээр оршдог аж.
Тэнгэр Эцэг Эхийг ухаарсныхаа дараа надад нэг л хүсэл байх болов. Би авралын ерөөлийг үнэн рүү хараахан ирээгүй бусад хүмүүстэй хуваалцаж, Бурханы ивээлд хариулахыг л хүсэж байлаа.
Нэг өдөр би гэрийнхэндээ Эцэг Бурханд, Эх Бурханд хоёуланд нь итгэдэг Бурханы сүмд явж эхэлснээ хэллээ. Гэтэл авга маань Бурханы сүмийг буруу ойлгож, намайг Сион явахыг хатуу эсэргүүцэв. Миний хувьд хийж чадах ганц зүйл маань үнэний замаар явуулахыг Бурханд хичээнгүйлэн залбирах, Библийн үнэнийг тасралтгүй судлах байлаа. Тэгтэл Библийн нэг ишлэл санаанд орж ирэх нь тэр.
“Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь.” Илч 3:11
Бурхан миний залбиралд хариулж, бэрхшээлтэй тулгарах бүрийд маань надад урам зориг өгч байсан юм.
Ганцаараа мөргөлөө сахиж байх зуур ах эгч дүү нарынхаа цацарсан инээмсэглэл, Сионыхоо үнэ цэнийг шинээр ухаарав. Мөн өмнө нь ухаарч амжаагүй байсан тэнгэр Эцэг Эхийнхээ шатах мэт сэтгэлийг бага ч болов ухаарлаа. Эцэг Эхийн маань хайр золиос намайг сэрээж, хүнд хэцүү нөхцөлд ч өдөр бүр сайн мэдээ тунхаглах хүч өгөв. Одоо ч мөн энэ ишлэлийг би унших бүрийдээ нулимс дуслуулдаг.
Бурханы тушаалыг итгэмжтэйгээр сахиж байх зуураа би сайн мэдээний төлөө нэг зорилготой болов. Энэ нь сайн мэдээ хараахан тунхаглагдаагүй газар руу явж, тэнд авралын мэдээ тараах. Энэ агуу ерөөлөө алдахгүйн тулд би оюутны хотхон дээрээ уулзсан хүн болгонд үнэнийг тараасан.
Нэг өдөр би сургууль дээр хувцасны шүүгээгээ онгойлгож, лабораторийн халаадаа авах гэж байтал нэг оюутан ганцаараа сууж байх нь тэр. Түүнээс тэнгэр Эхийн тухай сонсож байсан уу гэж асуух гэснээ “Хэт орой болчихож, тэр ойлгохгүй байж магадгүй” гэж бодоод бушуухан лабораторийн өрөө рүү эргэж алхлаа. Лабораторийн өрөө рүү алхах замдаа Эцэг Эхийн дуу хоолойг сонсох шиг болж, “Тэр хэрвээ тэнгэрийн гэр бүл маань байвал яах уу?” гэж бодогдов. Би буцан явж, Эх Бурханы тухай болон Амралтын өдрийн тухай үнэнийг тунхаглав. Цаг дуусч, би явах ёстой байсан хэдий ч тэрээр үнэний үгэнд сэтгэл нь хөдөлсөндөө дахин нэг ишлэл үзүүлж болох уу гэж гуйсаар байлаа. Төд удалгүй тэр үнэнийг ухаарч, баяр хөөртэйгөөр Бурханы хүүхэд болж дахин төрлөө.
Сайн мэдээ тунхаглах зуураа би Елохим Бурхан бол үнэхээр төгс хүчит Бүтээгч Бурхан гэдгийг мөн цаг үргэлж надтай цуг байдгийг нь ухаарсан. Бурхан нүгэлтэн намайг хичнээн их энэрч, надад хичнээн их хайртайг нь ухаарснаасаа хойш би бага багаар өөрчлөгдөж байлаа. Тэнгэр Эцэгийн үгээр гэм нүглээ гэмшиж, тэнгэр Эхийн сургаалыг нэг нэгээр нь амьдрал дээр хэрэгжүүлж, муу зуршлаа ч хаяж чадлаа.
Бурхан надад мэргэн ухаан, Сион дээр Амралтын өдөр төдийгүй 3 удаагийн 7 баярыг ивээлтэйгээр сахиж чадах ерөөл, итгэл өгчээ. Нэгдүгээр курсийн оюутан миний хувьд дотуур байранд амьдрах хэцүү байсан төдийгүй жилийн дундуур дотуур байранд орох боломжгүй байсан хэдий ч Эцэг Эх маань намайг дотуур байранд амьдрах боломж соёрхсон юм. Миний залбиралд хариулж, хэцүү бэрх бүхнийг тэвчихэд тусалсан Елохим Бурхандаа чин сэтгэлийн талархал өргөж байна.
Тэнгэрийн тэнгэр элч нар ч хүртэл мэдэхийг хүсдэг сайн мэдээг надад ойлгуулж, хүмүүст тунхаглах үүрэг өгсөн Бурхандаа үнэхээр талархаж байна. Ямар ч саад сорилт шалгуур тулгарсан гуйвшгүй итгэлээр Бурханаа дагаж, ариун үүрэгтээ бие сэтгэлээ зориулах болно оо. Энэ нь л амийн титмээ бат зуурах арга гэж итгэж байна.