2019 оны дөрөвдүгээр сард би Солонгост болсон эмэгтэй зөнч нарт зориулсан олон улсын манлайллын чуулга уулзалтанд оролцсон юм. Би Энэтхэгтээ буцаж ирээд, зөнчийн эхнэрийн хувьд сүмээ хэрхэн аз жаргалтай болгох вэ, сайн мэдээний ажилд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэж гүн бодсон юм. Тэгээд сүмээс холдсон итгэгчдэд, мөн уулзахад хэцүү байдаг гэр бүлүүддээ Эхийн хайр дамжуулах тухай нэг бодол төрсөн юм.
Сион байдаг Нави Мумбай бол амьдралын өртөг өндөртэй гэдгээрээ алдартай газар. Нэг хүн гэр бүлээ авч явах амаргүй болохоор гэрийн эзэгтэй нар нь ч өдөрт нэг юм уу хоёр гурван айлд үйлчлэгчийн ажил хийдэг. Ийм туйлдам хүнд нөхцөл байдалд ч гэр бүлүүд маань мөргөлөө сахихыг нь хараад, тэд үнэхээр л мундаг итгэлтэй юм даа гэж бодогддог юм.
Тиймээс Нави Мумбай сүмийн зөнчийн эхнэрүүд авралын зар тараагч нарыг гэр бүлүүдээ эргэж очихдоо хүргэж өгөг гээд “мети пюри” хийхээр шийдсэн юм. Мети пюри бол дугуй хэлбэртэй, гурил, мети гэдэг эмийн ургамал болон жаахан халуун ногоо хольж шарсан бин л дээ. Тийм ч гоц гойд хоол биш ч гэсэн бид гэр бүлүүдээ Эхийн хайр мэдэрнэ гэдэгт итгэн, сэтгэлээ шингээн хийдэг юм. Савласан хайрцаг дээрээ бид “Энэ бинг Эхийн хайраар хийсэн. Амтархан идээд, хүчтэй байгаарай. We Love U” гэж бичсэн юм. Энэ мети пюригийн тухай хэдэн Сионы үнэрийг та бүхэндээ дамжуулъя.
1.
Ээж эмээ хоёр нь бат итгэлтэй байхад бараг 2 жил шахам Сионд ирээгүй хоёр эгч дүү байсан юм. Бид тэднийд мети пюригээ аваад эргэн очтол эмээ нь л гэртээ байлаа. Бид бингээ өгөхдөө “Энэ бинг Эхийн хайраар хийсэн. Амтархан идээд, хүчтэй байгаарай” гэж хайрцган дээр бичсэнийг хэлэв. Түүнийг аваад эмээ “Үүнийг би ганцаараа идэж болохгүй. Охиндоо болон зээ охиддоо өгье” гэж бодож л дээ. Тиймээс тэр эмээ охиндоо өгөөд “Үүнийг Эх өгсөн юм. Тиймээс үлдээлгүйгээр охидтойгоо заавал хувааж идээрэй” гэж хэлсэн гэнэ. Ээж нь хоёр охиндоо бинг өгтөл тэд амтархан иджээ.
Маргааш нь ийм байдлыг мэдээгүй байсан манай залуучууд багийнхан хоёр эгч дүү дээр мети пюри хүргэж өгөхөөр эргэж очжээ. Харин хоёр эгч дүү үүнийг нь хараад маш гайхалтай зүйл хэлжээ.
“Энэ мети пюри их өөр гэж бодогдож байна.”
“Яагаад? Юу болоо вэ?”
“Үнэндээ манай ээж өгөхөд нь би идсэн л дээ. Тэгсний дараа сэтгэл дотор маань нэг юм маш хүчтэй мэдрэгдэж, сүмдээ дахин явъя гэж бодсон.”
Хоёр эгч дүү маань Библи үзэж, мөргөл сахиж эхлэн бүр сайн мэдээ тараах ажилд ч хүртэл оролцдог болсон шүү.
2.
Сүм рүү байн байн ирээд байдаггүй хэрнээ үргэлж инээмсэглэж явдаг нэг эгч дүү хөмсөг зангидсан харагдлаа. Сүмийн гэр бүл тэднийд өглөө эрт очтол тэрээр мөн л хөмсөг зангидсан хэвээр, сайнгүй байгаа харагдаж гэнэ. Манай эгч дүү мети пюригээ өгөөд, гараас нь атган ингэж хэлж гэнэ.
“Эхийн хайрыг мэдэрнэ гэж итгэж байна. Хүчтэй байгаарай.”
Эгч дүү мети пюриг талархан авчээ. Тэр өдөртөө Библи үзсэнийхээ дараа нөгөө эгч дүү маань нулимс дуслуулан “Үхэх нь үү гэмээр хүнд өдрүүдийг өнгөрүүлж байлаа” хэмээн өгүүлжээ.
Ингэж хэлсэнд нь гайхан манай эгч дүү өвдөх, шаналах гэж үгүй тэнгэрийн хаанчлал хамтдаа явъя гэж хэлжээ. Тэгээд Эх яагаад энэ газар ирснийг, Эх өөрт нь хичнээн их хайртайг хэлж, түүнийг хэсэг зуур тайвшруулж л дээ. Тэгтэл эгч дүү Эхээр аргадуулж байгаа юм шиг тайвширсан гэдгээ, мөн өөрийг нь байнга хайрлаж байдаг Эхийг хэзээ ч мартаж болохгүй гэдгээ хэлсэн гэнэ лээ. Ирэх Амралтын өдөр нь эгч дүү маань инээмсэглэн Сион руугаа ирж билээ.
3.
Бид нэг эгч дүүг эргэж очих гэтэл охин нь эмнэлэгт хэвтсэнээс болоод түүнийг эмнэлэг дээр байгаа гэж сонсов. Биднийг тийшээ очтол охин нь өндөр халуурч, юу ч идэж чадахгүй байлаа. Харин Сионоос авчирсан мети пюриг хараад боодлыг нь тэр дороо задлан идэв. Үүнийг хараад охины аав шоколад, жигнэмэг энэ тэр гээд дуртай юмаа ч идэхээс дургүйцэж байсан охин нь мети пюри идсэнд нүд нь орой дээрээ гарчээ.
“Үнэндээ би та бүхнийг Сионоос жаахан агшаасан будаа аваад ирээч гэж гуйх гэж байсан л даа. Охин маань Сион дээр идэх дуртай байдаг болохоор идээд хурдан эдгэрэхэд нь тустай байх гэж бодож байсан юм.”
Эгч дүүгийн энэ үгийг сонсоод хүүхдүүдийнхээ сэтгэлийг мэддэг Бурхандаа бид талархал, яруу алдар өргөсөн юм. Энэ явдлаар дамжуулан нөхөр нь Бурханы сүмийн талаар сайхан сэтгэгдэлтэй болсон юм. Нэг их удалгүй тэрээр Бурханы энгэрт ирнэ гэж бид итгэж байгаа.
Энэ хэдэн Сионы үнэрээс сурч авах зүйл маань юу вэ гэхээр хичнээн өчүүхэн ч бай хайр дамжуулах нь Бурханыг баярлуулж, бидэнд агуу ерөөл өгч байдгийг, мөн Эхийн хайр нээрээ агуу гэдгийг ухаарах явдал юм. Бид зөвхөн Библиэр сурлаа гээд үүнийг ухаарахгүй байх байсан. Харин Эх маань бидэнд жишээ үзүүлэх гэсэндээ энэ газар ирсэн шүү дээ. Эхийнхээ жишээг даган хэрэгжүүлээд үзтэл хязгааргүй их хайр нь улам бүр мэдрэгдэж байна.
Хэдийгээр миний хайр одоо болтол хүүхдийнх шиг ч гэлээ би ядаж надаас сүнсээр бага ах дүү, эгч дүү нараа тайвшруулж, нулимсыг нь арчих юм бол Эхдээ тусалж чадна. Одоо ч Эхийн хайрыг ихэд хүсэн хүлээж байгаа гэр бүлүүд олон байна. Эхийн хайрыг хичээнгүйлэн дамжуулахсан гэхээс тэсэн ядан байна. Өнөөдөр ч би энэ сул дорой хүүхдээ зөнчийн эхнэр болгон сонгож, дэлхийн бүх хүнд тунхаглах ажилд хэрэглэгдэх хэрэгсэл болгосонд нь Бурхандаа талархал өргөн, бүх зүрх сэтгэлээрээ мети пюри хийсээр л байна.