Хүүхэдтэйгээ яриа хөөрөө өрнүүл

Хүүхэд ер нь өөрийг нь ойлгохыг л аав ээжээсээ туйлын их хүсдэг.

14,191 үзэлт

​Хүүхэдтэй айл гэр нам жим байна гэж бараг байхгүй. Хүүхэд нэгэнт л хүний яриа ойлгоод эхэлсэн л бол өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг болж, эцэг эх хүүхдийн хооронд жинхэнэ тэмцэл эхэлнэ дээ. Хүүхэд хэдий хайр хүрмээр ч гөжүүдэлж, ааш гаргах үед нь аав ээж нь магадгүй бүгдийг нь орхичихмоор санагддаг байх.

Хүүхдийн хувьд ааш гаргах, үгэнд орохгүй байх нь мэдээжийн байх л хэрэг. Тэр ч бас хүн л юм хойно тодорхой нэг юм хүсэж, өөрийнхөөрөө боддог л байж таараа. Сэтгэл оюунаар ч, бие махбодоор ч насанд хүрээгүй байгаа болохоор зөв хөтлөх хэрэгтэй болохоос хүүхдийг жаахан гэдгээр нь үл тоож, дорд үзэж болохгүй. Тэгэхийн оронд харин ч ойлгож ухаарахад нь туслах ёстой. Хэрэв та “Хүүхэд юугаа мэддэг юм?” гэж бодоод, тэд ер нь юу ч бай эцэг эхийнхээ үгийг сонсох л ёстой гэх хандлагаар харьцдаг бол хүүхэдтэйгээ хийх тэмцэл чинь хэзээ ч дуусахгүй.

“Сэтгэлээ хүүхдүүддээ ойлгуулахыг хүсдэг л бол хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж, хүүхдээ ялгах салгах ухаантай, бидний хэлснийг ойлгодог, мөн хүндлүүлэх ёстой хүн гэдэг үүднээс авч үзэх ёстой” хэмээн хүүхдийн сэтгэл зүйч Клод Халмос хэлсэн байдаг. Гэхдээ энэ нь хүүхдээ том хүн шиг санаж, найзарх гэсэн үг биш л дээ. Аав ээжүүд тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байх хэрэгтэй төдийгүй хүүхдээ зөв замд хөтлөх үүрэг хариуцлагатай. Ингэх арга бол элгэмсүү дотно яриа хөөрөө юм.

Хүүхэд үнэхээр юу хүсдэг вэ?

Хэн нэгэн хүнд байдалд орж тэмцэж байх үед хүмүүс голдуу “Хүчтэй байгаарай” гэж хэлдэг. Харин зарим үед урмын үгнээс илүү “Танд хэцүү байсан байх аа даа” гэж өөрийнх нь байр сууринаас мэдэрч ойлгож байгаагаа илэрхийлсэн үг сонсоод илүү тайвширч ч мэднэ. Хүүхдийн тухайд ч мөн ялгаагүй. Танай хүүхэд өөрийнхөөрөө байж чадахгүй бол гонгинох, уураа гаргах, уйлах зэргээр санаа сэтгэлээ илэрхийлдэг. Ингэх үед нь та “Уйлахаа боль” гэж сүрдүүлэх, эсвэл шүүмжилж буруутгахын оронд өөрийнх нь байр сууринаас мэдэрч ойлгосон үг хэлэх юм бол хүүхэд удалгүй тайвширна.

Аав ээжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд сэтгэл санаа, бие махбодын хувьд хүчирхэг болж өсдөг. Эсрэгээрээ өсөж торних үедээ бодол, санаа сэтгэл нь хүлээн зөвшөөрөгддөггүй байсан хүүхэд уур хилэн хуримтлуулдаг. Тэр уур нь сүүлдээ өөрийгөө дорд үзэх мэдрэмж болон хувирч, эргэн тойрныхоо хүмүүст уурлах уураа нийгэмд харш зан авир, зөрчил хэлбэрээр илэрхийлэх нь бий.

Хүүхэд юу нь зөв, юу нь ухаалаг энэ тэрийг гэхээсээ илүүтэй өөртөө таалагддаг хүнээ дагах дуртай байдаг. Таалагддаг тэр хүн нь тухайн хүүхдийн сэтгэлийг нь ойлгодог хүн гэж хэлэх нь илүүц биз ээ. Эцэг эхчүүд эхлээд гэр бүлийн холбоо хэлхээ гэж юу гэдгийг хүүхдүүддээ харуулбал хүүхэд аав ээжтэйгээ салшгүй холбоотойгоо мэдэрнэ. Түүнийг мэдрэхгүй бол аав ээжийгээ юу нь зөв гэж зааж өгсөн ч хүүхэд сонсохгүй. Хүүхдийн хувьд юу юунаас илүү чухал нь эцэг эх нь үргэлж өөрийг нь ойлгож дэмждэг гэсэн аав ээждээ итгэх итгэл. Энэ нь яриа хөөрөөний эхлэл.

Хүүхэдтэйгээ хэрхэн ний нуугүй ярилцах вэ?

1.Чих тавь

Ердөө аав ээж хүүхдээ сонссоноор хүүхэд аав ээжээсээ хайр мэдэрч, аав ээждээ итгэх итгэл төрдөг. Зарим үед хүүхдийнхээ асуудлыг чих тавин сонсох нь хүүхэд тухайн асуудлаа шийдвэрлээд зогсохгүй цаашид хөгжихөд нь ч тустай. Эцэг эхчүүд хүүхдээ ойлгох үүднээс хүүхдийнхээ хэлсэн үгэнд анхаарлаа хандуулж сонсох ёстой. “Аанха, тэгээ юү?”, “Аан, зөв, зөв” гэх маягаар хэлэн, халуун дотноор, нүд рүү нь харж, толгой дохиж, санаа нийлж сонсвол илүү үр дүнтэй байдаг.

Хэрвээ эцэг эхчүүд хүүхдийнхээ ярихыг анхаарч чадахааргүй нөхцөл байдалд байгаа бол “Хоёулаа дараа ярилцаж болох уу? Би эхлээд үүнийг хийх хэрэгтэй байна” гээд, ойлгохыг хүсэх хэрэгтэй. Энэ нь юм хийнгээ хагас дутуу сэтгэлээр сонсох эсвэл “Би завгүй байгааг харахгүй байна уу? Алив холд!” гэж хэлснээс хавьгүй дээр.

2. Хүүхдийнхээ асуултанд чин сэтгэлээсээ хариул

“Ээж ээ, энэ юу вэ?” “Аав аа, энэ яагаад ийм байгаа юм?” Хүүхэд гэдэг ер нь юм юм сониучирхан, үй түмэн асуулт толгойд нь эргэлдэж байдаг улс. Хариултаа авч санаа амрахаас нааш байнга л яагаад, яагаад гэж буруу зөвгүй асууна. Хүүхэд юм асуух үед аав ээжүүд чин сэтгэлээсээ хариулах хэрэгтэй. Хариулт заавал шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшний байх албагүй. Зүгээр л хүүхдэд ойлгомжтой байдлаар тайлбарлахад л хангалттай. Эцэг эх нь асуултанд нь хариулж, хариу үйлдэл үзүүлэх үед хүүхэд өөрт нь хүндэтгэлтэй хандаж байна гэж мэдэрдэг.

Хэрэв эцэг эх нь хүүхдийн асуултад анхаарал хандуулахгүй, хариулахад төвөгтэй байвал “Чи үүнийг мэдэх шаардлагагүй” гэж хэлэх, хайхрамжгүй хандах, төвөгшөөх хандлагатай байвал хүүхэд итгэл нь алдарч, асуухаа болино. Зарим ноцтой тохиолдолд хүүхэд асуулт асууж сэтгэлээ шархлуулахгүй гэсэндээ огт бодож сэтгэхээ больдог. Хариулахад хэцүү асуултын тухайд эцэг эх нь хүүхдээсээ “Миний хүү юу гэж бодож байна?” хэмээн буцаан асууж, өөрөө хариултыг нь олоход нь туслах сайхан арга бий.

3. Хүүхдээ магт

Магтаал гэгч хүмүүсийг баярлуулж, урам өгч, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэдгийг нь мэдрүүлдэг. Хүүхдүүдийн тухайд магтаалаас зөв бодол, зөв авир үйлдэл сурдаг учраас магтаал гэгч бүр ч илүү эерэг үр нөлөөтэй. Зөв авир үйлдэл гаргах үед нь хүүхдээ магтвал бүр ч тийм байх гэж хичээнэ. Буруу авир үйлдэл нь аяндаа багасна. Хүүхдээ тодорхой байдлаар магтах хэрэгтэй. Зүгээр л “Миний хүү мундаг”, “Миний хүү сайн” гээд байвал хүүхэд яагаад магтуулж байгаагаа мэдэхгүй байж мэднэ. Илүү тодорхой магтахыг хичээ. Жишээ нь “Чи хамаг чадлаараа хийж байгаа учраас мундаг байна”, “Мэндэлж байгаа чинь их сайхан байна”, “Тоглоомуудаа өөрөө хураадаг болохоор чинь ээж нь их баяртай байна” гэх зэргээр хэлбэл хүүхэд чинь яагаад магтуулж байгаагаа мэдэж авч, сайхан санагдана.

4. Амлалтаа биелүүлэхээ мартаж болохгүй

Амлалтаа биелүүлнэ гэдэг бол итгэлцэл бий болгоход тун чухал. Хүүхэддээ нэг амлалт өгсөн л бол жижигхэн зүйл байсан ч амласнаа биелүүлэх хэрэгтэй. Хүүхэд ер нь аав ээжийнхээ өгсөн амлалтыг барагтай бол мартдаггүй. Тэр байтугай тэд аав ээжийнхээ хэлсэн зүйлийг ямар нэг байдлаар санаж байдаг. Тиймд амлалтаа хааш яаш авч үзвэл хүүхэд чинь танд итгэх итгэлээ алдана. Амласнаа биелүүлж чадахааргүй бол анхнаасаа амлаагүй нь дээр. Зайлшгүй шалтгаанаар амлалтаа зөрчих болбол яагаад амжихгүй байгаагаа нэгд нэггүй тайлбарлаж өгөх нь дээр. Таны хандлагаар л танай хүүхэд амлалтын чухлыг сурч авна шүү дээ. Мөн амлалтаа биелүүлж чадахгүй байх нь хичнээн муухай санагддагийг харуулах нь чухал. Тэгвэл танай хүүхэд нээрээ тийм байдгийг мэдэрнэ.

5. Яриаг нь давт

Яриаг нь давтах гэдэг нь нөгөө хүнийхээ хэлснийг давтах. Хүүхэд чинь “Би гэрийн даалгавар их байхад дургүй”, эсвэл “Би сургуульд явах дургүй” гэж хэлсэн гэж бодъё. Тэгвэл “Юу нь болохоо байчив? Яагаад?” гэхийн оронд “Чи гэрийн даалгавар их байхад дургүй байгаа юм байна, тийм ээ?” “Сургуульдаа явах дургүй болсон нэг учир байна аа даа” гэх зэргээр хэл. Тэгвэл сэтгэл санаа нь ямар байгааг аав ээжийгээ ойлгосон гэдгийг мэдэрч, хүүхдийн чинь сэтгэл нээгдэнэ. Яриаг нь давтах арга хэрэглэх замаар хүүхэдтэйгээ бас халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж болно. “Аав аа, та намайг юу зурсан гэж санана?” “Миний хүү юу зурсан юм?” “Машин.” “Хөөх, машин гэнэ ээ?” “Үүнийг бас өөрчилж болно.” “Хөөх, бас өөрчилж болох юм байна.” Энэ мэтээр яриаг нь давтах энэ аргыг хэрэглэвэл хүүхэдтэйгээ илүү удаан ярилцаж, өхөөрдөж хайрлах нөхцөл бүрдэнэ.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

1. Хүүхэд чинь уйлж, боломжгүй юм шалж гуйвал яах вэ?

Түр зуур уйлахыг нь болиулах гээд хүссэн бүхнийг нь өгөөд байх нь зөв биш. Хүүхдийн чинь хүсэж байгаа зүйл өгөх ёсгүй зүйл гэж бодож л байвал хатуу байр сууриа харуулах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд чинь шалаад нэмэргүйг ойлгон, улмаар шантарч орхидог. Хэрвээ сайхан зантай үедээ бүгдийг зөвшөөрчихөөд, ууртай үедээ зөвшөөрөхгүй байвал хүүхэд царайг чинь уншаад л шалж гуйх боломж хайна. Хүүхдээ ганцааранг нь уйлах боломж өгөөд, тэр хооронд өөр юм хийсэн нь дээр. Тэгэх юм бол хүүхэддээ сэтгэл хөдлөлөө хянах хугацаа өгөөд зогсохгүй сэтгэл санааныхаа байдлыг хүүхэддээ хэт их харуулахаас сэргийлж чадна. Хүүхдээ тайвширсан хойно нь юу зөв, юу бурууг тайлбарлаж өгөөрэй. Тэгээд хүүхэддээ хайргүй учраас ганцааранг нь үлдээсэн биш, харин буруу занг нь засах гэж хүссэн гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд чинь таныг өөрт нь хэр их хайртайг урьд өмнөөс ч илүү сайн мэдэрнэ.

2. Хүүхэд чинь худлаа хэлбэл яах вэ?

Ер нь хүмүүсийн худлаа хэлдэг шалтгаан нь үнэнээ хэлбэл таагүй нөхцөл байдал үүснэ гэж боддогт байгаа юм. Хүүхдийн хувьд таагүй нөхцөл байдал гэдэг нь зэмлүүлж, шийтгүүлэх нөхцөл байдал юм. Хүүхэд их уяхан, эмзэг тул өчүүхэн жаахан санаа зовохдоо ч худлаа хэлэх хандлагатай байдаг. Хэрвээ аав ээж нь хүүхдийг хэрэгтэн аятай хандан, худлаа хэлэхэд нь асуулт үргэлжлүүлж тавиад байвал хүүхэд айсандаа өөр худлаа юм нэмж ярьдаг. Худлаа хэлэх нь буруу хэдий ч аав ээжүүд ч мөн худлаа хэлэх орчин нөхцөл бүрдүүлсэндээ хариуцлага хүлээнэ.

Хэрэв та эхлээд хүүхдээ өрөвдөн энэрч, “Чи миний урмыг хугалахгүй гэж л тэгж хэлсэн, тийм ээ?”, “Миний хүү айсандаа л тэгж хэлсэн байх” гэж хэлбэл хүүхэд тайвширч, танд үнэнээ хэлнэ. Худлаа хэлэх нь муу хэрэг гэдгийг дараа нь нэг хэлчихэд нэг их оройтохгүй. Хүүхэд чинь хэрэв худлаа хэлээд байвал та өөрийгөө хүүхэддээ хэт хатуурхаагүй байгаа гэдгийг шалгаж, хүүхэд чинь танд итгэж байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Сэтгэл санааг нь ойлгодог хүндээ хүүхэд ер нь худлаа ярих шаардлага гардаггүй, худлаа ярья гэсэн бодол ч төрдөггүй.

3. Хүүхэд чинь үг сөрөх үед яах вэ?

Хүүхэд чинь таныг эсэргүүцээд байвал ихэнх тохиолдолд энэ нь тэрээр өөрийгөө гэх мэдрэмж илүү хүчтэй болж, өөрийнхөө санаа бодлыг харуулахыг хүссэн юм уу эсвэл шударга бус нөхцөл байдлын тухай санаагаа илэрхийлэх гэсэндээ тэр байдаг. Энэ зан авирыг нь та зөвхөн бүдүүлэг байж боломгүй зүйл гэж авч үзээд, эсвэл “Том хүний өмнөөс үг сөрдөг чи хэн бэ?” гэж үл тоон дорд үзэж болохгүй. Тэгэхийн оронд хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж, хүүхдийнхээ үзэл бодол дээр зогсож, яагаад ингэж хэлээд байгааг бодох хэрэгтэй. Учир нь томчуудын хэлсэн зүйлийг хүүхэд үндэслэлгүй шаардлага эсвэл хүлээн зөвшөөрөхөд хэцүү зүйл гэж үзэж байж болно шүү дээ. Томчууд ч тушаах, тушаасан өнгө аясаар хэлэх заавар зэргийг эсэргүүцдэг шиг хүүхэд бас нэг талыг баримталсан өрөөсгөл шаардлагыг эсэргүүцдэг. Үг сөрж, эсэргүүцэл үзүүлнэ гэдэг зөв зүйл биш л дээ. Гэхдээ та хүүхдийнхээ санаа бодлыг хүлээн авч, түүнийг ойлгох аргаар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгсэн ч хүүхэд эсэргүүцсэн, мөн гөжүүдэлсэн хэвээрээ байвал яагаад түүний бодол буруу гэдгийг хүүхэддээ тайлбарлаж өгөх хэрэгтэй.

4. Хүүхэд чинь уурлах үед яах вэ?

Хүүхдээ уурлах үед эхний ээлжинд та аргадаж тайвшрахад нь туслах ёстой. Тайвширч, арай дээрдтэл нь хүүхдийнхээ санаа сэтгэлийнх нь аясаар байж, ойлгох хэрэгтэй. Уурласан хэвээрээ байхад юу нь зөв, юу нь бурууг тайлбарлаж, сахилгажуулбал буруу аргаар уурыг нь бүр л хүргэх болно. “Алив уурлахаа боль л доо”, “Ер нь чи уурлах ёсгүй шүү дээ” гэх зэрэг нь үндсэндээ түүнд сэтгэл санааны байдлаа дарж бай гэж хэлж байгаатай л адилхан. Том хүмүүсийн ч хүртэл дарж чадахгүй тийм юмыг хий гэж хүүхдийг албадан хүчилж болохгүй шүү дээ. Уурласан шалтгаан нь юу ч байлаа гэсэн уурыг нь намжааж сэтгэлийг нь засаж, “Чи уурлажээ дээ. Би чамайг яаж тайвшруулах уу?” гэх зэргээр асууж, уурласан шалтгааныг нь сонсож өгөх хэрэгтэй. Яриаг нь сонсоход л хүүхдийн уур арай намждаг. Бүрэн тайвширсны дараа нөхцөл байдлыг ойлгуулах үүднээс тайлбарлаж өг. Эсвэл энэ нөхцөлд яаж харьцах ёстой байсныг зааж өгөх хэрэгтэй.

Солонгосын Сөүл хотод 600 хүүхдийг хамарсан судалгаагаар хүүхдүүдийн аав ээжээсээ сонсохыг хүсдэг үгсийн нэгдүгээрт “Хайртай” гэдэг үг жагссан байжээ. Хүүхэд гэдэг байнгын л аав ээжийнх нь хайр хэрэгтэй байдаг улс. Харин аав ээж гэдэг үр хүүхдээ жаргалтай байхыг л байнга хүсдэг улс. Үр хүүхдийн аз жаргал яалт ч үгүй аав ээжээс нь туйлын хамаатай. Хүүхдийнхээ аз жаргалын төлөө аав ээжүүдийн хийж чадах хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүүхэддээ цаг үргэлж сэтгэлээ нээж ярилцдаг хамгийн сайн хүн нь байх явдал юм шүү.