Христийн үнэр ба Эхийн үнэр

12,651 үзэлт

Эхийг, Эхийн хайрыг түгээх Сион бүрд одоо Бурханы сайн мэдээний ажил ивээлтэйгээр өөдлөн дэвжиж байна. Яагаад заавал Эхийн үнэнийг тунхаглахаар л Самари, дэлхийн хязгаараас тийм олон сүнс Сион руу цутган ирдэг юм бол?

Учир нь Сионд Эхийн үнэр байдаг учраас тэр. Библид Бурханы хүмүүсийг харагдах байдлын хувьд гэрэлтэй, амтны хувьд давстай зүйрлэсэн төдийгүй (Мат 5:13-16), үнэрийн хувьд Христийн тухай мэдлэгийн анхилуун үнэрийг дэлхий дахинаа анхилуулдаг “Христийн үнэр”-тэй хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс Ариун Сүнсний үеийн Бурханы ард түмэн нь Сүнс ба Сүйт бүсгүй буюу Эцэг Эх Бурханыг тунхаглах энэ үеийн анхилуун үнэр юм. Сионы бүх хүүхдийг тэнгэр Эхийнх нь энгэрт авчрахын тулд Эхийн үнэрийг буюу ээжийн үнэрийг их гаргах нь л бидний хийх ёстой ажил юм.

Хүүхдэд зайлшгүй хэрэгтэй ээжийн үнэр

Ярьж чадахгүй нялх хүүхэд өөрт тухгүй байгаагаа, анхаарал халамж хэрэгтэй байгаагаа уйлах, уцаарлах зэргээр илэрхийлдэг. Хүүхэд уйлагнах нь юун түрүүнд өлсөж байгаагийн дохио. Энэ үед нь хөхүүлэх юм уу угжихаар тэр дороо дуугүй болдог нь ийм учиртай. Үүнээс гадна живх нь норох, өвдөж зовиурлах, уйдаж ээжтэйгээ тоглохыг хүсэх, нойрмоглох зэрэг нь хүүхэд уйлах шалтгаан болдог. Ийн уйлах үед ээж нь биеийн илчээ үрдээ мэдрүүлж, зарим үед нүдээрээ ч болов хүүхэдтэйгээ ярилцаж, хамт тоглож, эрхлүүлж байх хэрэгтэй. Ингэж байж л эх үрийн хооронд сэтгэл зүйн хувьд эрхэм нандин хүйн холбоо бий болж байдаг аж.

Ээжийн үнэр ч мөн энэ нандин холбооны нэг хэсэг болж чухал үүрэг гүйцэтгэдэг. Ээжийгээ эзгүйд өлсөөгүй, өвдөөгүй хэрнээ хүүхэд тасралтгүй уйлах тохиолдол цөөнгүй гардаг. Ийм үед ээжийнх нь хувцсыг дэргэд нь тавивал хүүхэд тайвширч, унтдаг гэнэ. Ээжийнх нь үнэр их шингэсэн хувцас байх тусмаа хүүхдэд илүү үр нөлөөтэй байдаг аж.

Энэ дэлхийн ямар ч сайхан анхилуун үнэрээс илүү ээжийнх нь үнэр л хүүхдэд юу юунаас хэрэгтэй аж. Эхийн хэвлийд байхаас л үнэрлэж дассан ээжийнх нь үнэр хүүхдэд таатай байдаг учраас айж цочих үедээ ээжийнхээ үнэрийг үнэрлэхээр тайвширч амгалан болдог. Сэтгэл судлаачдын хэлж байгаагаар хүүхэд төрснөөс хойш 36 сар болох хүртэл өдөрт дор хаяж 3 цаг орчим ээжийнхээ үнэрийг үнэрлэж байж сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой өсдөг бол харин энэ үедээ ээжийнхээ үнэрийг хангалттай үнэрлэж чадалгүй өссөн хүүхэд өсөж том болсон хойноо ч сэтгэл санааны хувьд тогтворгүй байх бэрхшээлтэй тулгардаг ажээ.

Сүнсний хувьд ч ялгаагүй. Махан биеийн хүүхдүүд ээжийнхээ үнэрийг үнэрлэхгүй бол айдас түгшүүр хургаж, өсөж торнисон хойноо ч сэтгэл санааны асуудалтай байдаг бол тэр тусмаа “Эх байхгүй”, “Эх Бурхан байхгүй” гэж боддог хүмүүс сүнсний сэтгэл зүйн хувьд хичнээн тогтворгүй байхсан билээ? Тийм болохоор тэд Библид тэмдэглэгдсэн Бурханы тушаалаас нүүр буруулсан чигтээ буруу итгэл, буруу бодол тээн улмаар хорон мууг хийдэг юм.

Сионд ирэхээр сэтгэл тайвширдаг гэж ярих хүмүүс олон. Сионд тайвширдаг шалтгаануудын нэг нь Сионд Ээжийн үнэр байдагтаа тэр шүү дээ. Өдий төдий сүнс Эхийнхээ дотно үнэрийг мэдэрдэг газар нь Сион. Сэтгэлд дотно, дулаан энэ л үнэр Сионд байдаг болохоор Бурханы хүүхдүүд Сионд цугларсаар байдаг юм.

Библид гэрчилж байгаа Эх Бурхан

Бурханаар хөдөлгөгдөн бичигдсэн Библи дэх үнэний үгсэд Эхийн үнэр нэвт шингэсэн байдаг. Библиэр газарчлуулаад тэрхүү үнэрийг даган явцгаая.

“Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.” 2004 оны хэвлэлт 2Тим 3:15

Авралд хүрэх мэргэн ухааныг бялхаадаг ном нь Библи. Бидэнд Эцэг Эх Бурханы оршдогийг төдийгүй Бурханы хөвгүүд, охид байдгийг ч Библи зааж өгсөн тул тэрхүү сургаалд итгэж байж л авралд хүрнэ.

Библид энэ газар дээрх зүй тогтол нь тэнгэр дэх зүй тогтлыг мэдүүлж байдаг хуулбар ба сүүдэр гэдгийг онцолсон (Евр 8:5). Библиэс үзвэл бидэнд махан биеийн эцэг байдгийн адил сүнсний Эцэг ч байдгийг ойлгож болно.

“Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.” Мат 6:8-9

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.” 2Кор 6:17-18

Бидний сүнсний Эцэг бол Бурхан. Бурхан бидний Эцэг бөгөөд харин Бурханы хувьд бид хөвгүүд охид нь хэмээсэн. Тэнгэрийн гэр бүлд зайлшгүй Эцэг болон Түүний хөвгүүд, охид байх ёстойг Библи харуулж байна. Тэгвэл гэр бүлд хүүхдүүд байхын тулд халуун ам бүлд маань өөр хэн дутуу байна вэ? Хүү, охиноо төрүүлэх ээж заавал байх ёстой биз дээ.

Тэгвэл сүнсний гэр бүл ямар байх бол? Ээжгүй байж болно гэж үү? Гарцаагүй Ээж байх ёстой. Хаана Эх байна, тэнд амь амьдрал, халамж хайр, хөөр баясал, амгалан тайван байдал хөвөрч байдаг. Харин хаана Эх үл оршино, тэнд худал хуурмаг, ёс бус байдал газар авч, үзэн ядалт, маргаан гээд муу муухай бүхэн үүрлэдэг. Тийм ч учраас мөнхийн мөнхөд амин хэлхээ нь тасардаггүй, мөнхийн мөнхөд хайр, баяр хөөр ундран оргилдог тэнгэрийн хаанчлалд Эх оршихоос өөр аргагүй юм.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Энд “бидний эх” гэдэг нь махан биеийг маань төрүүлсэн эх биш тэнгэрт байгаа бидний сүнсний Эхийг хэлж байгаа. Тэгэхээр сүнсний ертөнцөд ч бас Эцэг Эх төдийгүй Бурханы хүүхдүүд байдаг гэдгийг мэдэж авч болох юм.

Христийн үнэр болж Христийг тунхагладаг ариун хүмүүс

Нялх хүүхдийг ээжийнхээ энгэрт өсөж бойждог болгосон нь Бурханы тогтоосон зүй тогтлын нэг юм. Библид Эх Бурхан оршдог гэж тодорхой гэрчилдэг. Бурхан Эхийн тухай мэдлэгийн анхилуун үнэрийг биднээр түгээдэг.

“Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байг. Учир нь аврагдаж буй болон мөхөж буйчуудын дунд бид, Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр юм. Нэгэнд нь аминаас амь дахь үнэр, нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ?” 2Кор 2:14-16

Библид биднийг Христийн тухай мэдлэгийг түгээх “Христийн анхилуун үнэр” гэж тодорхойлсон байна. Тиймээс одоо болтол Эхийг мэдэхгүй, энэ нүгэлт ертөнцөд төөрөн байгаа сүнснүүдэд бид Эхийн үнэрийг түгээх үүрэгтэй.

Бид өдөр бүр Эх Бурханыг таниулах анхилуун үнэр болоод эргэн тойрныхоо олон сүнсийг гэмшилд дуудан, авралд хөтлөх ажлыг бүх хүчээ дайчлан хийх хэрэгтэй. Тэгсэн байхад салж хагацсан тэнгэрийн хүүхдүүд Эхийгээ ухаарч, Сион руу ирэх нь лавтай.

“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд далайн баялаг чинийх болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир зүрх чинь чичрэн баясна.” Иса 60:1-5

Бид босоод гэрэлтүүлэхэд өөрөөр хэлбэл Эхийн үнэрийг анхилуулахад улс үндэстэн бүрд байгаа хүүхдүүд нь Иерусалим Эхийн энгэрт бүгд буцан ирэх болно.

Ээжийн үнэр байгаа газар хүүхдүүд нь цуглан чуулдаг. Бид Эхийн үнэрийг Сионоос арилгаж хэрхэвч болохгүй. Эхийнхээ үнэрийг л хүүхдүүд юу юунаас илүү санагалзан үгүйлдэг шүү дээ. Сионд шингэсэн Эхийн үнэрийг замхруулж, өөр үнэр цацах аваас хичнээн тансаг үнэртэн байлаа ч үр хүүхэд нь лав тэнд цуглахгүй. Итгэгч бид өөрсдийнхөө үнэрийг үнэртүүлэх гэж зөрүүдлээд байлгүй, харин Эх Бурханы анхилуун үнэрийг өөртөө гүнээс гүн шингээгээд бусдад түгээх учиртай.

Сатан энэ үнэрийг ханхлуулахгүйн тулд саад хийн гүтгэдэг. Гэсэн ч Сионы хүүхдүүд Сатаны ямар ч хууралтаас Эхийн үнэрийг ялгаж таниад, аль нь үнэн, аль нь худал газар болохыг мэддэг. Амралтын өдөр ч Эхийн үнэрийн нэг хэсэг. Алгасал баяр ч Эхийн үнэр. Гурван удаагийн долоон баяр ч ялгаагүй Эхийн анхилам үнэрийн нэгээхэн хэсэг шүү дээ. Эхийн үнэрийг дагаж, итгэлийн зөв замаар алхаж гэмээнэ Эхтэй гарцаагүй уулзана.

Хүн төрөлхтний эрж хайх ёстой Эх Бурхан

Авралд хүрэх мэргэн ухааныг Библи л бидэнд өгдөг. Библид баталж байгаа Эцэг Эх Бурханыг бүрэн дүүрэн ухаарч, Эхийн үнэрийг зөв таньж гэмээнэ бид мөнхийн тэнгэрийн хаанчлалд ямар ч аюулгүй орно.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Сүнс нь Ариун Гуравын сэнтий нэгээс үзвэл Ариун Эцэг Бурхан шүү дээ. Харин Сүйт бүсгүй нь Эцэг Бурханы Сүйт бүсгүй буюу бидний Эх. Эцэг Эх Бурхан маань “Ирээрэй. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваарай” гэж дуудаж байна. “Ирээрэй” хэмээн дуудаж буй Эцэг Эхээ олоод ирсэн хүмүүс л үнэхээр Бурханд итгэдэг Бурханы хүүхдүүд бөгөөд Бурханы бэлдсэн мөнхийн тэнгэрийн хаанчлалын авралд хүрэх Бурханы ард түмэн юм.

“Цангасан нэгэн нь ирэг” хэмээн дуудах Сүнс ба Сүйт бүсгүй. Нялх хүүхдийн хувьд сэтгэлээрээ хамгийн их цангадаг үе ээжийнхээ үнэрийг их үгүйлсэн үе байдаг аж. Ийм үедээ хүүхэд хичнээн амттай хоол байсан ч, хэн ч саатуулсан нэмэр болдоггүй, уйлагнадаг. Бусад хүний анхаарал халамж хангалтгүйдээ бус, харин хүүхдэд эхийнх нь үнэр үгүйлэгдэж байдагтаа тэр аж.

Газар дээрх зүй тогтол ийм юм чинь тэнгэрийн зүй тогтол ямар байх бол? Махан биеийн зүй тогтлоор дамжуулж л сүнслэг байдлыг ойлгоно. Сүнсээр ч бас хүүхдүүдэд Ээжийнх нь үнэр дутагддаг. Ээжийнхээ үнэрийг үгүйлэн цангасан хэн бүхэн Эцэг Эхийн тэвэрт эргэлт буцалтгүй ирэх учиртай.

Бид тэнгэрт Бурханы эсрэг нүгэл үйлдэн энэ дэлхийд хөөгдөж ирсэн гэмт хэрэгтэн тэнгэр элч нар. Эцэг, Эхийн ивээлээр бид энэ дэлхий дээр гэмших боломжийг олж, Эхийн анхилам үнэрт автан, Эцэг Эхээр газарчлуулж, Сионд ирсэн билээ. Гэвч одоо болтол Сион руу хараахан ирээгүй ах эгч дүүс минь зөндөө байгаа. Тэд “Ээж маань намайг хайхаар гарцаагүй ирсэн байх ёстой доо” гэсэн бяцхан горьдлого тээн, хоргодох хот энэ дэлхийн хаа нэгтээ ээжийнхээ үнэрийг үгүйлэн суугааг хэн мэдлээ. Тэгээд Сионы ариун хүмүүсээр зуучлуулж Ээжийн үнэрээ олж аваад, “Арай гэж Ээжийгээ оллоо” гээд сая нэг тайвшран, баяр хөөрөөр дүүрэн Бурханы энгэрт ирж тэврүүлсээр байна.

“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27

Библийн эхний бүлгээс л Эх Бурхан байдгийг Бурхан бидэнд мэдүүлж өгсөн. Хүн төрөлхтнийг бүтээхдээ Бурхан ганцаараа бүтээсэн бус “Бид буй болгоё” хэмээсэн байдаг. Бурхан хүнийг яг Өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээхэд эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй хүн бүтээгдсэн. Энэ нь Бурхан эрэгтэй болон эмэгтэй дүр төрхтэй гэсэн утгатай биш үү? Тэрхүү эрэгтэй дүр төрхтэй Бурханыг бид Эцэг Бурхан гэж дууддаг бол эмэгтэй дүр төрхтэй Бурханыг хэн гэж дуудах ёстой вэ? Мэдээж Эх Бурхан гэж дуудна.

Эхийн үнэрийг түгээгчид болцгооё

Хүүхдэд ээжийнх нь энгэр гэдэг хамгийн тав тухтай, нөмөр нөөлөгтэй газар. Аймшигтай араатантай тааралдсан ч ээжийнхээ хормой доогуур шургаж ороод нуугдчихад л айгаад байх юмгүй. Бурхан эх үр хоёрыг ийм л дотно хүйн холбоогоор холбож өгсөн.

Эхийн үнэрийг бэтгэртлээ санасандаа л бид Сионд цугласан. Энэ дэлхий дээр Бурханд итгэдэг хэрнээ Эх Бурхан оршдог гэдгийг ч мэдэхгүй хүн үй түмээрээ бий. Гэвч бидний хувьд Эх Бурхан маань хамгаас эрхэм нандин шүү дээ. Хүүхэд төрөөд ээжийнхээ үнэрийг авч чадахгүй бол сэтгэл зүйн хувьд тогтворгүй өсдгийн адил бидний сүнс тэнгэр Эхийг хүлээн авч, энгэрт нь ирэхгүйгээр авралд хөтлөх мэргэн ухааныг яасан ч олж чадахгүй.

Сайн мэдээг тунхаглах ч мөн ялгаагүй. Библийг хичнээн сайн мэддэг байлаа ч Эхийн үнэрийг түгээхгүй л бол алдагдсан ах эгч дүүсээ олж чадахгүй. Сайн үр жимс олныг гаргая гэвэл Эхийн үнэрийг өөртөө нэвт шингээж, тэр л үнэрийг түгээх хэрэгтэй. Дэлхийн бүх Сион Эхийн үнэрээр дүүрэхэд л алдагдсан ах эгч дүүс маань аяндаа Эхийн халуун тэвэрт ирнэ. Энэ Бурханы зорилго, хүсэл. Бие биедээ найр тавьж, асарч тойлж, сүнсний авралынх нь төлөө золиос гаргах зэрэг нь угтаа Эхийн үнэрийг анхилуулж байгаа хэрэг шүү дээ.

Юу юунаас илүү Эхээрээ бахархаж байгаарай. Эцэгийн минь бидэнд захиж хэлсэн хүсэл нь энэ. Иерусалимын оршихуйг бидэнд илчилсэн нь ертөнцөд алдаршуулж, магтаал болгохын тулд хэмээсэн байдаг (Иса 62:6-7). Эхийн үнэрийг үнэрлэж чадахгүй, дэмий хоосон тэнүүчилж яваа ах эгч дүүсээ Сион руу ирэх хүртэл Эхийн анхилуун үнэр болсон бид Эхийн тухай мэдлэгийн үнэрийг түгээхэд улам бүр хичээцгээе.

Шинэ гэрээний сайн мэдээ нь Бурханы хүүхэд л бол зөн совингоороо хүлээн авч, хөгжин дэвжихээс өөр аргагүй сайн мэдээ. Тэнгэрт хагацсан Ээжтэйгээ энэ дэлхий дээр уулзаж байгаа юм чинь Эх рүүгээ ирэхгүй байж яахан чадах билээ? Хүүхдүүд нь Ээжийгээ заавал хайж олоод ирнэ. Бид Эхийн яруу алдрыг гаргахад л бүх үндэстэн, хэлтнүүд Эх рүү цуглана. Бурхан хэдийн үүнийг төлөвлөчихсөн шүү дээ. Бурханы энэхүү зорилгын дагуу Эхийн анхилуун үнэр болсны хувьд сэтгэлд дотно тэр л үнэрийг нь түгээгээд бүх хүнийг бялхам амь руу хөтлөхөөр өртөөлөн давхицгаая.