​Мариагийн нулимс

9,287 үзэлт

Матай номын сургаалд Бурханыг “бидний Эцэг” (Мат 6:9) гэж тэмдэглэсэн байдаг. Галат номд Бурханыг бас “бидний Эх” (Гал 4:26) гэж тэмдэглэсэн нь гардаг. 2Коринт номд биднийг Бурханы хөвгүүд охид хэмээн илэрхийлсэн (2Кор 6:18). Эдгээр сургаалыг нэгтгэн дүгнэхэд бид Бурханыг Эцэг Эхээ гэж хүлээн авсан тэнгэрийн хүүхдүүд, тэнгэрийн хаанчлалын гэр бүл болохыг минь Библи сануулж байдаг юм.

Тэнгэрт нүгэл үйлдэн энэ газарт хөөгдөж ирсэн бид энэ талаар санадаггүй. Сүнслэг ертөнцөд болсон үйл хэргийг эдүгээ бидний амьдарч байгаа 3 хэмжээст ертөнцөд эргэн санана гэдэг туйлын бэрх хэрэг. Харин Бурхан бол бидний хувьд нэр төдий Эцэг Эх биш, яг л бодитоор Эцэг Эх минь юм шүү дээ. Бурхан Библийн гэрчлэлээр дамжуулан энэ талаар бидэнд тодорхой хэлсэн.

Гэр орондоо байхад үр хүүхэд нь аав ээждээ ачлах ёсон үзүүлнэ гэдэг мэдээжийн хэрэг. Газар дээрх зүйлс тэнгэрлэг юмсын хуулбар сүүдрийн үүрэгтэй гэсэн учир махан биеийн гэр бүлээр дамжуулан сүнсний гэр бүлийн талаар ойлгож чадахуйцаар Бурхан бидэнд зааж өгсөн юм. Библид сүнсний Эцэг Эх болсон Бурханд ачлалтай хандсан итгэлийн олон өвөг дээдэс гардаг. Тэдний дундаас Мариа хэмээх эмэгтэйн үйлсээр дамжуулан Бурханыг ачлах ёсноос суралцацгаая.

Гөлтгөнөн савтай үнэт тос ба Мариагийн нулимс

Мариа үнэт тос Есүс дээр цутгасны цаана ямар утга учир шингэсэн болохоор сайн мэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно хэмээн Есүс айлдсан юм бол? Эхлээд Лук номноос энэ талаар харцгаая.

“Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув. Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч, Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. Есүсийг урьсан фарисай үүнийг хараад —Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд Есүс хариуд нь… —Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь Симон —Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд —Чи зөв шүүлээ гээд, тэр эмэгтэй уруу эргэж, Симонд —Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд, эмэгтэйд —Нүгэл чинь уучлагдлаа гэв. …” Лук 7:36-49

Лук номын тэмдэглэлд нэгэн эмэгтэй нулимсаараа Есүсийн хөлийг норгоод үсээрээ арчиж, дээр нь үнэрт тос цутгасан дүр зураг гарч байна. Матай номд сайн мэдээ тунхаглагдсан газар л бол хаа ч байсан энэ эмэгтэйн үйлсийг дурсан тунхаглаарай хэмээн захисан Есүсийн үг ч мөн гардаг.

“Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад, их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав. Шавь нар нь хараад зэвүүцэж —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.” Мат 26:6-13

Хүний зүрхийг хардаг Бурхан

Есүсийн айлдсанчлан Мариагийн энэ мэт үйлс сайн мэдээний 4 номд нэг бүрчлэн тэмдэглэгджээ. Мариа Есүст дөхөж очоод нулимсаараа хөлийг нь норгоод үсээрээ арчиж, үнэрт тос цутгаж өгөхөд энэ бүхнийг дэргэдээс нь ажиж байсан Искариотын Иудас харин уурлаж байгаа дүр зураг Иохан номд гардаг. Бараг бүтэн жилийн орлоготой дүйцэхүйц асар үнэтэй тосыг ганцхан удаа цутгаад л юу ч үгүй барчихлаа. Ингэхийн оронд зараад ядууст өгсөн бол хамаагүй дээр байхсан гэж Иудас маргаан дэгдээв. Гэвч тэр ядуусыг асран хамгаалъя гэсэндээ ингэж хэлсэн биш, харин тос зарсан өртгөөс хумслахсан гэж санасандаа ийн хэлсэн гэж Библид дурджээ (Иох 12:1-8 үзэх).

Сайн мэдээ тунхаглагдах газар бүрд энэ эмэгтэйн үйлсийг дурсаж цугт нь ярьж өгөөрэй хэмээн Есүс хэлсэн учир нь Тэрээр Искариотын Иудасын дотор юу байгааг мэдсэн шигээ Мариагийн сэтгэлийг ч нэвт тольдсон хэрэг.

“Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад —Үнэхээр ЭЗЭНий тосолсон хүн Өөрийнх нь өмнө байна гэж бодов. Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.” 1Сам 16:6-7

Хүн хэн нэгний гадаад төрхийг хараад л дүгнэдэг байхад Бурхан үргэлж бидний зүрхийг нэвт хардаг. Мариа Есүс дээр үнэт тос цутгасны цаад учир нь үүрд үхэхээс өөр аргагүй тэнгэрийн нүгэлтэн биднийг аврах гэж махан биен хувцас өмсөөд Өөрийн биеэр энэ газарт ирсэн Бурханд хандах туйлын ачлах сэтгэлд нь оршиж байж. Өдөр бүр Есүст хамгийн дээдээрээ хандсан ч дутах билээ. Гэсэн ч хүмүүсийн саад, доромжлолыг амсан авралын мутраа эцэс хүртэл тавилгүй сунган, биднийг хөтөлж байгаа Бурханыхаа тэр ивээлийг сэтгэлийнхээ гүнээс ойлгосон учир өндөр үнэтэй үнэрт тосыг огтхон ч хайрлалгүй цутгасан юм.

Есүст хамаг найдвараа тавьсан Мариагийн нулимсанд “Есүс Та над шиг нүгэлтний төлөө, гаслан зовлонтой хувь заяа өмнө нь хүлээж байгааг ч эс ажран энэ газар хүртэл иржээ. Ингэн ингэн зовох гэж” гэсэн гэмшил, ухаарал шингэсэн байсан юм. Мариагийн энэхүү үзэсгэлэнтэй сэтгэлийг унагасан нулимснаас нь нэвт олж харсан Есүс “Сайн мэдээ тунхаглагдсан газар болгонд энэ эмэгтэйн үйлсийг дурсан тунхаглаарай” хэмээн захисан аж.

Бурхан бол бидний тэнгэр Эцэг, тэнгэр Эх. Харин Сүнс Өөрөө гэрчилж байгаа Бурханы хөвгүүд охид нь бид. Тэнгэрийн гэр бүлүүд бид цөмөөрөө яг л Мариа шиг чин гэмшлээ шингээсэн ачлалт үйлс Бурханд үзүүлэх аваас Тэрээр үнэхээр бидний сэтгэлийг таалан хүлээн авдаг аж.

Сэтгэлээс ундран гардаг ачлах ёсон

Бид энэ газарт ирэхээс ч өмнө Бурханыг Эцэг Эх гэж дуудан, тэнгэрийн оронд аз жаргалд умбан амьдардаг байсан юм. Харин Сатанд мэхлэгдээд нүгэл үйлдэж, нүгэлтний хувцас өмсөөд энэ газарт хөөгдөн ирсэн. Ингээд л бид үхэхээс өөр аргагүй таагүй нөхцөл байдалд хүрсэн билээ. Ийм л бидний төлөө тэнгэрийн Эцэг Эх тэнгэрлэг яруу алдраасаа татгалзан Өөрийгөө мөхөс болгож, тэнгэр элч нараас арай доохно төрхөөр энэ газарт ирсэн билээ. Улмаар биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлалд буцаан аваачих зам тавьж, золиосын амьдралыг Өөрөө туулсан билээ. Одоо ч Сатан хүмүүст энэ үнэнийг ухааруулахгүй гэж, хүмүүс Бурханд сүнслэг ачлал үзүүлэх вий гэж тэвдээд саад хийж байгаа.

Махан биеийн эцэг эхдээ ч бид ачлах ёсон үзүүлж хандах нь мэдээжийн хэрэг. Харин үүгээр дуусгаж болохгүй. Махан биеийн зүй тогтлоор дамжуулан сүнслэг зүй ёсыг зөв ухааран Мариа шиг төгс гэмшээд, тэнгэр Эцэг Эхээ сэтгэлийн угаас ачилж амьдарна гэдэгт итгэж байна.

Мариа бол янз бүрийн бэрхшээл зовлонтой нүүр учирсан эмэгтэй юм. Хэдий тийм боловч нүгэл ихт өөрийг нь аврах л гэж Есүс махан бие өмссөнийг Мариа ухаарсан байна. Тэгээд л сав хагалан Есүс дээр үнэрт тос цутган нулимсаараа хөлийг нь норгон үсээрээ арчиж өгсөн хэрэг. Бид ч бас Мариагийн урсгасан нулимсыг, Мариагийн асгасан үнэрт тосыг, Мариагийн гаргасан сэтгэлийг зүрхэн дээрээ тод сийлээд, тэнгэр Эцэг Эхээ ачлан дээдэлж яруу алдар, талархлыг л гагцхүү өргөх нь зохилтой билээ.

“Би ЭЗЭНий өмнө юутай очиж, өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу? Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг ЭЗЭН таалах уу? Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ, сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү? Юу нь сайн болохыг, хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?” Мик 6:6-8

Бидний хувьд Бурханд үзүүлэхүйц сүнслэг ачлал гэхээр гоц гойд зүйл ер байхгүй. Мянга мянган хуц, арван мянган тосон горхиноос ч илүү биднээс хүсдэг зүйл Бурханд бий. Гагцхүү зөвийг үйлдэн, энэрлийг хайрлаж, өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр биднээс хүсэх зүйл Бурханд байхгүй гэдэг. Дүгнээд хэлэхэд Бурханы гүйцэтгэж байгаа дэлхийг аврах үйлсэд хүн бүр оролцох нь бидний Бурханд үзүүлэх ачлалын дээд ачлал болох болой.

Эцэгийн хийж байгаа ажилд хэрхэн туслах вэ, Эхийнхээ үүрч байгаа загалмайн ачааг хэрхэн хөнгөлөх вэ гэдгийг бодолцон, ачлах үйлсийн бэлэг Бурхандаа өргөцгөөе. Тиймээс Бурхан бидэнд сайн мэдээ тунхаглах ажил даалгасан. Мөн бид шинэ гэрээний үйлчлэгч болоход Бурханы сэтгэл таатай байдаг хэмээсэн (1Тес 2:4, 2Кор 3:6).

Бурханаас эмээхүй нь хүн бүхэнд хамаарна

“Мэргэн ухаант хаан” гэгддэг Соломон маш үнэтэй нэгэн сургаал бичиж үлдээсэн байдаг. Өрнө дорнын бүхий л мэргэдээс илүү дээд мэргэн ухаан эзэмшсэн гэж магтаал хүлээсэн тэрээр хүний амьдралын эцсийг ийнхүү дүгнэжээ.

“Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажгуу. … Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.” Ном.Үгс 12:11-14

Ариун Сүнсний сэтгэл хөдлөлөөр Номлогчийн үгс номыг бичсэн Соломоны хамгийн сүүлд гаргасан дүгнэлт бол сүнсний Эцэг Эх болсон Бурханд үйлчилж, Тэдний бүхий л сургаалыг дуулгавартай дагах явдал хэмээн дурдаад үүнийг хүмүүний амьдралын үндэс буюу хүн бүхэнд хамаарах зүйл гэжээ. Эцэст нь тэнгэрийн хүүхдүүд тэнгэр Эцэг Эхдээ ачлал үзүүлэн амьдрах ёстой гэдгийг Соломон Ариун Сүнсний сургаалаар бидэнд ухааруулсан нь энэ.

Хүмүүс тэнгэр элчийн ертөнцөд болсон явдлыг, мөн энэ амьдралын зорилго хийгээд учир шалтгааныг мартсан чигтээ амьдарч байна. Гагцхүү 3 хэмжээст ертөнц болох энэ дэлхийн зүйлсийг л “байгаа бүхэн” хэмээн санаж байгаа. Идэх хоол, өмсөх хувцас, орох оронгийн асуудлаа шийдэх л гэж энэ ертөнцийн баян тансаг, алдар хүндийн төлөө хөөцөлдсөөр өдөр хоногийг барна. Харин нэг л өдөр үхээд өгвөл Бурханы шүүх сэнтийн өмнө зогсоно шүү дээ.

Ертөнцийн баян тансаг, сүр жавхлан бүхнийг биеэрээ эдэлсэн хүн бол Соломон. Гэлээ ч тэр энэ бүгдийг яг л салхи хөөцөлдөхтэй адил хоосон хэмээн дүгнэж, хожим хүмүүн бидний буцах учиртай мөнхийн ертөнц байгаа хэмээн Номлогчийн үгс номдоо дурдан бидэнд ухаарал хайрласан юм. Энэ ертөнцийг захирч байдаг Бурхан буюу сүнсний Эцэг Эхээсээ эмээн Тэдний тушаалыг дагах нь хүн бүхэнд хамаарна гэж тэр хэлсэн юм. Бурхан нууцлагдсан юм бүрийг хамгийн сүүлд ил гаргаад, хүн тус бүрд үйлсийнх нь дагуу хариу өгч, үйлсийнх нь дагуу шүүснээр энэ бүх түүх төгсөх учиртай ажгуу.

Хүүгийн үүрэгтэй энэ газарт ирсэн Есүс ч мөн үхэл хүртэл Бурханы хүсэлд дуулгавартай байснаар ачлах үйлсийн жишээг биечлэн үзүүлсэн юм. Есүсийн сургаал дунд Бурханыг ачилж энэр гэсэн утга бүхий үгс бий.

“Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд харин сонсоод цуглав. Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.” Мат 22:34-38

“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэсэн нь “Бурхан бидний Эцэг Эх учраас хүүхэд нь болсон хүний хувьд сүнслэг ачлал үзүүл” хэмээсэнтэй агаар нэг юм. Есүс үүнийг хуулийн дундаас агуу нь бөгөөд анхны тушаал мөн хэмээн сургадаг.

Хамгийн агуу хийгээд анхны тушаал нь Соломоны сүүлчийн захиастай адил бүх зүрх сэтгэлээсээ Бурханд ачлах ёс үзүүлж амьдар гэсэн утгатай аж. Бид Бурханыг биднээс асар их ялгаатай туйлын Оршихуй гэж боддог. Гэвч бид Бурханы мах цус, шинэ гэрээний бөх гэгчийн холбоогоор Бурхантай хэзээ ч тасрахгүй бат холбогдсон шүү дээ. Тэгээд Бурхан бидний Эцэг Эх болж, бид Бурханы хөвгүүд охид болцгоосон. Үр хүүхэд нь болохынхоо хувьд бид Бурханаа ачлах нь зохистой билээ.

Ачлалт хүүгийн үлгэрт гардаг шиг сүнслэг ачлалт баатрууд болцгооё

Энэ дэлхий дээр ч бас үр хүүхдүүд нь аав ээжийгээ ачилж байгааг харахад юутай сайхан. Эртнээс нааш эцэг эхдээ элбэрэлтэй ачлалт хүүгийн тухай үлгэр өдийг хүртэл ам дамжин яригдсаар хүмүүний сэтгэлийг хөндөж, сургамж болдог шүү дээ.

Бид ч бас тэнгэрийн оронд очоод тэнгэр элч нарт хүүрнэх сайхан дурсамж яриануудыг олноор нь үлдээцгээе. Үеийн үед, мөнхийн мөнхөд яруу алдар авах нь зохистой Бурхан хүний төрхөөр энэ газарт ирж, хүүхдүүддээ нүглийн уучлал болон авралыг соёрхохын төлөө Өөрт байгаа бүхнээ зориулсан билээ. Энэ бүхнийг дүгнээд сонордуулахад Бурханаас эмээж тушаал үгийг нь дуулгавартай дагах нь бидний мөрдвөл зохилтой хүмүүний үндсэн ёс гэлтэй.

Анхны сүмийн олон итгэгч Бурханд ачлалтай байсан авч хожимдож ухаарсан Паул элч Бурханд ачлал энэрлийн туйлын дээдийг үзүүлж иржээ. Түүний сайхан үйлсээс тольдоцгооё.

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү? «Таны төлөө бид бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ» гэж бичигдсэн юм. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.” Ром 8:35-39

Бурхан энэ хорвоогийн юу юунаас илүү бидэнд санаа тавьж, хайрладаг. Хэн нэгнийг өөрөөс нь ч илүү хайрладаг хүн эцэг эхээс нь өөр үгүй. Паул элч ямар ч зовлон, ямар ч хүндрэл биднийг Бурханы хайраас салгаж чадахгүй гэсэн туйлын бат шийдвэрээр сайн мэдээ тараасан байдаг. Ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно гэж Бурхан айлдсан болохоор тэнгэр Эцэг Эхээ тийн баярлуулахын төлөө Паул авралын зарын үүрэгт ажилдаа бүхнээ зориулсан аж.

Сионы гэр бүлүүд та бүхэн бас Библиэр хэлж ойлгуулсанчлан Бурханыг хайрлаж, Бурханаас эмээж, тушаасан бүгдийг нь сахин биелүүлээд, хамгийн ухаалаг хийгээд зөв амьдраарай. Тэгэх аваас Мариагийн сэтгэлээс ундарсан нулимс шиг бидний чин сэтгэлийн нулимс Бурханы хөлийг норгож өгөх болов уу хэмээн санана. Хараахан олж амжаагүй байгаа алдагдсан ах эгч дүүсээ үтэр түргэн хайж олоод Эцэг Эхдээ өдөр бүр хөөр баяр өргөж, үнэн ачлалыг үзүүлэх тэнгэрийн хүүхдүүд болоорой хэмээн та бүхнээс хүсэн ерөөе.