Хамгийн Дээд Нэгэн ертөнцийг захирна

Даниел 4-р бүлэг

10,119 үзэлт

Даниел Небухаднезар хааны тушаалыг аваад, зүүдийг нь тайлахын тулд хааны өмнө зогсов.

“Белтешазар1 аа, ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа. Өмнөх шигээ миний зүүдэнд үзэгдсэний тайллыг айлтга. Дэлхийн голд нэгэн мод байлаа. Тэр мод сүглийн ургаж, өндөр нь тэнгэрт туллаа. Навчис нь сайхан агаад огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч, хүмүүс ирэн үр жимсийг нь идэж байх юм. Тэгтэл тэнгэрээс буун ирсэн ариун нэгэн сахиулсан хашхирсанд өнөөх мод цавчигдаж, мөчирт нь хоргодож байсан араатнууд зугтах юм. Хожуул нь үлдэж, араатны зүрх өгөгдөн, ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлж байгаа энэ зүүд ямар утгатай вэ?”

1. Белтешазар: Даниелд өгсөн Вавилоны нэр

Даниел хааны зүүдийг сонсоод гайхширч, сэтгэл нь түгшин ам ч нээж чадахгүй байв.

“Ямар зүүд болохоор түгшинэ вэ? Хурдан хэл.”

Тэгээд Даниел зүрх нь шимшрэн байж хааны зүүдийг тайллаа.

“Хаан минь, тэр мод бол хаан та бөгөөд таны хүч нөлөө бага багаар нэмэгдэж, тэнгэрт тулан, дэлхийн хязгаарт хүрнэ гэсэн утгатай юм. Гэвч хаан та хээрийн араатнуудтай хамт байж, үхэр мэт өвс идэж долоон цаг үеийг өнгөрөөнө. Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг хаан таныг ойлгох хүртэл таны хаанчлал бат тогтох болно. Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй.”

Жилийн дараа хааны зүүд бодитоор биелэв.

Вавилоны ордонд зугаалж байсан Небухаднезар хаан өөрийнхөө амжилтанд мансуурч “Би агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэж хэлэх зуур тэнгэрээс нэг дуу гарлаа.

“Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан. Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно.”

Ийн хэлж дуусмагц Небухаднезар хаанд энэ бүхэн биеллээ олжээ.

Зөгнөл ёсоор долоон жил өнгөрөв. Небухаднезар тэнгэр өөд өлийн харж Бурханыг алдаршуулмагц саруул ухаан, нэр алдар, сүр жавхлан нь түүнд эргэн иржээ. Хаан ширээнд эргэн сууж, хэмжээлшгүй эрх нь өгөгдөн, агуу байдал нь нэмэгдсэн Небухаднезар хаан Бурханыг магтлаа.

“Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.”

Бусдад өөрийгөө таниулах гэсэн хүсэл хүмүүст их бага хэмжээгээр байдаг. Тэр хүслээ захирч дийлэлгүй, өөрийн гавьяа зүтгэлийг үзүүлэх гэж бардамнадаг хүнийг үнэн хийгээд зөвт Бурхан зайлшгүй даруу болгодог.

Ертөнцийг захирдаг Нэгэн нь Бурхан. Энэ газрын эд баялаг, нэр алдар, хүч чадал, эрх мэдлийг Бурхан хүссэн хүндээ өгч чадна. Үүнийг мартах агшинд, өдий хүртэл зүтгэж хураасан тэнгэрийн ерөөлийг тань гэнэт сүйтгэх гэсэндээ бардам зан “толгой өндөлзөн”, гарч ирэх боломжоо отдог ажгуу.