Ариун Сүнсийг ч бид Бурхан гэж дууддаг. Мөн баярын үеэр Ариун Сүнс авлаа гэж ч ярьдаг. Тэгвэл энэ Ариун Сүнс чухамдаа ямар оршихуй юм бол?

23,678 үзэлт

Библид нэг нэр томьёо олон утгаар хэрэглэгдэх тохиолдол нэлээн байдаг. Жишээлбэл: Шинэ гэрээний Библи дэх “хууль” гэдэг үгийг авч үзвэл хууль нь угтаа бол Мосегийн үед өгөгдсөн Арван тушаал юм уу түүнтэй холбоотой заалтуудыг хэлдэг (Ром 7:7, Иак 2:11, Иох 8:5, 17). Харин зарим үед хууль гэдэгт Мосегийн бичсэн эхний 5 номыг хамааруулж, зарим үед хуучин гэрээний Библийг бүхэлд нь ч заадаг байж (Гал 4:21, Лук 24:44, Иох 12:34). Мэдээж эдгээр нь өөр хоорондоо холбоотой хэдий ч нарийн тодорхой судалж үзвэл эдгээр нь тус тусдаа өөр утгатай юм.

“Ариун Сүнс” гэх нэр томьёо ч үүнтэй адил. Ариун Сүнс нь угтаа бол хүн төрхөөр оршдог Бурханыг хэлдэг боловч Ариун Сүнс нь бидэнтэй хамт байснаар, бид ямар нэг зүйл хийх онцгой чадвар авснаа ч мөн Ариун Сүнс авлаа гэж ярьдаг юм.

Ариун Сүнс бол хүн төрхийг хадгалсан Бурхан билээ

Ариун Сүнс (Holy Spirit) бол Бурханы ариун нандин сүнс гэсэн утгатай. Зарим хүн сүнс (spirit) нь хүн төрхт биш, хэлбэр дүрсгүй цахилгаан долгион юм уу энергитэй адилхан учир Ариун Сүнс ч гэсэн зүгээр л нэг Бурханы ажиллах чадвар гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл энэ ойлголт нь Бурхан ч, Есүс ч гэсэн хүн биш ажиллах чадвараас хэтрэхгүй гэсэн утгагүй хоосон дүгнэлтэнд хүргэх юм. Учир нь Библид Бурханыг ч Сүнс, Есүсийг ч Сүнс хэмээн гэрчилсэн байдаг.

“Бурхан бол сүнс, …” Иох 4:24

“Эзэн (Есүс) бол Сүнс …” 2Кор 3:17

Ариун Сүнс заримдаа гомдож, заримдаа санаа алдан харуусаж, заримдаа зуучлан гуйдаг төдийгүй түүнд бодол санаа ч байдаг. Хэрвээ Ариун Сүнсийг хүн төрхтэй биш, энерги шиг ажиллах чадвар гэж үзвэл хэрхэн сэтгэл нь зовниж, санаа алдан харуусаж, зуучлан гуйж, бодож сэтгэж чадах билээ?

“Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. …” Ефе 4:30

“Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм.” Ром 8:26-27

Ариун Сүнс нь Ариун Эцэг, Ариун Хүү Бурхантай нэг юм

Хүмүүс Бурхан, Ариун Сүнс хоёрыг тус тусдаа гэж буруу ойлгодог. Учир нь Ариун Сүнсийг Бурханы Сүнс гэж бичсэн ч үнэндээ бол Ариун Сүнс Бурхан хоёр нь нэг юм. Бидний бие, сүнс хоёр салангид байдаггүй, нэг л биетэй байдаг шүү дээ. Түүн шиг Бурханы Сүнс нь Бурханаас тусдаа байдаггүй. Ариун Сүнс нь Бурхан юм.

“Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ.” 1Кор 2:10-11

Бурханаас өөр хэн ч мэддэггүй Бурханы бодол санааг Ариун Сүнс бүгдийг нь мэддэг. Ариун Сүнс болон Бурхан өөр өөр бол ийм байх боломжгүй юм.

Ариун Сүнс болох Эцэг Бурхан нь энэ газар Хүү болж ирсэн Ариун Хүү Есүс юм.

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Иса 9:6

“Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн.” Ром 9:5

Энэ газар хүүхэд болон мэндэлсэн Есүсийг үүрд мөнхөд магтагдах Бурхан хэмээн нотолсон нь Есүс угтаа бол Эцэг Бурхан учраас тэр юм. Есүсийг Бурхан гэсэн учир, Бурхан бол Ариун Сүнс учир Есүс ч мөн Ариун Сүнс юм.

“Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм.” Ром 8:26-27

“Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.” Ром 8:34

Дээрх ишлэлд Ариун Сүнс бидний төлөө зуучлан залбирдаг хэмээгээд, дараа нь Есүс бидний төлөө зуучлан гуйдаг гэж айлдсан. Энэ нь Ариун Сүнс, Есүс нь нэг болохоор тэр аж.

“Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.” 1Пет 1:10-11

“Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.” 2Пет 1:20-21

Петр элч ч мөн хожим ирэх Христтэй холбоотой зөгнөл өөрөөр хэлбэл хуучин гэрээний Библийн зөгнөлд “Христийн Сүнс” гэж тэмдэглэсэн гэсэн бөгөөд “Ариун Сүнс”-ээр хөдөлгөгдсөн эш үзүүлэгчид бичиж тэмдэглэсэн гэсэн нь ч мөн Ариун Сүнс болон Есүсийн Сүнс нь нэг гэсэн утгатай юм.

Энд судалж үзсэнээр Ариун Сүнс нь Ёхова Бурхан болон Есүстэй нэг юм. Дуудагдах нэр нь л өөр төдий болохоос угтаа бол нэг Бурхан юм. Энэ нь ус, мөс, уур гурвын нэрийг өөрөөр дууддаг боловч химийн найрлага нь адилхан H2O буюу нэг бодис гэдэгтэй яг адил зүй тогтол юм.

Ариун Сүнсний бэлгүүд

Ариун Сүнс болох Бурханыг морилон ирэхэд бид онцгой хүч чадал авдаг. Үүнийг Ариун Сүнсний бэлгүүд (ивээлээрээ соёрхсон бэлэг) гэдэг. Библид нэг Ариун Сүнс бидэнд мэргэн ухааны үг, мэдлэгийн үг, итгэл, эш үзүүлэх, олон янзын хэлээр ярих чадвар гэх мэт төрөл бүрийн бэлгүүд өгдгийг хэлж өгсөн байна (1Кор 12:4-11).

Гэхдээ Библид Ариун Сүнсний бэлгүүдийг авсан гэдгийг Ариун Сүнс авсан гэж илэрхийлэх нь ч байдаг. Тиймээс зарим нэг нь Ариун Сүнсийг Бурханы буулган өгдөг хүч чадал гэж буруу ойлгох тохиолдол байдаг ч түрүүн судалсны адил Ариун Сүнс нь зөвхөн хүч чадал биш. Ариун Сүнсний мөн чанар нь хүн төрх бүхий Бурхан бөгөөд бүгдийг чадагч төгс хүчит Нэгэн. Бүх сансар огторгуйг дүүргэдэг тэр Бурхан ариун хүмүүс дээр морилон ирээд, онцгой хүч чадлын бэлгүүдийг өгдөг юм. Тиймээс Ариун Сүнс авсан гэдэг нь Ариун Сүнсний бэлгүүдийг авсан гэдэгтэй л ижил утга юм.

“Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.” Үйл 2:4

“Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув. Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярихуйгаар ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов.” Үйл 10:44-46

Пентэкостын өдөр элч нар харь хэлээр ярьж, Петрийг сайн мэдээ тараах үед Корнелийнхон харь хэлээр ярьж байсан нь Ариун Сүнс буун ирээд харь хэлээр ярих чадвар буюу Ариун Сүнсний бэлэг тэдэн дээр буун ирсэнд юм.

Энэхүү түүх нь Ариун Сүнс өөрөө хүч чадал бус, Ариун Сүнс ариун хүмүүс дээр морилон ирж байгаа учир Ариун Сүнсний бэлэг өөрөөр хэлбэл хүч чадал гарч ирж байгаа гэдгийг нарийн тодорхой харуулж өгч байна. Тийм учраас шинэ гэрээний баяруудыг сахиж, Ариун Сүнс авсан гэдэг үгийг нүдэнд харагддаггүй ч гэлээ Ариун Сүнс Бурхан бидэн рүү морилон ирээд, мэргэн ухаан, мэдлэг, итгэл зэрэг бэлгүүдийг зөвшөөрдөг гэсэн утгаар нь ойлгож болох юм.

Ертөнцийн хүмүүс “Ариун Сүнсний бэлгүүд” гэхээр нүдэнд харагддаг олон янзын хэлээр ярих чадвар юм уу эдгээх чадвар зэргийг л боддог. Харин үнэндээ Библид тэдгээр бэлгүүдээс илүү Христийг ухаарах мэргэн ухаан, мэдлэгийн үг, итгэл зэргийг юун түрүүнд дурдсан байна (1Кор 12:7-10, 28). Мөн үүний зэрэгцээ Ариун Сүнсний бэлгүүдээс хамгийн агуу нь хайр хэмээсэн.

“Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя. Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм.” 1Кор 12:31-13:3

Тэнгэр Эцэг Эх Бурхан үхэх тавилантай нүгэлтнүүдийг аврах гэсэндээ үхэх хүртлээ золиослогдон, эрхэм дээд хайраараа шинэ гэрээний баярын үнэнийг тогтоосон юм. Тийм болохоор Ариун Сүнсний бэлгүүдийг баттай хүлээн авч чадах арга бол Эцэг Эхийн хайрыг сэтгэлдээ бүрэн шингээж, шинэ гэрээний баярыг сахих явдал юм.