WATV.org is provided in English. Would you like to change to English?

Алгасал баяраар гамшиг алгасан өнгөрдгийн учир

422 Үзсэн тоо

Бурхан диаволыг үлдэн хөөж хүүхдүүддээ мөнх амь өгөхийн төлөө Алгасал баярын үнэнийг бий болгосон. Сионы гэр бүлүүд Алгасал баярын чухлыг сайтар мэдэж байгаа хэдий ч Алгасал баяраар гамшиг алгасуулдаг болсон учир шалтгаан юу болохыг илүү нарийн судалж үзэцгээе.

Алгасал баярын жинхэнэ утга учир юу болохыг, биднээс гамшиг алгасуулдаг Алгасал баярын хүч чадлын эх үндэс хаана байдгийг Библиэс ойлгож мэдэн, Бурханыхаа өмнө илүү даруу хүмүүс болцгооё.

Алгасал баярын хурганы цусаар гамшгаас аврагдана

Алгасал баяр нь одоогоос 3500 жилийн өмнө тогтоосон Бурханы баяр юм. Израиль үндэстнийг Египетэд боолчлогдон амьдарч байхад нь израильчуудыг тавьж явуул гэх Бурханы тушаалыг зөрчсөн Египетэд арван төрлийн гамшиг буусан. Ариун тооллын эхний сарын арван дөрөвний үдэш буусан арав дахь гамшиг нь уугануудыг цохих гамшиг байжээ. Иймд Бурхан хурганы цусыг хаалганыхаа хатавч, тотгонд түрхсэн айлыг л гамшиг алгасна хэмээсэн. Энэ бол Алгасал баяр юм.

“Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.” Гэт 12:11-13

Энэ өдөр Египетийн хаан Фараоны ханхүүгээс эхлээд гянданд хоригдож байгаа ялтны хүү хүртэл бүх айлын ууган хүүхдүүд үхсэн бөгөөд египет айлууд дунд үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл байгаагүйг Библид тэмдэглэсэн байдаг (Гэт 12:29-30). Харин Алгасал баярын хурганы цусыг хаалганыхаа хатавч, тотгонд түрхсэн Израилийн гэрүүд гай гамшгаас хэлтрэн аврал авчээ.

“ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.” Гэт 12:23

Эндээс бид гай гамшиг хурганы цусыг хараад алгассан уу, эсвэл Алгасал баяр сахисан хүмүүсийг нь хараад алгассан уу гэдгийг нухацтай тунгаан бодох шаардлагатай. Тухайн айлын эзэн мэргэн ухаантай байсан ч, эд баялаг ихт баян байсан ч, эрх мэдэлт хааны ордны хүн байсан ч тэр гэрээс гамшиг дайжаагүй юм. Гагцхүү хурганы цус түрхсэн айл л гамшгаас хэлтэрсэн юм.

Гамшиг биднийг алгасаж байгаагийн учир нь Алгасал баяр сахисан бидний чадвартайд ч юм уу мундагт байгаа юм биш, харин бидний дотор Алгасал баярын Хурганы цус байгаатай холбоотой. Биднийг хайрлан, хамгаалдаг Бурханы үл үзэгдэх ивээл биднийг хамгаалж өгдөг болохоор гай гамшиг алгасан өнгөрч аврал авна. Харин энэ нүгэлт ертөнцийн бүх ёрын муу бурхад ял шийтгэл авах болно. Зөвхөн Алгасал баярт л анхаарал хандуулаад байх биш, Алгасал баяраар биднийг хамгаалж байгаа Бурханы мутрыг мэдрээрэй.

Хамгийн их айж эмээх ёстой Нэгэн

Нэг ийм ёгт үлгэр байдаг. Нэгэн өдөр үнэг бартай уулзаад “Чи мэдэх үү? Амьтад чамаас айхаасаа илүү надаас айдаг гэлцэх юм билээ” гээд өөрийгөө ой шугуйн хамгийн аймшигтай амьтан гэж л дээ.

“Араатны хаан” гэж өөрийгөө өргөмжилдөг барын хувьд хойд хөлөөрөө ганцхан тийрэхэд л өнхрөөд өгмөөр амьтан өмнө нь том том юм яриад байхаар инээдтэй санагдаж гэнэ. Гэтэл үнэг ойн амьтад цөмөөрөө өөрөөс нь айж байгаагаа бодитоор харуулах тул араас дагаад яв гэжээ.

Өөртөө ихэд итгэлтэй байгаа үнэгний хандлагыг бар хараад эргэлзсэн боловч түүнийг дагаж яваад үзэв. Тэгсэн чинь үнэхээр л үнэгний яваа газар болгонд амьтад ихэд самгардан зугтацгааж байв гэнэ. Туулай мэтийн жижиг амьтад байтугай хүчирхэг баавгай ч хүртэл цөмөөрөө сүүлээ хавчин зугтацгаав гэнэ.

“За тээр, харав уу? Амьтад надаас ямар их айдгийг!”

Үнэг их л додигор гэгч нь бард ийн хэлэв. Гэвч үнэн хэрэгтээ амьтад үнэгнээс айсандаа зугтсан биш, араас нь ирж яваа бараас айсандаа зугтацгаасан аж.

Бидний эргэн тойронд ч үүнтэй төстэй явдал харагддаг шүү дээ. Хааяа томчууд жаахан хүүхдийн өмнө айж бэмбэгнэх нь бий. Учир нь тэр хүүхдийн аав ээж хөрөнгө чинээтэй юм уу эрх мэдэлтэйгээс болоод тэр. Тэрнээс биш хүүхдээс айгаад байсан юм биш. Тэр хүүхдийн ар талаас айсан хэрэг.

Бид үнэнийг гэрчлэх болгонд дайсан диавол бидэнд хөнөөл учруулж чадахгүй, зугтаад явдаг нь бидний дотор байгаа Алгасал баярын Хурганы цустай холбоотой. Алгасал баяраар Бурхан Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгасан гэсэн тул диавол Алгасал баярын Хурганы цуснаас л хамгийн их айдаг юм.

Алгасал баярын Хурга болсон Христ

Элч нар энэхүү Алгасал баярын Хурганы бодитыг Христ гэж гэрчилсэн байдаг.

“Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид… баяраа тэмдэглэе.” 1Кор 5:7-8

Алгасал баярын Хурга болсон Христ золиос амсахдаа урсгасан цус нь Алгасал баярын Хурганы цус юм. Христийн ийм л үнэт золиос байгаа болохоор бид Алгасал баяраа заавал сахих ёстой гэсэн байна.

Бид итгэл сайтай, авьяас чадвартай болохоор диавол биднээс айгаад байгаа юм биш, харин үнэн хэрэгтээ бидний доторх Христийн үнэт цуснаас айж байгаа хэрэг.

“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.” 1Пет 1:18-19

“Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.” Ефе 1:7

Бид өөрсдийн мэдлэг боловсрол, мэргэн ухаанаар биш Христийн цусаар золилт буюу гэм нүглийн уучлал авцгаасан. Аврал нь биднээс биш Христийн үнэт цустай холбоотой гэдгийг Библи бидэнд ухааруулж байна.

Христийн золиосын цус бидний дотор байгаа учраас бид авралд хүрэх болсныг бодох юм бол яагаад Бурханы хүсэлд дуулгавартай байх ёстойгоо, яагаад Бурханы өмнө даруу хүн болох ёстойгоо ойлгож авна.

Алгасал баярт шингэсэн Христийн мах ба цус

Биднийг нүгэл ба үхлийн утгагүй амьдралаас маань зольж аварсан Хурганы цусны тухайд Есүс ийн сургасан юм.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. … Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.” Иох 6:53-57

Гамшиг төдийгүй нүгэл ба үхлийг ч хүртэл Христийн үнэт цус хөөн зайлуулна. Энэхүү үнэт цусыг бидний дотор байлгасан Бурхан шинэ гэрээний Алгасал баяр хэмээх амийн үнэнийг бидэнд соёрхсон билээ.

“… Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

“… Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-8, 19-20

Алгасал баяр нь Бурхан цусаараа байгуулсан гэрээ юм. Алгасал баярын Хурганы цус байхгүйгээр гамшгаас зугтаж чадахгүй төдийгүй диаволыг хөөн зайлуулж чадахгүй. Тиймээс Хурганы бодит болсон Христ Алгасал баярын талх ба усан үзмийн дарсыг Өөрийнхөө мах, цус хэмээн зөвшөөрч, үүнийг идэж уувал бид Есүсийн дотор оршиж, Есүс ч бидний дотор оршино гэдгээ амласан юм.

Гэтэл өнөө үед олон сүм Алгасал баярыг сахих хэрэггүй гэж үздэг. Алгасал баярыг үнэхээр сахих хэрэггүй юү? Алгасал баярын Хурганы цус байхгүй бол Сатан довтлон орж ирэхэд хамгийн таатай нөхцөл бүрдэх юм. Ийм л учраас Бурхан Алгасал баяр сахидаггүй хүн Бурханы ард олноос таслагдана гэсэн байдаг.

“Израилийн хөвгүүдэд “Үхсэн хүнээс болж бузар болсон эсвэл холын аянд явж байгаа, та нарын мөн үр удмын чинь хэн нь ч ЭЗЭНд Алгасалыг сахиж болно. … Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ. ” Тоо 9:10-13

Бурханы ард олноос таслагдвал гамшгаас аврагдаж чадахгүй. Түүгээр зогсохгүй эцэст нь аврал авч чадалгүй там руу явах хувь заяа оногдоно. Бурхан Өөрийн ард түмэндээ хуучин гэрээнд Алгасал баярын хурганы цусыг гэрийнхээ хатавч тотгонд түрхээд гамшгаас аврагдахыг зөвшөөрсөн. Шинэ гэрээнд бол Алгасал баярын Хурганы бодит болсон Есүсийн мах, цусыг идэж уугаад, гай гамшгаас зугтаж аврал авахыг зөвшөөрсөн. Тиймээс Алгасал баяр байхгүйгээр Бурханы ард түмэн болж чадахгүй, Алгасал баярыг сахихгүй бол ард олноосоо таслагдана хэмээн тодорхой айлдсан хэрэг.

Христийн үнэт цусанд шингэсэн эрхэм дээд хайр

Тэгвэл яагаад Христийн үнэт цусанд гамшиг алгасан өнгөрүүлэх хүч чадал байдаг юм бол оо? Учир нь түүн дотор туйлын их золиос, хайр шингэсэн болоод тэр. Исаиа эш үзүүлэгч 700 жилийн дараа гарч ирэх Есүсийн төрхийг дараах байдлаар зөгнөн үлдээжээ.

“… Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд бид Түүнийг даанч эс тоожээ. Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ, гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. …” Иса 53:1-12

Нүглийг нь бид үйлдэж, нүглийн улмаас эдлэх ёстой зовлонг нь харин Христ амссан юм. Бидний нүглийн ачааг үүрч, нүглийн хөлсөнд Тэрээр хатгагдан, бяцарч, загалмайд цовдлуулан амиа хөсөр хаях хүртлээ золиос амсаж, ингэснээрээ биднийг гэсэн хайраа баттай нотолсон билээ. Тийм их золиос хайрынхаа үр дүнд урсгасан үнэт цус гэдгийг нь мэддэг устгагч тэнгэр элч нар, тэр ч байтугай ёрын муу дайсан диавол ч хүртэл бидэнд зүрхлэн ойртож чаддаггүй юм.

Алгасал баярын гэрээний цусанд махаа урж цусаа урсган туйлын их зовж байж бидэнд амь өгсөн Христийн хайр шингэсэн юм. Тэрхүү эрхэм золиосын цусны өмнө, эрхэм ариун хайрынх нь өмнө түмэн бодис өвдөг сөгддөг юм. Золиосын ийм л цусаар бидэн дээр тамга дарсан тул тэрхүү цусны эрх мэдлийн учир гай гамшиг алгасан өнгөрдөг.

“Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн баруун гар талд чинь унавч, энэ нь чамд эс тусна. Чи зөвхөн нүдээрээ хараад л буруутад өгөх хариуг үзэх болно. Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.” Дуу 91:7-11

Хуучин гэрээний Алгасал баярын хурганы цусыг хаалганы хатавч, тотгон дээр түрхдэг байсан. Харин шинэ гэрээний Алгасал баярын Хурганы цусыг шинэ гэрээгээр бидний духан дээр болон сэтгэл зүрхэн дээр тамга болгон дарсан юм. Тиймээс устгагч тэнгэр элч гамшиг буулгахаар ойртон ирээд бидэн дээрх Христийн цусыг хараад алгасан өнгөрнө. Тэгээд мянган хүн, түмэн хүн баруун талд унаж байсан ч шинэ гэрээний Алгасал баярын үнэн дотор байж, Хурганы үнэт цусаар тамга даруулсан итгэгчдэд гай гамшиг халдахгүй. Энэ нь л Алгасал баяраар гамшиг алгасан өнгөрдгийн учир шалтгаан юм.

Христийн золиос хайранд талархдаг итгэл

Христийн туйлын их зовлон дунд өнөөгийн бид оршин тогтнож байгаагаа бодохоор бидэнд Бурханы өмнө өөрсдийгөө дөвийлгөх зүйл нэгээхэн ч үгүй. Бид аймшигтай болохоор, бид мундаг болохоор биш харин биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлалын хүүхэд болгон хөтөлж буй Алгасал баярын Хурга болох Христ, Түүний золиосын цус нь аймшигтай, мөн гайхамшигтай зүйл. Тиймээс бид ихэмсэг бардам зан өвөрлөж хэрхэвч болохгүй.

“Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?” 1Кор 4:7

Өөрийгөө итгэлийн гол цөмд тавих гэх нь мунхаг бодол. Бидний сайрхах зүйл бол бид өөрсдөө биш. Мэдлэг боловсрол, мэргэн ухаан, Библи сайн ойлгох чадвар гээд ер нь алив бүхнийг бид Бурханаас л авдаг.

Үүнийг ухаарсан хүмүүс 1Коринт 13-р бүлгийн үгэнд айлдсан ёсоор Христийн хайрыг өвөрлөн, хэзээд тэвчээртэй, энэрэнгүй байж, атаархахгүй, агсганахгүй, ихэрхэхгүй юм. Бид Бурханы ивээлийг мартах юм уу бардам зан өвөрлөх аваас Бурхан бидний бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлдаг гэж бий (Иер 13:15-17).

Зарим хүн “Алгасал баяр сахивал ямар ч нүгэл үйлдэж болно биз дээ?” гэж асуух нь бий. Энэ нь Библийг асар их гуйвуулж байгаа хэрэг. Үнэндээ огт тийм биш. Алгасал баярын үнэт цус нь нүглийг баллуурдан арилгаж байдаг бол харин нүгэл нь үнэт цусыг баллуурдан арилгаж байдаг. Бурхан Христийн үнэт цусаар тэнгэрийн нүгэлтнүүдийн нүглийг толбогүй болтол нь арилгаж өгсөн ч тэрхүү үнэт цусыг бузарлах аваас үнэт цус цаашид тэр хүнд үйлчлэхээ болино. Амийн номд нэр бичигдсэн байж байгаад баларч, арилж ч болох учир Христийг морилон иртэл нь амийн титмээ бат сахь хэмээн Библи бидэнд зааж өгч байна.

Эрхэм дээд ивээлээр бидэнд зөвшөөрөгдсөн Христийн үнэт цусыг бид нандигнан хадгалах хэрэгтэй юм. Алгасал баяраар нүглийн уучлал, мөнх амь авна гэсэн агуу их бахархал тээж явлаа ч тэрхүү Алгасал баярт шингэсэн золиос хайрыг нь ухаарахгүй бол ямар хэрэг байх билээ дээ? Сионы хүүхдүүд бүгдээрээ зөвхөн Бурханыхаа соёрхох ивээл хайрыг бодон бүх зүйлд талархан, үргэлж баяртай байгаарай.

Алгасал баярыг хараахан мэдэхгүйдээ авралаас холдон, Бурханы ивээлээс тасарсан ертөнцийн бүх хүнд сайн мэдээ хурдхан тунхаглаад, Христийн үнэт цусыг тэдэнд байлгахын төлөө хичээцгээе. Тэнгэр Эцэг Эхийн золиосоор соёрхсон үнэт цусаар өнөөдрийн бид оршин байгаа гэдгээ санаж, бүр ч илүү даруу зүрх сэтгэлээр тэнгэр Эцэг Эхдээ цаг үргэлж яруу алдар өргөн, их ерөөл аваарай гэж хүсье.