WATV.org is provided in English. Would you like to change to English?

Алгасал баяр ба авралын үнэн

369 Үзсэн тоо

Өнөө үед ертөнцийнхөн Бурханы үгийг орхигдуулсныхаа уршгаар сүнслэг өлсгөлөн, өдий төдий гай гамшигт нэрвэгдэн байна (Амо 8:11, Иер 44:23). Гэсэн хэдий ч тэд шинэ гэрээний Алгасал баярыг “Энэ бол авралын үнэн биш ээ. Бид сахих шаардлагагүй” гэцгээн шинэ гэрээний үнэнээс татгалздаг.

2000 жилийн өмнө Есүс тухайн үеийн шашны удирдагчид болох фарисайчууд болон хуулийн багш нарын хоёр нүүрт хуурамч төрхийг нь хатуу зэмлэж, тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдөөгүй хэмээн өгүүлж байв. Үүн шиг одоо ч Бурханд итгэдэг гэдэг хэрнээ Бурханы хүслийг зөв ухаарч чаддаггүй хүмүүс бий. Библид хүмүүсийг мэдлэг дутсанаасаа болж устгагдана гэсэн тул хүн төрөлхтөн Бурханы үгийг мэдэхгүй, үгэнд нь дуулгаваргүй хандвал сүйрлийн замаар явахад хүрнэ (Хос 4:6, Иса 9:16, Мат 23-р бүлэг үзэх).

Гай гамшгийн үе болох тусам улам бүр гэрэлтэх авралын үнэн бол Алгасал баяр юм. Бурхан Алгасал баяр нь мөнхийн зарлиг бөгөөд энэхүү Алгасал баярыг үе уламжлан сахих ёстойг зааж мэдүүлсэн байдаг. Бурханы үг нь туйлын үнэн авралын амлалт гэдгийг эхлээд ухамсарлаж, бидэнд өгсөн үнэн хичнээн үнэ цэнэтэй, хичнээн эрхэм ерөөлтэй вэ гэдгийг Библиэр зөв зүйтэй ойлгож авцгаая.

Библийг мөнх амь гэдэг талаас нь судлах нь

Бурханы бүтээсэн сансар огторгуй бол хил хязгаар гэж байхгүй ертөнц. Хүн 1 секундэд нэг од тооллоо гээд бодоход бидний харьяалагдаж байгаа галактикийн одыг тоолоход л 6000 гаруй жил зарцуулах аж. Сансар огторгуйд тийм галактик 200 тэрбум орчим байдаг. Энэ ч мөн шинжлэх ухаанаар олж илрүүлсэн тоо хэмжээ болохоос шинжлэх ухааны олж илрүүлээгүйг хүртэл бодоод үзэхээр сансар огторгуйг хэмжээлэх ч аргагүй, үгээр илэрхийлэх ч аргагүй цаглашгүй уудам юм.

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнцийн 1 секунд гэдэг хугацаа бичил ертөнцийн 300 триллион жилтэй тэнцдэг гэнэ. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхий бий болоод 4.5 тэрбум жил, сансар огторгуй үүсээд 15 тэрбум орчим жил болсон гэдэг. 300 триллион жил гэдэг хязгааргүй их гэж санагдахаар цаг хугацаа байгаа биз?

Хүний хувьд зүгээр л нүдээ анивчих төдий өчүүхэн цаг хугацаа боловч бичил ертөнцийн 300 триллион жилтэй тэнцдэг байна. Тэгэхээр бичил биетийн ертөнцийн төвшингөөс авч үзвэл хүний ертөнц гэгч огтхон ч ойлгож чадахааргүй газар. Үүн шиг хүний ертөнцөөс сүнсний ертөнц болох Бурханы хаанчлалыг ухаарч ойлгохын аргагүй. Тийм учраас л Бурхан хүн төрөлхтөнд зориулж Библи соёрхсон хэрэг. Тэртээх сансрын оддыг телескоп хэмээх багаж хэрэгслээр харахгүй л бол ажиглах, судлах боломжгүй. Үүн шиг Бурханы үг болох Библигүйгээр Бурханы хаанчлалыг ойлгож мэдэх аргагүй юм.

Бидний хожим явах тэнгэр элчийн ертөнц бол цаг хугацаа, орон зайн хязгаар гэж байхгүй “мөнхийн мөнх, үүрдийн” ертөнц юм (Дан 7:18). Цаг хугацаа, орон зайн хананд түгжигдэн, үхэхээс өөр аргагүй болсон хүн төрөлхтнийг мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөх гэж л Бурхан бидэнд мөнх амь өгөх гэсэн хэрэг.

Мөнх амийг зөвхөн Бурхан л өгч чадна. Бурхан хүн төрөлхтөнд мөнх амь гэх хамгийн том бэлэг өгөхөөр Библийг бичиж тэмдэглэн, энэхүү бэлгээ аваад Өөрийн биеэр энэ газарт ирсэн билээ.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй.” Иох 5:39-40

“Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” Иох 10:10

Библи судлах зорилгыг Есүс тодорхой зааж өгсөн. Зарим хүн Библийг ёс суртахуун, ёс зүйд сургасан ном төдийгөөр авч үздэг. Харин Библиэс хайж олох ёстой хамгийн гол зүйл бол мөнх амь. Мөнх амь гэдэг талаас нь Библийг судлах учир шалтгаан энэ.

Библид тэмдэглэгдсэн Бурханы үгийг туйлын үнэн гэж үзэхгүйгээр хэрхэвч мөнх амь авч чадахгүй юм. Мөнх амь авъя гэхэд мөнх амь өгөх Бурханаа зөв мэдэж, тэрхүү Бурхан руу хүрч очих ёстой шүү дээ. Тэгтэл хүмүүс Библид итгээгүй юм чинь Бурхан ирсэн ч ухаарч чадахгүй, махан биеэр ирлээ гэж нүд үзүүрлэн, эргэлзэж тээнэгэлзсэн харц чулуудаж байгаад эцэстээ загалмайд цовдлох нүгэл хүртэл үйлдсэн шүү дээ.

Мөнх амь өгөхийн төлөө байгуулсан шинэ гэрээ

Мөнх амь өгөгч Бурханы үгэн дээр нэмж ч, хасаж ч болохгүй гэдгийг Библийн хамгийн эцсийн дүгнэлт болгон бичжээ.

“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:18-19

Библийн сургаалыг хүний дураар нэмэх юм уу хасах аваас гамшигт өртөөд зогсохгүй Бурханы хаанчлалд орох онцгой эрхээ ч алдана гэсэн үг. Библийн бүх сургаалыг байгаа чигт нь дагаж мөрдөөрэй гэсэн утгатай юм.

“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” Иох 13:15

Есүс хэрхэн Библийн үгэн дээр нэмж хасахгүйгээр мөнх амь авахыг Өөрийн биеэр жишээ үзүүлсэн юм. Христийн жишээн дундаас Алгасал баяр сахисан ул мөрийг дахин нэг нягтлан судалцгаая.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.” Лук 22:7-15

Арван хоёр элчийн Есүстэй хамт байсан ул мөр дунд Алгасал баярын ариун зоогийн ёслол гарч байна. Энэ нь Библийн дөрвөн ч сайн мэдээний номд нэлээн олон хуудсанд бичигдсэн ивээлтэй дүр зураг. Христийн үзүүлсэн жишээ болохынх нь хувьд бид энэхүү дүр зургийг нарийвчлан судлан үзэх шаардлагатай юм.

Петр ч, Иохан ч, Есүсийн шавь нар бүгд л Алгасал баяр сахисан. “Сахих шаардлагагүй болохоор сахихгүй ээ” гэж татгалзсан хүн ганц ч байгаагүй юм. Тэр тусмаа шавь нараараа Алгасал баярт бэлдүүлэхээр зааварлаж, сахихыг хүссэн Нэгэн нь Есүс байсан шүү дээ. Есүсийн энэ газарт ирсэн зорилго нь хүн төрөлхтнийг нүглээс аварч гарган, мөнхийн авралын замаар хөтлөхийн тулд байсан юм. Тэгэхээр Есүсийн ихэд хүссэн зүйл гэвэл авралтай л нягт холбоотой байсан байж таараа шүү дээ.

Есүс Христ Алгасал баярын ариун зоогийн ёслол үйлдэхдээ Алгасал баярын талхыг Өөрийн бие болгон, Алгасал баярын усан үзмийн дарсыг Өөрийн цус хэмээн гэрээлж, улмаар шинэ гэрээ байгуулсан юм.

“Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:19-20

Есүс “Энэхүү Алгасал баярын зоогийг барихыг ихэд хүссэн” хэмээн айлдсанд учир шалтгаан бий. Есүсийн мах, цусыг идэж уусан хүнд мөнх амь өгөх болохоор л (Иох 6:54) Алгасал баяр гэх гэрээгээр хүн төрөлхтөнд мөнх амь соёрхсон хэрэг.

Үүрд үхэх заяатай болсон нүгэлтэн биднийг аврахын төлөө Христ үнэт мах цусаараа байгуулсан үнэн бол шинэ гэрээний Алгасал баяр юм. Бурхан үе үеийн эш үзүүлэгчдээр дамжуулан шинэ гэрээ нь хүн төрөлхтөнд хичнээн эрхэм болохыг зөгнөж үлдээсэн байдаг.

Шинэ гэрээ байгуулсан хүсэл

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34

Бурханы ард түмний зүрхэн дээр шинэ гэрээ гэсэн хууль заавал байх ёстой. Шинэ гэрээ сахидаг ард түмний Бурхан болно, зүрхэн дээр нь шинэ гэрээ байгаа хүмүүсийн хилэнцийг бүрэн уучилна. Энэ бол Бурханы амлалт. Хүн амласан ч гэсэн амлалтаа биелүүлэхгүй байх тохиолдол бий. Харин Бурхан амлалтаа заавал биелүүлнэ.

Шинэ гэрээн дотор байдаггүй хүмүүс нүглийн уучлал авч чадахгүй. Бурханы амлалт тэдэнд байхгүй учраас тэр. Алгасал баяр үгүйгээр нүглийн уучлал авах аргагүй, нүглийн уучлал авахгүй бол мөнх амь авч чадахгүй, мөнх амь авч чадахгүй бол тэнгэрийн хаанчлал явж чадахгүй юм. Тийм болохоор Есүс Алгасал баярыг шинэ гэрээ хэмээн тунхаглаж, сахихыг ихэд хүссэн юм.

Гэсэн ч Алгасал баярыг зүгээр л нэг хуучин гэрээний хууль мэтээр үзэж, сахихгүй байсан ч болно хэмээн үздэг хүмүүс бий. Есүс тэгтлээ хүссэн байхад нь өөрсдөө сахих хэрэггүй гэж байгаа бол тэд жинхэнээсээ Есүст итгэдэг хүмүүс мөн үү? Библид “Тэд Бурханыг мэднэ гэдэг ч үйлсээрээ бол Бурханыг үгүйсгэгчид” гэсэн байдаг (Тит 1:16). Есүст итгэдэг гэж хэлдэг хэрнээ Есүсийн ихэд хүсэж хүн төрөлхтөнд өгөх гэсэн авралын үнэнийг үл тоомсорлочихоод яаж өөрсдийгөө жинхэнэ хоньчин, жинхэнэ христчин хүн гэж хэлж байна аа?

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23

“Алгасал баярын зоогийг барихыг ихэд хүссэн” гэсэн үгнээс нь бид Алгасал баяр сахих нь Бурханы хүсэл гэж баталж болохоор байна. Бурханы ариун хүсэл дэлхий даяар тунхаглагдахад Сатан яалаа гэж дуртай байх билээ. Хүн төрөлхтний аз жаргалын төлөө Бурханы байгуулсан шинэ гэрээг эсэргүүцэж, ямар ч авцалдаагүй онол нэмж хавсаргаад тал бүрийн аргаар саад хийж байгаа хүмүүс чухам хэний талд зогсож байгааг бид тодорхой дүгнэчихэж чадна шүү дээ.

Тиймдээ ч шүүлтийн өдөр Есүс “Эзэн минь, Эзэн минь” гэсэн тэдэнд “Би та нарыг танихгүй” гэсэн юм. Тэдний хувьд Есүстэй холбогдсон зүйл ганц ч байхгүй гэсэн үг.

Шинэ гэрээний Алгасал баяр бол Бурханы баталгаажуулсан авралын үнэн юм. Дундад зууны шашны харанхуй үед үй олон итгэгчийн золиосын цус урссаны дараа Бурханы сэргээсэн үнэний дээд үнэн билээ. Үүнийг ухаараад, олон хүн эсэргүүцэх тусам нь энэ үнэнийг тунхаглахаас огтхон ч хойш суух ёсгүй.

Шинэ гэрээг сахиж, тунхагла

Ертөнцөд шинэ гэрээ гэж юу болохыг ч мэдэж амжаагүй хүн олон бий. Тийм л хүмүүсийг мөнх амь руу хөтлөхийн тулд ар гэртээ, хөрш саахалтдаа, танилдаа гээд эргэн тойрныхоо олон хүнд Алгасал баярыг тунхаглая. Хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы амлалт Алгасал баярт шингэсэн байдаг учраас бид тэнгэрийн доорх үндэстнүүдэд энэхүү амлалтыг тунхаглах ёстой.

“Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.” 1Кор 11:23-26

Энд элч Паул анхны сүмийн итгэгчдэд дамжуулж байгаа зүйл нь юу юм бол? Есүс Христ талхыг “Миний бие” гээд, аяга авч “Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ” хэмээсэн нь Алгасал баярын үнэн юм. Паулын дамжуулсан гээд байгаа зүйл бол хувь хүний үзэл бодол биш, харин Эзэнээс авсан тушаал байсан юм. Мөн тэрээр өөрийгөө энэхүү шинэ гэрээг тунхагладаг “шинэ гэрээний үйлчлэгч” гэсэн шүү дээ (2Кор 3:6).

Бид ариун тэнгэр Эцэг Эхийгээ залаад, Эцэг Эхийнхээ үнэн сургаал дотор шинэ гэрээний Алгасал баярыг сахиж байна. Шинэ гэрээний хуулийг зүрхэндээ тээж яваа биднийг Бурхан “Миний ард түмэн” хэмээн хүлээн зөвшөөрч, бидний Бурхан маань болсон биз дээ. Бурханы хаанчлалын ард түмэн болж гэмээнэ Бурханы хаанчлалд орно. Мөн шинэ гэрээн дотор байдаг хүүхдүүдээ сүүлчийн шүүлтийн үед алив гамшгаас аварна хэмээх Бурханы ивээлтэй амлалт ч бий.

Шинэ гэрээний Алгасал баяраар бидэнд тэнгэрийн орны иргэншил соёрхон өгч, мөнх амь болон аврал олж авахыг зөвшөөрсөн Бурханыхаа ивээлийг Самари ба дэлхийн хязгаар хүртэл бүгдэд нь тунхаглацгаая. Хуурамч эш үзүүлэгчид Алгасал баярыг авралын үнэн биш гэж яаж ч хий хоосон цэцэрхсэн бид Христийн өнцгөөс харж дүгнэж чаддаг байх учиртай. Библийн үүднээс л судалбал тэдний дэвшүүлж байгаа онол, алив номлол нь хичнээн хоосныг, Библиэс ер гаралгүй гэдгийг ухаарч мэднэ. Авралын үнэн болсон шинэ гэрээний Алгасал баярыг хичээнгүйлэн тунхаглаад, бид бүхнийг шинэ гэрээн доторх Бурханы ард түмэн болгож, тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлсөн тэнгэр Эцэг Эхдээ талархал, яруу алдар өргөхийг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.