Итгэлийн тос

14,730 үзэлт

Тэнгэрийн хаанчлалд ороход бидэнд итгэл зайлшгүй хэрэгтэй. Итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг боломжгүй гэж Библид байдаг шиг (Евр 11:6) итгэл бол тэнгэрийн хаанчлал явахын тулд бидэнд зайлшгүй байх ёстой итгэлийн амьдралын чухал хүчин зүйл юм.

Тэгвэл итгэлээ хэр зэрэг бэлдсэнээ яаж мэдэх вэ? Өвчин тусвал биед тэр өвчний шинж тэмдэг илэрдэгтэй адил зүрх сэтгэл нь итгэлээр дүүрээгүй хүнд янз бүрийн сүнслэг өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Гомдол дургүйцэл л урсгаж, үнэний үгэнд эргэлзэн, Бурханы хүч чадалд итгэхгүй гэх мэтчилэнгээр буруу бодол, үйлс нь итгэл унасан үед илрэх шинж тэмдэг гэж үзэж болно. Есүс ч бас “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” (Мат 4:17) гэж сургасан болохоор тэнгэрийн хаанчлал улам бүр ойртох тусам би тэнд очиход одоо ч бас дутуу юм бий билүү гэж эргэцүүлэх хэрэгтэй.

Арван охины сургаалт зүйрлэл

Эхлээд арван охины сургаалт зүйрлэлээр дамжуулан Есүс зүйрлэлээр мэдүүлсэн “Тэнгэрийн хаанчлалын нууц” (Мат 13:10-11)-ыг судалцгаая.

“Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ. Сүйт залууг саатсанд тэд бүгд үүрэглэсээр унтав. Гэтэл шөнө дөлөөр “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа” гэх хашхираан хаджээ. Нөгөө охид бүгд босож, дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалгуудад “Бидэнд тосноосоо өгөөч. Дэнлүү маань бөхөх нь” гэсэнд ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж, өөрсдөө худалдаж ав” гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хойгуур сүйт залуу ирээд, бэлэн байгсад түүний хамт хуримын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ. Дараа нь бусад охид ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд харин тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай.” Мат 25:1-13

Есүс тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй гэж айлдсан. Сүйт залууг саатсанд бүгд үүрэглэн унтаж байтал шөнө дүл болсон хойно “Сүйт залууг угтаж авцгаа” гэх чимээ сонсогддог. Тосоо хангалттай бэлтгэсэн ухаалаг таван охин дэнлүүгээ бэлдэж, сүйт залууг хүлээн авч, хуримын найрт орсон юм. Харин тосоо бэлдээгүй мунхаг таван охин бөхөж байгаа дэнлүүгээ хараад, хэзээ хойно нь тос бэлтгэх гэсээр хуримын найрт орж чадаагүй.

Дэнлүү өөрийн үүргээ биелүүлье гэвэл заавал тос байх хэрэгтэй. “Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл” (Дуу 119:105) гэсэнчлэн дээрх зүйрлэлд гарч байгаа дэнлүү нь Бурханы үг буюу үнэнийг зааж байна. Дэнлүү нь үнэний үг юм бол түүнийг унтраалгүй асааж байх тос нь үнэний үгийг тасралтгүй гэрэлтүүлж өгдөг итгэлийг хэлнэ. Тэгээд бүгдийн хүлээж байгаа сүйт залуу нь Христийг илэрхийлж байна (Мар 2:18-20 үзэх).

Бидэнд үнэний дэнлүү бий. Тэгвэл Христ ирэх өдөр хүртэл итгэлийн тосоо байнга бэлдэж байх хэрэгтэй. Гэвч хааяа итгэлийн тосоо хэр зэрэг байгааг мэдэхгүй “Би тосоо бэлдчихсэн” гэж бодох үе бий. Ухаалаг охид бол Сүйт залууг ирэх хүртэл тосоо байнга шалгана. Итгэлийн тос хангалттай бэлдэхгүй бол тэнгэрийн хаанчлал явж чадахгүйд хүрнэ гэдгийг сайтар бодоод, чухам би итгэлийн тосоо хэр зэрэг бэлдэж байгаа бол? Арай дэнлүү л авч байгаа юм биш биз гэдгээ хянаж, бүгдээрээ Сүйт залууг ирэхээс өмнө урьдчилан тосоо бэлдсэн ухаалаг таван охин болох хэрэгтэй юм.

Итгэлийн зорилго нь сүнсний аврал

Итгэлийн тос дуусвал юун түрүүнд итгэлийн амьдрал уйтгартай болдог. Заримдаа тэнгэрийн хаанчлалын найдвар бүдгэрч, байнга гомдоллон дургүйцэж, үнэнд эргэлзэх юм уу тунхаглах хүсэл нь алга болно. Харин итгэлийн тосоо дүүртэл нь бэлдсэн хүн итгэлийн зорилгоосоо хэзээ ч няцдаггүй.

“Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. … Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:5-9

Итгэлийн эцсийн зорилго нь сүнсний аврал авах. Гэвч итгэлийн замаар алхаж байгаа ч аврал гэхээсээ өөр бусад зүйлсийг хүсэх хүн ч бас мэр сэр байдаг мэт. Авралаас гадуурх юманд автах буруу бодол нь итгэлийг доройтуулах хүчин зүйл болж өгдөг. “Хүн юу тарьснаа л хурааж авдаг” гэсэн Бурханы үг байдагчлан чин үнэн итгэл байхгүй бол хийж байгаа алив ажлыг сайнгүй үр дүн дагалдах юм.

Хэрэв бид тунхаглахдаа сүнс аваръя гэх сэтгэлгүйгээр дан ганц Бурханы үгийг л тараах гэж яарвал тэр нь хангинах цан болж хувирна (1Кор 13:1). Тэнгэрийн хаанчлалд найдан итгэлийн зорилго болох сүнсний авралыг үргэлж сэтгэлдээ тээж гэмээнэ хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярлаж чадах юм. Бид ямар ч байр сууринд байсан цаг ямагт аврал гэгч зорилгоо бодон, Сионы гэр бүлүүдээ аврал руу зөв хөтөлж, эргэн тойрны хүмүүсийнхээ авралын төлөө зүтгэдэг бат итгэлтэй байцгаая.

Итгэлээр бүтээсэн гайхамшиг

Итгэл байгаа газар бидний төсөөлөө ч үгүй гайхалтай зүйлс гардаг. Есүс бат итгэлтэй байвал хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг Өөрийн үйлсээрээ харуулсан.

“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. …” Мат 9:27-31

“Есүс босож, түүнийг дагахад шавь нар нь ч бас дагав. Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад тэр эмэгтэй —Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ.” Мат 9:19-22

Есүс Өөрийнх нь хүч чадлаар эдгэрэхийг хүссэн хоёр сохроос “Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу?” гэж эхлээд асуусан байна. Тэд үнэхээр Өөрт нь итгээд гуйж байгаа эсэхийг асуужээ. Тэгтэл “Тийм ээ, Эзэн” гэж итгэлтэйгээр хариулсан тэдэнд Есүс “Итгэлийн чинь дагуу болог” гэжээ. Тэгж хэлэнгүүт тэд гайхамшиг мэт хараа орсон байна. Цус алддаг өвчтэй байсан эмэгтэй Есүсийн хүч чадлыг биеэрээ мэдэрч, аврагдсан нь ч бас Христэд итгэснийх нь үр дүн байв. Хоёр сохор болон цус алддаг өвчтэй эмэгтэйд тохиолдсон гайхамшгууд тэдний дотоод итгэлийн ачаар бүтээгдсэн аж.

Саяхан би Непал сүмд айлчлахдаа гаднах байдлаас илүү дотоод сэтгэлийн итгэл илүү чухал гэдгийг маш их ухаарсан. Непал нь Гиммалайн нуруунд оршдог эх газрын улс. 30 сая гаруй хүн амтай, Солонгосоос жижигхэн хэрнээ бүх газарт нь олон Сион байгуулагдсан. Үүгээр ч зогсохгүй эргэн тойрныхоо бусад улсад хүртэл сайн мэдээ тараах төлөвлөгөө гаргах непал гэр бүлүүдийн халуун сэтгэлийг бишрэхгүй байх аргагүй. Зөвхөн тэнгэрийн хаанчлалд найдаж байгаа сайн мэдээний үй олон үйлчлэгчийг хараад зүрх догдолж байсансан. Өгөгдсөн нөхцөл байдал нь тун тааруу ч гэлээ аливаа ажлыг хөдлөшгүй итгэлээр явуулдаг непал гэр бүлүүдэд Бурхан сайн мэдээний гайхалтай үр дүн соёрхсоныг би харсан.

Бид ч бас авралд л гол анхаарлаа хандуулж, зөвхөн тэнгэрийн хаанчлалд л тэмүүлэн гүйх итгэлтэй байх хэрэгтэй билээ. Нөхцөл байдал сайжирч байж л итгэл дагаад өснө гэж боддог зарим нэг хүн бий. Харин итгэлийн ертөнцөд гаднах орчин нөхцөл хэрхэвч нөлөөлөхгүй юм. Иошуа болон Израиль ард түмэн Иерихо хотыг эзлэх үед ч бат бөх өндөр хана хэрэм, бадриун аварга биет уугуул иргэд гээд гаднаас нь харвал байдал ийм л байсан. Харин итгэлийн ертөнцөд эдгээр нь цөм нуран унасан. Дотоод сэтгэлийн итгэл гаднах орчныг өөрчилдөг болохоос гаднах орчноос хамаарч итгэл өөрчлөгдөнө гэж үгүй.

Итгэлтэй л байвал Бурханы гүйцэлдүүлж буй зөгнөлийн биелэлтийг бид гарцаагүй нүдээрээ харж чадах юм. Мөн үргэлж сүнслэг баяр хөөрийг эдэлнэ. Итгэл нь Бурханы хүч чадлыг мэдрэх боломжийг авчирдаг ба түүгээр илүү батжина. Гэвч эсрэгээрээ итгэл сулрах юм бол сүнслэг баяр хөөр эдлэх боломжоо алдаж, тэрнээсээ болоод итгэл улам хөрөхөд хүрдэг байна. Асуудлын гол нь гаднах орчин биш бидний дотоод итгэл юм.

Итгэлийн ач холбогдол

Тариачны хүсдэг зүйл нь цэвэр буудай болохоос дотроо хоосон хаягдал хальс биш. Боловсроогүй үр жимсийг хураах аргагүй болохоор Бурхан биднийг итгэлээр дүүрсэн сүнслэг цэвэр буудай болж боловсрохыг хүлээж байгаа.

“Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла. Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.” Мат 10:27-28

“Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Бурханаас эмээж, Бурханд итгэх ёстой” хэмээн Есүс бидэнд ухааруулсан. Итгэлийн ач холбогдлыг ухааруулсан Христийн сургаалаас дахиад нэгийг үзье.

“хурсан олноос нэг нь Түүнд —Багш аа, би хэлгүйн сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм. … Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ. … Есүс, эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг —Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов. …” Мар 9:17-29

“Та юуг ч хийж чаддаг бол бидэнд туслаач” гээд ирсэн хүнд Есүс ““Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой” хэмээсэн юм. “Та чаддаг бол” гэдэг үг нь бүрэн итгэж чадахгүй, эргэлзэх сэтгэлтэй байгааг хэлж байна. Есүс түүний итгэлгүй байгаад харамсаж, туйлын итгэлтэй байвал боломжгүй юм байхгүй гэж сургажээ.

Өнгөрсөн үеийн Библийн тэмдэглэл нь энэ үед амьдарч байгаа бидэнд үнэтэй сургамж болж байна. Бид үүнтэй адилхан байдалд “Та чаддаг бол туслаач” гэх биш харин “Би итгэж байна. Итгэлийн чинь дагуу болог гэж тушаагаач” гэдэг итгэлтэй байцгаая.

Зөгнөлийн түүхийг биелүүлэх итгэл

2016 он гарахтай зэрэгцэн дэлхий дахины гэр бүлүүд нэг сэтгэлээр 7 тэрбум хүнд тунхаглах тангараг өргөсөн. Түүнээс хойш улс орон, бүс нутгийн сүмүүд дор бүрнээ Эхийн үгийг сэтгэлдээ тээн, хүн төрөлхтний авралын төлөө эрч хүчтэйгээр гүйцгээж байгаа.

Зөгнөлийн үгийг сонссон ч гэлээ “Хэзээ юм бол оо?”, “Би биш ч өөр хэн нэгэн хийх байлгүй” гэсэн хойрго бодолтой байгаа бол итгэлийн тосоо дүүртэл бэлдсэн гэж үзэх аргагүй юм. Бурхан баттай зөгнөлийн үгээ айлдсан ч гэсэн тэрхүү хүслийг нь дагах хүмүүсийн итгэл сул байх юм бол улмаар зөгнөлийн биелэлт удаашрахад хүрэх юм. Өнөөдөр бидэнд өгөгдсөн өдөр хоногууд нь одоо хэр нь дутуу байгаа итгэлийн тосоо бэлдэх боломжит цаг юм. Библид “Итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг боломжгүй” гэж тодорхой мэдүүлж өгсөн байдаг.

“Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ. Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав. … Итгэлээр Сара хүртэл, хэдийгээр нас бие хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.” Евр 11:6-11

Библийн бүхий л гол баатрууд хувиршгүй итгэл тээн Бурханы зөгнөлийн түүхийг ном ёсоор нь биелүүлж ирсэн. Тэднийг чимэглэх үг нь зөвхөн “итгэл” гэдэг үг байв. Учир нь итгэлгүйгээр Бурханы түүх огт гарахгүй юм.

“… “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Эс саатна. Харин зөвт хүн итгэлээр амьдарна. Хэрэв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг эс таална” гэжээ. Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.” Евр 10:36-39

Бид сүйрэл уруу ухрагсад бус, итгэж амийг хадгалагсад болох ёстой. Хүн тус бүр өгөгдсөн байр байдалдаа үгийг тунхаглаж, цаашлаад тэндээсээ гаран дэлхий дахинд тунхаглах сайн мэдээний үүрэгтээ хувиршгүй итгэлээр хандан, халуун сэтгэлээ алдахгүйн тулд Бурханд тасралтгүй залбирал өргөн зүтгэцгээе.

Газар дэлхий дээр цаг хугацаа өнгөрөх тусам бүх юм бүдгэрч, ой тойноос арчигдаж мартагддаг. Гэвч цаг өнгөрөх тусам бүх зүйл нь илүү гэрэл гэгээтэй болдог ертөнц ч бас бий. Энэ бол итгэлийн ертөнц. Бидний дотор итгэл дүүрэн байвал гаднах ертөнц өөрчлөгдөж, Библи дэх зөгнөлийн үг бодит болж нүдний маань өмнө илчлэгдэх болно.

Итгэлийн тосоор дутаж дэнлүүгээ унтрах вий гэж түгших биш харин тосоо хангалттай бэлдчихээд Сүйт залууг ирэхэд дэнлүүгээ гэрэлтүүлэн баяртайгаар угтан авах ухаалаг хүүхдүүд болцгооё. Дэлхийн газар газрын Сионд 7 тэрбум хүнд тунхаглах хөдөлгөөнийг өрнүүлэх тэнгэрийн тушаалыг дагаад сайн мэдээнд мэрийцгээж байна. Зөгнөлийн түүхийг биелүүлэхэд дутуу зүйлгүйгээр итгэлийн тосоо хангалттай бэлдэж, бидэнд даалгасан сайн мэдээний үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх Сионы гэр бүлүүд болохыг хүсэх байна.