Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм

155,839 үзэлт

Библид хоёр янзын тахилчийн үүрэг (хэргэм) гардаг ба эдгээр нь Аароны хэргэм болон Мелхизедекийн хэргэм юм.

1. Аароны хэргэм

Аароны хэргэм гэж хуучин гэрээний тахил өргөх зарлиг хуулийн дагуу гүйцэтгэдэг тахилчийн үүргийг хэлдэг. Аарон леви овгийн хүн байсан болохоор Аароны хэргэмийг “Левийнхний тахилчийн үүрэг (Левийнхний хэргэм)” гэж нэрлэдэг.

Итгэлийн өвөг Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг. Иаков арван хоёр хүүтэй байсан бөгөөд эхнэр Леагаас төрсөн Леви нь Иаковын гурав дахь хүү байсан юм.

Иаковын хүү Иосеф Египетийн бүх газар нутгийн захирагч болсны дараа Иаковын гэр бүл Египет рүү нүүдэг. Тэндээ 430 жил суурьшаад эцэст нь Египетийн нутгаас гарсан байна. Иаковын сая сая үр удам Мосе удирдагчийг даган Канаан нутгийг зорин хөдөлсөн юм. Улаан тэнгисийг гатлан цөл рүү орсон израиль ард түмэн Синаи уулан дээр Арван тушаал авч, авсан Арван тушаалаа хадгалах асар байгуулжээ. Тэр үед Бурханд тахил өргөдөг асрын үйлчлэлийг хариуцсан тэргүүн тахилч нь Мосегийн ах Аарон байсан юм. Тэгээд ч Мосе, Аарон нарын харьяалагддаг леви овгийнхонд асрын тахил ба үйлчлэлийн үүргийг хариуцуулсан аж.

Леви овгийн тахилч нар ард түмний нүглийн уучлалын төлөө Бурханд тахил өргөхдөө хонь эсвэл ямаа зэрэг мал амьтдыг зориулдаг байж. Есүсийг шинэ гэрээ байгуулах хүртэл 1500 гаруй жилийн уртаас урт хугацаанд Аароны үеэс эхлээд л Левийнхний үр удам (Леви овог) газар дээрх асарт үйлчилдэг тахилчийн үүргээ Аароны хэргэмээр уламжлуулсаар иржээ.

2. Мелхизедекийн хэргэм

Библид Аароны хэргэмээс гадна “Мелхизедекийн хэргэм”-ийн тухай дурдаж, Христийг “Мелхизедекийн хэргэмийн дагуу ирсэн Тэргүүн тахилч” хэмээсэн байдаг.

“… хөшигний дотуур нэвтрэн ордог. Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.” Евр 6:19-20

Тэгвэл хамтдаа Мелхизедекийн талаар судлаад үзье. Мелхизедек нь Есүсийг энэ газарт ирэхээс 2000 жилийн өмнөх Абрахамын үед амьдарч байсан хүн юм. Түүгээр Христийг бэлгэддэг. Мелхизедекийн талаар хуучин гэрээний Библид ердөө хоёрхон удаа л дурдсан байдаг ба Абрахамын үед амьдарч байсан “Салемын хаан” гэхээс өөр зүйл тэмдэглэгдээгүй. Ямар замаар тахилч болсон, мөн “Салем” гэж ямар нутаг болох талаар тодорхой бичигдээгүй байдаг.

Мелхизедек гэгч энэ хачирхалтай хүн Абрахамыг үеэл Лотоо аврах гэж хийсэн дайнаас ялж буцаж ирэхэд нь талх, дарсаар ерөөдөг. Мөн Библид Мелхизедекийг “Хамгийн Дээд Бурханы тахилч” гэж заадаг.

“Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь… Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. Абрамыг ерөөж хэлэхдээ —Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай! Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.” Эхл 14:17-20

Абрахамын үед Абелын уламжлалыг даган Бурханд амьтнаар тахил өргөдөг байв. Гэтэл Мелхизедек талх, дарсыг тахил болгон өргөсөн байна.

Паул элч Мелхизедектэй холбоотой олон зүйл тайлбарласан байдаг. Түүнийг “Зөвт байдлын хаан, Амар тайвны хаан, Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг” гээд мөн “Израилийн овог бүрээс аравны нэгийг хүлээн авагч леви овгийнхон ба эцэг Леви хүртэл өвөг Абрахамаар дамжуулан аравны нэгийг Мелхизедект өгсөн” гэж тайлбарласан байдаг. Газар дээрх асарт үйлчилдэг тахилч нар андгайгүйгээр тахилч болсон бол Мелхизедекийн хэргэмийн дагуу ирсэн Христ нь Бурханы андгайгаар болсон тахилч гэж Паул элч маш дэлгэрэнгүй бичжээ (Евр 7:1-28).

3. Мелхизедекийн хэргэмийн дагуу ирсэн Христ

Есүсийг энэ газарт ирэхээс ойролцоогоор 1100 жилийн өмнө Давид Ариун Сүнсээр хөдөлгөгдөн хожим Эзэн (Христ) “Мелхизедекийн хэргэмийн дагуу мөнхийн тахилч” болж ирнэ гэж зөгнөжээ.

“ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв. ЭЗЭН, Сионоос хүч чадлын очирт таягийг тань сунгана. … ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэв.” Дуу 110:1-4

Дуулал номд Давидын “Эзэн” гэж бичсэнийг Есүс тайлбарлахдаа “Христ” гэсэн байдаг.

“Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс —Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд —Давидын хүү гэцгээв. Тэр тэдэнд —Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад, “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл баруун талд минь залрагтун» гэдэг” гэсэн юм бэ? Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав.” Мат 22:41-45

Христ хожим Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч болж ирэх тухай Давид зөгнөөд, мөн Эзэн (Ёхова) үүнийгээ заавал биелүүлэх болно гэж амласан байна.

Мелхизедек Абрахамыг талх, дарсаар ерөөсөн шиг Христ ч бас Алгасал баярын талх, дарсаар хүн төрөлхтнийг мөнх амийн ерөөлөөр ерөөсөн юм.

“… Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

Бурхан яагаад 1500 гаруй жил хадгалсан тахилын үүрэг болох Аароны хэргэмийн оронд Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх тахилчийг босгосон юм бол? Дээр дурдсанчлан газар дээрх асарт Аароны хэргэмийн дагуух тахил нь хожим Христийн байгуулах зүйлсийн хуулбар болохоор нүглийн уучлал авч чадахгүй.

“Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?” Евр 7:11

Абрахам Мелхизедект аравны нэгээ өргөсөн явдал нь Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч болж ирсэн Христэд өргөх өргөлийг бэлгэдэж байгаа юм. Абрахам талх, дарсаар өөрийг нь ерөөсөн Мелхизедект аравны нэгээ өргөсөн шиг Христ дотор байгаа ариун хүмүүс Христэд аравны нэгээ өргөдөг нь Тэрээр Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч болж ирээд бидэнд Алгасал баярын талх, дарсаар мөнх амийн ерөөл өгсөнтэй холбоотой.

​4. Дүгнэлт

Аароны хэр​гэм нь хонь, ямаа зэрэг амьтны цусаар тахил өргөдөг тахилчийн үүрэг юм. Харин Мелхизедекийн хэргэм нь талх, дарсаар тахил өргөдөг тахилчийн үүрэг юм.

Анхны сүмийн итгэгчид Мелхизедекийн хэргэмийн дагуух Тэргүүн тахилч болох Христэд итгэн, шинэ гэрээний баяр сахиж, нүглийн төгс уучлал авч чадсан юм. Харин Есүсийг тэнгэрт одож, элч нарыг ертөнцөөс хальсны дараа диавол сүм дотор шургалан орж ирээд шинэ гэрээний баяруудыг бүгдийг нь үгүй болгожээ. МЭ 325 онд шинэ гэрээний Алгасал баярыг бүрмөсөн устгасан байна. Алгасал баярыг устгасан явдал нь талх, дарсаар мөнх амь ерөөж өгдөг Мелхизедекийн хэргэмийн дагуух тахилыг тэр чигээр нь устгасан үйлдэл байлаа. Ингэж Мелхизедекийн хэргэмийн дагуух тахил устгагдсанаас хойш хэн ч мөнх амийн ерөөл авч чадахаа больсон юм.

Ертөнцийн төгсгөл ойртон ирсэн энэ үед Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч гарч ирэхгүй бол чухамдаа хэн аврал авч чадах билээ? Тиймээс сүүлчийн үед Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч нь өөрийн таних тэмдэг болох Алгасал баярын талх, дарс авчирч зайлшгүй дахин илчлэгдэх ёстой.

“Түг түмдийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. … Тэр, үхлийг мөнхөд залгина. … Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:6-9