Бидний эргэн тойронд Бурханд итгэх нь зүйтэй гэж хүлээн зөвшөөрдөг хэрнээ Бурхан руу очихоо хойшлуулж суудаг хүмүүс их байдаг. Тийм хүмүүс ихэвчлэн “Одоо идэвхтэй ажиллаж, амьдралаа хөл дээр нь босгочихоод нас ахиад ирэхээр л нэг сүсэг бишрэлтэй амьдаръя байз”, “Яг одоо чухал ажил зохицуулах хэрэгтэй байна. Завтай болж байгаад л Бурханд итгэнэ дээ” гэж ярьдаг. Харин тэдний төлөвлөж мөрөөдсөн маргааш нь яг болох эсэхийг хэн ч баталж чадахгүй. Амьдрал ийм л байдаг.
Дээр үед Индонез улсад 5000 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган хүн гэмтэж бэртсэн газар хөдлөлт болж байсан юм. Бүх хүн унтаж байсан үүр шөнөөр газар хөдөлсөн нь ихээхэн хохирол дагуулж, олон хүний амь нас эрсдэх шалтгаан болсон гэнэ билээ.
Ганцхан шөнийн дотор тийм аймшигтай гамшиг нүүрлэж, нэг бүс нутаг бүхлээрээ балгас болсныг үзвэл “Маргааш босоод тийм ажил хийнэ”, “Өнөөдөр дуусгаж чадсангүй, маргааш л гүйцээе” гэх мэтээр хойшлуулах нь мунхаг хэрэг юм даа гэсэн бодол төрнө. Тэр газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүс ч гэсэн маргаашдаа их юм төлөвлөчихөөд л нам унтаж байсан байх даа. Гэвч тэдний төлөвлөж, мөрөөдсөн маргааш нь ирсэнгүй.
Хийх ёстой зөв зүйтэй, сайн ажил байгаа бол дараа гэж хойшлуулахын оронд хийе гэж шийдсэн яг тэр үедээ л эхлэх нь зүйтэй. Учир нь хүн гэгч маргаашаар огтхон ч сайрхаж чадахгүй оршихуй юм.
“Маргаашаар бүү сайрх. Маргааш юу авчрахыг чи үл мэднэ.” Сур.Үгс 27:1
Нүд ирмэхийн зуур болдог янз бүрийн аваар осол, байгалийн гамшиг, бодоо ч үгүй байсан өвчин эмгэг гээд хүн “маргааш” гэж төлөвлөж болдоггүй шалтгаан олон бий. Бурханыг эрж хайлгүй, өмч хөрөнгөндөө найдаж ирээдүйг төлөвлөдөг хүмүүс хичнээн мунхаг болохыг Есүс мөн л сургаалт зүйрлэлээр зааж өгсөн.
“Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд “Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв.” Лук 12:16-21
Амьдрах үхэхийг, аз эзийг захирдаг Бурхан яг энэ шөнө ч хамаагүй амийг минь нэхэж авч чадна гэдгийг мартвал бид дээрх баян хүн шиг мунхаг болох юм. Хүний амьдрал хязгаартай. Бодоод үзэхээр энэ газарт агуу амжилт ололтоо үлдээж, нэгэн үеийг алгандаа атгаж байсан бүх алдар нэртэй хүмүүс одоо атгахан шороо болон замхарчихаж. Жүжиг төгсөхөд тайзнаас алга болдог жүжигчин шиг бидний амьдарч байгаа энэ үед тэд хэдийн бидний дундаас алга болжээ.
Амьд явах хугацаа өөрт нь хэр их үлдсэнийг мэдэх нэг хүн ч байхгүй. Хэн ч байсан энэ газрын үүрэг нь дуусахад Бурханы тогтоосон жам ёсоор ертөнцийг орхин оддог. Тэгээд Бурханы шүүх суудлын өмнө зогсох болно (2Кор 5:10). Тэр үед Бурхан “Чи дэлхий дээр амьдрах хугацаандаа Миний төлөө юу хийсэн бэ?” гэж асуувал бид чухамдаа юу гэж хариулах сан бол? “Маргаашнаас эхлээд Бурхан Танд магтаал, яруу алдар өргөх гэж байсан юм. Маргааш баптисм хүртээд, итгэлийн амьдралаа маргаашнаас л эхлүүлэх гэж бодож байлаа. Өнөөдрийг хүртэл ханатлаа цэнгэж байгаад маргаашнаас л яг хийх гэж байсан юм” гэж хариулбал Бурхан юу гэх сэн бол?
Бүх ажлыг маргааш гэж хойш тавьдаг, маргаашдаа л зориулж ажлаа төлөвлөдөг хүнд маргааш гэсэн цаг огтхон ч байхгүй. Бидэнд зөвшөөрсөн хугацаа дуусахаас өмнө бидэнд жинхэнэ хэрэгтэй зүйл юу вэ гэдгийг ухаарч, үүний төлөө хийх хэрэгтэй зүйл байвал яг өнөөдрөөс шууд эхлэх хэрэгтэй.
Маргаашаар сайрхаж, төлөвлөх аргагүй хүн төрөлхтөнд нэн түрүүнд хэрэгтэй зүйл бол аврал юм. Хожим буцах мөнхийн ертөнц байгаа гэдгийг мэдэхгүй чигтээ энэ хорвоогийн юмсыг л бодож амьдарч байсан хүүхдүүдийнхээ төлөө Бурхан мөнх амь ба авралын мэдээ авчирсан юм. Хоосноос хоосон амьдралаар амьдарч байгаад үхлийн хавханд орсон хүмүүн заяаг минь өрөвдөн энэрэхдээ зөв ойлголт ухаарлыг соёрхохоор Бурхан ирсэн билээ.
Хүмүүн бид амьдрах хугацаандаа юуг заавал ухаарч, хэрэгжүүлэх ёстой юм бол? Бид тэнгэрт үүрд үхэх нүгэл үйлдсэн нүгэлтнүүд байсан. Одоо хоргодох хот дэлхийд ирээд, түрхэн зуур зөвшөөрөгдсөн гэмшлийн хугацаанд амьдарч байна. Нэг л олдох хязгаарлагдмал энэ хугацаандаа нүгэлт махан биеийн шуналынхаа төлөө цагийг дэмий үрэлгүй, бидний үндсэн үүрэг юу болохыг ухаарч, итгэмжтэй амьдрах хэрэгтэй.
“Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.” Ном.Үгс 12:13
Библид “Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагах” нь хүн бүхэнд хамаатай үндсэн үүрэг гэж зааж өгчээ. Бид яавал чин сэтгэлээсээ Бурханаас эмээж, Түүний тушаалыг сайн дагаж чадах вэ гэж байнга бодож, Бурханы үгэнд нийцүүлэн, бидэнд өгсөн “өнөөдөр” гэх амьдралын хугацаанд улам бүр итгэмжит амьдрахыг хичээх хэрэгтэй юм.
Бурхан Иохан элчид сүүлчийн үед аврал авах хүмүүсийн байдлыг илчлэлтээр харуулж өгсөн. Энэ илчлэлтээс өнөө үед бидний амьдрал ямар байх ёстойг бодож үзэцгээе.
“Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.” Илч 14:1-4
Хургатай хамт Сион уулан дээр зогсож байгаа хүмүүс! Тэд ертөнцийг дагалгүй зөвхөн Бурханыг л дагаж, Бурханд тааламжит хүслийг байнга бодож амьдардаг итгэгчид юм. Дуулал номыг бичигч тэдний талаар ийнхүү тэмдэглэсэн байдаг.
“ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй, хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, худал тангараг тавиагүй нь буюу.” Дуу 24:3-4
“Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй” нь Эзэний уул өөд авирах хүмүүс гэсэн болохоор тэд л Сион уулан дээр зогсох ариун хүмүүс юм. Бурханы ард түмэн ертөнцийн шунал хүсэл дүүрэн зүйлсэд сэтгэлээ өргөдөггүй.
Бурханы шинэ гэрээний баярыг сахидаг бид одоо сүнсээр Сион уулан дээр зогсож байна (Иса 33:20, Евр 12:22). Тиймээс бид хуурмаг хоосон зүйлийг эрж хайлгүй, тэнгэрийн ариун ард түмэн шиг Бурхан хүсэж байгаа сүнсний авралын төлөө амьдрах хэрэгтэй.
Бидний амьдралын зорилго ертөнцийн хүмүүсийнхээс тэс өөр. Ертөнцийн хүмүүс газрын иргэний харьяалалтай болохоор зөвхөн энэ газрын хүсэл найдвар тээн амьдардаг. Бусдаас илүү өндөр байр сууринд гарч, бусдаас илүү эрх мэдэлтэй, илүү хөрөнгө мөнгөтэй болж, хүмүүсээр хүндлүүлж амьдрахыг хүсдэг. Харин тэнгэрийн харьяалалтай бид тэнгэрт авах мөнхийн алдрын төлөө Бурханаас эмээж, Түүний тушаалуудыг дагах нь үндсэн үүрэг гэдгийг мэдээд амьдарч байгаа. Үүнийг хэрэгжүүлэгч бидний хувьд хамгийн чухал цаг бол маргааш биш өнөөдөр, яг одоо.
Нэгэн үсчний хаалган дээр ийм нэг зарлал наасан байв.
“Маргаашнаас 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ.”
Зарлал наамагц л тэр өдөр үсчин орох гэж байсан хүмүүс бүгд дараа өдөр нь орохоор хойшлуулжээ. Маргааш болоход үсчинд очсон хүмүүс үсээ засуулаад, урьд төлж байснаасаа тал үнэ өгчээ. Гэтэл үсчин хуучин үнээ төлөхийг шаардав. Хүмүүс үсчний хэлэхийг сонсоод гомдол гаргацгаажээ.
“Өнөөдрөөс 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ гэсэн биш үү? Тэгэхээр нь л өнөөдөр ирсэн юм.”
“Та зарлалыг анхаарч уншаагүй бололтой. Сайн уншаад үзээрэй. Хэзээнээс гэсэн байна?”
“Маргаашнаас.”
“Өнөөдөр биш, маргаашнаас.”
Эцэстээ үйлчлүүлэгчид төлбөрөө бүтнээр нь төлөх хэрэгтэй болжээ.
Ялихгүй юм шиг боловч “маргаашнаас” гэсэн ганц үгээр биднийг мэхэлдэг Сатаны аргыг эндээс харж болно. Сатан өнөөдөр хийх ёстой ажлыг маргааш хийхээр хойшлуулж, яг маргааш нь болбол дахиад л “Хэзээ би өнөөдрөөс гэсэн юм? Маргааш л гэсэн биз дээ!” хэмээн эцэстээ биднийг ямар ч ажил хийлгэхгүй хүлж тавих гэдэг.
Маргааш гэж төлөвлөдөг хүн юу ч олж чадахгүй. Уулыг давбал солонгыг барьж чадах юм шиг гүйж очсон ч солонго бас төдий чинээ холдон явж, дахиад л барих гэж уул давж явсаар эцэстээ хөгширтлөө насан турш солонго даган явсан үлгэрт гардаг хүү шиг болно л гэсэн үг.
Бурханы үгийг “маргааш”-наас хэрэгжүүлэх биш өнөөдрөөс, одоо энэ цаг мөчөөс шууд л хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Бурхан ийм л байхад баярладаг учраас авралын анхны алхам болох баптисмыг ч ухаарсан даруйдаа хүртэхийг хүссэн байдаг. Өдөр тутмын амьдралдаа маргаашаар сайрхалгүй, хуурмаг хоосонд сэтгэлээ өргөлгүй, өдөр бүр Бурханы хүслийг дагадаг зүтгэлтэй, ухаалаг тэнгэрийн хүүхдүүд болцгооё.
Бурханы олон тушаал дундаас өнөөдрөөс, бүр яг одооноос хиймээр зүйл бий.
“… Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15-17
Петрт үлдээсэн Есүсийн эхний гуйлт нь Бурханы алдагдсан хоньдыг эрж олоод, үнэний хоолоор тэжээ гэсэн юм. 2 дахь удаагаа, бас 3 дахь удаагаа ч тэр Бурханы хоньдыг тэжээж, зөв зааж, тэнгэрийн хаанчлалд орох хүртэл хөтлөөрэй гэсэн захиас байсан юм. Энэ нь ганц Петрт ч биш Бурханыг хайрладаг бүх шавь нартаа захисан Бурханы туйлын хүсэлт байсан билээ.
Үхэх хүртлээ биднийг хайрласан Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг бол хургануудаа тэжээхийг захисан Бурханы захиасыг мартаж болохгүй. Нялх хүүхдээ хөхүүлэхийн тулд эхлээд эх хүн хоол сайн иддэг шиг бид Бурханы энэ чинхүү гуйлтын дагуу Бурханы хоньдыг тэжээе гэвэл нэн түрүүнд сүнсний хоол болох үнэний үгээр дүүрч, гэр бүлүүдээ хичээнгүйлэн халамжилж, Бурханыг хайрлах хайраа харуулах хэрэгтэй.
Ариун Сүнсний үед амьдарч байгаа бид дэлхийн бүх хүнтэй үнэний хоол хүнс хуваалцан, тэднийг тэжээх үүрэгтэй. Үүний тулд хангалттай хоол бэлдээд, зургаан тив, таван их далай хүртэл үнэний хоол үүрч явах үйлчлэгчдийг илгээж өгөөч хэмээн Бурханд чин сэтгэлээсээ залбираарай. Өөрийнх нь хүслийг дагахын төлөө чухалчлан гуйх хүүхдүүдийнхээ хүсэлтийг Бурхан сонсож өгөх нь лавтай.
“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20
Ертөнцийн бүх үндэстэнд Бурханы үг дамжуулах энэ ажлыг маргааш гэж хойшлуулдаг хүмүүст төлөвлөснөө биелүүлэх боломж хэзээ ч ирэхгүй. Нэг талант авч газарт нуучихаад маргааш тэгнэ ингэнэ гэж төлөвлөж суувал яаж илүү талант олж чадах билээ дээ? Булж, хав дарж, нуучихвал талант хэзээ ч өсөхгүй шүү дээ.
Есүс “Хэн ч дэнлүү асаагаад савны доор нуух юм уу орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг” гэсэн юм (Лук 8:16). Гэрэл нь гэрэлтэж чадахааргүй давчуу орчинд халхлагдвал гэрэл байх утгаа алдана. Бурханы хүүхдүүд бол сайн мэдээний гэрлийг орчиндоо гэрэлтүүлэн цацруулж, харанхуйд байгаа олон хүнийг Бурханы энгэрт хөтлөх “гэрлийн хүүхдүүд” билээ (Ефе 5:8).
Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Хэзээ үхэхийг мэдэхгүй хүн төрөлхтнийг аврах үйлсэд хөгшин залуу, эр эм, нөхцөл бололцоо хамаагүй. Яавал тэр сүнсийг үнэн рүү хөтөлж аврах вэ, яавал тэднийг Вавилоноос гаргаж, Сион тийш хөтлөх вэ гэдгийг л нухацтайхан бодож үзээрэй. Мөн энэ ажлын төлөө Бурханаас залбиран гуйж, хоорондоо санаа нэгдэн, хамтдаа зүтгэх хэрэгтэй. Бид олон талаар сул дорой, дутмаг байсан ч тус тусын байгаа газартаа Бурханы хамтран зүтгэгчийн хувьд сүнс аврахын тулд хамтдаа зүтгэцгээе.
Энэ мөчөөс эхлэн эргэн тойрондоо байгаа хүмүүсийг Сатанд мэхлэгдээд сүйрэлд оруулахгүйн төлөө хайхрамжгүй хандах биш тэднийг авралын зам руу хөтлөхийг хичээцгээе. “Маргаашнаас эхлээд хийнэ ээ” гэдэг бодлоо хаяцгаая. Амьдралаа цагийн дараа төгсөх үү, 10 минутын дараа дуусах уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Энэ хорвоо дээрх амьдрал чинь яг энэ мөчид төгссөн ч харамсахааргүй өнөөдрөөр амьдарч, Бурханы өмнө өө сэвгүй, толбогүй зогсохын тулд дахин нэг удаа итгэлээ нягталж үзэцгээе. Та бүхэн айл хөрш төдийгүй бүх ертөнцөд Бурханы яруу алдар, магтаалыг тунхаглан, хожим харамсах зүйлгүй амьдарна гэж гүнээ найдаж байна.