Зөгнөл даган амьдардаг хүмүүсийн эдлэх яруу алдар

15,522 үзэлт

Библи нь ганц ч үсэг, ганц ч зураас зөрөлгүй биелдэг Бурханы зөгнөлийн ном билээ. Үнэн Бурханы төлөвлөсөн бүхэн зайлшгүй бүтэх болохоор зөгнөлд анхаарлаа хандуулж, зөгнөлтэй хөл зэрэгцэн алхах нь үнэхээр үзэсгэлэнтэй, амьдрах хамгийн зөв арга зам гэхэд болно (Иса 14:24, 2Пет 1:19 үзэх).

Зөгнөлийн дагуу амьдардаг хүмүүсийн авах ерөөл, яруу алдрын талаар Библийн сургаалыг судалж үзэнгээ өнөө үед бидэнд оногдсон зөгнөлийн дагуу цаашдаа хэрхэн амьдрах ёстойгоо бодож үзэцгээе.

Зөгнөлтэй хөл нийлүүлсэн Христ

Есүс Алгасал баяр тэмдэглэснийхээ дараа Гетсемани гүвээн дээр залбирч байх тэр шөнө тэргүүн тахилч нар болон ахлагчдын явуулсан бүлэг хүмүүс Искариотын Иудасыг даган Есүсийг барихаар ирдэг. Петр Есүсийг хамгаалахаар илдээ сугалж далайхад Есүс Петрийг болиулж, энэ нь Библийн зөгнөл биелэх үйл явц болохыг сануулжээ.

“… Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. … Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.” Мат 26:50-56

“Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ?” гэсэн энэ үгнээс нь бид Христ Библийн зөгнөлийн дагуу, урьдаас төлөвлөгдсөн амьдралаар амьдарч ирснийг мэдэж болохоор байна. Жирийн үед иудейчүүд Есүсийг барихыг завдаагүй атлаа Алгасал баярын ариун зоог дууссаны дараа барихаар яаравчилсан нь, мөн Есүс арван хоёр легионоос олон тэнгэр элчид тушаан тэднийг бут ниргэж чадах байсан ч тэгээгүйн учир юу юм бол? Есүс хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг баригдан явж, ташуурдуулж, загалмайд цовдлогдсон зэрэг нь цөм зөгнөл биелүүлэхийн төлөө байсан юм. Библид ингэж зөгнөсөн учраас л энэ бүх үйл явдал тохиосон юм.

Библийн бүхий л зөгнөл гарцаагүй биелнэ. Есүс Христ юм бүхнийг хийж чадах төгс хүчит Бурхан боловч зөгнөлийн мөрийг тэр чигээр нь даган, зөгнөлтэй хөл нийлүүлэх жишээ үзүүлэн, түүгээрээ алдрыг олсон (Фил 2:5-11). Үүнээс харахад зөгнөл дотор дэлхийн бүх үндэстэнд Бурханы алдрыг мэдүүлэх гүн гүнзгий зорилго шингэсэн байдгийг бид ухаарах юм.

Зөгнөлийн дагуу алхах амьдралын маань эцэст яруу алдар, ивээл ерөөл, мөнх амь, тэнгэрийн хаанчлал заавал бий. Энэ талаар Есүсийн үйлсээр баталж үзэцгээе. Тэгж байж бид ч бас Есүстэй адил зөгнөлтэй хөл нийлүүлэн амьдрах юм.

Зөгнөл зайлшгүй биелнэ

Есүс амилсан өдрөө Еммау руу явж байсан хоёр шавьтайгаа цуг алхаж, Библийн бүх зөгнөл биелэгдэнэ гэдгийг зааж өгсөн тухай үйл явдлыг бид Лук номноос харж болно.

“Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. … Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.” Лук 24:13-27

Зөгнөлийн дагуу Есүс амилсан ч шавь нар нь үүнд итгэж чадахгүй байсан. Есүс шавь нараа эш үзүүллэгт итгэхдээ хойрго хэмээн зэмлээд, Өөрийгөө зөгнөлийн дагуу эвлэрүүлгийн тахил болж, зөгнөлийн дагуу зүүн баруун хоёр талдаа буруутуудын хамт загалмайд амьсгал хурааж, зөгнөлийн дагуу махан бие нь баян хүний булшинд тавигдан, зөгнөлийн дагуу үхэгсдийн дундаас 3 дахь өдрөө амилсан гээд болсон бүх зүйлийг нэгд нэггүй тайлбарлаж өгдөг.

Есүсийн үгийг сонсоод шавь нарынх нь зүрх шатаж эхлэн, “Нээрээ тийм шүү дээ! Бүгд Библид зөгнөгдсөн байхад бид яагаад Библид итгэхгүй бодит байдлыг л бодоод байсан юм бол оо?” гэцгээв. Тэгэхэд л шавь нар сая нэг ухаардаг.

Христ 3 дахь өдрөө үхэгсдээс амилсан нь үнэндээ хүний төсөөлөл, ойлголтоос ангид хэрэг байсан юм. Тэгтлээ гаслантайгаар зовж, загалмайд амьсгал хураасан Есүс амилна гэдэг нь тэр үеийн шавь нар төдийгүй хэн ч итгэхэд бэрх байсан хэрэг. Харин Есүсийн амилалт Библид зөгнөгдсөн байсан ба хүний ухаанаар биш Библийн эш үзүүллэгийн дагуу бүх зүйл болсон нь тэр аж. Одоо Христийн зовлон ба үүний утга учрыг тодорхой харуулсан хуучин гэрээний Библийн эш үзүүллэгт анхаарлаа хандуулцгаая.

“… Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв. … бид Түүнийг даанч эс тоожээ. Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ, гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. … Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, амьдын газраас Тэр таслагджээ. Булшийг нь буруутуудын хамт товлосон ч үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв. …” Иса 53:1-9

Исаиа эш үзүүлэгч 700 жилийн дараа гарч ирэх Христ болох Есүсийн гадаад төрхөөс эхлээд Есүс ташуурдуулан, жадлагдан, буруутуудын хамт амьсгал хураан, баян хүний булшинд тавигдахыг Библид маш тодорхой бичжээ. Түүний эш үзүүллэг 700 жилийн дараа Есүсээр биелсэн юм. Төрсөн цагаасаа эхлээд Есүсийн хийх бүх зүйл төдийгүй үхэл, амилалт хүртэлх бүх амьдралыг нь олон эш үзүүлэгч хуучин гэрээний Библид эш үзүүлсэнчлэн яв цав биелсэн.

Ирээдүйд болох юмсыг ингэж нарийн эш үзүүлж, тэрхүү эш үзүүллэгээ ингэж яв цав биелүүлж чадах хэн байх билээ? Энэ бүгдийг төгс хүчит Бурхан л төлөвлөж, Бурхан л биелүүлэх боломжтой. Бүх зүйл Библийн зөгнөл дагуу биелэгдэх учиртай.

Зөгнөлийг чухалд үздэг хүмүүсийн эдлэх яруу алдар

Бурханы зөгнөлд бид ямар байдлаар хандах ёстой талаар нухацтай бодох хэрэгтэй. Эрт үед Вавилон Иудей улсыг мөхөөсөн тэр үед 70 жилийн турш ард олон нь Вавилоны хаанд үйлчлэх болно гэсэн Бурханы үгийг эш үзүүлж байсан Иеремиа эш үзүүлэгч ч байсан, Хананиатай адил Бурханы үгийг өөрийн бодлоор гуйвуулсан хуурамч эш үзүүлэгч ч бас байсан юм. Хуурамч эш үзүүлэгчийн үгийг дагасан олон хүн сүйрэлд өртөж, харин Бурханы зөгнөлд итгээд зовлонг ялсан цөөн тооны хүн 70 жилийн дараа Вавилонд олзлогдсон эрх чөлөөгүй амьдралаасаа сая нэг салж, эцэст нь төрсөн нутагтаа очих яруу алдартай золгожээ.

Бурхан мөн нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш Сатанд үнэн гишгэгдэнэ гэж зөгнөсөн нь ч яг зөгнөлийн дагуу болж, үнэн гажуудсан цаг үе гарч байв. Түүнчлэн үнэн сэргэж, ариун хүмүүс хаанчлал, эрх мэдлийг эзэмшинэ гэсэн эш үзүүллэгийн дагуу одоо Сионы ариун хүмүүс Бурханы хууль тушаалыг болон итгэлээ сахиж байна.

Түүнчлэн Бурхан зөгнөсөн үгээ бүгдийг нь биелүүлэх юм. Эдүгээ бид Библийн зөгнөлд хараа тавин ажиглаж, бүх зүйл эш үзүүллэгийн дагуу биелэгдэнэ гэсэн бат итгэлтэйгээр итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй юм.

“… Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна. Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно.” Дан 12:1-3

Олныг зөвт байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх туяарна, харин гутамшиг болж, мөнхөд жигшигдэх хүн ч бас байх болно гэж зөгнөсөн байна. Энэ үг нь Бурхан өнөө үед бидэнд яруу алдар болон мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөлийг өгөхийн төлөөх зөгнөл билээ.

Өнөөг хүртэл ганц ч үсэг, ганц ч зураас зөрөлгүй биелэгдсээр ирсэн Библийн бусад зөгнөл шиг энэ зөгнөл ч мөн зайлшгүй биелэгдэнэ. Сайн мэдээ тарааж олныг зөвт байдалд авчрах явцад бэрхшээл зовлон, хавчлага саад гарах боловч эцэстээ энэ нь биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтөлнө гэдгийг мартаж болохгүй.

“Ёс бус явдал өссөнөөс болж олонхын хайр хөрнө. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:12-14

“Дараа нь, арван нэгэн шавь нар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амилсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй, хатуу зүрхтэйг зэмлэв. Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:14-16

Шинэ гэрээний сайн мэдээнд итгэж дагасан хүн нь авралыг авч, харин дуулгаваргүй байсан нь яллагдахаас өөр аргагүй хэмээсэн нь Бурханы хүч чадлын айлдал юм. Есүс Өөрийн биеэр “Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно” гэж зааж өгсөн. Тэгвэл сайн мэдээ нь ямар ч саад бэрхшээл тулгарсан, эцэстээ бүх дэлхийд тархана гэж урьдаас тогтоосон билээ. Энэ нь Бурханы л зөгнөл.

Тэгвэл бид Бурханы ерөөлийг авахын тулд ямар амьдралаар амьдрах ёстой вэ? Эш үзүүллэгийн үгэнд итгэн дагаж Христийг гэрчилдэг амьдрал дээр л Бурханы ерөөл бууна. Сүнсээр харвал Бурханы авралын ажлын хаалтын ёслолыг хийх, тэнгэр элч нар ч атаархам, хамгийн үнэ цэнэтэй ажлыг бидэнд даалгасан юм (1Пет 1:12 үзэх).

Сүүлчийн зөгнөлийн баатрууд болцгооё

Библийн зөгнөл заавал биелэгдэнэ гэсэн Есүсийн сургаалыг ой тойндоо шингээж, бүгдээрээ өнөө үед бидэнд өгсөн зөгнөлийг даган, тэнгэрийн од мэт үүрд мөнх туяарах яруу алдарт хүрэхийн төлөө олныг зөвт байдалд авчрах үүргээ баяртайгаар гүйцэтгэе.

“Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд, … Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.” Лук 24:44-47

Нүгэл уучлагдах гэмшил нь Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд тунхаглагдана хэмээн Есүс зөгнөсөн болохоор тэнгэр Иерусалим Эхийн өгсөн нүглийн уучлал, амийн ерөөлийг авахын тулд дэлхийн бүх үндэстэн тэнгэр Эх оршиж буй дорно зүг дэлхийн хязгаарын орон, зөгнөлийн газар Солонгос руу усны түрлэг адил цутган ирж байна. Яагаад ийм зүйлс бидний нүдний өмнө өрнөж байгаа юм бол? Бурханы агуу хүч чадлын зөгнөлийн түүх болохоор тэр шүү дээ. Хэн үүнийг саатуулж чадна гэж?

Зөгнөлийн энэ үед Бурхан биднийг зөгнөлийн гол баатар болгон дуудаад “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээн айлдсан юм (Мат 28:18-20). Одоо бид Есүсийн тушаасан, элч нарын тунхагласан шинэ гэрээний хууль байдаг үнэний хот Сионд ирчихээд байна. Елохим Бурхан энэ Сионд бидэнтэй хамт байдаг болохоор сайн мэдээний гэрэл Самари ба дэлхийн хязгаар хүртэл үтэр түргэн гийх юм (Евр 12:22-24, Иса 33:20-24 үзэх).

Зөгнөлийн дагуу амьдардаг хүмүүс Бурханы яруу алдарт заавал орно. Библийн зөгнөлд бат итгэж, зөгнөлтэй хөл нийлүүлэн амьдарцгаая. Бурхан биднийг зөгнөлийн гол баатар болгон дуудсан энэхүү яруу алдрын ерөөлд хөнгөн хуумгай хандалгүй, Елохим Бурханы яруу алдрын гэрлийг ертөнц даяар цацруулан, хурцаас хурц гэрэлтүүлцгээе.