​Өөрийн хүслээр ба Эцэгийн хүслээр

9,050 үзэлт

Хүн төрөлхтөн өөрсдийгөө бүхнийг хийж чаддаг мэт санадаг ч Бурханы тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй мөхөс оршихуй билээ. Ган гачигт нэрвэгдээд тариалангийн талбай яст мэлхийн нуруу шиг хагарсан үед Бурхан л бороо оруулж өгөхгүй бол газар дэлхий, уул тал, тариалангийн талбайд энэ их усыг хэн хэрхэн хангаж дийлэх билээ? Хүн хичнээн газар тариалангийн тал дээр туршлагатай, өндөр мэдлэг чадвартай байлаа гээд Бурхан л бороо оруулахгүй бол тариа ногоо, жимс жимсгэнэ ургана гэж үү. Би ийн бодоод төрөл бүрийн моддыг бүтээж ургуулдаг Бурханаа үнэхээр агуу гэдгийг нь дахин ухаарлаа.

Бид өдөр бүр Бурханы соёрхож байгаа ивээл, ерөөлийг хүртэхдээ ч үнэн хэрэгтээ угаасаа л авч байх ёстой юм шиг хандаж ирсэн. Бурханы гүн гүнзгий зүй тогтлыг ухаарч үргэлж талархан, хүний бодол хүслээс илүүтэй Бурханы хүслийн дагуу амьдрах хэрэгтэй юм.

Өөрийн хүсэлд нийцүүлэх гэсэн балчир хүүхдийн итгэл

“Өөрийн хүслээр” гэсэн үгэнд “өөрийгөө дагуулах” гэсэн далд утга оршиж байгаа. Харин “Эцэгийн хүслээр” гэсэн үг нь тухайн хүн Бурханы хүслийг дагана гэсэн утга болно. Гэвч ихэнх хүн Бурханы хүслийг дагахаас илүү “өөрийн хүсэл” гэгч зүйлийг урьтал болгон, эргэн тойрны хүмүүсээ өөрийнх нь хүслийг дагаасай гэж хүсдэг. “Өөрийн хүсэл” гэгч зүйл нь хүний сүнсэнд ашиг тусгүй. Тийн атал хүмүүс бүхнийг өөрийн хүслээрээ хийх гэсэн алдаа гаргах гээд байдаг.

“Өөрийн хүсэлд” нийцүүлэх гэдэг нь хүний шуналтай холбоотой. Өөрийн хүсэл шуналаа биш харин Эцэгийн хүслийг дагах үед л бид шинэ гэрээний замыг зөв зүйтэй ухаарлаа гэж хэлж болох юм. “Миний хүсэл” ба “Эцэгийн хүсэл” гэсэн хоёр салаа зам бий. Бид чухам ямар амьдрал сонгох ёстойг, Бурханы хүсэж байгаа зам юу болохыг Библиэс эрэлхийлье.

“Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм.” 1Кор 13:11

Библид хүүхдийг даруу сэтгэл, дуулгавартай байдлын бэлгэ тэмдэг мэтээр зүйрлэсэн нь байдаг л даа. Гэхдээ дээрх ишлэл дэх хүүхэд нь эерэг илэрхийлэл биш аж. Хүүхэд өөрийгөө л боддог. Бусдын байр байдлыг ердөө ч бодолгүй зөвхөн өөрийн хүслээ л биелүүлэх гэж зүтгэнэ. Өлсвөл уйлж “Сүү хурдан өг” гэж шаардана. Өөрт нь таалагдсан тоглоом хувцас, идэхийг хүссэн амттан энэ тэрийг авч өг гэж нэхээд салахгүй. Аав ээжийгээ тэр дор нь авч өгөхгүй бол зөрөөд л уйлж гарна. Аав ээжийнхээ сэтгэлийг өвтгөөд ч хамаагүй өөрийн хүссэнээ л хийх гэнэ. Дахин хэлэхэд бүхнийг хүсэлдээ нийцүүлэх гэж шаарддаг нь хүүхэд юм.

Хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, бодож, сэтгэдэг ч эрийн цээнд хүрээд бүх хүн л хүүхэд насныхаа занг орхидог. Эрийн цээнд хүрэхээрээ хүүхэд байхдаа аав ээжээсээ хүссэнээ л нэхэж шалдаг байсан бүхэндээ ичиж, уучлал гуймаар санагддаг шүү дээ.

Бид ч бас итгэлээр хүүхэд шиг байж болохгүй ээ. Хүүхэд том хүн болон болтлоо өссөөр л байдаг.

“Сүүгээр амьдрагч бүр нь зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ. Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.” Евр 5:13-14

Хэдийгээр итгэл дотор орж ирсэн ч цаг хугацаа өнгөрөхөд Библийн сургаалыг зүгээр л нэг үг өгүүлбэр төдийхнөөр сэтгэж, Бурханы сургаалаас ангид амьдрах гэдэг хүн бол зөвт байдлын үгэнд гаршаагүй сүүгээр амьдрагч балчир хүүхдээс өөрцгүй юм. Ийм хүн үргэлж балчир хүүхэд шиг бодож, сэтгэж, аливаа юманд хандах гээд байдаг.

Өнөөг хүртэл эргэн тойрны хүмүүсээ өөртөө нийцүүлэхийг хүсэж сайн мэдээний амьдралаар амьдарч ирсэн бол одооноос хүүхэд насныхаа занг орхиж, сэрэхүйгээрээ сайн мууг ялгадаг төлөвшсөн хүн болж Эцэгийн хүслийг дагадаг зөв итгэлтэй болцгооё. Загалмайд амьсгал хураах хүртлээ Эцэгийн хүслээр үйлдсэн Есүс Христийн үйлс нь өнөөгийн бидэнд төлөвшсөн хүн болох тал дээр сайн жишээ болж өгдөг.

Эцэгийн хүслийг дагадаг төлөвшсөн итгэл

Бурхан 2000 жилийн өмнө Есүс гэдэг нэрээр энэ газарт ирсэн. Тэрээр махан бие өмсөн ирэхдээ бидэнд хэрхэн төлөвшсөн хүн болж, хэрхэн Эцэг Эх Бурхандаа үйлчлэх ёстойг ойлгуулсан билээ.

“—Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв. Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” Лук 22:42-44

Лук номны 22-р бүлэгт Есүс Алгасал баяр сахин тэр шөнөдөө Чидун ууланд гараад залбирч буйг дүрслэн бичсэн байдаг. Есүсийн залбиралд “Миний хүсэл” ба “Таны хүсэл” гэсэн хоёр утга илэрч байна. Тэрээр Өөрийгөө маргааш нь загалмайд цовдлогдон зовлон эдлэхээ мэдэж байсан. Гэсэн ч Есүс энэ бүхнийг “Миний хүслээр бус, харин Таныхаар болог” гэж залбирсан байгаа юм.

Есүс Өөрөө Бурхан. Харин Тэрээр махан бие өмсөн энэ газарт ирээд Хүүгийн байр сууринаас Бурханд ийм залбирал өргөсөн нь бидэнд жишээ үзүүлэхийн тулд ажээ (Иох 13:15).

Бид тэнгэр Эцэг Эх маань Өөрийн биеэр бидэнтэй хамт байж, хөтөлж өгдөг Сионд оршиж байна. Гэсэн ч өдөр тутмын амьдралд маань одоо хэр нь засаж залруулах ёстой зүйл мэр сэр байдаг мэт. Эцэгийн хүслийн дагуу, Эхийн хүслийн дагуу үйлдэх ёстой гэдгийг онолын хувьд бид мэднэ. Гэхдээ л “өөрийн хүсэл”-ээ урьтал болгож, хүүхэд шиг өөрийн хэрэгцээ, шунал, өөрийн хүссэнээ бусдаас шаардаад байвал хараахан балчир хүүхдийн бодлоосоо салаагүй, төгс бүтээл болж чадаагүй байгаагийн нотолгоо юм.

Бид залбирахдаа ч “Миний хүссэнээр болгож өгөөч” гэхээс илүү “Эцэгийн хүсэлд үхэл хүртэл дуулгавартай байсан Есүсийн жишээг даган үргэлж Эцэгийн хүслийг дагахад туслаарай” гэдэг төлөвшсөн хүн болох ёстой. Насанд хүрчихээд байж хүүхэд шиг хэлж ярьж, хүүхэд шиг аашилж авирладаг хүнийг хүмүүс “сонин хүн” гэлцдэг. Сүнсээр ч мөн адилхан. Бурханд итгэсэн итгэлийн намтар урттай байснаараа л аяндаа төлөвшсөн хүн болчихдог юм биш ээ. Хүүхэд шиг ярьж, бодож сэтгэдэг хүүхэд насны зангаа орхиж байж л төлөвшсөн хүн болдог ажгуу.

Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг итгэгчид

Иохан элч хаашаа ч явсан Эцэгийн хүслийг дагадаг хүмүүсийг Бурхан мөнхийн авралын замаар хөтөлж байгаа зөгнөлийн дүр зургийг илчлэлт дотроо харсан байдаг.

“Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.” Илч 14:4

Аврагдсан итгэгчид бол Хургыг хаашаа ч явсан Түүний хүслийг дагадаг хүмүүс юм. Хурганы урд талд нь гарчихаад л “өөрийнхөө хүслийг” дагуулах гэдэг хүн тэр дунд ганц ч байхгүй юм.

Эдгээр хүмүүс яагаад “Миний хүссэнээр болгож өгөөч” гээгүй юм бол? Учир нь тэд хүүхэд биш, сэрэхүй нь сайн мууг ялгахад дасгалжсан, сүнсээр төлөвшсөн хүмүүс юм. Хэрэв тэд бүгд л “өөрийн хүсэл”-ийг урдаа барьсан бол тэд мянга, түмэн салаа замаар алхах байсан биз. Харин тэд Эцэгийн хүслийг дагадгаараа нэг болжээ. Ингэж л Эцэг Эхийн хүслээр дэлхийн сайн мэдээг бүрэн гүйцээхийн тулд итгэгчдийн дуулгавартай байдлын түүхийг нэг өдрийн өмнө ч болов биелүүлэх учиртай.

“Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог. Та нарын дуулгавар биелэгдэх үед бид бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байна.” 2Кор 10:4-6

Бурханы хүсэлд захирагдаж, дуулгавартай байна гэдэг нь “Өөрийнхөө хүслийг дагуулна” гэсэн утгатай биш “Эцэгийн хүслийг дагана” гэсэн утгатай. Бид Бурханы хүсэлд дуулгавартай төлөвшсөн хүний, өөрөөр хэлбэл сүнслэг насанд хүрсэн хүний бодолтой болох аваас тэр үед л сайн мэдээний түүх бүрэн гүйцэлдэнэ гэдэгт итгэж байна.

Хүүхэд эцэг эхээсээ өөрийнх нь хүслийг биелүүлж өгөхийг байнга нэхдэг. Ээж нь завгүй байсан ч эсвэл өлсөж, ядарсан ч хамаагүй хүүхэд өөрөө л өлсвөл “Сүү өг” гэж шална. Цөлд сүйрсэн хүмүүс яг ийм л байсан. Тэд бүхнийг өөрсдийнх нь хүсэлд нийцүүлэхийг шаардсан. Ус алга гээд гомдоллоно, хоол дууслаа гэж дургүйцнэ. Тэд төлөвшсөн хүмүүс байсан бол тэвчих л байсан байх. Цөлд хичнээн ам нь цангасан ч насанд хүрсэн хүн бол устай газар хүртлээ тэвчдэг. Харин балчир хүүхэд бол “Ус өг” гэж аашилж аяглана. Бид сүнслэг балчир хүүхдийн байдлаасаа салах хэрэгтэй. Эцэгийн хүслийг дагах гэдэг итгэлийг бид эзэмшиж чадахгүй бол эцэстээ цөлд тохиолдсон шиг сүйрэхэд хүрнэ.

Өдөр тутмын ажил хэргээ цэгцлэх мөчид өөрийгөө нэг эргэж хараарай. Өнөөдөр гэх нэг өдрийг өөрийнхөө хүслээр л ажиллаж өнгөрөөж үү, эсвэл Эцэг Эхийн хүслийг дагах гэж хичээж үү гэдгээ эргэн бодоорой. Тэгэх аваас өөрийнхөө итгэлийг одоо хэр нь балчир хүүхдийнх шиг байна уу эсвэл төлөвшсөн хүний хувиар бор хоолыг ч сайн шингээж, хаашаа ч хөтөлсөн Бурханыг дагаж байна уу гэдгээ ухаарах юм.

Бидний дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэнэ гэсэн. Бид шинэ гэрээгээр дээрээс төрөх ёстой. Дээрээс төрсөн хүн буюу Эцэгийн хүслийг үйлдэгч нь Бурханы хаанчлалыг үзэх юм (Иох 3:3, Мат 7:21 харьцуулах).

“Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.” 1Кор 10:12

Тэнгэрийн хаанчлал явъя гэвэл төлөвшсөн итгэлтэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил гэсэн байна. Өөрийнхөөрөө зөрдөг хүүхэд шиг сэтгэлтэй байгаа эсэхээ эргэн харж, өөрийн биш Эцэгийн хүслээр амьдрах төлөвшсөн итгэлтэй болох хэрэгтэй юм.

Бүх юмсын зүй тогтол ба дуулгавартай байдал

Хэзээ ч билээ дээ, би эссэ уншиж байхдаа ийм нэг мөр олж харсан юм.

“Мод өөрт өгөгдсөн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байдаг. Өөрийгөө мод болж төрснөө буруутгахгүй, тэнд биш яагаад энд ургасан юм бол гэж хэлдэггүй.”

Мод өөрт нь өгөгдсөн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байдаг байна. Зэлүүд арал дээр ганц нарс тарьсан ч тэр мод өөрийгөө ганцаардлаа гэж хэн нэгэнд ердөө ч гомдоллохгүй. Үржил шимгүй газар ч бай, үржил шимтэй хөрс ч бай хаана ч ургасан тэндээ сэтгэл хангалуун байна. Нарс мод бол нарс модоороо, даль цэцэг бол далиараа, шар солонго цэцэг бол шар солонго цэцгээрээ, ер ямар төрөл байна түүндээ хангалуун байдаг юм байна.

Мод, шувуу, загас ч бас хэзээ ч гомдоллодоггүй. Байгаль эхийн бүх юмс Бурханы зүй тогтолд дасан зохицож амьдардаг аж. Энэ мэтээр Бурханы бүтээсэн жам ёсны дагуу өөр өөрийн хуулиа даган амьдрах нь дуулгавар юм. Бурханы биднээс хүсэж байгаа зүйл нь сохроор итгэх юм уу мухар сүсэг биш, харин дуулгавар юм. Яагаад Бурханы хүслийг дагах ёстойг, яагаад Бурханд итгэх ёстойгоо зөв ухаарч, хаашаа ч хөтөлсөн хүслийг нь дагадаг байгаасай гэж Бурхан биднээс хүсэж суугаа.

Бодол санаа, үг хэл, зүрхэн дэх хүсэл нь балчир хүүхэд адил бол Эцэгийн хүслийг дагах амаргүй. Иймд бид хичээх хэрэгтэй. Дуулгавар бол шинэ гэрээний ёсон дотор бидний эзэмших ёстой хамгийн дээд ёс суртахуун билээ. Эцэгийн хүслийг дагаж гэмээнэ бид “Хургыг хаашаа ч явсан дагадаг, хүмүүсийн дундаас худалдан авсан хүмүүс” гэсэн гэрчлэлийг олж авч чадах юм.

Цагаа олсон нар хур, ус чийг нь таарсан хөрс шороо, хүрэлцэхүйц их үр тариа… Бурханы зөвшөөрсөн бүхний ачаар бид хоол хүнсээ залгуулан амьдарч байгаа шүү дээ. Бурхан байхгүй бол бид амьдарч чадахгүй, бидэнд Бурханаас аваагүй юм нэгээхэн ч үгүй.

Ийм агуу Бурханыг харж чаддаг сэрэхүй бидэнд хэрэгтэй. Сэрэхүйтэй, сайн мууг ялгадаг төлөвшсөн хүмүүс болж цаг үргэлж Эцэг Эхийнхээ хүслийг даган, хүслийнх нь төлөө амьдраарай.

“Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?” 1Кор 4:7

Та бүхэн өөрт байгаа бүхнээ Бурханаас авсан гэдгээ заавал санаарай. Бурхан яг одоо наран дээрх галыг нь унтраачихад л хүн төрөлхтөн мөхнө. Тэнгэрийн усны хаалтыг хэдэн долоо хоног хаачихад л газар дэлхий хүндхэн ган гачигтай золгоно. Аль нэг ажилд мэргэшсэн мундаг хүн байлаа ч Бурханы дотор бүх зүйл биелдгийг ухаарах ёстой.

Юу ч биш юмаар сайрхалгүй, харин бидний бахархал болсон Бурханаараа л бахархацгаая. Тэгээд одоо хэр нь итгэлийн амьдралдаа өөрийн хүслийг дагаж ирж үү эсвэл Эцэгийн хүслээр алхаж байна уу гэдгээ эргэн нэг хараарай гэх байна. Өнөөг хүртэл хүслээ гүйцэлдүүлэх гэж зөрдөг балчир хүүхдийн итгэлтэй байсан бол одооноос хүүхэд зангаа орхиж, төлөвшсөн хүн, төгс бүтээл болох хэрэгтэй. Сүнсний Эцэг Эх болсон Сүнс болон Сүйт бүсгүйн хүсэл юу болохыг эрж олоод, тэрхүү хүслийг нь дагадаг төлөвшсөн итгэл эзэмшээрэй гэж та бүхнээс хүсэх байна.