Бүх шашныхан үхсэний дараах амьдралын тал дээр өөр өөр үзэл ойлголттой байдаг. Тэгвэл Библид энэ талаар юу гэж хэлдэг юм бол?

27,268 үзэлт

Хүмүүс үхсэний дараах амьдралын талаар урт удаан хугацаанд мэдэхийг хүсдэг байсан ч энэ талаар тодорхой мэдэх боломж байгаагүй. Тиймээс л тэд үхсэний дараах ертөнцийн тухайд өөр өөрсдийнхөөрөө төсөөлж, тоо томшгүй олон шашныг бий болгосон хэрэг.

Күнзийн сургаалд хүн нас барвал сүнс нь түр зуур оршиж байгаад улмаар мөхдөг гэж үздэг. Буддын шашныхан хүн үхсэний дараа зургаан төрлийн ертөнцөд дахин төрлөө олно гэцгээдэг. Харин лалын шашинтнууд христийн шашныхыг дуурайж тэнгэрийн орон ба там байдаг гэж үздэг. Гэвч тэдний энэ мэт ойлголт ердөө таамаглал төдий. Өөрсдийн үзэл бодлыг батлах ямар ч баримт нотолгоо тэдэнд байдаггүй.

Тэгвэл Библи бидэнд хэрхэн зааж өгдөг юм бол? Бурхан үй олон зөгнөл, тэдгээрийн биелэлтээр Библи нь үнэн гэдгийг маш тодорхой гэрчилсэн бөгөөд Өөрийн гэрчлэлийн суурин дээр тулгуурлан Тэрээр бидэнд үхсэний дараах амьдралын талаар хүртэл маш тодорхой зааж өгсөн байдаг.

Дэлхий дээрх үй олон шашныхан үхсэний дараах амьдралын талаар тодорхой мэдэхгүй, тайлбарлаж чадахгүй байгаагийн шалтгаан нь хүн төрөлхтөн төрөхөөсөө өмнө хаана байсныг сайн мэдэхгүйтэй холбоотой. Гэсэн хэдий ч Библид бидний өмнөх амьдралын тухай тодорхой өгүүлж, хожмын амьдралын талаар ч тайлбарладаг.

Хүн төрөлхтний өмнөх амьдрал болон үхсэний дараах амьдралын тухайд Библи бидэнд ийн зааж өгдөг. Бидний сүнс уг мөн чанартаа тэнгэрийн орны тэнгэр элч нар байсан юм. Гэвч бид үхвэл зохих асар ноцтой гэм нүгэл үйлдээд, энэ дэлхийд түрхэн зуур махан биен хувцас өмсөөд, яг л харь хүн шиг амьдарч байгаа (Евр 11:13-16). Тиймээс бид Христийн цусаар гэм нүглийн уучлал, өөрөөр хэлбэл аврал авах юм бол дахин тэнгэр элчийн төрхөөр өөрчлөгдөн, өмнө нь амьдарч байсан тэнгэрийн эх нутагтаа буцах юм. Гэсэн хэдий ч бид үхэх хувь тавилантай хүн төрөлхтнийг Өөрийгөө золиослон байж аврахыг хүссэн Бурханаас нүүр буруулж, аврал авч чадахааргүй байдалтай болбол урьдаас тогтоогдсон ёсоор тамын галт нуурт орно. Тийм болохоор бид Христийн сайн мэдээг, өөрөөр хэлбэл Бурхан тэнгэрийн яруу алдар, сүр хүчээ хойш тавин байж энэ дэлхийд ирээд цусаараа байгуулсан шинэ гэрээний үнэнийг нь хичээнгүйлэн дагаж мөрдөөд нүглийн уучлалын ерөөл авах учиртай юм.

1. Амийн амилалт ба ялын амилалт

Библид аврал авах итгэгчид болон аврал авч чадахгүй хүмүүст хоёр төрлийн амилалт байдаг тухай гардаг нь амийн амилалт ба ялын амилалт юм.

“гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно.” Иох 5:29

“Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.” Дан 12:2

“Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.” Үйл 24:15

Өнөө үед олон сүм Алгасал баярыг орхисон. Тэгээд тэд амилалтанд л бүүр түүрхэн найдаж суугаа. Тэд чухам амийн амилалтанд орж чадах болов уу? “Амийн амилалт” гэсэн болохоор мөнх амь аваагүй хүн тийш орохгүй нь мэдээж. Есүс Өөрийнх нь мах цусыг идэж уугаагүй хүнд амь байхгүй гээд зөвхөн Өөрийнх нь мах цусыг идэж уусан хүн л мөнх амьтай хэмээн айлдсан байдаг. Тиймээс шинэ гэрээний Алгасал баяраар дамжуулан Есүсийн мах, цусыг идэж уухгүйгээр хэн ч амийн амилалтанд орж чадахгүй.

“… Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.” Иох 6:53-54

2. Аврал авсан итгэгчдэд тохиох амилалт

Хэдийгээр хоёр төрлийн амилалт байдаг ч Библид ихэвчлэн аврал авсан итгэгчдэд зөвшөөрөгдсөн амилалтыг “амилалт” гэсэн байдаг. Тиймд итгэгчдийн орох амийн амилалтыг “амилалт” гэсэн үгээр нь явъя.

Христ дотор байдаг ариун хүмүүсийг ямар төрлийн амилалт хүлээж байгаа бол? Христийн цусаар аврал авсан итгэгчид урьд өмнө амьдарч байсан тэнгэр эх нутаг, мөнхийн яруу алдар руугаа буцах бөгөөд махан биеийн дүр төрхөөр бус тэнгэр элчийн өмнөх төрхөөрөө өөрчлөгдөх юм. Тэнгэр элчийн төрхөөр ийн өөрчлөгдөхийг Библид “амилалт” гэж нэрлэдэг. Тийм учраас Есүс “Амилалд тэнгэр элч нартай адилхан болно” хэмээн айлдсан юм.

“Амилалд тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм.” Мат 22:30

“Тэд тэнгэрэлч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амиллын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм.” Лук 20:36

Библид гэрчилж буй амилалт нь мөхөж, устах махан биеийн амилалтыг бус үл муудах сүнслэг бие буюу тэнгэр элчийн өмнөх төрхөө сэргээлгэхийг хэлсэн юм. Тиймээс Библид өнөөгийн бидний төрхийг махан бие буюу Адамынхтай адилхан шороон дүр гэсэн байдаг. Гэвч амилах үедээ махан биеийг өмсөх биш, сүнслэг бие буюу тэнгэрлэг хүний дүрийг өмсөх болно хэмээн онцолдог.

“Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. … Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно.” 1Кор 15:44-49

Тэнгэрлэг хүний дүр нь ямар бол? Тэнгэрийн тэнгэр элч нартай адилхан дүр төрхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл бид аврагдаж, тэнгэрийн хаанчлал руу буцан явбал тэнгэр элч нартай адилхан төрхийг өмсөнө гэсэн үг юм. Тэгвэл тэнгэрийн тэнгэр элч нарын дүр төрх ямар бол?

Есүсийн амилалтаар дамжуулан Бурхан бидэнд аль хэдийн хариултыг нь өгсөн. Есүсийн амилалт нь хожим бидэнд ямар төрлийн амилалт тохиохыг урьдчилан харуулж өгсөн жишээ юм. Тийм ч учраас Библид аврал авах итгэгчдийг Христийн цог жавхлант биетэй адил болон өөрчлөгдөнө гэж бичсэн байдаг.

“Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.” Фил 3:20-21

Есүс амилсныхаа дараа Дамаск хүрэх замд явж байсан Саул (элч Паул)-д хүний нүдээр харахын аргагүй нарнаас ч хурц гэрлээр үзэгдэж (Үйл 22:6), Патм арал дээр элч Иоханд “Нүд нь галын дөл адил, хөл нь зууханд улайсгаж өнгөлсөн хүрэл адил, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв” (Илч 1:12-16) гэсэнчлэн айдас хүрэм үзэгдлээр ч илчлэгдсэн. Заримдаа Тэрээр итгэлгүй шавь нарынхаа төлөө бидэнтэй адилхан хүний төрхөөр ч үзэгдэж байв (Иох 20:20, 27). Нэг үгээр хэлбэл Есүс хүний хэзээ ч төсөөлж чадахааргүй, цог жавхлант төрхөөр амилсан бөгөөд Тэрээр хүсэх л юм бол хэзээ л бол хэзээ махан биеэр үзэгдэх чадвартай байх юм. Бид амилахдаа ийм ер бусын хүч чадалтай биетэй болно. Хичнээн гайхамшигтай, талархууштай хэрэг билээ дээ!

3. Амилалтын яруу алдар түмэн бодисоос харагддаг

Үзэгдэх махан биеийн ертөнцтэй л зууралддаг хүмүүс амилалтын яруу алдарт итгэхэд бэрх. Тиймээс Бүтээгч Бурхан бидэнд харагдах бүтээлээрээ дамжуулаад амилалтын яруу алдрыг амархан ойлгохуйцаар бүтээсэн (Илч 4:11).

“Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.” Ром 1:19-20

Энэ газар дэлхий дээрх амьд биетүүдийг ажиглахад авгалдайн үеийн төрх нь нас бие гүйцсэн төрхөөсөө тэс өөр байдгийг харж болно. Жишээлбэл сонын авгалдай усан дотор амьдардаг. Усны ертөнц л тэдний хувьд бүх зүйл нь. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд сонын авгалдай өөрчлөгдөн, мөнгөлөг гоёмсог далавчаараа гайхуулан тэнгэрт эрх чөлөөтэй нисэх соно болдог. Мөн өөр нэг жишээ татъя. Өт авгалдай бараг хамаг цагаа өвс ургамал дээгүүр мөлхөж, навч ногоо идэхэд зарцуулдаг байсан бол нэг л өдөр үзэсгэлэнтэй эрвээхий болон хувирч, тэнгэрээр дүүлэн нисдэг шүү дээ. Бид анзааралгүйгээр өнгөрөөчихдөг ч байгальд энэ мэт ер бусын зүйл жил бүр л тохиож байдаг. Гэтэл Библид энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтнийг авгалдай, өт гэж зүйрлэсэн нь бий. Тиймд тэдгээр авгалдайн өөрчлөлт нь зөвхөн махан биеийн ертөнцөд л анхаарал хандуулж байсан бидэнд амилалтын яруу алдрыг ойлгуулах гэсэн Бурханы хүсэл байх нь.

“Харагтун, хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол авгалдай мэт хүмүүн, өт мэт хүний хүү ямар байх вэ! гэв.” Иов 25:5-6

Тийм болохоор бид түмэн зүйлсээс харагдах Бурханы хүч чадлыг ухаарч, одоогийн махан биеийн дүр төрхөндөө автан газрын юмсыг л эрмэлзэхийн оронд амилалтын яруу алдар өөд тэмүүлэн, тэнгэрийн ерөөлийн төлөө гүйх итгэлтэй болох ёстой.

4. Сүүлчийн өдөр тохиох ариун хүмүүсийн өөрчлөлт

Итгэгчдэд тохиох амилалтыг нарийн ярьвал хоёр төрөлд авч үзэж болно. Нэг нь Христ дотор үхсэн хүмүүсийн амилалт, нөгөө нь сүүлчийн үед амьдаараа Христийг хүлээн авах итгэгчдийн өөрчлөлт. Энэ талаар Есүс ийн айлдсан байдаг.

“Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. …” Иох 11:25-26

“Үхэвч амилна” гэсэн үгийн дагуу үхсэний дараа амилах хүмүүс байгаа бөгөөд “Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй” гэсэн үг ёсоор амьдаараа өөрчлөгдөх хүмүүс ч бий. Элч нар ч мөн сүүлчийн шүүлтийн өдөр үхэгсдийн амилалт ба шүүлтийн өдөр хүртэл амьд үлдсэн хүмүүсийн өөрчлөлт байгааг гэрчилдэг.

“Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө.” 1Кор 15:50-52

“Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй. Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.” 1Тес 4:14-17

Хэзээ ч тоолж баршгүй асар олон хүн амилж, ялангуяа Бурхан онцгойлон тамгаа дарсны улмаас сүүлчийн гамшгаас аврагдсан зуун дөчин дөрвөн мянган ариун хүн амьдаараа өөрчлөгдөж, сүүлчийн Шүүгчийн ёссор ирэх Христийг агаар мандалд угтан авах юм (Илч 7:2-4, 9). Гэнэт өөрчлөгдөж, агаар мандалд Бурхантай уулзах өдрөө төсөөлөөд нэг үз дээ. Өт, авгалдай мэт амьдарч байсан бид гялалзаж гялтганасан тэнгэр элчийн төрхөөр өөрчлөгдөж, тэнгэрт одох тэрхүү өдөр бидний зүрх сэтгэл хичнээн их хөөрч догдлох бол оо!

Нүгэлтнүүд бидэнд тийм их яруу алдар, ивээл ерөөл соёрхохын тулд тэнгэр Эцэг, тэнгэр Эх маань Өөрсдийн биеэр энэ дэлхийд хүрч ирээд хатуу ширүүн зовлон золиосын он цагийг туулж, эцэст нь бидэнд мөнх амийн үнэн буюу шинэ гэрээний Алгасал баярыг зөвшөөрсөн билээ. Тийм болохоор бид эдгээр бүх ерөөл соёрхсон Эцэг, Эхдээ хязгааргүй их талархал, яруу алдар өргөж, амилалтын амьд найдвар дотор бүр ч хүчтэйгээр тэнгэрийн хаанчлалыг чиглэн гүйх хэрэгтэй. Түүгээр ч барахгүй энэ дэлхийн амьдралыг бүх зүйл мэтээр бодон амьдарч ирсэн үй олон хүнд амилалтын найдвар өвөрлүүлж, амийн үнэн Алгасал баярыг тунхаглан тэдэнд ч мөн амийн амилалтанд оролцоход нь туслах хэрэгтэй юм.