Эхийн сургаал, халамж

423 Үзсэн тоо

Мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн итгэлийн замаар алхаж буй бид өөрсдийгөө ер нь Бурханд таалагдах амьдралаар амьдарч байна уу гэдгээ өдөр тутамдаа эргэн харж, зайлшгүй нягталж байх ёстой. Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа гэж бий (Ном.Үгс 3:1). Махан биеийн амьдралаа дуусгаж, тэнгэрийн хаанчлалын хаалганы өмнө очих тэр үедээ сайн мэдээний амьдралаа эргэцүүлэн бодоод, харамсах юмгүй амьдарчээ гэх итгэлтэй байя гэвэл өдөр бүр Елохим Бурхандаа талархаж, яруу алдар өргөн, сургаалыг нь дуулгавартай дагаж амьдрах нь зүйтэй.

Эх маань хүүхдүүдийнхээ төлөө аль сайн болгоныг л зааж сургадаг. Эхийн сургаал дундаас “халамж” гэгчийн тухай тунгаагаад, сайн мэдээний амьдралынхаа хугацаанд Эцэг Эхийнхээ бидэнд хайрласан хайр халамжийг эргэн тойрны хүмүүстээ хэрэгжүүлэн амьдарч ирж үү гэдгээ одоо эргэн нэг харцгаая.

Бусдын сэтгэлийг ойлгох халамж

Эрт цагт нэгэн улсад өрөөсөн нүд нь сохор жанжин байж гэнэ. Ширүүн тулалдаанд орж, эх орноо аврахын тулд амиа өгөхөөр сэтгэл шулуудсан тэрээр тулаанд орохынхоо өмнө сүүлчийн удаа сэрүүн тунгалаг байх үеийнхээ дүр төрхийг хойч үедээ үлдээхийг хүсэж гэнэ. Тэгээд алдартай зураач дуудаж уриад, хөрөг зургаа зуруулсан ч бэлэн болсон зургийг харсан жанжин ихэд урам хугарав. Уг нь зураг буруу зурагдаагүй байж. Гэлээ ч хойч үе нь “Өвөг дээдэс маань эрэлхэг зоригтой, бас сайхан төрхтэй хүн байжээ” гэж өөрийг нь харвал сайхан байх ч яагаад ч юм дарж боосон өрөөсөн нүдэндээ сэтгэл дундуур байв.

Тэгээд өөр нэг алдартай зураачийг дууджээ. Өмнөх зураг нь өөгүй сайхан болсон байтал жанжин өөр зураач дуудсанд өрөөсөн нүдээ сохор харагдахад дургүй байгаа юм байна гэж ойлгоод, яг ижилхэн хоёр сайхан нүд зурчихав. Жанжинд энэ удаагийн зураг ч мөн таалагдсангүй. Өрөөсөн нүд сохор төрхөө үлдээх дургүй байсан ч хойч үедээ худал хөрөг үлдээх бодол ер байсангүй.

Тэгж байтал нэгэн залуухан зураач охин жанжинг хайж ирээд, хөргийг нь зурж үзэх хүсэлт тавьжээ. Жанжин эргэлзэж байв. Гэвч төд удахгүй дайны талбарт гарах ёстой учир өөр зураач дуудах зав зай байхгүйдээ зөвшөөрч гэнэ. Гэтэл охины зурсан зураг жанжны сэтгэлд таалагдав. Зургаа харсан жанжин “Одоо би үхсэн ч харамсах зүйлгүй. Үр хойч маань цаашдаа намайг энэ төрхөөр минь санан дурсах байх!” гээд маш их баярлажээ.

Охины зурсан хөрөг жанжинг хэвийн нүдтэй талаар нь харуулж зурсан хөрөг байв. Зураг нь ч үнэн зөв, эрэмдэг бус төрхөө хойч үедээ үлдээх болсон нь ч жанжинд сайхан байв.

Энэ бол нэг төрлийн халамж, ухаан юм. Авьяас билэгт зураач нар хайр халамж үзүүлэлгүйгээр зотон дээр хичнээн сайхан хөрөг зурсан ч жанжны сэтгэлд нийцээгүй. Аливаа хүний сэтгэлийг ойлгохгүйгээр, хичнээн үнэнээр нь илэрхийллээ ч цаад хүндээ сэтгэлийн гүн шарх л үлдээх төдий. Тэр охин насаар бага байсан хэр нь цаад хүнийхээ сэтгэлийг ойлгож, халамжилж чаддаг ажигч гярхай чадвартай байсан бололтой.

Халамж нь төгс хайр авчирна

Халамж гэдэг нь харилцаж буй хүнийхээ сэтгэлийг ойлгож, хэцүү байдлыг нь олж харахыг хэлнэ. Халамж байхад цаад хүндээ баяр хөөр өгч, сэтгэлийг нь хангалуун байлгаж чаддаг. Библид гардаг жинхэнэ хайр ч мөн халамжаас эхэлдэг.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. … надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, … Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.”1Кор 13:1-5, 12-13

1Коринт 13-р бүлэгт хайрын шинж чанарыг дурджээ. Энэ үгийг судлаад үзэхээр хайрын тухайд хамгийн үндсэн эхлэх цэгийг халамж гэж хэлж болохоор байна. Халамжлах сэтгэл байвал нөгөө хүнийхээ алдааг хаацайлж, тэвчээртэй хандаж чадах биш үү? Мөн нөгөө хүндээ энэрэнгүй хандаж, зүй бус авирлахгүй байх нь халамжлах сэтгэлтэй байж л хийх боломжтой зүйл.

Бид хайр болсон Бурханы хүүхдээр бүрэн төгс өөрчлөгдөн дахин төрье гэвэл ийн халамжлах хайрыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгийн агуу нь хайр мөн гэсэн тул өнөөг хүртэл бусдыг хэр их хайрлаж, Бурханы хүсэл дотор хүн төрөлхтөнд тус болох зүйл хэр их хийснээ дахин бодож үзье.

Есүсийн айлдсан сургаалт зүйрлэлээс ч халамжлах хайрын тухай бодож болно. Нэгэн хүн замд явж байхдаа дээрэмчинтэй таарч зодуулаад, амьтай төдий үлдсэн байж. Азаар тэр хавиар өнгөрч явсан хүмүүс түүнийг анзаарч харав. Хүмүүсээс зөвт гэгдэж магтаал, хүндэтгэл хүлээсэн тахилч түрүүлж харжээ. Дараа нь леви хүн хажуугаар нь явсан ч тэд үхэж байгаа хүний дэргэдүүр дор бүрнээ хараагүй юм шиг өнгөрөөд явчихаж гэнэ. Гэтэл түүнтэй таарсан гурав дахь хүн нь өөр байв. Энэ хүн нь хүмүүс ер ойшоодоггүй, дотносож нийлдэггүй самари хүн байв. Тэрээр дээрэмчинтэй таарсан хүнийг өрөвдөн, түүн рүү очиж эмчлээд, буудалд авчран асарсан байна. Тэгээд илүү зардал орвол дараа нь өөрөө ирээд төлөх тул энэ хүнийг сайн асарч байгаарай хэмээн буудлын эзэнд хүртэл захиад явжээ.

Есүс “Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болох вэ?” гэж асуусан байдаг. Хүнд байдалд орсон хүнийг харчихаад хараагүй дүр эсгэж, нүүр буруулсан болон өрөвдөж энэрсэн хүний хэнийг нь жинхэнэ хөрш гэж хэлж болох вэ? Мэдээж сүүлчийнх нь хүн. Есүс “Явж, үүний адил үйлдэгтүн” хэмээсэн (Лук 10:25-37).

Хүн төрөлхтөнд үзүүлсэн Бурханы халамж

Бурхан сургаалт зүйрлэлд гардаг самари хүнтэй адил бидний үнэнч хөрш маань болсон юм. Нүглээсээ болж үхэхээс өөр аргагүй болсон биднээс нүүр буруулалгүй, өрөвдөн энэрч аврахаар ирсэн билээ.

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.”Лук 19:10

Тэрээр тамын шийтгэл авах хүүхдүүдээ эн түрүүнд бодож, өрөвдөн энэрсэн. Өөрийн амар мэндээс илүү үхлийн зовлон дунд ёолон байгаа хүүхдүүдийнхээ шаналал зовлонд санаа тавьсан. Тиймдээ л үүрд үхэхээс өөр аргагүй байдалд орсон хүүхдүүдийнхээ төлөө энэ газар махан бие өмсөн ирж, мах цусаа өгч идүүлээд, бид бүгдийгээ авралдаа багтаан, мөнх амийн замаар хөтөлсөн билээ. Бурхан бидэнд ийм халамж хайр үзүүлээгүй бол бид мөнх амь, тэнгэрийн хаанчлалын амлалтыг авч чадахгүй байв (Евр 2:14-15, Иох 6:53-58, Мат 26:17-28 үзэх).

“… Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. Эдгээрээр дутагддаг нь урьдын нүглээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, богино бодолтой нэгэн юм. …”2Пет 1:3-11

Бурхан хүүхдүүдээсээ ч мөн бурхан чанарынх нь хуваалцагч болж, бусдад хайр халамж үзүүлээсэй гэж хүсдэг. Зүрх сэтгэлээ итгэл, сайн чанар, мэдлэг, өөрийгөө захирахуй, тэвчээр, итгэл сүсэг, ах дүүсэг энэрэл болон хайраар дүүргэцгээе. Өөрийгөө захирдаг амьдрал, итгэл тэвчээр бүхий амьдрал, ах дүүсэг энэрэл болон хайр цогцолдог амьдралд зайлшгүй үр жимс дагалддаг юм. Энэ мэт сайн үйлсгүй хүнийг Библиэс олон үг уншсан хэр нь ухаарч чаддаггүй сүнслэг сохроос ялгарах юмгүй, Бурхан урьдын нүглээс нь цэвэршүүлснийг нь ч мартсан хүн гэж айлджээ.

Хүрэн улаан нүглийг маань уучлах гэсэндээ тэнгэр Эцэг Эх хичнээн их халамжийг хүүхдүүд бидэндээ үзүүлсэн бол? Өөрийн амар тайвнаа эхэлж бодоод, гагцхүү тэнгэрийн орондоо л байсан сан бол загалмайн доромжлол, өт хорхой мэт хүмүүсийн элэг доог, доромжлол амсах шаардлагагүй байх байсан. Тоо томшгүй тэнгэр элч, огторгуйн сүнслэг зүйлсээс зөвхөн магтаал, хүндэтгэл л аван, яруу алдар, хүндлэл эдлэх зохистой Бурхан үхэхээс өөр аргагүй болсон хүүхдүүдээ эхэлж бодсон учраас л алив зовлонг тэвчсэн юм.

Бурханы энэ л сэтгэлээр бид ч мөн хүн төрөлхтөнд махан бие болон сүнсээр хайр халамж үзүүлэх хэрэгтэй. Сионы ариун хүмүүс тэнгэр Эхийн жишээ ба сургаалын дагуу бусдын хүнд байдлыг ажиглаж, тусалж байгаа нь ч мөн халамж юм. Бусдын өлсөх, цангах, өвдөх гэх мэт хэцүү байдлыг нь анхаарч санаа тавьдаг болохоор тэдэнд тусалж чадна шүү дээ.

Мөн энэ ахархан амьдралынхаа хугацаанд бусдад жаахан ч атугай тусалдаг махан биеийн хайрын хамтаар Бурханы үгийг дамжуулж, мөнхийн тус үзүүлэхийг мөн л сүнслэг халамж, хайр гэж хэлж болно. Түрхэн зуурын өлийг нь дарж өгөхийг хайр гэх нь мэдээж. Гэвч мөнхийн тэнгэрийн хаанчлалд хамтдаа очих хайр нь илүү үнэн, илүү үнэ цэнэтэй. Бурханы хүүхдүүд мөн л бол Бурхан Өөрөө биечлэн үзүүлсэн жишээ ёсоор өөрсдийнхөө амар тайвнаас илүү нөгөө хүнээ түрүүлж бодоод, мөнхийн сүйрэлд зовох сүнснүүдийг нигүүлслээр тэвчин, тэнгэрийн хаанчлалын замыг танилцуулж өгөх нь зохистой билээ.

Сүнс аврах халамжийн хайрыг хэрэгжүүлцгээе

Дээрэмчинтэй таараад үхлүүт болсон хүн шиг бидний эргэн тойронд зүгээр орхивол тамд очихоос өөр аргагүй маш олон сүнс байна. Дэлхий дээр оршиж буй хүн төрөлхтний дийлэнхийг нь дээрэмчидтэй таарч орхигдсон хүмүүс гэж ойлгож болно. Тийм хүмүүсийг харчихаад зүгээр л хажуугаар нь өнгөрөөд явсан тахилч болон леви хүнтэй адилхан байх уу, эсвэл самари хүн шиг тэднийг анхаарч, сүнсийг нь аврахын төлөө санаа тавих уу?

Тахилч, леви хүн хоёр үхэж байгаа хүнд ямар ч анхаарал, халамж үзүүлээгүй. Хэрэв анхаарсан сан бол гэмтэж бэртээгүй биз гэж хөдөлгөж үзээд, зүгээр эсэхийг нь асууж лавлах байсан. Бид одоо тэдний адил зөвхөн хувиа л хичээж, өөрөө л болж байвал бол оо гэсэн байдлаар амьдарч байна уу, бусдад халамж анхаарал үзүүлэлгүй өдөр хоногийг үдэж байна уу? Энэ талаар бодоод үзээрэй.

Бурхан хүүхдүүдийнхээ сүнсний энх тунхыг л урьтаж бодсон халамжийн сэтгэл тээн энэ газар ирсэн. Бурханы хайраар эргэн тойрноо анхаарцгаая. Мөнхийн тэнгэрийн ертөнцийг мэдэхгүй, үхлийн замаар гүйж байгаа сүнснүүдэд анхаарал тавьж тусалдаг самари хүн шиг ивээлтэй сэтгэл өвөрлөцгөөе. Сүнсний авралын зам мэдүүлж өгдөг халамжийн сэтгэл бол үнэхээр Бурханы хүсдэг сэтгэл билээ.

Хайрын мөн чанар мөнх болохоор түр, агшин зуурын хайраас илүү мөнхийн хайрыг ертөнцийн бүх үндэстэнд өгөөрэй хэмээн Бурхан бидэнд захисан юм. Тэнгэрийн хаанчлалд очихдоо ч харамсахааргүй амьдрахыг хүсэж байвал Бурханы сургаал дагуу сайн самари хүнтэй адил халамжийн хайрыг үзүүлэх хэрэгтэй. Сүнслэгээр цангасан зүрх сэтгэлд Христийн хайр, тэнгэрийн хаанчлалын найдвар ургуулж, яруу алдар болсон тэнгэрийн хаанчлалын замыг бүх хүн төрөлхтөнд нээж харуулцгаая.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. … харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай.”1Иох 4:7-11

Хайр бол Бурханых. Бурханых болохоор түүнд агуу хүч бий. Хайр бол энхрий зөөлөн бүсгүйг хүчтэй эх хүн болгож чадна. Айн дагжигч хулчгарыг ч эрэлхэг зоригт дайчин болгож өөрчилнө. Хайр болсон Бурхан маань тэр л хайраараа биднийг өөрчилсөн. Нүгэлтнийг зөвт хүн, авралгүй хүнийг аврагдагч, юу ч биш сул доройг агуу, онцгой нэгэн болгож өөрчилсөн билээ.

Бид эргэн тойрондоо байгаа өрөвдөлт сүнснүүдийг “Тэр хүн Бурханд итгэдэггүй, энэ хүн харь шашинтан” гэсэн бодлоор зүгээр орхихын оронд бүгдэд нь анхаарал тавьж, буруу замаар явж байгааг нь босгон, мөнх авралын зам руу хөтлөх хэрэгтэй юм.

Эцэг Эх маань хүүхдүүдээ аврахын төлөө махан бие өмсөөд энэ газар ирсэн. Доромжлол, зовлон, хавчлагаас татгалзаагүй, зовлонгийн замаар алхахдаа биднийг огтхон ч буруутгаагүй. Тэр бүгд нь биднийг гэсэн халамж байв.

Халамжлах хайрын сэтгэлгүй бол нүгэлтэн бидний төлөө золиосын замаар алхсан Эцэг Эхийн хөлийн мөрийг бид эцэс хүртэл нь дагаж чадахгүй. Эцэг Эхийн эрхэм дээд хайраар хайрлагдсан хүн юм бол авсан тэр хайраараа бусдыг хайрлах хэрэгтэй шүү дээ. Эцэг Эхийнхээ зааж сурган, биеэрээ үзүүлсэн халамжлах хайрыг дэлхийн бүх үндэстэнд дамжуулж, мөн хэрэгжүүлж, олон сүнсэнд авралын зам мэдүүлэхийг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.