WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бэлэн бай

24,905 үзэлт

Тариачин намартаа ургацаа хураах гэж хөлсөө урсган, махран ажилладаг ч ургацаа амбаарт хураах үедээ ингэж ажилласнаа ч тоолгүй баяр хөөр болдог. Ургац хураах улирал өнгөрвөл тариачны амардаг өвөл ирнэ. Одоо цэвэр буудайг тэнгэрийн амбаарт ид хураах сүнслэг ургац хураалтын цаг тохиож байгаа болохоор Эцэг морилон ирэх тэр өдөр улам ойртжээ гэдгийг мэдрээд байна. Бурханы морилон ирэхийг хоног тоолон хүлээж байгаа бид бүхэн Бурханыг бүрэн төгс хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй.

Ариун Сүнсний хүслээр сонор соргог байж, бэлтгэлээ хангаж буй хүүхдүүд

Газрын хүсэл сонирхол ихтэй хүн тэнгэрлэг ярианд дургүй байдаг бол Ариун Сүнсний хүслээр дүүрсэн хүн тэнгэрийн юмсыг л сонирхон найдвараа тавьдаг. Хүсэл сонирхлын зөрүүтэй байгаа нь энэ аж.

Ертөнцийн хүслээр дүүрсэн хүмүүст тэнгэрийн найдвар огт байхгүй. Нүдэнд харагдах газрын юмсыг л бодож байдаг учраас тэнгэрийн орон, тэнгэрийн найдварын талаар ярихад дургүй байхаас ч өөр аргагүй. Харин тэнгэрийн найдвар дүүрэн хүмүүс Бурханы үгийг хичнээн их сонссон ч залхалгүй, шөнө дүл болтол судалсан ч үг бүрийг нь дуртайяа хүлээн авдаг. Тэнгэрт найдвар тавин, Бурхан морилон ирэхийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг болохоор Ариун Сүнсний ажлаа баяртайгаар хийдэг.

Бурхан ирэх өдөр бага багаар ойртсоор л байна. Одоо дор бүрнээ бэлтгэх ёстой цаг. Нэг аав хол газар удаан хугацаагаар яваад эзгүй байсан гэж бодъё. Аавыгаа ирэх үед бүх хүүхэд нь ээжийнхээ үгээр гэр орноо цэвэрлэж, хүн бүр чадах ядахаараа эцгээ баяртайгаар угтах бэлтгэл хийдэг.

Үүнтэй адил бид ч мөн удахгүй морилон ирэх тэнгэр Эцэгийг угтах бэлтгэлээ хийх хэрэгтэй. Хол явсан Эцэгийг эргэн ирэх үед бид нойрмоглоод л, гэр орноо цэвэрлээгүй байвал өрхийн тэргүүний хувиар гэрийн гадна дотрыг харах Эцэгт ямар санагдах бол? Морилон ирэх Эцэгээ дутуу зүйлгүй угтах мэргэн ухаанд Библийн сургаалаар суралцацгаая.

“Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сэрүүн соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ. Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана.” Мат 24:42-47

Дээрх сургаалт зүйрлэл нь энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд яах ёстойг маань ухааруулж байна. Одоо энэ үе нь Библийн зөгнөлийг хэрэг болгон тайлбарлахгүй байсан ч шинжлэх ухааны эрдэмтэд болон зөн бэлгэчид гээд олон хүн ертөнцийн төгсгөл болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрч буй. Өнөө үед Хүний Хүү болох Христ ирэх учраас Библид сонор соргог бай, бэлэн бай хэмээсэн. Христ морилон ирэх ойртсоор л.

Ар гэрийнхнээ хариуцан, цагт нь хоол унд өгдөг нь ухаалаг зарц хэмээн Бурхан айлджээ. Энэ үгэнд итгэж, үүнчлэн үйлддэг хүн нь морилон ирэх Христийг дутуу зүйлгүйгээр угтан авах христчин болох юм.

Нөгөөтэйгүүр энэ үгийг үл тоож, үүнчлэн үйлддэггүй хүн ч бий. Бурхан Библиэр бүх хүслээ мэдүүлсээр байхад тэгж үйлдэхгүй байгаа нь Бурханы үгэнд итгэхгүй байгаатай холбоотой. Библид ийм хүнийг өөдгүй муу зарц гэж нэрлэсэн байдаг.

“Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд, анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.” Мат 24:48-51

“Эзэн маань ирэхгүй удна” гэж бодсон муу зарц нь бодоогүй өдөр ирэх Христээс шийтгэл авна. Эсрэгээрээ “Эцэг хурдан ирнэ” гэж бодсон зарц нь үргэлж бэлэн байдаг учраас Христийг хэзээ ч ирсэн баяртайгаар угтаж чадна.

Удахгүй биелэгдэх Христийн морилон ирэх өдрийг санаад, одооноос ч болов мөд ирэхгүй гэсэн бодлоо хаяж, цаг үргэлж сонор соргог, бэлэн байх хэрэгтэй.

Хоол ундыг нь цагт нь өгдөг хүн Бурханыг хайрладаг хүн

Есүсийн тэнгэрт одохынхоо өмнөхөн бидэнд өгсөн сургаалаас судлангаа “Хоол ундыг нь цагт нь өгөгтүн” гэсэн айлдлынх нь утгыг эргэцүүлж бодоцгооё.

“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15-17

Бурханы хонин сүргийг тэжээх нь цаг хугацаанаас хамаараад гурван янз байна. “Хоньдыг минь тэжээ” гэсэн үг адилхан мэт ч сайтар анзаарвал Есүсийн захиас “Хургануудыг минь тэжээ”, “Хоньдыг минь хариул (харж ханд)”, “Хоньдыг минь тэжээ” гэсэн гурван үе шаттай байна.

Эхлээд бид үнэн рүү ирсэн Бурханы хургануудад таарч тохирсон өвс идүүлэх хэрэгтэй. Хурганууд өсөж томроод хонь болоод ирэхээр нь хоньдыг харж хандах хэрэгтэй болно. Есүс “Өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил” (1Кор 10:12) хэмээсэн тул тодорхой хэмжээний итгэлтэй болсон хоньдыг илүү анхааралтай харж хандах ёстой үе юм. Мөн нас бие гүйцсэн хонинд мөн л нас биед нь тохирсон өвс идүүлэх хэрэгтэй гэсэн утгатай юм. Үүнтэй адил Бурханы хонин сүрэгт цаг цагт нь тохирох хоол унд өгдөг хүн чин сэтгэлээсээ Бурханыг хайрладаг хүн бөгөөд Бурханы өмнө ухаалаг, итгэмжит хүн гэгдэн ерөөл авна.

Тэнгэрийн орон нүдний өмнө өдөр өдрөөр ойртон ирж байна. Бурханы сургаалд чих тавин, Христийг хүлээн авах бэлтгэлээ бүрэн базаах ах эгч дүү нар болохыг хүсэж байна.

Хүнийг “ажилладаг амьтан” гэж тодорхойлох нь ч байдаг. Хүн ажил хөдөлмөр хийдэг үндсэн шалтгааныг ч мөн “идэхийн төлөө” гэлцдэг. Өөрийнхөө төлөө идэж, амьдарч байгаа хэдий ч эцэг эхээ ачлах, үр хүүхдээ тэжээж тэтгэхийн төлөө ажилладаг. Ийнхүү тэжээхийн тухайд бол сүнс, махан биеийн зүй тогтол яг адилхан юм.

Ухаалаг, итгэмжит зарц нь Бурханыг хайрладаг зарц байсан. Хайрлах сэтгэл байгаа учраас л гэр бүлүүдийнхээ төлөө залбиран, амийн хоол болох Бурханы үгийг идүүлэхийн төлөө явдаг юм. Ингэж хичээнгүйлэн ажилладаг хүн Христийг морилон ирэх мөчид хамгийн ухаалаг хүн гэж магтаал хүлээнэ.

Энэ нь хэцүү даалгавар биш л дээ. Хүн бүр тус тусын байр байдлаас хангалттай хийж чадах л ажил. Бурхан хайрладаг хүмүүстээ даалгасан энэ ажилд нь бид бүх хүчээ зориулах учиртай.

“Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх. Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. …” Кол 4:1-3

Бурхан бидэнд сонор соргог байгаарай гээд, ялангуяа үгийн үүдийг нээж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ гуйгтун хэмээсэн. Тэгж хайж олсон хургыг тэжээж, халамжилж, нас бие гүйцсэн хонь болсных нь дараа ч үргэлжлүүлэн анхаарал тавьж, сэтгэл гарган тэжээх нь Бурханыг хайрлах арга зам юм.

Зүтгэлийнхээ үр жимсээр Бурханы хайрыг ухаарах нь

Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжигт Ромео Жульеттад сэтгэл алдарсныхаа дараа зөвхөн Жульеттатай уулзахыг хүсэн, найз нөхдөө ч тоолгүй явснаас болоод найзууд нь Ромеотой уулзаж чадахгүй байгаа үзэгдэл гардаг. Хайрандаа шатаад Ромео огт өөр хүн болдог. Ийнхүү хайр гэгч хүний үйлдэл, зуршлыг ч хүртэл өөрчилж орхидог байна. Үүнтэй адил Бурханыг хайрлавал бидний үйлдэл, зуршил ч мөн өөрчлөгдөнө. Авралын зар нь Бурханыг хайрладаг хүмүүсээс өөрийн эрхгүй гарах үйлдэл юм.

“Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. … Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй. Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ.” 2Тим 2:3-10

Бурханы үгээр олон сүнс аврахын төлөө л юм бүхнийг тэвчин, зовлонг баяртайгаар туулсан Паул! Тэрээр Бурханыг хайрлах сэтгэлээ үйлсээрээ харуулсан Библи дэх агуу хүн. Паул тийм их хичээл зүтгэлтэй байсан тул эдүгээ түүний итгэл, бодол санаа олныг гайхшируулан хүндлэл хүлээсэн юм. Бурхан ийм л хүнд амийн титэм өгнө.

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. … Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” 2Тим 4:1-8

Элч Паул хамгийн ухаалаг амьдралаар амьдарсан. Тэрээр Бурханыг хайрлаж, сайн мэдээ тунхаглахын төлөө бие сэтгэлээ бүрэн зориулсан болохоор үхэлтэй нүүр тулгарахдаа ч “Тэнгэрт зөв байдлын титэм надад зэхэгдсэн” гэж итгэлтэйгээр хэлж байж.

Замаа дуусгах мөчид тэрээр тэнгэрт өөрт нь зэхэгдсэн амийн титмийг хүсэмжлэн баяртай байсан юм. Бид ч бас Паулын итгэлийн амьдралыг хараад Бурхан морилон ирэх өдрийг хүсэмжилж, цагаа олсон ч, олоогүй ч сайн мэдээ тунхаглахад хүчээ дайчлан, түүн шиг ухаалаг итгэгч болцгооё.

Христ “Хоньдыг минь тэжээ”, “Үгийн үүд нээж өгөхийг чин сэтгэлээсээ гуй”, “Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ” гэж захисан нь бид тэр ажлыг хийж байж л Бурханы хайрыг жинхэнээсээ ухаарах учраас тэр юм.

Өөрсдийн хүч хөдөлмөрөөр биш, бусдын хичээл зүтгэлээр зуун дөчин дөрвөн мянгыг хайж олбол бид Бурханы хайрыг огтхон ч мэдэрч чадахгүй. Өөрөө хичээл зүтгэл гаргаж, хөлсөө урсган, золиос гаргасны үр дүнд олсон үнэ цэнэтэй үр жимсээрээ дамжуулж л нэг сүнс хичнээн эрхэм нандин болохыг жинхэнээсээ ухаарч, биднийг аварсан Бурханы хайранд үнэн сэтгэлээсээ талархах болно. Дараах богино ярианаас Бурханы хайрыг бодож үзэцгээе.

Өв залгамжлалаа хүүдээ үлдээх гэсэн нэгэн эцгийн захиас

Нэгэн баян тариачин ганц хүүтэй байжээ. Ганц хүүд нь хийж чадах ажил нэг ч байхгүй дэмий цаг нөхцөөж, үргэлж тоглож наадан эцгийнхээ санааг зовоодог байжээ. Бүх эд хөрөнгийг нь өвлөх хүү нь энэ байдлаараа бол аавыгаа нас барвал мөдхөн эд хөрөнгөө үрэн таран хийж гуйлгачин болох нь тодорхой байв.

Нэгэн өдөр тариачин хүүгээ дуудан ийнхүү хэлэв. “Чи өөрийн гараар мөнгө олж ирэхгүй бол би чамд эд хөрөнгөө өвлүүлэхгүй гэж шийдлээ. Насан туршдаа хөлсөө дуслуулан ажиллаж байж, зовж хураасан хөрөнгөө чамд өгч үрэн таран хийлгэж байснаас өөр хүнд өгсөн нь дээр.”

Эцгийнхээ энэ хатуу шийдвэрт хүү нь яах учраа мэдэхгүй эргэлзэж, тодорхой хариу өгсөнгүй. Тэгтэл цаг үргэлж хүүгийнхээ талд ордог ээж нь хүүгээ сэмхэн дуудаад арван зоос өгөөд өдөржин гадаа тоглож байгаад орой болохоор мөнгө олж ирлээ гэж аавдаа хэл гэж гэнэ.

Дараа өдөр нь хүү ээжийнхээ захисан ёсоор өдөржин тоглож байгаад орой аавдаа мөнгө олж ирлээ гээд арван зоосоо гарган өгчээ. Тэгтэл аав нь дүрсхийн уурлаж “Энэ чиний олж ирсэн мөнгө биш биз дээ?” гээд өгсөн зоосыг нь задгай зуух руу шидэж орхив. Хүү нь яах ч үгүй зүгээр харж байсан тул аав нь түүнийг хайр найргүй савааджээ.

Хүү яаж ч чадалгүй ээждээ очиход ээж нь хүүгийнхээ саваадуулсан шилбийг нь илээд дахин ингэж хэлэв. “Аав чинь үргэлж залхуурч байдаг чамайг нэг дор арван зоос олж ирлээ гэхэд итгээгүй юм шиг байна. Тиймээс энэ удаа таван зоос олж ирлээ гэж хэл” гээд таван зоос атгуулав. Дараа өдөр нь ч мөн хүү өдөржин тоглож байгаад бүрэнхий болох үед аавдаа ажил хийгээд олсон мөнгө минь гээд таван зоосоо гарган өгчээ. Тэгтэл аав нь “Энэ ч бас чиний олсон мөнгө биш биз дээ?” гээд зуух руу шидчихэв. Хүү мөн л тоох ч үгүй гөлийн харахад аав нь бүр ч их уурлан бүдүүн саваагаар дахин хайр найргүй ороолгож гэнэ.

Хүү уйлсаар ээждээ очиход ээж нь ч бас самгардан хүүдээ “Юутай ч аавыг чинь хуурч дөнгөхгүй нь бололтой. Чи явж ажил хий. Хэцүү байсан ч чи ажил хийгээд мөнгө олж ирэхгүй бол аав чинь бүх эд хөрөнгөө өөр хүнд үлдээх нь” гэж хэлэв.

Байдал ноцтой болсныг ойлгосон хүү дараа өдөр ажлын байр руу явж өдөржин ажиллаад хоёр зоос олж ирэв. Хүү ажил хийгээд олж ирлээ гээд аавдаа баяртайгаар хоёр зоосоо өгчээ. Гэтэл аав нь дахиад л тэр зоосыг нь зуух руу шидчихэв. Хүү их гайхаж, гараа түлэхээс ч айлгүй, зуух руу ухаан жолоогүй гараа хийн зоосоо гаргаж ирэв.

Энэ мөчид аавынх нь царай сая нэг гэрэлтэж, инээмсэглэн хүүдээ “Энэ мөнгө л яг чиний ажил хийж олсон мөнгө байна. Хүн хөлсөө урсгаж олсон мөнгөө л хайрлаж гамнадаг юм” гэжээ.

Бурхан хайртай хүүхдүүддээ авралын зар тараагчийн үүргийг даалгасан учир шалтгааныг энэ тариачны сэтгэлээр дамжуулан жаахан ч болов ухаарсан гэж итгэж байна.

Хайртай хүнийхээ төлөө л бол хүмүүс зовлонг тэсвэрлэдэг жамтай. Бурханыг бид үнэхээр хайрладаг бол амаараа л зөвхөн Бурханыг хайрлах бус, тэр хайраа сүнс аварч, амийн зам руу хөтөлж, бодитоор үйлс болгон харуулцгаая.

Одоо сүнслэг ургац хураах үе билээ. Эвлэрүүлгийн өдрөөр нүглийг минь уучилсан Христийн хайрыг бид ухаарч, Майхан баяраар ган тайлах бороо мэт Ариун Сүнсний ерөөл ч мөн авсан. Одоо үр жимс ихийг гарган, Сионы ах эгч дүү нартаа сүнслэг хоол ундыг нь цагт нь өгөөд, Христ морилон ирэхэд бэлэн байцгаая.