Ах дүүсийн үзэсгэлэнтэй нэгдмэл байдал

37,195 үзэлт

“ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” гэж айлдсан ёсоороо Бурхан бидний авралын төлөө амралтгүй ажилласаар байна. Тиймд энэ үеийн бид Бурханы хүслийг дагаад, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ хичээнгүйлэн тунхаглахын сацуу ариун энэ Сиондоо өөр хоорондоо нэгдэн, Бурхандаа анхилуун тахил өргөх хэрэгтэй билээ.

Бурхан ах дүүсийн нэгдмэл байдалд баярладаг

“Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ.” Фил 2:1-2

Бурханы энэ сургаалд “Адил сэтгэ”, “Адил хайртай бай”, “Нэгд”, “Нэгэн бодолтой бай” гэсэн үгс давтагдан гарч байгаа нь өөр хоорондоо санал зөрөлдөн, дундаа зааг гаргахаас нэгдмэл байх нь маш чухал гэдгийг бидэнд хэлж өгч байна.

Нэг болж, үзэсгэлэнтэйгээр нэгдээрэй гэсэн нь Бурханы хүсэл, сургаал шүү дээ. Бүтээсэн түмэн зүйл дундаас нь Бурханы эл хүслийг бид тодорхой харж болно. Өдөр тутмын амьдралд байнга хэрэглэдэг давсны талаар бодож үзье. Давс (NaCI) нь натри (Na) болон хлор (CI) хоёр нэгдэж байж хүнсэнд хэрэглэж болох давс болдог ч хэрэвзээ давс нь натри ба хлор болж задарвал хүний биед нэлээд хортой бодис болдог.

Ус ч мөн адил. Устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атом нэгдэж байж ус (H2O) бүрэлддэг. Харин энэ хоёр нь задарч, устөрөгч дангаараа бидний биед нэвтэрсэн гэж бодъё. Өнгөрсөн үеийн Америкийн соёл иргэншлийн эцэг гэгддэг Эдисон бага байхдаа найзыгаа бөмбөлөг шиг тэнгэрт нисгэж өгье гэж хэлээд уулгаж гэдсийг нь гүйлгэхэд хүргэсэн зүйл бол устөрөгч байсан. Устөрөгч хүчилтөрөгч хоёрын нэгдэл болох усыг уулгасан бол яах ч үгүй байх байсан. Харин устөрөгчийг дангаар нь уулгасанд л хамаг асуудал байсан аж.

Анхны нийлэг даавуу болох нейлон ч мөн ус, агаар, нүүрс гурвын нэгдлээс бий болдог. Тус тусад нь авч үзвэл дан ганц усаар яаж хувцас хийх билээ? Эсвэл зөвхөн агаар юм уу нүүрсээр хувцас хийж чадах уу? Энэ гурван төрлийн бодис нэгдээд, нейлон гэдэг шинэ материал бий болжээ.

Энэ дэлхий дээр Бурханы бүтээсэн өдий төдий элемент бий. Дан дангаараа оршиж байхдаа хортой бодис хэрнээ хоорондоо нэгдвэл хүний амьдралд ашиг тустай шинэ шинэ бодис болж хувирдаг. Ийнхүү салангид байхдаа хор болж ч мэдэх янз бүрийн бодисууд хоорондоо нэгдвэл амьдралд ашиг тустай шинэ бодис үүсгэдэгтэй адил Бурхан үнэн дотор байгаа хүүхдүүдээсээ бие биетэйгээ маргалдаж, атаархалцан, хуваагдаж задрахын оронд хайран дотор үзэсгэлэнтэйгээр нэгдэхийг л хүсдэг юм.

“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, хувцасных нь захаар доош урсаж буй толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм. Сионы уулс дээр буудаг хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 133:1-3

Сионд ах дүүс нэгдмэл байх нь Бурханы өмнө сайхан хийгээд тааламжтай гэж айлдсан. Тус тусад нь харвал бид тэнгэрт нүгэл үйлдээд хөөгдөж ирсэн нүгэлтнээс хэтрэхгүй ч зуун дөчин дөрвөн мянга хайраар нэгдвэл шинэ Иерусалим ариун өргөө болж өөрчлөгдөнө гэдгийг бүгд мэднэ шүү дээ.

Зарим үед хэн нэг ах дүү маань одоо хэр нь нүгэлтний зан чанар нь хэвээрээ, буруу авирлах үед түүнийг тэнгэрийн хаанчлалд орж чадах үнэ цэнэтэй сүнс болгохын төлөө хажуунаас нь алдааг нь засах хэмжээнд зааж, урам дэм өгөх хэрэгтэй. Энэ нь л Бурханд хамгийн их тааламжит төгс нэгдэл болно гэдгийг Библи бидэнд ухааруулж байна.

Шинэ гэрээгээр Христтэй нэгдэх үед л мөнх амь бидэнд өгөгдөнө

Тэгвэл Сионд нэгдмэл байх ёстойн учир шалтгаан, үүнд шингэсэн үнэн хүслийг судалж үзэцгээе.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд… Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна. …” Иох 6:53-58

Бурхан бидний дотор оршиж, бид Бурхан дотор зохицож нэг болсон үед сая нэг бидэнд өгөгдөх зүйл нь мөнх амь. Нэгдмэл болохгүй л бол бидэнд огтхон ч мөнх амь өгөгдөхгүй.

Тиймээс Иохан 15-р бүлэгт ч “Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана” хэмээгээд нэгдэж чадаагүйгээс үүдэн гарах үр дагаврын талаар айлджээ. Бурхан биднийг тийм зовлон амсуулахыг хүсээгүйдээ нэгдээсэй гэж хүсдэг.

Бурхан бидний дотор, биднийг Бурханы дотор байгаасай гэсэндээ л бидэнд Алгасал баярыг өгсөн юм. Бид Бурханы мах цусыг бэлгэдсэн Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар л Бурхантай нэг болно.

“Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг.” 1Кор 10:16-17

Христийн цусанд оролцох ерөөлийн аяга, Христийн биед оролцох талх нь юу вэ? Алгасал баярын талх ба усан үзмийн дарс юм. Энд элч Паул Коринтод байгаа Бурханы сүмийн итгэгчдэд нэг болох зүй тогтол болон Алгасал баярын гүн гүнзгий утга учрыг тайлбарласан байна.

Аврал авахын тулд Бурханы аргыг дагах ёстой. Бурхан Алгасал баярын талх, усан үзмийн дарсанд биднийг оролцуулж, Христтэй нэг болгон, ах дүүсийг хооронд нь нэгтгэн, мөнх амийг зөвшөөрдөг. Бурханы сургасан мэдлэг дунд мөнх амьтай болох цорын ганц томьёо нь гагцхүү Бурхантай нэг болох явдал юм. Хэрвээ өөр аргаар мөнх амьтай болох гэвэл Бурханы зүй тогтлыг үл ойшоож буй хэрэг болох юм.

Устөрөгчийн хоёр атом хүчилтөрөгчийн нэг атомтай нэгдэж ус бий болдог нь Бурханы тогтоосон химийн хууль гэж үзвэл шинэ гэрээний Алгасал баярын талх ба усан үзмийн дарсаар мөнх амь өгөх нь Бурханы тогтоосон сүнслэг томьёо юм.

Гэвч Бурханы энэ сүнслэг томьёог үймүүлж устгах гэсэн ёрын муу сүнс байдаг ба тэр нь диавол юм. Диавол хүмүүсийн сэтгэл зүрх рүү сэмхэн ороод “Алгасал баярыг сахих хэрэг юу байна аа?”, “Мосегийн үеийн хуучин гэрээний хууль биш үү?” гэж шивнэдэг. Бурханы авралын томьёог бүрмөсөн устгах гэсэн Сатаны ийм хүч нөлөөг бид эрс эсэргүүцэн зогсоод, Бурханы авралын томьёог тунхаглах ажилд улам бүр хүчээ дайчилцгаая.

“… Хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. … Бүү дээгүүр санаарх харин эмээ. … Хэрэв та төрөлхийн зэрлэг модноос тастагдаад тэр чанарынхаа эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэр тусмаа төрөлхийнх нь төрөлх модондоо залгагдах биш үү?” Ром 11:16-24

Бид үүрд үхэхээс өөр аргагүй нүгэлтэн байсан. Бурхан Өөрийн махаа тасалж, дээр нь биднийг залгаснаар бид мөнх амийн бие болох Түүнтэй нэгдэж чадсан юм. Тиймээс бидний өмнөх төрөлх чанар үгүй болж, мөчир бүрд эх модны хүч нөлөө хүрч, тасарсан мөчир байсан бид амьдрах болсон билээ.

Салангид чигээр нь орхивол үхэхээс өөр аргагүй оршихуй байсан ч Бурхан шинэ гэрээний Алгасал баярын үнэнээр биднийг Өөртөө залгаж, Бурхан бидний дотор, бид Бурханы дотор байх болсон. Тиймд анхны сүмийн үед ч “харь үндэстний элч” болох Паул Алгасал баярыг тэгтлээ чухалчлан, явсан газар бүрдээ, уулзсан хүн бүрдээ тунхаглаж байсан. Өнөө үед ч Алгасал баярын чухал чанар жаахан ч өөрчлөгдөөгүй.

“Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.” 1Кор 11:23-26

Дээрх энэ бүх үгнээс яагаад нэг болоорой гэснийг, яагаад хайрлаарай гэж айлдсаныг, шинэ гэрээний Алгасал баярыг дэлхийн бүх үндэстэнд яагаад тунхаглаарай хэмээснийг жаахан ч болов бид ухаарч чадна.

Шинэ гэрээний үнэн дотор байгаа Сионы бүх гэр бүл бие биенээ атаархлын харцаар харж гадуурхалгүй, харилцан биенээ хайрлан, нэгдээд, нэг болох хэрэгтэй. Тэгж байж л Бурханы хүсэж байгаа мөнх амийн улс, мөнхийн тэнгэрийн хаанчлал руу явах учиртай юм.

Бурханы яруу алдрын төлөөх нэгдмэл байдал ба хүний яруу алдрын төлөөх нэгдмэл байдал

Бид Сионд нэгдэх үед заавал санаж байх хэрэгтэй зүйл бий. Тэр нь өөрийн яруу алдрын төлөө нэгдэлгүй, Бурханы хүсэл биелээсэй хэмээн нэгдэх хэрэгтэй.

“Бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байлаа. Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олоод тэндээ нутагшин суурьшжээ. … Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. … ЭЗЭН айлдаж —Хараач, эд нар нэг үндэстэн, цөм нэг хэлтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойшид тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зүйл гэж үгүй болно. Алив, бууцгаая, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв. Тэгээд ЭЗЭН, тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. …” Эхл 11:1-9

Бабел цамхаг барьж байхдаа хүмүүс дэлхийд Бурханы яруу алдрыг гаргахаас илүү өөрсдийн нэрээ алдаршуулж, өөрсдийн яруу алдрыг гаргацгаая гэсэн. Тэр үед Бурхан тэдний хэлийг хутгалдуулан самууруулж, тийм зүйл хийж чадахааргүй болгон хаадаг. Нэгдсэн ч гэсэн өөрсдийн яруу алдар, нэр төрөө мандуулахын төлөө хийсэн үед нь Бурхан хааж, цаашид тэр түүх өрнөж чадаагүй. Энэ түүхээс нэгдэхдээ юуны төлөө нэгдэх вэ гэдгээ дахин нэг бодож үзээрэй.

Хүмүүс өөрсдийнхөө зөвт байдлыг гаргахын тулд нэгдэх юм бол тэр ажлыг нь Бурхан хориглодог. Харин Бурханы яруу алдрын төлөө нэгддэг ажилд бол Бурхан санаанд ч оромгүй ивээлтэй тусламж үзүүлдэг.

“… Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон мөн Иаковын Иудас нар билээ. Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.” Үйл 1:12-14

“Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. … Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Тэр цагт… Гайхаж алмайрсан тэд —Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? Гэтэл бид төрөлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ? Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, Фруг, Памфул, Египет ба Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд бас шинэ итгэлтнүүд, крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв. …” Үйл 2:1-12

Есүсийг тэнгэрт одсоны дараа шавь нар Бурханы яруу алдрын төлөө нэг санаагаар залбиран Пентэкостын өдрийг угтсан. Тэгтэл гэнэт тэнгэрээс Ариун Сүнсний тусламж ба хүч цугласан олны дээр маш хүчтэй бууж ирсэн.

Бурханы яруу алдрын төлөө нэгдэхэд нь хутгалдуулан самууруулсан бүх хэлээ нэг болгов. Тиймээс шавь нар еврей хэлээр ярьсан ч партчууд парт хэлээр, медечүүд меде хэлээр, месопотамичууд месопотами хэлээр гэх мэт хүн бүрд төрөлх хэлээрээ ойлгож чадах хүч чадлыг өгчээ.

Хүмүүс санаа нэгдэн үйлдсэн хэрэг энэ мэт Үйлс номонд төдийгүй Эхлэл номонд гарч байгаа ч үр дүн нь тэс өөр байсан. Сэтгэлээрээ нэгдсэн ч гэлээ Бурхан нэг хэсэгт нь ажлыг нь сайн бүтэх хэмжээнд хутгалдуулан самууруулсан хэлүүдээ нэг хэл болгож, нөгөө хэсэгт нь нэг хэлийг олон хэл болгон хутгалдуулан самууруулж, тэр түүх биелэхгүй байхаар хаасан байна. Энэ бол хооронд нь харьцуулж болохуйц түүх юм.

Энэ сүүлчийн үед ч мөн хувь хүн бол хувь хүнийхээ үүднээс, дүүрэг бол дүүргийнхээ хэмжээнд, сүм бол сүмийнхээ хэмжээнд бүгд ивээлтэй зорилгоор нэгдэж байж л Бурханы тусламжийг хүртэх юм.

Бурханы яруу алдрын төлөө нэгдэцгээе

Бурхан тусалдаг хүн нь тэнгэрийн дор дийлдэшгүй хүн. Бурхан тусалж байхад тэдэнд энэ дэлхийн зэр зэвсэг ямар ч хэрэггүй. Зуун гучин таван мянган мидиан цэргүүд Гидеоны гурван зуун дайчинд бүрэн ялагдсан талаар бодож үзээрэй. Гидеоны цэрэг ялах болсон нь хүн бүр өөр өөрийнхөө яруу алдрын төлөө биш, Бурханы яруу алдрын төлөө хүчээ нэгтгэсэн учраас тэр юм шүү.

“Энэ тэмцлийг Бурханыхаа яруу алдрын төлөө бид хийж байна” гэж тэд сэтгэлээрээ нэгдсэн юм. Түүний үр дүнд л удаан хугацаанд Мидианд дарлагдан, хавчигдаж байсан израиль ард түмэн тэндээс чөлөөлөгдөж баяр хөөртэй байсан биш үү? Бурханы яруу алдрын төлөөх тэмцэл байсан учраас л гурван зуухан хүнээр зуун гучин таван мянган хүнийг няцаан хөөсөн боловч Бабел цамхгийг барихад үй олон хүний хүчийг дайчлаад ч харин эсрэгээрээ нурахаас өөр аргагүй болсон нь “За, бид нэрээ алдаршуулцгаая” гэж хэлсэнтэй нь холбоотой.

“Бид нэрээ алдаршуулцгаая” гэх тийм үгийг бид амнаасаа ч гаргах ёсгүй, бодох ч ёсгүй юм. Гагцхүү бүгдээрээ биднийг нүглээс аварч, мөнхийн тэнгэрийн хаанчлалын замаар явж чадахуйц хөтөлсөн Бурхандаа талархах сэтгэлээр хүслийг нь дагаж, Бурханыхаа хийгээрэй гэж тушаасан бүхнийг ёсчлон дагахад л болно. Тэгж байж л Хургыг хаашаа ч хөтөлсөн дагаж чадах биш үү?

Өчүүхэн жижиг ажил үүрэг байсан ч сэтгэлээрээ нэгдэн, үргэлж Бурханы яруу алдрын төлөө тус тусын үүргийг гүйцэтгэвэл сүүлчийн шашин шинэчлэл заавал биелнэ. Бидний үүрэг нь зөвхөн хашхирах. Шинэ гэрээг дахин сэргээсэн Ариун Сүнсний үеийн шинэ нэрийг “Энэ бол бидний Бурхан” гэж хашхираад, Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглах үүрэг билээ. Бид энэ ажилд бие биентэйгээ нэгдэхдээ Бурханы яруу алдрын төлөө л нэгдэх хэрэгтэй. Бурханы яруу алдрын төлөө нэгдвэл Бурхан гарцаагүй тусална.

“Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ. … та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө. Харин чи үүнийг сонсохгүй бол сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. …” Иер 13:15-17

Бидний тунхаглаж буй үнэн бүгд Бурханаас эхтэй. Энэ дэлхийд биднээс гаралтай юм юу ч байхгүй. Бид бүхэн энэ дэлхийн үхэж байгаа сүнснүүдэд авралын мэдээ тунхаглах Бурханы зарлага билээ. Эрхэм үүрэг даалгаж өгсөн Бурхандаа талархан, Бурханы яруу алдрыг гаргах ажилд бүр ч илүү зүтгэх хэрэгтэй.

Бурханы яруу алдрын төлөө энэ газарт амьдардаг зуун дөчин дөрвөн мянгын дунд чухал биш хүн нэг ч байхгүй. Давхиж байгаа машинаас эд ангийг холбодог нэг боолт унасан гэж бодъё. Бусад эд анги нь бүгд дээд зэргийн чанартай байлаа ч нэг боолт нь хаягдчихвал тэр машин чухамдаа яах бол оо?

Бид үнэнийг хүлээн аваад хүн нэг бүр маань сүүлчийн авралын түүхэнд оролцох Бурханы үйлчлэгчийн нэг гишүүн болсон тул бүгд л үнэ цэнэтэй, эрхэм нандин. Сүнсний эрхэм нандин гэр бүлүүд ээ! Одоо Эцэг Эх маань бидэнд “Та нар долоон удаа тойрсон болохоор одоо бүгд хамт хүчтэй хашхирцгаа” гэж айлдаж байна. Эцэг, Эхийн хүслийг дагаад, бүгд нэгэн дуугаар хашхирцгаая.

Нэгдээд, хамтдаа явах тэнгэрийн хаанчлалын зам

Шинэ гэр бүлүүд үнэнийг хайн, Сион руу ар араасаа цутган ирж байгаа гэх баяртай мэдээ нисэн ирсээр. Бурхан сайн мэдээг шуурхайлан явуулж буй энэ үед бид үргэлж Бурханд яруу алдар өргөх сэтгэлтэй байж, бие биентэйгээ улам илүү нэгдэх хэрэгтэй.

Тэгсэн үед л гурван зуун дайчнаар Мидианы зуун гучин таван мянган цэргийг бут цохиж, нэг ч завьгүйгээр Улаан тэнгисийг гаталж, хоол хүнсгүй ч зургаан зуун мянган хүнийг дөчин жилийн турш хооллосон шиг бид ч Бурханы хүсэл болох сүүлчийн шашин шинэчлэлийг бүрэн гүйцэлдүүлж чадна.

Өнөөдрийг хүртэл Бурханы сүмийн түүх Бурханы тусламжаар л явагдаж ирсэн. Олон олон хавчлага, саадтай байсан ч Бурхан үргэлж тусалж байсан юм. Сатан диавол жижигхэн зүйлийг ч томруулж, манай сүмийн хөгжлийг зогсоохын тулд ор үндэсгүй цуу яриа дэгдээж байсан ч тэгэх тусам нь Бурхан илүү их, илүү олон хүнд зөв ойлголт өгөн, эдүгээ олон гэр бүл Иерусалим Эхийн энгэр рүү, Эцэгийн оршдог Сион руу буцан ирэх боломжтой болсон билээ.

Сионы бүх гэр бүл Бурханд л яруу алдар өргөдөг сүмийн уламжлалыг дагах хэрэгтэй. Үргэлж Бурханы яруу алдрыг түрүүнд бодон амьдардаг хүмүүс огтхон ч муу хүн болохгүй. Эсрэгээрээ Бурханы яруу алдрыг бодолгүй өөрийнхөө яруу алдрыг түрүүнд бодвол хорон муу хүн болох болно.

Хэн ч байсан би түүний дээр гарна гэсэн бодолтой, хэн нэгэн албан тушаал буурлаа ч би л сайн газарт очих ёстой гэж өөрийгөө төв болгосон санаа бодолтой болох үед нийгэм хатуу ширүүн, хорон муу болдог. Харин Сион тийм биш. Нэгдсэн ч Бурханы яруу алдрын төлөө үзэсгэлэнтэйгээр нэгддэг хамт олон юм.

Бурхан олон сайхан нөхцөл зөвшөөрч өгсөн болохоор хичээнгүйлэн тунхаглацгаая. Бурханы яруу алдрын төлөө хийх ажил нь хичнээн боломжгүй байлаа ч Бурхан заавал боломжтой болгоно гэдэгт бат итгээд, Эцэг Эх хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагаж, өөр өөрийн үүргээ итгэмжтэйгээр биелүүлцгээе.

Бидэнд үлдсэн үүрэг нь сүүлчийн шашин шинэчлэлийг хийж, Самари ба дэлхийн хязгаар хүртэл Бурханы сайн мэдээг тунхаглан, нүгэлд хутгалдсан бүх сүнсийг тэнгэрийн хаанчлалд хөтлөх явдал юм. Нэг нэгэндээ атаархаж, зөрчилдөхөөс илүү ах эгч дүүс үзэсгэлэнтэйгээр нэгдэн, Бурханы яруу алдрын төлөөх зуун дөчин дөрвөн мянгын нэгдмэл байдлын хүчийг харуулцгаая. Бурханы хайрыг амаараа л ярих биш, үйлсээрээ үйлдэн, бүгд нэг болоод, итгэлийн цөлийн замаа аюул осолгүй дуусгаад, тэнгэрийн хаанчлалд баяртайгаар орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.