​Би сохор байсан, харин одоо харж байна

9,478 үзэлт

Цаг ямагт харааны бэрхшээлтэй байдаг сохор хүмүүс хэн хүнээс илүү харж чадахын үнэ цэнийг мэдэх байх. Харин төрсөн цагаасаа хойш юм бүхнийг харж чаддаг байсан хүмүүс харахын үнэ цэнийг бүрэн ойлгож чадахгүй. Хав харанхуйд амьдарч ирсэн хүн нэг л өдөр хараа орж, ертөнцийг тов тод хардаг болчихвол яах уу? Тэр мөчид тэрээр үгээр илэрхийлэх аргагүй баярлана аа даа.

Бидний сүнслэг байдлын хувьд ч ялгаагүй. Сүнслэг харанхуйд байсан бидний сүнс Бурхантай уулзаж, үнэнийг харах сүнсний нүд маань нээгдсэн. Тэр агшинд бидний сүнс баярлан хөөрч, талархлаар бялхаж байсан нь мэдээж. Гэсэн ч бид үргэлж үнэний үгсийг харж, сонсдогтоо цаг хугацаа өнгөрөх тусам юм бүхэн нэгэн хэвийн болдог.

Итгэлийн замаар алхах явцад заримдаа бид Бурханы өгсөн ерөөлд талархахаа мартаж орхидог. Эхэндээ амийн үнэний үгэнд ихэд догдолж байснаа цаг хугацаа өнгөрөхөөр үүнийг нэгэн хэвийн байдаг л зүйл мэт санаж мэднэ. Бид ийм мунхаг явдал гаргаж хэрхэвч болохгүй. Сионы ард түмний хувиар үнэнийг харах ерөөл соёрхсонд нь Елохим Бурхандаа харин ч бүр илүүгээр өдөр бүр талархал, яруу алдар өргөдөг байх учиртай.

Бурхан бидэнд Өөрийг нь харахыг, Өөрт нь итгэхийг зөвшөөрсөн

Иохан номд төрөлхийн хараагүй хүн Есүстэй уулзаж, хараа орсон тухай бичсэн байдаг. Есүс түүний нүдэн дээр шавар зуурч тавьснаа Силоамын цөөрөмд очиж угаа хэмээн айлддаг. Сохор хүн Есүсийн үгийг дуулгавартай дагаж, нүд нь нээгдээд юм бүхнийг тов тодорхой харж чадсан.

Христ сохор хүнийг хараа оруулсан энэ явдал урьд өмнө хэзээ ч байгаагүй, гайхамшигтай, ерөөлтэй зүйл байсан төдийгүй Есүсийн хийх ажлын талаарх зөгнөлийн биелэлт байсан юм (Иса 42:1-7). Тэгтэл фарисайчууд Амралтын өдөр ажил хийсэн гэдгээр нь Есүсийг нүгэлтэн гэж үзэж байв. Хараа орж, хорвоог анх харсан хүн тэдний асуултад ийн хариулсан байна.

“тэр —Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. … Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. Төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хэн ч сонсоогүй. Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ.” Иох 9:25, 31-33

Төрсөн цагаасаа л сохор байсан хүн Есүсийг хэн байсныг нь мэдэхгүй ч Есүсийн айлдсаныг тэр чигээр нь дагахад харж чаддаг болсон гэдгээ хэлж байна. Тэрээр “Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна” гэж онцолсон юм.

Хорвоо ертөнцийг анх харахдаа зүрх нь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалангаар, асар их хөөр догдлолоор дүүрч байсан байх. Мөн нүдийг нь нээж харж чаддаг болгосон Есүст талархах талархлаар бялхаж байсан нь лавтай. Тэрээр хараа оруулсан хүнийг Бурханаас илгээгдсэн гэдэгт бат итгэж байв.

Тэрээр Есүст итгэх итгэлээ илэрхийлсэн тул Есүсийг эсэргүүцэж байсан хүмүүс түүнийг хөөн гаргажээ. Үүнийг сонсоод Есүс мөнөөх хүнтэй уулзаж, Өөрийгөө хэн болохыг мэдүүлсэн байдаг.

“Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж —Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд тэр —Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. Есүс —Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. Тэр —Эзэн, би итгэж байна гээд Түүнд мөргөв.” Иох 9:35-38

Тэрээр сохор байхдаа Есүстэй уулзсан хэр нь Түүнийг таниагүй. Харин нүд нь нээгдэж, харж чаддаг болсон үедээ нүд нь хаалттай байсан үеийнхээс нь нөхцөл байдал тэс өөр болов. Тэрээр өнгө ялгадаг болж, урдаа байгаа хүнийг харж чадсанаар барахгүй Есүсийг Бурхан гэдгийг нь ч ухаарсан. Есүс бол өөрийнх нь нүдийг эдгээсэн Аврагч гэдгийг мэдэж байсан тул Христэд итгэж, улмаар Христийг хүлээн авсан юм.

Үнэнийг мэдэхээсээ өмнө бид сүнсээр сохор байсан билээ. Бидний нүд нээгдсэн ч сүнслэг зүйлсийг ялгаж салгаж чаддаггүй байсан юм. Хэдийгээр бид Бурханд зүй ёсоор нь мөргөхийг хүссэн ч Бурхан ямар өдрийг мөргөлийн өдөр болгон тогтоосныг ч хүртэл мэдэхгүй байсан шүү дээ. Бид бүхнийг сохор хүмүүс шиг харанхуйд амьдарч байхад минь тэнгэр Эцэг Эх маань ирж, сүнсний нүдийг маань нээсэн. Тэд бидэнд Амралтын өдөр, Алгасал баяр болон амийн жимс авчирсан Елохим Бурханы тухай мэдүүлсэн. Тиймээс одоо бид Христ болох Сүнс болон Сүйт бүсгүйг таньж, Тэдэнд итгэх үнэн зөв итгэлтэй болсон юм.

Харан харавч огт ухаарахгүй, сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй

Шинэ гэрээний Библиэс харахад 2000 жилийн өмнө Есүстэй уулзсан олон хүн байсан. Тэдний зарим нь Христийг таньж, хүлээн авсан боловч зарим нь Түүнийг бүх талаар гүтгэж, эсэргүүцсэн. Өмнөө байгаа Христийг таниагүй хүмүүст хандан Есүс тэднийг сүнсээр сохор хэмээсэн байдаг.

“Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. Есүстэй хамт байсан зарим фарисайчууд үүнийг сонсоод, Түүнд —Бид бас сохор байх нь уу? гэхэд Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.” Иох 9:39-41

“Тэдэнд Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр “Та нар сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!” Мат 13:14-16

“Тэр тэдэнд айлдан —Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг. Тийм болохоор тэд харан харавч эс ухаарч, сонсон сонсовч үл ойлгох билээ. Ингэснээр тэд эс эргэн буцаж үл уучлагдана гээд, …” Мар 4:11-13

Дээрх ишлэлд дурдсан хүмүүс харан харавч эс ухаарна гэсэн тул сүнсээр сохор гэсэн үг биз дээ? Библид цөм зөгнөөтэй байсан болохоор Есүсийн хийж байгааг харсан бол Христ гэдгийг нь дорхноо мэдэж, хүлээж авч болох байсан. Гэвч тухайн үеийн иудейчүүд Есүсийг таньж чадаагүй. Тиймээс Есүс тэднийг “сохор” гээд, фарисайчууд, хуулийн багш, ахлах тахилч гэх мэт шашны удирдагчдын талаар “Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно” хэмээн айлдсан (Мат 15:14).

Нээлттэй нүд ба хаалттай нүд

Бурхан энэ дэлхийд махан биеэр ирсэн. Хаадын хаан маань сүр жавхлант яруу алдрын өмсгөлөө тайлж түрхэн зуур энгийн хувцас өмссөн юм. Гэвч өөрсдийгөө Бурханд итгэдэг гэдэг олон хүн Бурханыг энэ дэлхий дээр хүн болж ирэхэд нь таньж чадаагүй. Сүнсний нүд нь хаалттай тэд Бурхан руу чулуу шидэх гэж хүртэл санаархаж байв.

“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.” Иох 10:30-33

“Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн —Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтөнд —Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. …” Мар 2:5-12

Есүс “Би болон Эцэг нэг юм” хэмээн айлдаж, зөвхөн Бурханд л байдаг нүглийг уучлах эрх мэдлээрээ нүглүүдийг уучилж байлаа. Энэ нь Есүс үнэхээр хэн байсныг харуулж байсан юм. Есүс Өөрийгөө Бурхан гэдгийг хүмүүст үй олон удаа зааж өгсөн боловч хүмүүс Түүн рүү чулуудахаар чулуу шүүрэн авч байлаа. Энэ нь тэдний сүнсний нүд бүрэн хаалттай байсан болохоор тэр юм.

Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүй махан бие өмсөн энэ дэлхийд ирсэн. Сүнсний нүд нь хаалттай хүмүүсийн тухайд бол харан харавч ухаарахгүй, сонсон сонсовч ойлгохгүй байж мэдэх юм. Зарим нь бидэнтэй хамт байгаа Сүнс болон Сүйт бүсгүйн айлдсан үг бүрийг хүндэтгэн дагаж байхад зарим нь үл тоомсорлодог. Бурханы үгийг үл тоогчид бол харан харавч ухаарахгүй, сонсон сонсовч ойлгохгүй байр байдалд байгаа хэрэг.

Бид Бурханыг зөв таньж, хүлээн авахын тулд сүнсний нүдээ нээх ёстой. Харах сүнслэг нүдтэй, сонсох сүнслэг чихтэй хүмүүс Бурханыг хүндлэх хандлага болон Бурханыг гэсэн төрхөөрөө бусдаас ялгардаг. Нүд нь нээлттэй хүмүүс нүд нь хаалттай хүмүүсээс, чих нь нээлттэй хүмүүс чих нь хаалттай хүмүүсээс ингэж л ялгардаг.

Сүнсний нүд нь нээлттэй хүмүүсийн эдлэх баяр хөөр, авах ерөөл

Бид өмнө нь сохор байсан бол харин одоо харах нүдтэй болсон шүү дээ. Тэгвэл бид Бурханыг баяр хөөр, талархалтайгаар хүндэлдэг үү эсвэл Бурханыг зөвхөн мэдлэг төдийд таньж мэддэг үү гээд өөрсдийгөө эргэн харцгаая. Сүнслэг нүд маань хэдийн нээгдсэн хэрнээ Бурханы тухайд нэгэн хэвийн зүйл мэт болгочихвол хөтлөлийг нь бид бүрэн дагаж чадахгүй. Өчигдрийг хүртэл сохор байснаа өнөөдөр хараа орсон мэт тийм л догдлол, тийм л сэтгэл хөдлөлөөр Елохим Бурханыг хүлээн авч, улмаар биднийг хөтөлсөн тэр замыг нь бүрэн дагах ёстой юм.

Анх ирэх үед нь Есүст хандсан Закхайн сэтгэл тийм л байсан. Тэрээр татвар хураагчдын ахлагч байв. Тэрээр нэг өдөр Есүс хотынх нь дундуур явж байгааг сонсов. Тэгээд Есүсийг харахыг хүссэн ч цугласан олны дундаас харахад хэт намхдаж байсан тул тэрээр Есүсийг харахаар инжир модонд авиран гардаг. Есүс хажуугаар нь өнгөрөхдөө Закхай руу хараад нэрээр нь дуудав. Тэгээд Есүс түүнд “Өнөөдөр Би танайд очих ёстой” гэв. Тэр өдөр Закхайн зүрх баяр хөөрөөр дүүрчээ. Есүсийг баяртайгаар хүлээн авсныхаа дараа тэрээр хөрөнгөнийхөө хагасыг ядууст өгөхөө амлаж, хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалан эргүүлж өгнө гэдэг (Лук 19:1-10).

Сүнсний нүд нь нээгдсэн элч Паулын хувьд Есүсийн уг мөн чанар нь Бурхан гэдгийг гэрчилж, ямар ч бэрхшээл тулгарсан талархалтайгаар сайн мэдээ тунхагладаг байв. Элч Петр махан биеэр ирсэн Христийг шууд таньж, Түүнд итгэснээ гэрчилж байсан юм.

“Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд,” Мат 16:15-19

Сүнслэг нүд нь нээгдсэн хүмүүст Бурхан ийм л агуу ерөөл соёрхсон юм. Бид Бурханыг “тэнгэр Эцэг”, “тэнгэр Эх” гэж дууддагтаа дэндүү агуу ерөөлтэй улс. Тэгвэл бид Петр шиг сүнслэг нүдээ нээн Бурханыг харж байгаа эсэхээ сайтар бодож үзье. Хэрэв бид өөрсдийн бодол санаа, мэдрэмжээ Бурханы үгийн өмнө тавьсан хэвээр байгаа бол бидний нүд хараахан бүрэн нээгдээгүй байгаа хэрэг. Бид Бурханыг аньсан нүдээр биш, харин сүнслэг нүдээр харах ёстой.

Арамын цэрэг эш үзүүлэгч Елишаг баривчлахаар Дотан хотыг бүслэх үед түүний зарц арам цэргүүд болон морьд тэрэгнүүдийг хараад айжээ. Елишагийн залбирлаар Бурхан зарцынх нь сүнслэг нүдийг нээж, дайснаас нь хамаагүй илүү тэнгэрийн цэрэг тойрон хүрээлснийг харуулав (2Хаа 6:8-17). Тэд өөрсдийнх нь талд тулалдах цэрэг байхгүй гэж бодож байтал тэнгэрийн цэрэг тэднийг хамгаалж байгааг ойлгодог. Дараа нь айдас нь арилж, эрэлхэг зоригтой болсон.

Нүдээ аних үед эргэн тойронд маань хэн ч байхгүй мэт санагддаг ч харин бид энэ замаар ганцаараа алхаагүй шүү дээ. Сайн мэдээний замаар хажууд минь хамт алхах Сионы ах эгч дүүс маань бий. Тэнгэр Эцэг Эх маань бидэнтэй хамт байж, сайн мэдээ тунхаглах газар болгонд маань үй олон тэнгэрийн цэрэг, тэнгэр элч бидэнд тусалж байдаг юм шүү.

Одоо сүнслэг нүдээ илүү том нээж, Бурханы ажилладаг сүнслэг ертөнцийг харцгаая. Юм бүхэн Библид зөгнөсөн ёсоор биелж байна. Зөгнөлүүдэд анхаарлаа төвлөрүүлэнгээ зөгнөлийн дагуу биднийг хөтөлж буй Сүнс болон Сүйт бүсгүйг бүрэн ухаарч, биднийг хаашаа ч хөтөлсөн хувиршгүй итгэлтэй байж тэнгэрийн хаанчлалыг чиглэн гүйцгээе.

Эргэн тойронд маань сүнслэг нүд нь одоо болтол хаалттай олон хүн бий. Тэдний сүнслэг нүдийг нээцгээе. Бурхан бидэнд тэдний нүдийг нээх эрх мэдэл өгсөн. Тиймээс одоо дэлхий дахины Сионыхон маань энэ дэлхийд ирсэн тэнгэр Эцэг Эхийгээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхагласаар байна.

Тэнгэрийн хаанчлал өдөр ирэх бүр дэндүү ойртсоор. Нээлттэй нүдээр Бурханыг болон Бурханы бидэнд амласан үй түмэн ерөөлийг харж, баяр хөөр, талархалтайгаар Бурханы үгийг дуулгавартай даган, сайн мэдээний үүргээ биелүүлэхийг Сионы ах эгч дүү нараасаа чин сэтгэлээсээ хүсэж байна.