ЭЗЭНд зориулж өргөө барь

1Шастир 22-р бүлэг

19,118 үзэлт

Давид барилгын чулуунуудыг цавчих чулуучдыг томилж, зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй их хэмжээний хүрэл, төмөр, мод, чулуу бэлтгэжээ. Дэлхий дахинд Бурхан алдаршин, магтагдахаар сүрлэг өргөө барих бэлтгэлийг базаасан нь энэ байлаа.

Бэлтгэл ажил дууссаны дараа Давид хүү Соломоноо дуудан, түүнд ийн захив.

“Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ. Гэвч Бурхан “Чиний хүү Соломон өргөө барина” гэж хэлсэн юм. Хүү минь, Бурханы хүссэнээр өргөө бариач. Гагцхүү чи Бурханы тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхаарах аваас энэ нь чамд биелэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.”

Давид Израилийн удирдагчдад хандан өргөө барих ажилд нь Соломонд туслахыг гуйв.

Дараа нь хаан ширээг өвлөн авсан Соломон Бурханы үг болон эцэг Давидынхаа зааврын дагуу өргөө барих ажилд бүхнээ зориулжээ.

Бурханы сүрлэг өргөөг барихад асар их материал, хүн хүч шаардлагатай байлаа. Гэвч Соломоны өмнөх замд ямар нэг саад бэрхшээл тулгарсангүй. Учир нь эцэг Давид нь ариун өргөө барихад зориулан асар их материал бэлтгэсэн байлаа. “Бурханы үгийг дагах аваас энэ нь чамд биелэх болно” гэж амласан ёсоор Соломоныг өргөө барьж, улс орноо захирч байх зуур Израиль улс амар амгалан оршиж, цэцэглэн хөгжсөн юм.

Дэлхий дахинаас хайж олсон Бурханы хүүхдүүдийг “материал” болгосон сүнслэг ариун өргөө байгуулалтын ажил ид идэвхтэй өрнөж байгаа өнөө үед (Ефе 2:22) бид Соломоны нэгэн адил Бурханы өгсөн үүрэг даалгаврыг бүрэн дүүрэн биелүүлэх юм. Учир нь Бурхан зөгнөлийн ажлыг дуусгахад шаардлагатай бүхнийг хэдийн бэлтгэсэн байлаа.

Айж эмээлгүй, хүчтэй, зоригтой байн, тэнгэрийн ариун өргөөг босгон байгуулцгаая. Үнэхээр л амжилт, ерөөлийн зам энэ юм шүү.