Эхийн сургаалд гардагчлан далай шиг уужим сэтгэлээр бусдыг ойлгож, хүлээн авдаг байдлыг “сайн чанар” гэдэг. Сайн чанарын талаар сургаал Библийн хаа сайгүй байдаг. Учир нь бүх дэлхийд тэнгэр Эхийг алдаршуулахаар дуудагдсан хүмүүсийн хувьд зайлшгүй байх ёстой давуу талын нэг нь сайн чанар юм.
Сионы хүүхдүүд мөн л бол үнэний дотор бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа Бурханы хуулиудыг сахиж, Бурханаас эмээн хүндэтгэх нь зохистой ч Бурхан энэ бүх ажлыг гүйцээхдээ сайн чанарыг ч бас хамтад нь босгон байгуулахыг хүсэж байгаа юм. Бурханы энэхүү хүслийг нь дагаж, өнөөг хүртэл зөвхөн урдахаа л харж, амьсгаадан яарч гүйж ирсэн итгэлийн замаа эргэн нэг хараад, “Сайн чанарыг босгон байгуул” гэсэн Бурханы үгийг сэтгэлдээ шингээцгээе.
Эрт дээр Чусоны үед гарамгай түшмэл гэдгээрээ нэрд гарсан Сун Дун Чүн гэгч нэгэн эр байжээ. Түүнийг 10 настай байхад гэрийнх нь нэгэн настан түүнийг хэр ухаалаг болохыг нь мэдэх гээд хэдэн асуулт тавьж гэнэ. “Зүрхлэн хуурч чадахгүй, эвийлээд хуурч чадахгүй, огт хуурч чадахгүй” гэсэн гурван өгүүлбэр утгын хувьд ямар ялгаа байгааг асуужээ. Балчир Сун Дун Чүн ийн хариулав гэнэ.
“Хатуу чанга, сүртэй хүнийг зүрхлэн хуурч чадахгүй. Учир нь хуурахаас айж сүрдэнэ. Сайхан сэтгэлтэй хүнийг эвийлээд хуурч чадахгүй. Учир нь түүнд сэтгэл нь уярна. Ухаантай хүнийг огт хуурч чадахгүй. Учир нь түүний гоц ухаанд нь дарагдана.”
Тийнхүү хариулахад нь настан “Тэр гурваас хэн нь хамгийн дээр вэ?” гэж дахин асуужээ. Тэгэхэд Сун Дун Чүн “Эвийлээд хуурч чадахгүй хүн” нь хамгийн илүү гэж хариулав.
“Эвийлээд хуурч чадахгүй хүн. Энэ хүн бол сайн чанартай болохоор нөгөө хүний хууръя гэсэн сэтгэл нь өөрөө замхарч алга болно. Тиймээс тэр хүн бол хамгийн дээд нь болой. Огт хуурч чадахгүй хүний тухайд бол энэ хүн ухаантай учир түүнд дүйцэх ухаан заяагаагүй тул огт хуурч чадахгүй. Иймээс удаах байранд орох болой. Зүрхлэн хуурч чадахгүй хүний тухайд бол энэ хүний зэрэг дэв, сүр хүчээс нь эмээсэндээ хуурч чадахгүй болохоор адаг сүүлд нь орох буюу” гэв.
Энэ мэт сайн чанар гэдэг бол хүний хувьд байх ёстой мөс чанарын хамгийн дээд нь гэж хэлж болно. Эрт дээр үеэс өвөг дээдэс маань хүний хувьд зөвт хүн болж төлөвшье гэвэл сайн чанарыг босгон байгуулж, өөрийгөө даруу дорд байлга гэж сургаж ирсэн. Энэ сургамж нь Библиэр дамжуулан бидэнд зааж өгсөн Бурханы сургаалтай яв цав нийцдэг юм.
Бурхан Библиэр “Бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг хий”, “Өөрөөсөө дээр гэж үз” хэмээн бидэнд сургасан. Бурханы хаанчлалын хаан тахилч болох итгэгч мөн л бол Түүний сургаалын дагуу бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг сайн давуу байдлыг босгон байгуулдаг зүйлсийг мөшгөх хэрэгтэй.
“Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана. Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.” Ром 14:17-19
Бурханд үйлчилдэг хүн амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөдөг гэсэн. Энэ ертөнцөд амьдрах явцад бид өөрөө ч мэдэлгүй амин хувиа хичээх хандлагатай болж, Бурханы хаанчлалын ёс заншлыг мартах үе байдаг.
Гэвч Бурханд үйлчилдэг бид Бурханы хаанчлалын ёс заншлыг тэр хэвээр нь сахиж, ертөнцөд Бурханы сургаалыг тунхаглах хэрэгтэй. Үзэсгэлэн төгөлдөр, амар амгалан, баяр хөөр, мөнх амь, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл бялхдаг Бурханы хаанчлалд буцаж явах хүн л бол тэрхүү ёс заншлыг огтхон ч мартаж болохгүй. Бурханы хаанчлалын ёс заншил нь амар тайвныг тогтоодог төдийгүй харилцан бие биенээ босгон байгуулдаг. Энэ бол тэнгэрийн иргэний хувиар бидний биелүүлэх учиртай үүрэг юм.
Ихэнх хүмүүст “эх нутаг” гэхээр хамгийн түрүүнд санаанд нь ордог хүн бол “ээж”. Уг нь төрсөн нутагт нь аав, ээж хоёулаа байсаар байхад эх нутгаа дурсан санахтай зэрэгцэн эн түрүүнд ээж л санаанд орж ирдэг. Энэ нь магадгүй аавынх нь ноён нуруу, сүр хүчээс илүүтэй үр хүүхдээ халуун дулаан энгэртээ хайрлан энхрийлж, тэвэрч, халамжилж санаа тавьдаг ээжийнх нь сайн чанар сэтгэлийг нь уярааж байдагтай холбоотой биз ээ.
Бурхан биднийг эн тэргүүнд сайн чанарыг босгон байгуулдаг байх ёстой гэж сургадаг. Бидэнд байх ёстой сүнслэг сайн чанар ч мөн бусдыг өөрөөсөө дээр гэж үзэн, бусдад үйлчилж, бусдад санаа тавих үед аяндаа босгон байгуулагдана.
“Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бид бүгд хөршөө босгон байгуулах, сайн сайхны төлөө түүнд таацуулъя.” Ром 15:1-2
Өнгөрсөн хугацаанд гэртээ ч, нийгэмдээ ч Бурханы заасан ёсоор сайн үйл хийж, сайн чанарыг босгон байгуулж ирсэн эсэхээ эргэн нэг харж, өөрсдийгөө шалгаарай. Зөвхөн урдахаа хараад хичээнгүйлэн гүйх ч чухал нь чухал л даа. Гэхдээ зарим үед өнгөрсөн амьдралаа эргэж хардаг байх нь ч бидэнд тустай гэж санана. Өнөөг хүртэл гэр орон, хөрш садан, Сионы ах эгч дүү нараа сайн чанараар хэр их босгон байгуулснаа, тэнгэр Эцэг, Эх биднийг аврахын тулд зовлон золиос амссан тэр ивээлд нь хэр их хариулснаа эргэж бодох хэрэгтэй.
Америкийн индианчууд морь унаад давхих замдаа түр зогсоод эргэж хардаг гэнэ. Хурдтай давхиж яваа махан биеийг нь сүнс гүйцэж чадахгүй байх вий гэсэндээ сүнсэндээ санаа зовж, сүнсээ хүлээж байгаа нь тэр гэнэ. Харвасан сум шиг өнгөрдөг цаг хугацаанд амсхийх чөлөөгүй амьдарч байгаа бид ч мөн түр зуур зог тусаж, өнгөрснөө эргэж харах ёстой гэж бодогдоно.
Эргээд харахаар өнөөг хүртэл Бурханы хүүхдийн хувиар хийх ёстой ажил ч бий, хувь хүнийхээ хувьд байх ёстой ёс суртахуун ч гэж байгаа байх. Бурханы ивээлтэй сургаалыг дагаж хэрэгжүүлэхээс илүү зүгээр л нүдээрээ харж, чихээрээ сонсож ирсэн бол одоо ч хожимдоогүй байна. Бурханы сургаалыг дагаж, хөршдөө ч, гэр бүлийнхэндээ ч, итгэлийн гэр бүлдээ ч, цаашлаад таньдаг бүх хүнээ сайн чанараар босгон байгуулж, үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийг хүсэж байна.
Сайн чанарыг босгон байгуулах хэцүү гэж битгий бодоорой. Одоог хүртэл уулзаагүй, мэнд хүргэж чадаагүй хүмүүстээ богино захиа бичиж явуулсан ч болно. Сайн чанарыг босгон байгуулна гэдэг тийм хэцүү, тийм нүсэр том ажил биш. Бага юмнаас эхлээд хэрэгжүүлбэл “Бусдыг босгон байгуулж, сайн сайхны төлөө түүнд таацуулъя” гэсэн Бурханы үгийн дагуу амьдарч чадна гэдэгт баттай итгэж байна. Хэдийгээр ертөнц энэрэлгүй, хувиа хичээсэн болж өөрчлөгдөж байгаа хэдий ч Бурханд итгэдэг манай Сионы гэр бүлүүд үнэхээр сайн чанарыг босгон байгуулдаг хүмүүс болоосой гэж хүснэ.
“Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. Эдгээрээр дутагддаг нь урьдын нүглээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, богино бодолтой нэгэн юм. Тиймээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.” 2Пет 1:4-10
Бурхан бидэнд итгэл дээрээ сайн чанарыг хамтатга гэж сургасан. Дан ганц итгэл чухал юм биш ээ. Итгэлтэй байж, тэр итгэл дээрээ сайн чанарыг босгон байгуулж чадах хүртлээ хичээж байж л бурхан чанарыг хуваалцагч болно. Мөн ийм чанарууд байхгүй хүн нь сүнслэг сохор юм. Сохор хүн сохор хүнийг хөтөлбөл юу болох бол?
Сайн чанарыг босгон байгуулах нь үнэхээр чухал. Энэ ертөнцийнхөн сайн үйл бүтээж, буулт хийж, өөрийгөө дорд болгохыг мунхаг хэрэг гэж үздэг. Харин тэд өөрөөрөө бахархаж, ил гаргахыг сайн гэж үздэг ч Бурханы сургаал бол тийм биш. Бурхан биднийг итгэл дээрээ сайн чанарыг босгон байгуул гэсэн. Бурхан бол хамгийн сайн Багш, Түүний сургаал бол шилдэг сургаал юм. Тиймээс бид ертөнцийн сургаалыг даган бодит байдалтай эвлэрч, ертөнцтэй хутгалдах биш, мөнх юмсыг өгдөг Бурханы сургаалыг дагаад, сайн чанарыг босгон байгуулахад хичээх хэрэгтэй.
“Ядууст гараа тэрээр сунгана. Гачигдагсдад гар нь дэлгээстэй. … Ёрог даавуу хийж, тэрээр түүнийгээ худалдана. Бөс даавууг худалдаачдад бас нийлүүлнэ. Ийм нэгэн нь хүч чадал, хүндэтгэлээр хувцаслана. Тийм нэгэн нь ирэх өдрийг инээн баясан угтана. Мэргэн ухаанаар амаа нээж, энэрлийн сургаалыг хэл нь сургамжилна. Орон гэртээ тэрээр санаа тавина. Залхуурал гэж үгүй. Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө. Эр нөхөр нь ч түүнийг магтан “Олон эмэгтэй зүтгэлтэй ч, чи тэднээс илүү билээ” гэнэ. Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.” Сур.Үгс 31:20-30
Дэлхийд олон янзын сайн чанар байдаг ч хамгийн дээд, магтаал авах хэмжээний сайн чанар бол Бурханаас эмээх байдал гэсэн байна. Бид ч мөн ийнхүү сайн чанартай хүн болох хэрэгтэй. Өнөөг хүртэл зөвхөн урагшаа л харан гүйж ирсэн бол, одооноос эхлээд эргэн тойрныхоо хүмүүсийг харангаа Бурханы заасан сайн чанараар тэднийг босгон байгуулаад, Бурханы яруу алдрын гэрлийг улам тод гэрэлтүүлэх ёстой.
Дайсан диавол янз янзын худал баримтаар үнэнийг гүтгэж, саад хийдэг ч, үнэн заавал ялна. Үнэнийг дагагч хүн гарцаагүй байж байдаг. Хичнээн ойр орчимд маань муу үг, доромжлолоор хана босгож, Сион руу оруулахгүй гэж саад хийлээ ч бид Бурханы заасныг дагаж, тэр чигээр нь хэрэгжүүлж, үнэнийх нь үгсээр бүрэн зэвсэглээд, бурхан чанарыг хуваалцах юм бол ертөнцөд хэн ч Бурханы яруу алдрын гэрлийг халхалж чадахгүй юм.
Бурханы сургаалыг дагадаг бидний сайн чанарыг хараад, гэр бүл, хөршүүд маань гэмшиж, Сион руу эргэж ирвэл тэд хожим тэнгэрийн хаанчлалд биднийг ихэд сайшаах болно. Тиймээс Библид дур булаам, гоо үзэсгэлэнтэй гадаад төрх биш, Бурханаас эмээдэг, ивээлтэй сэтгэлээс гардаг сайн чанарыг л хамгийн дээд нь гэж зааж өгсөн юм.
Үнэхээрийн сайн чанартай хүн болж өөрчлөгдөхийн төлөө бид дээгүүрх зүйлс буюу тэнгэр дэх зүйлсийг эрмэлзэх ёстой. Тэнгэр дэх зүйлсийг эрмэлзэх үед яваандаа сайн чанартай хүн болох болно.
“Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа. Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз. Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан. … Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм. Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно. Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж, шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.” Кол 3:1-10
Сайн давуу байдлыг босгон байгуулахын төлөө газар дээрхийг бус, дээгүүрхийг хай хэмээн айлдсан. Газар дээрх зүйлс бол бид хожим тэнгэрийн орон явах өдөр орхих ёстой зүйлс шүү дээ. Энэ дэлхийд олон баатар төрж, гоц гойд цэц мэргэн хүмүүс, гүн ухаантан ирээд буцсан ч энэ газраас тэдний авч явсан зүйл гэж нэгээхэн ч үгүй.
Тиймээс Библи бидэнд дээгүүрхийг хай гэж сургасан. Энэ нь махан биеийн амьдралыг орхи гэсэн үг биш. Бидэнд оногдсон энэ газрын амьдралд маань ч Бурханы хүсэл байдаг юм. Махан биеийн амьдралдаа ч итгэмжтэй байх хэрэгтэй л дээ. Харин тэнгэрийн зүйлсийг умартаж, зөвхөн энэ газар дахь зүйлсийг л эрмэлзэж амьдарвал махан бие болон сүнсний тэнцвэр алдагдах болно.
Бурханыг мэдэхээсээ өмнө бид газар дахь эрхтнүүдийн шуналд хөтлөгдөн амьдарсан бол цаашид Бурханыг мэдээгүй байсан үеийн амьдралын зуршил, оюун бодлоо орхиод, шинэ хүнийг өмсөх ёстой. Ийнхүү өөрчлөгдөж байгаа төрх бол Бурханы дотор сайн чанарыг бий болгож буй төрх юм. Хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмсөөрэй. Бурханд итгэхийн өмнөх үеийнхээ муу зан чанарыг сайн чанартай болгон өөрчлөөд, эргэн тойрныхоо хүмүүст ч тэнгэр Эцэг, тэнгэр Эхийн зөв сургаалыг дамжуулах хэрэгтэй билээ.
Бурханы заасны дагуу сайн чанарыг босгон байгуулахыг хичээх ёстойн шалтгаан нь бурханлаг бус хүмүүс амьдардаг энэ үеийнхэнтэй хутгалдахгүйн тулд юм. Бид сайн чанарыг босгохыг хичээж, Бурханы мөн чанарыг дуурайх үед тэнгэр Эцэг, Эхийгээ баярлуулах төдийгүй Бурханыг алдаршуулдаг хүүхдүүд болно.
“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.” 2Тим 3:1-5
Энэ үеийнхэн аминч, үл хайрлагч бас цаг хугацаа өнгөрөх тусам хатуу болж байна. Бурхан хүүхдүүд бидэндээ энэ үеийн явдалд нийцэлгүй, итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг хүмүүсээс хол бай хэмээсэн. Сайн чанарыг босгон байгуулах ёстойн учир шалтгаан энд байна.
Эртний Күнзийн сургаалд “Сайн чанартай хүн хэзээ ч ганцаардахгүй, анд нөхдөөр хүрээлүүлдэг” гэсэн үг бий.
Бид Бурханы сургаалтай санал нэгдэж дагахыг хичээвэл эргэн тойрныхоо олон хүний сэтгэлийг хөндөж, улмаар тэд ч мөн авралын зам руу ирэх болно.
Сүр хүчээр ч, мэдлэг мэргэн ухаанаар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй. Зөвхөн сайн чанар болон хайраар хөдөлгөдөг юм. Манай Сионы гэр бүлүүд Бурханы сургаалыг дагаж, бусдыг үргэлж өөрөөсөө дээр гэж үзэн, сайн чанарыг босгон байгуулахыг хичээцгээе. Бурханы жишээг дуурайж, бие биедээ үйлчлэн, Бурханы яруу алдрын гэрлийг ойр тойрондоо тод гэрэлтүүлээд, амьдралаа ивээлээр дүүргээсэй гэж хүсэж байна.