Бурханд дуудагдахдаа бид “Би чинь ийм эрхтэй гэж үү?”, “Надад үүнийг хийх чадвар бий билүү?” гэж бодоод өөрийнхөө чадварыг л юмны түрүүнд цэгнэх гээд байдаг. Бурхан биднийг дуудаж ямар нэг ажил даалгахад өөрсдийн хүчээр хийчих мэт санан, чаддаг болов уу яадаг бол гэж бодоод байвал чадахгүй гэж хэлэхээс өөр аргагүй.
Бурхан дуудсан үед “Амен!” гэж хэлээд дагах хэрэгтэй. Тэгвэл Бурханы хүч чадлаар авралын үйл хэрэг нэг нэгээрээ биелэх болно. Бурхан бидний чадварыг ашиглаж авралын их үйл хэргээ биелүүлэх гэсэн юм биш, харин бидний итгэлийн суурин дээр Өөрийн хүч чадлаараа тусалж, газарчлан, түүхээ гүйцэлдүүлэх гэсэн хүслээр Бурхан дууддаг.
Израиль ард түмэн 400 гаруй жил Египет улсад боолчлогдож байсан үед Бурхан Мосег удирдагч болгоод тэднийг аварч гаргадаг. Мосе эрдэм мэдлэг, хүч чадлаараа израиль ард түмнийг аварсан биш, зөвхөн Бурханы хий гэснийг дагаж, хэрэгсэл нь болсон төдий.
Мосе Бурханд анх дуудагдсан үедээ үүнийг ухаараагүй байв.
“Тиймээс одоо явагтун, Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. Гэвч Мосе, Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлэв. Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.” Гэт 3:10-12
Дээрх айлдал нь Бурхан өргөст бутан дотроос галын дөлөн дунд Мосег дуудан үүрэг даалгаж байгаа дүр зураг юм. “Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя.” Ийм л зорилгоор Бурхан Мосег дууджээ.
Мосе ихэд гайхаж, энэ даалгаврыг биелүүлэхэд өөрийгөө тохирох эсэхийг эргэцүүлж, айж тээнэгэлздэг. “Би хэн болоод Фараон руу явах билээ?”, “Би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Үг ярианд удаан, ам хойрго”, “Та өөр нэгнийг явуулаач” гэсэнд Бурхан түүний итгэл муутай байдлыг зэмлэн, Мосетой хамт байхаа амладаг. Эцэст нь Мосе энэ үүргийг хүлээн, Бурханы тусламжаар израиль ард түмнийг нүгэл ба боолын газар Египетээс чөлөөлдөг.
Өнөөгийн бидний сэтгэл Бурханд дуудагдах үеийн Мосегийн байдалтай адилхан нас намба, ажлын туршлага, чадвар, мэдлэг оюунаа чамлан санаа зовних үе бий. Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглаарай гэвэл яваад тунхаглахад л болох байтал бид явж ч үзээгүй байж “Над шиг хүн яаж сайн мэдээ тараах билээ?” гээд айж сүрдэхээ л урьтал болгодог. Энэ мэт байдлаас болж олон хүн Бурханы дуудлагыг уриалагхан хүлээж авалгүй, буулгах ерөөлийг нь алдах харамсалтай байдалд ордог.
Бурхан мэдлэг мэргэжилтэй хүнийг дууддаг юм биш ээ. Бурхан сонгосон гэдэг нь л чухал. Улаан тэнгисийг хуваахад ч Тэрээр Мосед ердөө таягаа сунга л гэж айлдсан. Мосегийн таяг ямар нэгэн ид шид агуулсан болохоор Улаан тэнгисийг хуваан хуурай газар гаргасан уу? Итгээд дагасан болохоор л төсөөлөө ч үгүй зам нээгдсэн шүү дээ. Таяг бол зүгээр нэг хэрэгсэл. Харахад тэр таяг гайхамшиг гаргасан юм шиг санагдавч үнэн хэрэгтээ Бурхан үүнийг үйлдсэн юм.
Бурхан энэ мэтээр биднийг хэрэгслээ болгож сайн мэдээний түүхээ Өөрөө гүйцэлдүүлж байгаа. Бурханы хийсэн болгон заавал бүтнэ гэдэгт бат итгээд, яваарай гэсэн газар нь явж, үгийг тунхагла гэвэл бид тунхаглахад л болно.
Гидеон ч бас Бурханд дуудагдахдаа Мосе шиг алдаа гаргаж байв. Тэрээр Бурханы даалгасан ажил дэндүү агуу, харин тэр ажлыг хийхэд өөрийгөө дэндүү хүчин мөхөстөнө гэж бодож байв.
“ЭЗЭНий тэнгэрэлч түүнд үзэгдэн —Эрэлхэг хүчит дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд… —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Гидеон Түүнд —Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ гэсэнд ЭЗЭН түүнд —Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино гэв. …” Шүү 6:12-18
Гидеон ч мөн Мосе шиг “Би энэ ард түмнийг аварч яахан чадах вэ?” гэж хэлдэг. Өчүүхэн миний хүчээр яаж Израилийг аврах билээ гээд өөрийн хүчээр аврах мэт буруу ойлгодог.
Тэгэхэд нь Бурхан “Би чамтай хамт байх болно” гэж айлдсан байна. Мосед өгсөн хариулттай яг адилхан байгаа биз? Үүний дараа Гидеон хэд хэдэн гайхамшиг үзсэний ачаар Бурхан өөртэй нь хамт байгаа гэдэгт итгэж зориг орон, израиль ард түмнийг Мидианы дарлалаас чөлөөлдөг.
Хэрэв бид өөрсдийн хүч чадал, байр суурь, ар талаа бодоод байвал юу ч хийж дөнгөхгүй. Бас дотроосоо Бурханыг шахан гаргаад өөрсдийн мэдлэг туршлагад түшиглэн сайн мэдээний ажил хийнэ гэвэл бүтэшгүй санаа болно. Авралын түүхийг Бурхан л удирддаг юм.
“Би чамтай хамт байх болно” гэж айлдсан л бол бүх юм шийдэгдэнэ гэсэн үг. Бурхан хамт байна гэсэн бол их цэрэг дайчин, цэргийн эрдэм мэдлэг юуны хэрэг байхав. Бас байлдааны хэрэгсэл энэ тэр ямар хэрэгтэй гэж? Гагцхүү Бурхан бидэнтэй хамт байхад л бид бүх огторгуйд хамгийн дээд хүчийг олно гэдгээ ухаарах хэрэгтэй.
Библийн бүх түүх биднийг сургахын тулд бичигдсэн аж (Ром 15:4). Бид иймэрхүү дүр зургийг толгойгоороо л мэдэж байх биш сэтгэлдээ сийлж, Эцэг Эхийнхээ хөтлөх замыг баяртайгаар дагах ёстой юм.
Хүмүүс ямар нэг ажилд мэргэжлийн үнэмлэхтэй хүн гэсэн шаардлага тавьдаг. Харин Бурхан санаанд ч орохооргүй хүмүүсийг сонгодог. Тэгээд тэр сонгосон хүнээрээ гайхамшигт түүхээ биелүүлдэг. Давидыг сонгохдоо ч мөн адил.
“ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв. … Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. … Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад —Үнэхээр ЭЗЭНий тосолсон хүн Өөрийнх нь өмнө байна гэж бодов. Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв. … Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел, Иессид —ЭЗЭН эднийг сонгоогүй гэж хэлэв. Самуел, Иессид —Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв. Иесси хүн явуулж түүнийг авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ тэр хүн мөн гэв. Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. …” 1Сам 16:1-13
Самуел бодохдоо хаан болох хүн ядаж л гаднах байдал, нуруу турууны өндөр бусдаас ялгарч, дадлага туршлагатай баймаар гэж бодсон ч тийм биш байв. Бурхан хэн нэгнийг Өөрийнх нь өмнө хэр үнэнч байна, хэр зөвт итгэлтэй байна гээд зүрхийг нь эхэлж хардаг. Ингэснээрээ Иессийн хөвгүүдийн дундаас отгон хүү Давидыг нь сонгожээ. Бурхан гадаад төрхийг харахаас илүүтэй сэтгэл доторх бат итгэлийг нь таашаан, Израилийн хоёр дахь хаанаар Давидыг сонгосон байна.
Бурханы сонгох хэм хэмжүүр цаг үргэлж ийм байсан. Хүмүүс нас, намтар, ур чадвар, мэдлэг боловсрол цаашлаад эд хөрөнгө, ар тал, орчин нөхцөлийг нь харж бусдыг дүгнэдэг байхад Бурхан эдгээрийг юман чинээнд авч үзэлгүй, зөвхөн Бурханд хандаж байгаа зүрх сэтгэлийг л хардаг аж.
Есүс шавь нараа дуудахдаа ч тэдний мэргэжил мэдлэгээс илүү үнэн сэтгэл болон Бурханд итгэх жинхэнэ итгэлийг нь харсан билээ. Эрдэм мэдлэг, ур чадвар, эд хөрөнгө, ар тал зэрэг нь туйлын нөхцөл болдог байсан бол их сурч мэдсэн гэдгээр нь фарисайчууд юм уу хуулийн багш нарыг, эс бөгөөс чинээлэг хүмүүсийг л дуудаж цуглуулах байсан биз.
Есүст дуудагдсан шавь нар өөрсдийн чадварыг тооцоололгүй, дуудсан дор нь л хариулж байсан юм.
“Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа.” Мат 4:18-22
Шавь нар тороо орхиод шууд Есүсийг дагадаг. Тэгээд 3 жилийн турш Есүсийн сургаалыг сонсон суралцаж, элдэв төрлийн сүнслэг адал явдалтай нүүр тулгарч, жинхэнэ “хүмүүсийн загасчин” болдог.
Загасчин Петрт тэр олон хүний өмнө сургаал айлдах тийм мундаг чадвар байсан болов уу? Гэтэл өдөрт гурван мянган хүнийг гэмшүүлэн авралд хөтлөх гайхамшигт үйл хэргийг биелүүлсэн байна (Үйл 2:38-41). Ийм түүх Петрийн хүч чадлаар биш, Бурханы тусламжаар л биелэх боломжтой.
Мосегийн гар дахь таяг төмөр байна уу, мод байна уу эсвэл бүр өөр материалаар хийгдсэн байна уу гэдэг нь чухал биш. Мосед ямар нь хамаагүй гарт барих ганц таяг л хангалттай байж. Самсон дайснуудаа няцаан хөөх тэр үед ч мөн адил. Дайснуудад нь илд, жад байхад харин Самсонд илжигний эрүүний яс байхад л хангалттай байж. Самсоны дайсан зуу байна уу, мянга байна уу гэдэг нь хамаагүй. Тэрээр Бурханы хүч чадлыг өмссөн болохоор зэвсэг болгоод барьчихмаар зүйл л байвал ямар хэлбэр дүрстэй байх нь асуудал биш.
Үүнтэй адил Бурханыг дуудах үед тухайн хүн ямар багаж зэвсэгтэй байх нь хамаагүй. Петр ямар нэг эрх мэдэлтэй болохоор, бас Иаков Иохан нар тусгай мэргэжил мэдлэгтэй, эсвэл өмч хөрөнгөтэй болохоор дуудагдсан юм биш. Хэн ч бай Бурхан хүн төрөлхтний дундаас дуудаж, сонгосон л бол агуу их ерөөл юм. Иймд бид ч бас Петр, Иохан, Иаков нар шиг Бурханы дуудлаганд шууд хариулдаг тийм итгэлийг эзэмших хэрэгтэй билээ.
Надад Бурханы дуудлагыг хүлээн авсан тэдгээр хүмүүс үнэхээр ерөөлтэй санагддаг. Шавь нар ч бас хүн л болсон хойно айж эмээх зүйл байсан байх. Гэвч дуудаж үүрэг хүлээлгэсэн Нэгэн нь Бурхан болохоор юунд ч санаа зовоогүй юм. Бурханы авралын ажил Бурхан л дуудаж байвал “Амен” гэсэн сэтгэлээр дагадаг хүмүүсээр биелсээр иржээ.
Өнөө үед бид бүхэн Бурханд дуудагдан сайн мэдээ тараах үүрэг хүлээсэн хүмүүс. Галилаас шавь нараа дуудсантай адил Самари, дэлхийн хязгаар хүртэл дэлхийг авар гэж эдүгээ биднийг дуудсан юм.
Бурханд дуудагдсан ч эргэлзэж, даатгасан ажлыг нь хийхгүй бол дуудагдаагүй хүнээс огт ялгаагүй. “Энэ ажилд би тохирох уу?”, “Над шиг хүн хийж чадах болов уу?” гэж бодох нь даруу байдал биш юм. Даруу байдал болон айж сүрдэх нь хоорондоо ялгаатай. Ямарваа нэг ажлыг хийж чадах ч өөрийгөө дорд болгох нь даруу байдал мөн. Харин аливаа ажлыг эхлээ ч үгүй байж эмээн түгшихийг айж сүрдэх гэнэ. Айж сүрдэж байгаа хүн Бурханы ажилд тохирохгүй учраас гэрт нь буцаа гэдэг (Шүү 7:2-3).
Бурхан бидний дутуу дулимгийг мэднэ. Хүнд хэцүү асуудалтай тулгарах бүрдээ Бурханаас гуйгаарай. Бурханд дуудагдахад Тэрээр бидэнтэй хамт байж, тухайн ажлыг дийлэх хүч чадлыг ч бас өгдөг. Иймээс юун түрүүнд Бурханд дуудагдсан гэдэгтээ итгэж, үгийг нь дагахад болно. Итгэдэгт нь бүх юм боломжтой. Дуудагдсан, сонгогдсон, итгэмжит, итгэлтэй хүмүүст ялалтын яруу алдар зөвшөөрч өгнө гэсэн Бурханы амлалтад итгээд (Илч 17:14), Бурханы тушаасанд эргэлзэж тээнэгэлзэлгүй баяртай сэтгэлээр биелүүлдэг Сионы гэр бүлүүд болцгооё.
“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20
Бид ямар чадвараараа бүх үндэстнийг дагалдуулж чадах билээ дээ? Өөрийн хүчээр хийе гэж бодох бус Бурханы тусламжаар үйл хэрэг бүтнэ гэсэн итгэлээр хүслийг нь дагах хэрэгтэй. “Явж, бүх үндэстнийг дагалдуулагтун” гэсэн болохоор аль ч улс үндэстэнд очоод сайн мэдээ хүчтэйгээр тараахад болно биз дээ? Мосетой, Гидеонтой хамт байсан Бурхан бидэнтэй “Үеийн төгсгөл хүртэл үргэлж хамт байх болно” хэмээн айлдсан шүү дээ.
Бурханд дуудагдсан л бол дуудагдаагүй хүн шиг алгуурлаж болохгүй. Бурхандаа сайн залбирч, ажил хийдэг нь ажил дээрээ, сурдаг нь сургууль дээрээ, гэрийн эзэгтэй нь хөршүүддээ, эргэн тойрныхоо хүн болгонд сайн мэдээ тараагаад үзээрэй. Тэгж чадвал хүний чадвар, мэдлэг ухаанаар чинь бус, Бурханы хүч чадлаар Бурханд итгэдэг үзэсгэлэнтэй зүрх сэтгэлээр чинь дамжуулан Бурхан ажлаа хийдэг юм.
Бурханд дуудагдахдаа “Би яаж тийм том ажлыг хүчрэх билээ?” гэсэн бодлоо авч хаяцгаая. Бурхан биднийг дуудсан л бол Өөрөө цаг ямагт хамт явдаг гэдгийг мартуузай. Тэгээд сайн мэдээний хаалгыг цэлийтэл нээж өгнө гэдэгт итгээд хичээнгүйлэн үгийг тунхаглацгаая. “Үеийн төгсгөл хүртэл хамт байх болно” гэсэн Бурханы амлалтыг зүрхэндээ гүн хоногшуулж, уулзсан болгондоо, цаг ямагт тэнгэрийн орны ивээлт мэдээг тунхаглан, Бурханд дуудагдсан, сонгогдсон Сионы ах эгч дүү нар бүгд тоо томшгүй их тэнгэрийн ерөөл, шагнал авахыг хүсье.