WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хүний биеийн дулаан хадгалалт

2043 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

1997 онд ихээхэн хит болж байсан “Титаник” кино. Титаник хөлөг онгоц Атлантын далайн гүнд живэх үед яс царцам хүйтэн далайн усанд гол дүрийн жүжигчин Жек далайд хөвөх сүйрсэн онгоцны сэг дээр Рөүзийг гаргаад, эцэст нь өөрөө мөс болон хөлдөөд улмаар живдэг. Жек болон Рөүзийн сүүлчийн хагацлыг харуулсан энэ үзэгдэл олныг шимшрээн, харуусал төрүүлдэг төдийгүй эдүгээ ч хамгийн алдартай үзэгдлүүдийн нэгд тооцогддог хэвээрээ.

Уг киног бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. 1912 оны 4 сарын 10-нд тухайн үедээ дэлхийн хамгийн том усан онгоц болох “Титаник” 2200 зорчигчтойгоор Английн Саутгемптоноос хөдөлж, АНУ-ын Нью-Йорк хот руу анхны аяллаа хийжээ. “Живдэггүй хөлөг онгоц” гэж нэрлэгдэж байсан Титаник хөлөг төсөөлөө ч үгүй гэнэтийн байгалийн хүчин чадлын өмнө тоглоом төдийхөн болж, аялалд гарснаасаа 4 хоногийн дараа усан онгоцны их бие мөсөн уултай мөргөлдсөний улмаас хоёр хэсэг болон хуваагдаад, улмаар далайн гүн рүү живсэн юм.

Живснээс нь хойш ердөө хоёрхон цагийн дараа хажуугаар нь өнгөрч явсан карпатууд радио долгион хүлээн аваад ирсэн боловч аврах завинд суусан хүмүүсээс бусад 1500 орчим зорчигч хэдийн амиа алдсан байжээ. Ихэнх зорчигчид аврах хантааз өмссөн байсан хэр нь ийм харамсалтай хэрэг болсон шалтгаан нь юу байв?

Биеийн температурын гэнэтийн өөрчлөлт амь насанд аюултай

Хүн орчны дулааны хэм хичнээн их өөрчлөгдсөн ч биеийн тогтмол температураа харьцангуй удаан хадгалж чаддаг бодгаль юм. Хүний биеийн хэвийн температур 36.5 градус байдаг. Хэрэв үүнээс их эсвэл бага байвал амь нас аюултай байдалд орж байна гэсэн үг. Аврах завинд сууж чадалгүй далай руу үсэрсэн олон хүн үхэх болсон нь ч хүйтэн далайд тэдний биеийн температур огцом буурсантай холбоотой байв.

Бие махбодын үндсэн температур1 34°C хэм хүртэл буурах үед хүн ухаан нь балартаж байгаад улмаар нойр нь хүрч нам унтдаг. Харин 30°C хэм хүртэл буурвал зүрхний цохилт нь удааширч, булчингууд хөшиж чангарна. Гэвч 28°C хэмээс доош байвал зүрхний хэм алдагдаж, зүрхний шигдээс болох, эсвэл цусны даралт буурч ухаан алдан, улмаар амь насаа алдана. Эсрэгээрээ биеийн температур 41°C хэмээс дээш байвал хүн таталт өгнө. 43°C хэм нь хүний биеийн хамгийн өндөр температур ба амиа алдах хэмжээнд очиж байгаа хэрэг.

1) Бие махбодын үндсэн температур (Core body temperature): Тархи болон дотор эрхтнүүдийн температур.

Энэ мэтчилэн бидний биеийн тогтмол температурт хэдхэн хэмийн ялгаа гарсан ч биеийн үйл ажиллагаа эрс муудаж байна шүү дээ. Үүний шалтгаан нь бие дотор бий болж буй химийн урвал ба бодисын солилцоотой нягт холбоотой байдаг. Бодисын солилцоог хурдасгаж, түүний үйл ажиллагааг хянадаг фермент, даавар нь ихэвчлэн уургаас бүрддэг. Тиймээс биеийн температур нэмэгдэх тусам урвалын хурд нэмэгдэж, биеийн температур зохих температураас дээш гарвал уургийн денатурац нь чанасан мах мэт үйл ажиллагаагаа алддаг байна. Биеийн температур буурахад фермент ба дааврын хоорондын урвалын хурд илт буурдаг.

Биеийн температурыг хадгалах хүчин зүтгэл

Фермент, гормоны үйл ажиллагаа хамгийн дээд хэмжээнд байдаг температур бол ойролцоогоор 37°C хэм юм. Температурын үл ялиг өөрчлөлт эдгээрт ихээхэн нөлөөлдөг. Тиймээс бидний бие хэвийн үйл ажиллагаандаа тохирсон температурыг тогтмол барьж байх гэж байнгын хүчин зүтгэл гаргадаг байна. Хүний биеийн температур халуун, хүйтэнд байнга хяналт тавьж байдаг байна. Бидний биеийн температурыг зохицуулж байдаг бидний тархины нэг хэсэг нь диенцефалон дахь гипоталамус юм.

Эхлээд өвлийн улиралд орчны температур буурах үед хүний биед гардаг өөрчлөлтийг авч үзэцгээе. Биеийн температураас гадаад орчны температур бага байвал дулаан ялгаруулж, биеийн температур буурдаг. Мэдрэлийн мэдрэхүйгээр дамжуулан температур буурсан гэсэн дохиог хүлээн авсан гипоталамус нь биеийн хэсэг бүрийг халуунаа аль болох гаргахгүй байх тушаал өгдөг байна. Мэдрэхүйн мэдрэлээр дамжуулж цусны эргэлтийг багасгах үүднээс арьсны хялгасан судас агшиж, биеийн үсний угийн булчин2 чангарч, тэгэх тусам биеийн шар үс босч, арьс биржрүүтдэг. Мөн хөлсний нүх сүвийг агшааж, хөлсний шүүрэл ч мөн илт буурдаг.

2) Биеийн үсний угийн булчин (Arrector pili булчин): Арьсан доорх үсний угт байдаг булчин.

Үүнээс гадна гипоталамус нь булчингуудад дулаан ялгаруулах дохио илгээдэг. Хөдөлгөөний мэдрэлээр дамжуулан булчингийн таталтын хүчийг нэмэгдүүлж, хүний хүслээс үл хамааран бие чичирдэг байна. Тиймээс л хүн даарсан үедээ дагжин шүдээ хавирдаг аж. Зарим үед хүн шээснийхээ дараа хальт чихрүүцэн чичирдэг нь гадагш алдсан дулаанаа нөхөх гэсэндээ тэр юм. Мэдрэлийн судас их тархинд нөлөөлдөг болохоор хүн хувцас өмсөх юм уу эсвэл хүссэнээрээ хөдөлж, биеийн температураа тохируулдаг байна. Тархи нь биеийн гадаргуун талбайг багасган, бие арзайлгаж, дулаан алдагдахаас сэргийлдэг ажээ. Хөдөлгөөн нь хараахан хөгжөөгүй нярай хүүхдүүдийн тухайд бол бөөрний булчирхайгаас ялгарах эпинефриний хэмжээ ихэсч, бамбай булчирхайн дааврууд бодисын солилцоог сайжруулах замаар биеийн дулааныг нэмэгдүүлдэг.

Нөгөөтэйгүүр зун болох гэх мэтээр халуун болох үед эсрэгээрээ биеийн температурыг ихэсгэхгүйн тулд дулаан ихээр гадагшлуулж, бие махбодын дулаан ялгаруулалтыг зогсоох зэргээр өөрчилдөг байна. Гипоталамус нь температур нэмэгдэж байгааг мэдрээд, мэдрэлийн судсаар дамжуулан дулааныг аль болох их гадагшлуулах үүднээс арьсны хялгасан судсыг тогтворжуулдаг. Хөлсний нүх сүв тэлж, биеэс дулааныг гадагшлуулахын тулд хөлсний шүүрлийг нэмэгдүүлнэ. Чийгшил ихтэй үед биеийн тухайд дулааныг хөлсөөр гадагшлуулах нь бүр илүү хэцүү байдаг тул тэсвэрлэхэд бүр ч хэцүү байдаг.

Гомеостазын ач холбогдол

Бидний эргэн тойрны орчин нөхцөл байнга өөрчлөгдөж байдаг. Биеийн температурыг дангаар нь авч үзэхэд л өөрчлөгдөх олон янзын хүчин зүйл бий. Гадна орчны температурын гэнэтийн өөрчлөлтөөс авхуулаад халдвар авах хүртэл үй олон хүчин зүйлийн нөлөөнд автдаг. Харин бид тэдгээрийг мэдрээгүй байхад л биеийн температур олон тооны бүтэц тогтоцоор хянагдаж, олон эрхтнүүдтэй хамтардаг болохоор дундаж үзүүлэлтээс хол зөрдөггүй. Зөвхөн биеийн температур ч биш. Цусан дахь сахар, зүрхний цохилт, цусны даралт зэрэг нь үргэлж тогтмол түвшинд байдаг болохоор бидний амь нас хэвийн байдаг байна.

Зарим тохиолдолд системийн тэнцвэртэй байдал ихээхэн алдагдвал үүнээс үүдэн бие махбодын бусад системүүдэд ч нөлөөлж, гомеостазын тогтвортой шинж алдагдахад хүрнэ. Энэ мэтээр бидний бие гомеостаз буюу тогтвортой шинжээ алдахыг өвчин туссан гэдэг. Хэрэв нэг хувьсагчийг хянан тохируулах арга зөвхөн ганцхан байгаад, уг механизмд асуудал үүсвэл тэр чинээгээрээ амь насаа алдаж ч болзошгүй юм. Энэ нь бидэнд хүний биеийн систем олон янзаар хянагдаж байдгийг харуулж байгаа төдийгүй биеийн нэг системд гэмтэл гарсан ч өөр илүү нарийн арга замаар адилхан үр дүн гаргах боломжтой байдаг байна.

Талархууштай нь бидний бие хүйтэнд ч бай, халуунд ч бай биеийн тогтмол температураа сайн хадгалж байхаар бүрэлдсэн юм. -40°C хэмээс доош байдаг өмнөд туйл болон +60°C хэм хүртэл халдаг элсэн цөлд ч гэсэн хувцасны багахан тусламжтайгаар биеийн температурыг 36.5°C хэмийн зохих температурт хадгалж байдаг. Хүйтнийг мэдрэх тэрхэн агшиндаа хувцсаа зузаалж, халуун нартайд сэрүүцэх дэвүүр хэрэглэх зэргээр бидний бие олон үйлдэл сэддэг.

Олсон дээр тэнцвэрээ хадгалан дэнжигнэн алхах циркийн жүжигчний тэнцвэрээ хадгалах гайхалтай мэдрэмж нь биднийг бишрүүлдэг. Олсон дээр дэнжигнэн алхах мэт бидний бие өнөөдөр одоо ч гомеостаз буюу тогтвортой шинжээ хадгалсаар байгаа. Бид өөрсдөө мэдээгүй байхад ч хүртэл бидний бие махбод олон янзын нарийн нягт арга замаар амийг сахин хамгаалдаг нь биднийг гайхшируулсаар.