WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Экосистемийн нуугдмал хамгаалагч болох балт зөгий

447 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

“Дэлхий дээрх зөгий уствал хүн төрөлхтөн ч мөн 4 жилийн дотор устана.”

Энэ бол Альберт Эйнштейний алдарт ишлэл л дээ. Балт зөгий нь бал цуглуулдаг ашигтай шавьж гэгддэг. Энэхүү шар, хүрэн судалтай шавьж нь хатгадаг хошуутай тул ойртох тийм ч амаргүй байж мэднэ. Хүн төрөлхтний оршин тогтнохтой нягт холбоотой энэхүү бяцхан амьтан гэж ер нь юу юм бол?

Балт зөгий нь зургаан өнцөгт зөгийн сархинаг дотор амьдардаг. Ерөнхийдөө нэг үүрэндээ нэг хатан зөгий болон хэдэн арван мянган өөр бусад зөгийнөөс бүрддэг ба тэдгээрийн ихэнх нь эмэгчин зөгий болох ажилчин зөгий байдаг байна. Ажилчин зөгийнүүд бал, цэцгийн тоос зэрэг хүнс цуглуулах, үүр барих, авгалдайгаа тэжээх, байгалийн дайснаас үүрээ хамгаалах гээд бүхий л чухал ажлыг хийдэг байна. Эрэгчин зөгий болох эр зөгий нь хатан зөгийд өндгөө дарахад нь л хэрэг болдог бөгөөд тиймдээ ч зөгийн үүрэнд хоол хүнс дутмаг болох үед ажилчин зөгийнүүдэд хөөгдөж гардаг байна. Хатан зөгий нь бие томтой, бусад ажилчин зөгийний л нэгэн адил бордсон өндөгнөөс төрдөг боловч авгалдайныхаа үе шатан дээр сүүнцэр1 идсэнээрээ хатан зөгий болдог байна.

1. Зөгийн сүүнцэр: Хатан зөгий болох авгалдайг тэжээх зорилгоор ажилчин зөгийний залгиурын булчирхайнаас ялгардаг цагаан өнгөтэй шингэн тэжээл. Байгалийн ханаагүй тосны хүчил тул антиоксидант ба хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.

Хатан зөгий өдөрт 2000 өндөг гаргадаг байна. Хатан зөгий хангалттай өндөг гаргаж чадахгүй болох үед ажилчин зөгий үүнийг зөнгөөрөө анзаарч, үүрээ тэжээн тэтгэж байхын тулд шинэ хатан зөгий өсгөдөг аж. Шинэ хатан зөгий төрвөл хуучин хатан зөгий тэндээ жаахан хоргодож байгаад дараа нь хөөгдөж гардаг байна. Энэ үед язганасан үй олон ажилчин зөгий хуучин хатныг хамгаалж, шинэ сууц хайж олоход нь түүнийг дагалдаж явдаг байна. Ийм маягаар үүр салж хуваагддаг аж.

Хэрэв балт зөгий дэлхий дээр устаж үгүй болбол юун түрүүнд бид зөгийн бал идэх боломжгүй болно. Зөгийн бал нь балт зөгийний цэцгийн балнаас цуглуулан байж гаргадаг чихэрлэг зүйл юм. Удаан хугацааны турш зөгийн балыг байгалийн үнэт хоол, эм тан гэж үзсээр иржээ. Глюкоз, фруктоз, чийгийг их хэмжээгээр агуулдаг тул шингэц сайтай, тэжээллэг чанар сайтай байдаг байна. Нэг хатан зөгий амьдардаг нэг үүр 10-13кг зөгийн бал цуглуулдаг.

Зөгийн сүүнцрийг хүнсний нэмэлт тэжээл мөн өвчин эмгэг анагаах эм, эмэн бүтээгдэхүүн болгон ашиглах нь бий. Зөгийн жилийг2 эрүүл мэндийн нэмэлт тэжээл болгон хэрэглэхээс гадна зарим гоо сайхны бүтээгдэхүүн, шүдний оо зэрэгт хэрэглэдэг. Зөгийнд хатгуулахад зөгийн хорноос болж хатгуулсан газар нь хавдаж загатнан, ихэд өвдөнө. Зарим оронд артрит эмчлэхэд энэ зөгийн хорны хандыг хэрэглэдэг. Солонгос оронд хүмүүс зөгийн хороор батга эмчлэх гэх мэт өөр байдлаар эмчилгээнд хэрэглэдэг байна.

2. Зөгийн жилий (Propolis): Мод, цэцэг,навч, нахиа зэргээс зөгийний цуглуулж авдаг лав, давирхайн хольц.

2013 онд Солонгосын Хөдөө орон нутгийн хөгжлийн газар байгалийн зөгий болон барууны зөгийний гэдэс дотроос 10 төрлийн сүүн хүчлийн бактери, 24 төрлийн протеобактери (Proteobacteria) гээд 36 төрлийн бичил биетнийг илрүүлжээ. Пиросеквизинг (Pyrosequencing) нь ДНХ дэх нуклеотидын дарааллыг тодорхойлох арга юм. Энэ нь оршин байгаа бактерийг өсгөвөрлөхөөс болон таних3 аргыг ашиглахаас хавьгүй илүү нарийвчлалтай юм. Барууны зөгийнөөс ялгардаг пробиотик болох бифидобактери нь антибиотик үйлдвэрлэх, дархлааны хариу урвалыг өөрчлөх, хавдрыг дарангуйлах, амин дэм үйлдвэрлэх зэргээр эрүүл мэндэд олон талын үр өгөөж, ашиг тустай байдаг байна. Цөцгийн тос болон бяслаг үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг лактококк лактис нь зөвхөн байгалийн зөгийнөөс л олддог аж. Иймийн тул зөгий үржүүлэх, зөгийний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ашигтай микробиологийн бодис боловсруулах гээд амжилттай олон судалгаа түрэн орж ирэх төлөвтэй байна.

3. Микробуудыг нэрлэхдээ тухайн амьд биетийн онцлогийг судалж, ямар ангилалд багтахыг шийдвэрлэх үйл явц.

Балт зөгийний тухайд хоол хүнсээр, эм тангаар хангахаас гадна хийдэг бас нэг чухал ажил нь тоос хүртээлт юм. Ургамлын тоос хүртээх гэдэг нь дохиурын тоосыг үрийн амсарт хүргэхийг хэлнэ. Ихэнх ургамал ногоо тоос хүртэх замаар үр жимс, үр гаргадаг. Түүнчлэн гидрофилл (усны урсгалаар тоос хүртэх), орнитофилл (шувуудаар), анемофилл (салхиар), энтомофилл (шавьжаар) гэх мэт тоос хүртээх янз бүрийн арга зам байдаг. Ургамлын 40% нь энтомофиллийн буюу шавьжаар тоос хүртэж бий болсон байдаг бөгөөд тэдгээрийн 80% нь зөгийгөөр тоос хүртдэг байна. 1кг зөгийн бал хураахын тулд балт зөгий 5.6 сая орчим цэцэг хайдаг аж. Тийнхүү нисэхдээ дэлхийг тойрохтой тэнцүү зайд ниснэ. Эдгээр хичээнгүй зөгийнүүд бал хайн, өдөр бүр энэ цэцэгнээс тэр цэцэг рүү нисэх зуур нь ургамал ногоо үр жимс ургуулж, үр удмаа дэлгэрүүлдэг байна.

Ялангуяа бүйлс, лууван, сонгино гэх мэт нэг төрлийн ургац их хэмжээгээр тариалдаг аж ахуйд бол богино хугацаанд тоос хүртээж дуусгах ёстой байдаг. Гэвч энэ ажлыг хүний гараар хийх бараг боломжгүй. Тиймээс л балт зөгий нэн их шаардагддаг. Түүгээр ч барахгүй ургамал зөгийгөөр тоос хүртэх үед зохиомлоор тоос хүртээхээс илүү амттай жимс ургуулдаг байна. Дөрвөн улирлын онцлогтой Солонгос гэх мэт улс орнуудад хүмүүс гүзээлзгэнэ, улаан лооль, амтат чинжүү гэх мэт жимс ногоог өвлийн улиралд ч хүлэмжинд ургуулдаг бөгөөд тэнд тоос хүртээхийн тулд зөгий ихээхэн шаардлагатай болно. Тэгэхийн тулд тэд зарим үед гадны орнуудаас үхэр зөгий импортолдог байна. Учир нь үхэр зөгий Солонгос нутгийн зөгийг бодвол өвөлдөө харьцангуй сайн амьдардаг ажээ. Мөн эр эм мужаан зөгийг бага температуртай газар байлгаж, хэрэгцээнийхээ дагуу тэднийг сэрээх туршилт хүртэл явуулсан байна.

Дэлхийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг хичээнгүй, бяцхан ажилчид болох балт зөгий дэлхий даяар цөөрч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтоо мэдээллэж байгаа. 2006 онд АНУ-ын Флорида муж дахь бүйлсний аж ахуй дээр тоос хүртээлгэхээр байрлуулсан байсан балт зөгийнүүд гэнэт алга болжээ. АНУ-д 2007 онд нийт зөгий үржүүлгийн газрын 25% нь хаалгаа барьж, улсын хэмжээний нийт зөгийн үүр 30%-р багасан, ихээхэн хэмжээний алдагдал хүлээжээ. Үүнтэй төстэй шинж тэмдгүүд Австрали, Бразил, Канад, Хятад, Европын орнууд, Африкийн орнуудад дараалан бүртгэгдсэн байна. Зөгийн суурин сүйрч алга болохыг “Зөгийн суурингийн сүйрэл (Colony Collapse Disorder (CCD))4” гэж нэрлэдэг. Солонгост 2010 онд балт зөгийний 76.7% орчим нь sacbrood вирус5-т өртөн устсан боловч одоог хүртэл энэ вирусыг эмчлэх аргагүй хэвээр байна. Хохирол жилээс жилд ноцтой болж байгаа тул улсын хэмжээнд унаган байгалийн зөгийнөөс бал хурааж авах нь бүр ч хэцүү болж байх шиг.

4. Зөгийн суурингийн сүйрэл (Colony Collapse Disorder (CCD)): Үүрэндээ байсан ажилчин зөгий буюу барууны балт зөгий гэнэт алга болох үзэгдэл.

5. Sacbrood вирус: Зөгийн авгалдайд халдварладаг вирус бөгөөд үүний уршгаар авгалдайн хальс хатуурч гарч чадалгүй бараан шар, хар хүрэн өнгөтэй болж хатаж үхдэг. Үхсэн авгалдайг ажилчин зөгийнүүд үүрнээсээ гаргадаг ч эцэстээ ажилчин зөгийнүүдийн тоо багасан хэдэн сарын дараа үүр нь хоосрох тохиолдол ч байдаг.

CCD хөдөө аж ахуйд бүхэлд нь ноцтой аюул заналхийлж байгаа тул АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны (USDA) энтомологи, микробиологи, хими, физикийн мэргэжилтнүүд энэ эмгэгийг юунаас болж байгааг судалсаар байгаа. Судалгааны үр дүнд уур амьсгалын өөрчлөлт, цахилгаан соронзон долгион, химийн бохирдуулагч, пестицид, балт зөгийний шимэгч хорхойг дамжуулагч Израилийн цочмог саажилтын вирус (Israeli acute paralysis virus (IAPV)) гэх мэт болзошгүй олон шалтгааныг таамаглаад байна. АНУ-н Монтанагийн их сургуулийн зөгий судлаачид шавьжны цахилдаг вирус ба Nosema ceranae хэмээх мөөгөнцөр нь CCD үүсгэдэг гэж таамаглаж байгаа юм. Гэсэн хэдий ч эцэст нь CCD нь юунаас болж үүсдэг тухайд олон таамаглал байдаг боловч одоо болтол тодорхойгүй хэвээр байна. Рован Жейкобсен “Балт зөгий үгүй болж буй дэлхий ба үр өгөөжгүй намар” номондоо ургамалд тоос хүртээдэг шавьж устаж алга болох нь зөвхөн зөгий үржүүлгэнд төдийгүй газар тариалан эрхлэхэд нийтэд нь нөлөөлж байгааг анхааруулж, мөн тэдэн дээр гамшиг мэт ирсэн энэ шинэ өвчний шалтгааныг олж чадахгүй байгаа хүмүүсийн яах ч аргагүй байдалд харууссан байлаа.

Балт зөгий алга болбол хүн төрөлхтөнд юу тохиолдох бол? Шалтгаан нь ямар ч байсан бай жимс жимсгэнэ, үр тариа гэх мэт төрөл бүрийн хоол хүнс үйлдвэрлэх боломжтой болгодог эдгээр хичээнгүй ажилчид байхгүй бол хүн хоол хүнсээ олохын тулд асар их хүчин чармайлт гаргаж, төлбөр төлөх шаардлагатай болно гэсэн үг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс (UNEP) “Цаашдаа хүмүүн бид хүрээлэн буй орчноо яаралтай хамгаалахгүй бол ойрын ирээдүйд ургамал ногоо хэдэн арван мянгаараа устаж болзошгүй байна” хэмээн анхааруулж, чухал ач холбогдолтой ургацын тоос хүртэлтийг хангалттай хэмжээнд байлгаж байхын тулд балт зөгийний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уриалжээ.

Эйнштейний анхааруулж сэрэмжлүүлснээр хэрэв балт зөгий багасах эсвэл устаж тоос хүртээлтийн тэнцвэр алдагдах юм бол хүн төрөлхтөн эцэстээ хоол хүнсний туйлын хомсдолд орж, дэлхийн экосистем бүхэлдээ сүйдэх болно. Эдийн засгийн хөгжилтэй зэрэгцэн чинээлэг, тохь тухтай амьдралын араас хөөцөлдөх шалтгаанаар Бурханы бүтээсэн экосистемийн зүй тогтол, дэг журмыг эвдэх нь бумеранг болсноор хүн төрөлхтөнд аюул заналхийлж, аймшигтай түгшүүр төрүүлэх болжээ. Байгаль дэлхий гэгч Бурханы хүслийн дагуу бүтээгддэг төдийгүй байгаль дээр чухал биш юм гэж нэгээхэн ч үгүй билээ.

Эх сурвалж
Rowan Jacobsen, Fruitless Fall: The Collapse of the Honey Bee and the Coming Agricultural Crisis, Bloomsbury USA, 2009
UNEP Emerging Issues: Global Honey Bee Colony Disorder and Other Threats to Insect Pollinators, 2010