WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Шоронгоос бичсэн захидал

120 Үзсэн тоо

Жавахарлал Неру бол Махатма Гандитай цуг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, хожмоо Энэтхэгийн анхны ерөнхий сайд болсон хүн. Энэтхэг улс Английн колони байсан цаг үеийн турш колоничлолын засаглалыг эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр олон удаа шоронд хоригдож байжээ. Найнигийн шоронд хоригдсоныхоо дараа тэрээр цорын ганц охин Индрадаа шоронгоос захидал бичжээ. Гурван жилийн турш 190 удаа захидал явуулсан байна. Тэгвэл хайртай охиндоо юуг тэгтлээ хэлэхийг хүсээ юм бол?

“Чи төрсөн өдрөөрөө бэлэг сэлт, сайн сайхан ерөөл, мэндчилгээний үг их авдаг сан. Сайн сайхныг ерөөхийн тухайд бол аав нь охиндоо одоо ч өгч чадна л даа. Гэвч Найнигийн шоронгоос би чамд ямар бэлэг явуулах билээ дээ? Миний бэлэг нүдэнд харагдаж гарт баригдах материаллаг, биет зүйл биш.”

Охиндоо үнэ цэнэтэй бэлэг явуулах гэж Неру бүх хүчээ дайчилсан юм. Энэ нь дэлхийн түүхийн тухай түүний гар бичмэл. Тэрээр эртний Грекийн хот улсуудын түүхээс авхуулаад Монголын эзэнт гүрний үеийн Чингис хааны түүх гээд дэлхийн түүхийн өргөн цар хүрээг хамарсан захидал бичжээ. Түүний захидлууд зөвхөн тодорхой нэг цаг үе юм уу тодорхой нэг улс орны тухай түүхэн тэмдэглэлүүд биш байв. Тэрбээр охиндоо түүхийг зөв ойлгох арга зам, түүхээс юу сурч мэдэх ёстойг тайлбарлаж, удирдагч хүний хувиар дагаж мөрдөх ёс суртахууныг нэг бүрчлэн нарийн заасан байна. Индра охиноо ертөнцийг зөвөөр харж, түүхэн ухамсар төлөвшилтэй байж, улмаар эрдэм номоо сайн сурч, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэж найдаж байсандаа л тэр шүү дээ.

“Дэлхийн өнгөрсөн түүх, агуу хүмүүсийн агуу түүхийг, тэдгээрт шингэсэн үйлсийн талаар бодох тун сонирхолтой. Түүх уншина гэдэг сайн ч түүх бүтээлцэнэ гэдэг илүү сонирхолтой, илүү сэтгэл оргилом юм шүү.”

Түүний хоригдож байсан шоронд номын сан байгаагүй болохоор ашиглах ном зохиол болон түүхийн ном олж уншина гэдэг амаргүй байж. Золоор тэр өөрөө олон жил багагүй ном уншиж, нэлээд хэдэн дэвтэрт эмхэтгэн бичсэн байж л дээ. Тэгээд охиноо санах, улс орныхоо ирээдүйд санаа зовох болгондоо өөрийнхөө бичиж тэмдэглэснээс захидалдаа иш татан бичдэг байжээ. Охиныхоо төрсөн өдөр, шинэ жил гээд онцгой өдөр байна уу, биш байна уу хамаагүй охиндоо зориулж бичсэн үг нэг бүрийг нь уншихад эцэг хүний хайр мэдрэгдэнэ.

“Аавынх нь захидал чиний сонирхлыг татах эсэхийг мэдэхгүй л дээ. Үнэндээ аав нь энэ захидлыг миний охин хэзээ олж харахыг, ер нь олж харах эсэхийг ч мэдэхгүй байна. Охиндоо ойр байх ёстой байтал ингээд хол байх нь юутай уйтай!”

Захидлууд охинд нь хүрэх эсэхийг мэдэхгүй байсан ч тэрээр итгэл найдвараа алдалгүй хайр энэрэл, мэдлэг оюунаа шингээн байж бичдэг байж. Захиануудыг уншаад охин Индра Ганди нь аавынхаа хайрыг алс холоос ч мэдэрч, эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй хүн болон төлөвшиж, хожмоо Энэтхэгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхтэй. Бурханы хүүхдүүд ч мөн Индрагийнхтай төстэй замнал туулж байгаа шүү дээ.

Эхлэлээс Илчлэл хүртэлх Библийн 66 ном бол Бурханы хүүхдүүддээ бичсэн захидал юм. Өнө удаан хугацаанд үй олон эш үзүүлэгчдээрээ дамжуулж тэнгэр Эцэг, Эхийн бидэнд илгээсэн захидлуудад биднийг гэсэн хязгааргүй хайр нь шингээстэй бий. Нэмж хэлэхэд тэдгээр захидалд итгэж сахиснаар аврал хүлээн авах амийн үнэн, тэнгэрийн орныг өвлөх хүмүүст байх ёстой ёс зүй, сүнсний сургаал, хүн төрөлхтнийг аврах эрхэм нандин алсын хараа бас бий.

Одоо Бурханы захидалд бидний хариулах ээлж. Эцэг Эхээсээ бид хязгааргүй их хайр, сайн сайхан сургаалыг нь зөндөө авсан. Тэгэхээр бид ямархуу хүмүүс болох ёстой байх нь уу?

“Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн. Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” 2Тим 3:15-17

Ашигласан материал
Nehru, Jawaharlal. 1942. Glimpses of World History. London: Penguin Books.