Бурханы сүмийг “Сион” гэж нэрлэдэгт ямар нэг учир шалтгаан бий юү?

219 Үзсэн тоо

2000 жилийн өмнө Христийн энэ дэлхий дээр байгуулсан сүмийн нэр нь Бурханы сүм юм (1Кор 1:2, 11:22, Гал 1:13). Бурханы сүмийг Сион ч гэж нэрлэдэг (Евр 12:22, Илч 14:1). Сион гэж ямар газар байдгийг олж мэдвэл бид яагаад Бурханы сүмийг “Сион” гэж нэрлээд байгааг ойлгох юм.

Сион гэдэг нь Иерусалим дахь нэгэн жижиг уулын нэр юм. Тэнд Бурханы гэрээний авдрыг залснаас хойш “Сион” гэсэн нэр томьёог зөвхөн Иерусалимыг төдийгүй Израилийг төлөөлөхөд ашиглах болжээ (1Хаа 8:1). Бурханы сүмийг Сион гэж нэрлэсний учрыг ойлгохын тулд эхлээд Давид хаан, Есүс хоёрын холбоо хамаарлыг ойлгох хэрэгтэй.

Давид хаан ба Есүс

Есүс энэ ертөнцөд зөгнөлийн Давид хаан болон ирсэн юм (Иса 9:6-7).

“Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.” Лук 1:31-32

Хуучин гэрээнд гардаг үй олон түүхэн хүний дундаас Давид хаан Есүсийг төлөөлөх болсон нэг шалтгаан бий. Хуучин гэрээний үеийн Давид хааны хийсэн ажил нь шинэ гэрээний үед Есүсийн хийх ажлын сүүдэр байсан юм.

Давид хааны олон ололт амжилт дотроос хамгийн гайхалтай нь тэрээр Сионыг байгуулсан явдал байв. Египетээс гарч Канаан нутагт орсон израильчууд Канаан нутгийн ихэнх хэсгийг Иошуагийн үеэс эхлэн эзэлж авсан байдаг. Гэсэн хэдий ч тэд 400 гаруй жилийн турш Сионыг эзлэн авч чадаагүй. Сион нь иебусчуудын нутаг хэвээр байв.

Давид хаан болсныхоо дараа Канааны төв нутаг болох Сионыг эзлэн авч, Сионыг хүчирхэгжүүлэхийн тулд цайз хэрмийн дотор байшин барилга, байгууламжуудыг шинээр барьсан байдаг. Дараа нь тэрээр Сионыг Израилийн нийслэл болгож, Сионы ард түмнийг захирчээ. Ингэснээр Давид Сионыг байгуулж, Сионыг захирсан анхны хаан болов. Тийм ч учраас Сионыг Давидын хот гэж нэрлэжээ. Энэ мэтчилэн Давид, Сион хоёр салшгүй холбоотой.

“Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. … Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив. Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.” 2Сам 5:7-10

Есүс энэ дэлхий дээр зөгнөлийн Давид хаан болж ирсэн нь Есүс мөн Сионыг байгуулж, Сионы ард түмнийг захирах хаан болно гэсэн үг юм. Есүсийн байгуулж, захирч байсан Сион нь махан биеийн Сион биш харин сүнсний Сион юм.

Есүсийн байгуулсан сүнсний Сион

Сүнсний Сион бол Бурханы мөнхөд оршин суух газар юм. Энэ бол үхэх тавилантай болсон хүмүүст мөнх амийн ерөөл өгдөг газар юм.

“Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, орших газраа хэмээн Түүнийг хүсэв. “Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна.” Дуу 132:13-14

“Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 133:3

Мөнх амь нь зөвхөн Есүс ирж байж л зөвшөөрөгдөх ерөөл юм (Иох 10:10). “Сионд мөнх амийн ерөөл авна” гэсэн үг нь Есүс энэ дэлхий дээр ирж, сүнслэг Сионыг байгуулна гэдгийг мэдүүлэх зөгнөл байлаа. Тиймээс хэрэв бид шинэ гэрээний үед Бурхантай уулзаж, мөнх амийн ерөөл авахыг хүсвэл Сион руу явах ёстой. Исаиа эш үзүүлэгч Бурханы оршин суудаг, нүглийн уучлал өгдөг сүнслэг Сион нь баяр тэмдэглэдэг газар гэж зөгнөсөн байдаг.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй. Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. … Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24

Дээр дурдсан Сион нь Дуулал номд зөгнөсөнтэй адил Давид хаан болон ирсэн Христийн байгуулж, оршин сууж, хаанчлах сүнслэг Сион гэдгийг хэлж байна. Сионыг баяр тэмдэглэдэг газар гэж тодорхойлсон байдаг нь Давид хаан болох Есүс Бурханы баяр тэмдэглэдэг сүм байгуулсан гэсэн үг юм.

Үнэн хэрэгтээ Есүс бидний авралын төлөө шинэ гэрээний баяруудыг тогтоосон юм.

Баяр тэмдэглэдэг Сион, Бурханы сүм

“Сионд мөнх амийн ерөөл өгөгдөнө” гэсэн Дуулал номын зөгнөл, “Баяр тэмдэглэдэг Сионд нүгэл уучлагдана” гэсэн Исаиа номын зөгнөл бүгд Есүсийн шавь нартайгаа хамт тэмдэглэсэн Алгасал баяраар биелэгдсэн юм.

Мөнх амийн ерөөл авахын тулд бид Есүсийн махыг идэж, цусыг уух ёстой (Иох 6:53-54). Есүс Алгасал баярын талх, дарсыг Өөрийн мах, цус гэж хэлсэн бөгөөд ингэснээрээ бидэнд нүглийн уучлал амласан билээ. Алгасал баяр хэмээх Бурханы баяраар дамжуулан Бурхан үхэх хувь тавилантай байсан хүмүүсийн хамгийн их хүсдэг нүглийн уучлал, мөнх амийн ерөөл өгсөн.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

Есүсийн тэнгэрт одсоны дараа сүмд өгсөн хамгийн том бэлэг бол “Ариун Сүнс” юм. Ариун Сүнсний хүчээр анхны сүм агуу сэргэн мандалттай золгосон. Мөн Тэнгэрт одсон өдрөөс эхлэн чин үнэнээр залбирч, Пентэкостын өдрөө сахисан итгэгчдэд Ариун Сүнс өгөгдсөн байдаг.

“Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.” Үйл 2:1-4

Түүнчлэн Есүс Майхан баяр сахигчдад амийн ус амласан. Тэрээр цангасан сүнснүүдэд нэн шаардлагатай амийн усыг Майхан баяр хэмээх баяраар соёрхсон юм.

“Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ.” Иох 7:2

“Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс тэнд өгөгдөөгүй байлаа.” Иох 7:37-39

Түүгээр ч зогсохгүй Есүс долоо хоногийн баяр буюу Амралтын өдрийг заншсан ёсоороо тэмдэглэж, тэнгэр газар болон тэдгээрийн доторх бүхнийг бүтээсэн Бурханыг ухаарах арга замыг бидэнд Өөрийн биеэр жишээ үзүүлэн зааж өгсөн юм (Лев 23:2-3, Гэт 31:13, Езе 20:21).

“Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо.” Лук 4:16

Есүс шинэ гэрээний баяраар нүглийн уучлал, мөнх амь, Ариун Сүнс, амийн ус гэх мэт ариун хүмүүст зайлшгүй хэрэгтэй ерөөлүүдийг өгсөн юм. Сүнслэг Давид хаан болон ирсэн Христ шинэ гэрээний баяр тэмдэглэдэг сүнслэг Сионыг байгуулсан. 2000 жилийн өмнө Есүсийн байгуулсан энэхүү сүнслэг Сион нь Бурханы сүм билээ (1Кор 1:2, 11:22, Гал 1:13).

Эцсийн өдрүүдэд Сионыг дахин байгуулсан Бурхан

Сионыг орхигдуулаад Бурханы сүмийн тухай ярих нь Есүсийн байгуулсан Бурханы сүм яг ямар газар гэдгийг мэдэхгүй байгаа гэсэн үг юм. Гэтэл яагаад олон сүм Сионы тухай ярьдаг мөртлөө шинэ гэрээний баяруудыг мэддэггүй юм бол? Үүний учир нь диавол сүнслэг тариалангаар зүйрлэсэн Христийн сайн мэдээний ажилд саад болохын тулд энэ дэлхийд үрийн сүүл буюу ёс бусын үр тарьсан юм.

“Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ.” Мат 13:25

“тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэрэлч нар юм. Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил… ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хаяна. …” Мат 13:39-42

Даниел эш үзүүлэгч Бурханы эсрэг үг хэлдэг диавол бидний сүнсийг аврахын тулд Бурханы тогтоож өгсөн баяруудыг өөрчилнө гэж зөгнөсөн байдаг.

“Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. …” Дан 7:25

Харамсалтай нь дээрх зөгнөлүүд биелж, үүний үр дүнд Сион хоосорч, эзгүйрсэн (Иса 51:3). Тэгээд хэн ч мөнх амийн ерөөл авах боломжгүй болсон юм. Гэсэн хэдий ч ийм эсэргүүцэл саадтай тулгарна гэдгийг Бурхан эртнээс мэдэж байсан тул Тэрээр Давид хаан болон энэ ертөнцөд дахин ирээд, Сионыг дахин босгоно хэмээн амласан байдаг (Лук 18:8, Иох 10:16, Дуу 102:16, Езе 37:24).

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” Мик 4:1-2

Олон үндэстэн, ард түмэн эцсийн өдрүүдэд дахин байгуулагдах Сион руу цутган ирж, Бурханы сургаалаар сургагдана хэмээн Библид зөгнөдөг. Эдгээр зөгнөлийн дагуу Бурханы оршин суудаг, хаанчилдаг, мөнх амийн ерөөл өгдөг Сион энэ үед сэргээгдсэн юм. Тэнгэр Эцэг Эх ирээд, баяр тэмдэглэдэг Сионыг буюу Бурханы сүмийг дахин байгуулж өгсөн юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс Бурханы хүүхдүүд мөнх амь, нүглийн уучлал, Ариун Сүнс, амийн усны ерөөл хүсэн, шинэ гэрээний баяр тэмдэглэдэг Бурханы сүм рүү ирцгээж байна. Бурханы ивээлээр Сионд түрүүлж ирээд, бэлтгэгдсэн ерөөл хүлээн авч байгаа бид “Бурхан Библийн зөгнөл дагуу баяр тэмдэглэдэг Сионыг сэргээсэн” гэх баярт мэдээг дэлхий дахинаа илүү өргөн тунхаглах учиртай билээ.