Бурхан яагаад махан бие өмсөж ирсэн бэ?

41,779 үзэлт

Өнөө үед бид ариун Христийн зургийг харахад Түүний төрх гайхалтай дүрслэгдсэн байдаг. Тэгтэл 2000 жилийн өмнө Есүсийг хүмүүс юу гэж бодож байсан бэ? Тэд Есүсийн байгуулсан сүмийг мөн юу гэж боддог байсан бэ? Есүсийн тараасан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тэд хэрхэн хүлээн авсан бэ? Эдгээр зүйлийг мэдэхгүйгээр бид Христийг мэднэ гэж үнэхээр хэлэх боломжгүй.

Христ Бурханы мөн чанараар оршиж байсан бөгөөд (Фил 2:5 ) Хөвгүүн болж төрөхийн өмнө хүчит Эцэг Бурхан байсан юм (Иса 9:6). Харин иудейчүүд Есүсийг “Би болон Эцэг нэг юм” хэмээхэд нь чулуу шидэн алахыг оролдож байсан. Мосегийн хуулиар Бурханыг доромжилсон хүн цаазлагдах ёстой байсан юм. Есүс ийн хэлснээрээ Бурханыг доромжлон гэмт хэрэг үйлдсэн хэмээн тэд бодоцгоож байв.

Тэнгэрийн Бурхан энэ газар ирээд, Өөрийгөө танилцуулсан байтал Бурханд үйлчилж ирсэн хүмүүс алахыг оролдсон юм. Эцэст нь тэд үйлчилж байсан Бурханаа махан бие өмсөж ирснийх нь төлөө загалмайд цовдолсон.

Өөрсдийнхөө итгэн үйлчилж ирсэн Бурханаа цаазлан хороох нь хичнээн харгис бас өрөвдмөөр хэрэг вэ? Энэхүү аймшигт хэрэг гарсан шалтгаан нь тэр үеийн шашны удирдагчид Бурханыг сайн мэддэггүй байсных юм. Үнэндээ тэд өөрсдийн төсөөллийн бурхантай байсан ч Бурхан тэдний нэгэн адил махан бие өмсөөд ч ирж чадна гэдгийг ухаарах Бурханы талаарх сүнслэг мэдлэг тэдэнд байгаагүй юм. Тэгвэл Бурхан яагаад махан биеэр ирсэн бэ? Нэгэн богино өгүүллэгээр дамжуулан Бурханы хүслийг судалж үзэцгээе.

Бурхан хайр болон авралын мэдээ дамжуулахаар махан биеэр ирсэн

Нэгэн аянчин нам гүмхэн хотын замын хажуугаар алхаж явахдаа үр тариа тоншиж буй шувуудыг харжээ. Тэд маш өхөөрдөм харагдаж аянчин тэдний толгойг илж өхөөрдмөөр санагдаж гэнэ.

Гэвч аянчинг дөхөж очиход шувууд нисэн өөр газарт суув. Шувууд тэр хүний бодлыг мэдэхгүй тул өөрсдөд нь аюул учруулах нь хэмээн айж байлаа. Аянчин хэд хэдэн удаа шувуунуудад ойртохыг завдсан ч тэгэх бүрд нь тэд нисэн холдож байв. Тэгээд өнөөх аянчин өөрөө шувуу болохоос өөрөөр тэдэнд хайраа илэрхийлэх ямар ч арга байхгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Яг ийм шалтгаанаар л Христ махан биеэр ирсэн юм. Хүн төрөлхтөн Бурханы ариун дагшин байдлыг өөрсдийн нүдээр харвал үргэлж Бурханаас айж эмээн Түүний сүр жавхлангаас зугтах байсан. Тиймээс Өөрийн хайр болон авралын онцгой мэдээг дамжуулахаар Бурхан хүний нэгэн адил махан биеэр бидэнд үзэгдсэн билээ.

“Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв. Мосед тэд… Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв. …” Гэт 20:18-21

Эртний израильчууд Синаи ууланд Бурханы сүрдмээр дууг шууд сонсоод ихэд айн сандарцгааж, Бурхан болон өөрсдийнхөө хооронд зуучлахыг Мосегоос гуйжээ. Хайрлах сэтгэлээр дөхөж очсон аянчнаас үхэх нь хэмээн айгаад зугтан нисэж байсан шувууд шиг хүмүүс Бурхан Өөрийн үгээ тунхаглахад нь ч мөн үхэх нь гэж айцгааж байсан юм.

Хүн төрөлхтөн Бурханы дуу хоолойг шууд сонсвол айх билээ. Тиймээс Бурхан бидний адил төрхөөр ирсэн. Бурхан бол Сүнс, харин хүмүүс бол махан бие юм. Бурхан хүмүүсийн хувьд үнэхээр сүрдмээр мөн айдас төрүүлэм байх нь дамжиггүй. Тиймээс Тэрээр энэ дэлхийд хүний нэгэн адил махан биеэр ирэх болсон билээ.

“Эхэнд Үг байсан… Үг нь Бурхан байв. … Үг (Бурхан) нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн (Есүсийн) алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:1-14

Махан бие өмсөж ирсэн Есүс бол бүгдийг бүтээсэн жинхэнэ Бурхан мөн билээ. Тэрээр хүний төрхөөр ирж байж л хүн төрөлхтөн Түүнд ойртох юм. Харин хүмүүс Түүний сүр хүч, бурханлаг төрхөөс нь айн сүрдэж, харин махан биеэр хүн болж ирэхэд нь басамжлан үзэн ядсан юм. Тэр үед шашны удирдагчид хэмээн нэрлэгддэг тэргүүн тахилч болон хуулийн багш нар Есүсийн сүр хүчийг ухааралгүй, өөрсөдтэйгөө адил жирийн нэгэн хүн хэмээн үзэж байсан.

“Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв. … Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.” Үйл 24:1-5

Тэр үед шашны удирдагчид Есүсийг “Назарын бүлэглэл” хэмээн нэрлэж байв. Есүс хүн төрөлхтнийг үнэхээр хайрлаж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тэдний төлөө тунхагласан ч, тэд Бурханыг тэрс үзэлтэн хэмээн яллахыг Библид тодорхой харуулж өгсөн.

“… Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. … иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.” Иох 10:27-33

Тэд Есүсийг хүн байж Өөрийгөө Бурхан болголоо хэмээн буруутган чулуу шидэхийг завдаж байв. Ийнхүү тэд Бурханыг хүлээн аваагүй, Түүний үнэт эрдэнэ мэт үгийг ч сонсоогүй.

Иохан номыг бичсэн Иохан нь Есүсийг махан бие өмсөж ирсэн Бурхан хэмээн ухаарсан билээ. Гэвч шашны удирдагчдын нүдэнд Есүс жирийн нэг хүн төдийгүй чулуугаар шидүүлж үхэх нь зохистой дээрэмчнээс ч дор гэмт хэрэгтэн мэт байсан юм. Тиймээс ч тэд дээрэмчин Барабыг суллан Есүсийг цовдлуулахаар хашхирч байсан.

Түүнчлэн Түүнийг бусдаас илүү ойлгох ёстой байсан гэрийнхэн болон хамаатан садан нь ч Түүнийг баривчлуулахаар завдаж байв.

“… —Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав.” Мар 3:20-21

Библид эдгээр үйл явдлыг яагаад бичиж үлдээсэн юм бол? Бид зөвхөн Есүсийн бурханлаг байдлыг ойлгох биш, харин махан бие өмссөнийг нь ч ухаарах ёстой бөгөөд тэгж гэмээнэ бид Бурханыг үнэн зөв таньж чадах юм.

Христийн бурханлаг байдлыг таних сүнслэг нүдтэй байцгаая

Бурхан хүн төрөлхтнийг хайрласан учраас махан бие өмсөн ирсэн боловч хүн төрөлхтөн Түүнийг таниагүй, махан биеэр ирсэн хэдий ч Түүнийг хүлээн аваагүй. Бурханы талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй хэмээгддэг шашны удирдагчид хүртэл сайн мэдээг үл ойшоон дагалдагч нарыг “Назарын бүлэглэл” гэж нэрлэж байсан. Тэд өөрсдийн үйлчилж байсан Бурханаа үгүйсгэн цовдолсон. Тэд Түүнийг цохиж, алгадаад “Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, Христ ээ?” гэцгээн (Мат 26:67-68) доромжилж байв.

Өөр шашинтай хүмүүс ч өөрсдийн итгэдэг бурхдаа ингэж гутаан доромжлохгүй байсан шүү дээ. Харин Бурханд итгэдэг хэмээдэг тэдгээр хүмүүс Есүсийг үзэн ядан эрүүдэн шүүж, хамаатан садан нь Түүнийг “Өөрийн ухаан мэдрэлээ алджээ” хэмээн баривчлуулахыг оролдон, хуулийн багш нар болон тэргүүн тахилч нар Түүний сургаалыг “тэрс” хэмээн буруутгаж, Бурхан мөн болохоо гэрчилж байсан Түүн рүү “Та хүн байж Өөрийгөө Бурхан болгож байна” хэмээн хашхиралдаж байсан юм.

Тэд сүнсээр сохор байсан тул зөв буруу болон үнэн худлыг ялгаж чадаагүй. Тэд зөвхөн махан биеийг нь харан шүүж, Түүний нигүүлслийн сургаалаар сүнсний нүд чихээ нээж чадаагүй. Түүнчлэн тэд Есүсийг үхлээс амилахад хүртэл амилалтыг нь гэрчлэх вий хэмээн цэргүүдийг мөнгөөр хахуульдаж байсан билээ. Тэд тийм няцаашгүй баримт нотолгоонд ч итгээгүй. Тэд өөрсдийгөө гарцаагүй Бурханд итгэдэг гэж бодоцгоож байсан ч, Түүнийг энэ дэлхийд ирэхэд нь тэдний хэн нь ч хүлээн аваагүй.

Энэ бол үнэндээ тухайн үеийн шашны бодит байдал байсан юм. Өнөөгийн байдал нь Есүсийн тэр үетэй адил юм. Есүсийн эхний удаа ирэхэд нь болсон үйл явдлаар Түүнийг хоёр дахиа ирэхэд нь юу тохиолдохыг эргэцүүлэн үзэх хэрэгтэй. Анхны сүмийн үеийн энэ түүх энэхүү эцсийн үед давтагдан, Өөрийгөө Христ болохыг хөдөлшгүй олон баримтаар нотолсоор байхад ч, Түүнийг махан биеэр ирлээ гэсэн шалтгаанаар хүлээн авахгүй байгаа юм.

“… Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна.” 1Тим 2:4-5

Бурхан яаж хүн болж ирэх вэ хэмээн байнга асуудаг хүмүүст Библи “Хүмүүн болох Христ Есүс” хэмээн тодорхой хариулт өгсөн байдаг. Библид Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр антихристийнх буюу Христийг эсэргүүцэгчийнх гэж айлдсан (1Иох 4:1-3). Энэ нь антихристийн сүнсээр заалгасан хүмүүс Есүсийг хүн төрхөөр ирснийг хүлээн зөвшөөрөхгүй болохыг харуулжээ.

Үнэхээр өнөө үеийн христийн шашны номлолууд нь Библийн сургаалаас тэс өөр юм. Тэр үеийн шашны удирдагчдын тогтсон үзэл бодол болон сургаал нь өөрсдийн итгэж байсан Бурханаа цовдлоход хүргэсэн юм. Одоо ч мөн үүнтэй адилхан.

Элч нар хэдийн Христийг хүлээн авсан байхад, хүмүүс Христ махан биеэр ирснийг ухаараагүй. Элч нар ихэд бачимдан мөн санаа зовниж “Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр антихристийнх” мөн “Хүмүүн болох Есүс Христ” хэмээн онцолж байсан юм.

Бурхан Синаи ууланд сүнслэг байдлаар үзэгдэхэд хүмүүс айж зугтсан. Тиймээс Тэр хүн төрөлхтөнд ойртохоор махан биеэр ирсэн. Харин хүмүүс Түүнийг болон сургаалыг нь ч эсэргүүцэж, Түүнийг “Назарын бүлэглэл” хэмээн нэрлэж байсан. Тэд үнэнийг тунхагласан элч нарын эсрэг төрийн шүүхэд ч мэдүүлсэн. Элч нар ердөө үнэнийг хэлснээрээ л буруутгагдаж байжээ.

Үнэнийг үгүйсгэж байсан жишээнүүдийг харахаар жинхэнэ үнэн жирийн хүмүүсийн нүдэнд харагддаггүй байх. Тэгвэл махан биеэр ирсэн Христийг хэн ухаарч, хүлээн авах вэ? Христийг хүлээн авах хүн ба хавчих хүн, Түүний сургаалыг ивээлтэй хүлээж авах хүн ба “тэрс” гэж ад үзэх хүний хооронд тэнгэрийн ивээлээр төрсөн үү, үгүй юү гэдгийн асар том ялгаа оршдог.

“… Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм.” Евр 2:13-15

Аянчинг шувуудад дөхөж очихоор л шувууд зугтан нисэж байсан. Тиймээс тэрээр тэдэнд ойртохын тулд шувуу болохыг хүссэн. Үүний адил Бурханыг ойртоход хүмүүс айж байсан тул Тэрээр энэ ертөнцөд хүүхдүүдийнхээ адил махан биеэр ирсэн билээ. Энэ ертөнц Түүнд итгэх эсэхийг ч, хүмүүс Түүний сургаалыг тэрс гэх эсэхийг ч үл тоон, нэг сүнсэнд ч болов авралыг өгөхөөр энэ дэлхийд ирсэн юм.

Авралын төлөө энэ газарт ирсэн Христ анх үйлчлэлээ эхлүүлэхдээ 46 жил баригдсан сүр жавхлант сүмд очсон биш. Тэрээр Галил нуурын эрэгт амьдралаа залгуулахаар загасчилж байсан Петртэй уулзаж “Намайг дага, Би чамайг хүмүүсийн загасчин болгоно” хэмээсэн. Үүнийг сонсоод Петр тороо орхин Түүнийг дагасан билээ.

“Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.” Мат 4:18-20

Есүс эхлээд олон хүн цуглан Христийг хүлээж байсан сүм рүү очоогүй юм. Харин түүний оронд жижигхэн загасчны тосгонд очин Андрей, Петр нартай таарч тэднээс Өөрийг нь дагахыг хүссэн. Тэд шууд л тороо орхин Есүсийг дагасан. Есүс жаахан цааш явж Иохан, Иаков нартай уулзсан. Тэр мөн тэднийг дуудахад тэд ч шуудхан Түүнийг дагасан юм.

Тэгвэл Есүс яагаад жижигхэн загасчны тосгон руу очсон юм бол? Тэргүүн тахилч болон загасчдын хооронд ихээхэн ялгаа байв. Олон тооны хүмүүстэй, 46 жил баригдсан сүрдмээр том сүмд Бурханд мөргөдөг тэргүүн тахилч нар Бурханы үгийг хүлээж авах хүмүүс биш байсан. Есүс тэдэнд сайн мэдээ тунхаглахад тэд үгүйсгэн Түүнийг тэрс гэцгээж байсан юм. Харин Петрт тунхаглахад тэр баяртайгаар хүлээн авч, Түүнийг хаа ч явсан дагах болсон билээ.

Есүс тэдний сүнсний байдлыг аль хэдийн мэдэж байсан. Тэр Петрт ер нь “Гэмш!” гэж хэлсэн үү? Үгүй. Харин ахлах тахилч болон хуулийн багш нарт Тэр байнга “Гэмшицгээ!” хэмээн тунхаглаж байсан юм. Бурханыг зөвхөн уруулаараа магтавч, тэдний хэн нь ч гэмшихгүйгээр тэнгэрийн хаанчлалд орж чадахааргүй байдалтай байлаа.

Бурхан чанарыг ухаарч Түүний сургаалыг дагадаг болцгооё

Бурхан энэ дэлхийд хүн болж ирэн хүүхдүүддээ шинэ гэрээний Алгасал баярыг авч ирээд, тэднийг диаволаас чөлөөлсөн билээ. Тийн атал өнөөдөр олон сүм “Алгасал баяр сахивал тэрс” хэмээн буруутгадаг. Эцэст нь тэд Алгасал баярын үнэнээр үхлийг мөнхөд залгисан Есүст энэ үгээ хэлж байгаа болно. Зөвхөн анхны сүмийн үед бус, өнөө үед ч шашны удирдагчид Есүсийн айлдсан сургаал бүрийг тэрс гэлцэж байна.

Шинэ гэрээний Алгасал баяр нь Есүс Өөрөө тунхагласан сайн мэдээ бөгөөд элч Паул, элч Петр нараар тунхаглуулсан билээ. Хэрэв үүнийг тэрс гэвэл яг л Паулын эсрэг зарга мэдүүлсэн тэргүүн тахилч Ананиа, өмгөөлөгч Тертул нар шиг болох биш гэж үү.

Хэрэв Есүс дахин махан бие өмсөж ирвэл энэ ертөнц Түүний тухай юу гэх бол? Энэ нь тэд Бурханыг мэддэггүйтэй холбоотой. Тэд Ариун Гуравын сэнтий нэг болохыг хүлээн зөвшөөрдөг хэдий ч үнэндээ яагаад Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрс байгааг мэддэггүй. Тэдний ийн Бурханыг үгүйсгэхийг Есүс “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” хэмээсэн (Иох 15:25). Библид Христ хоёр дахиа ирнэ гэдгийг тодорхой зөгнөсөн билээ.

“… Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:27-28

Есүсийг дахин ирнэ хэмээн зөгнөсөн тул бид Түүнийг хүлээн авахад өөрсдийгөө бэлдэх ёстой. Түүнийг эхний удаагаа ирэхэд нь хүмүүс хүлээн аваагүйтэй адил бид тэдний алдааг давтах ёсгүй. Тэр үед Түүнийг “Назараас сайн юм гарч чадна гэж үү?”, “Ер суралцаагүй атлаа” хэмээн маш боловсролтой язгууртны гэр бүлээс төрөөгүй л бол хэрхэвч Бурхан байж таарахгүй гэцгээн Бурханы сүр жавхланг эсэргүүцэж байсан. Христ тэдэнд олон зүйл тунхагласан боловч тэд сонсоогүй. Эсрэгээрээ шавь нар нь Түүний “Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” гэсэн энэ л үгсийг сонсоод дагаж байсан. Бид аль хүмүүс шиг нь байх ёстой вэ?

“Хоёр дахиа үзэгдэнэ” гэсэн өнөө үед ч бид Христийг бүрэн дүүрэн хүлээн авахын тулд тос дэнлүүгээ бэлтгэх хэрэгтэй. Хачирхалтай нь хүмүүс Христийн сургаалыг үл ойшоон тэрс гэцгээж байгаа атлаа одоо ч Есүс, Паул, Петрийн нэрийг байнга л хэрэглэж байдаг. Есүст итгэхийг шаардаж байгаа хэрнээ сургаалуудыг нь тэрс гэлцсэн тэд бүх зүйл дууссаны дараа Есүст юу гэж тайлбарлах бол? Одоо бид яагаад хүмүүс Христийг эхний удаагаа ирэхэд нь хүлээн аваагүй талаар бодож үзэх хэрэгтэй. Тэр үеийн нөхцөл байдлыг мэдэхгүйгээр өнөө үед хүмүүс яагаад Түүний хоёр дахь ирэлтийг үгүйсгэж байгааг мэдэж чадахгүй, мөн Түүнийг хүлээн авах боломжгүй билээ.

“… Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.” 2Кор 5:16

Ихэнх хүмүүс Христийг махан биеийн байдлаар нь харсан ч, элч нар Есүсийг гаднах байдлаар бус, Түүнийг бурханлаг байдлаар нь жинхэнэ Бурхан мөн гэж ухаарч хүлээн авсан юм. Тэгвэл бид яаж Бурханыг элч нарын адил бурханлаг байдлаар нь зөв таньж, хүлээн авах вэ?

Бид нүдэнд үзэгдэхгүй бичил биет болон хэт холын юмыг телескоп юм уу микроскопоор хардаг. Үүний адил бид Христийг зөгнөлийн нүд болох Библиэр харах хэрэгтэй. Ариун Сүнсээр хөдөлгөгдөн бичигдсэн Библиэр дамжуулан бид махан биеэр ирсэн Бурхан болох Христийн мөн чанарыг ухаарч чадна.

Хэдийгээр Христийг мэдэж болох бүх зүйл Библид бичигдсэн ч, Библид бүрэн итгээгүй тэргүүн тахилч болон фарисайчууд, хуулийн багш нар Түүнийг таньж чадаагүй. Харин шавь нар огт суралцаагүй ч Христийг хүлээн авсан. “Зүрхэндээ цэвэр ариун байгсад Бурханыг харах болно” гэсэн зөгнөлийн дагуу Христийн сургаал зүрхэндээ цэвэр ариун хүмүүсээр дамжин тархаж, тэд л Түүний сургаалыг Бурханы зөв үг хэмээн хүлээн авсан билээ.

“… Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд… Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. …” Кол 1:13-18

Элч Паул ертөнц тэр чигээрээ үгүйсгэсэн Нэгэнийг Бүтээгч Бурхан хэмээн зоригтойгоор нотолсон. Бурхан Өөрийн бурханлаг мөн чанарыг нуусан шалтгаан нь хүмүүс үргэлж Түүнээс айж зугтсанаас болсон билээ. Ийм л хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр бурханлаг төрхөө махан бие дотор далдлан ирсэн юм. Гэсэн ч хүмүүс Түүнийг басамжлан доромжилж, тэрс нэр зүүсэн юм.

Мөн үүний адил өнөөдөр ч ертөнцийн сүмүүд шинэ гэрээний Алгасал баярыг тэрс үзэл хэмээн үзэж байна. Үүнд гайхах зүйлгүй. Анхны сүмийн үед Паул элч шинэ гэрээг тунхаглаж яваад шүүхэд хүртэл дуудагдаж байсан. Паул хэдийгээр тэр үед “Назарын бүлэглэлийн толгойлогч” хэмээн хавчигдаж байсан ч, одоо тэнгэрт тултал магтуулж “гэгээн Паул” хэмээгдэж байгаа билээ.

Өнөө үед мөн Христ хүн төрөлхтнийг ихэд хайрласан тул махан биеэр дахин ирж, авралын сайн мэдээг бидэнд авч ирсэн. Нэг дэх удаа ирэхэд нь ихэнх хүмүүс хүлээн аваагүй шиг өнөө үед ч мөн адилхан. Харин бид итгэлийн өвөг дээдэс болон сургаалынхаа төлөө амиа золиослогчид шиг Христийн сургаалаас болж ертөнцийн ямар ч хохирол амссан зөв замаар хичээн алхах хэрэгтэй. Библид бичигдсэн Бурханы сургаалыг дагаад Бурханаас үлэмж их хайр, ерөөлийг заавал хүртэцгээе.

Есүс “Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн” хэмээн айлдсан юм (Иох 15:18). Бид Христэд хайрлагдсан болохоор энэ ертөнцөд үзэн ядагдах нь мэдээж. Христийн замыг дагах явцад амссан зовлон бол Бурхан агуу том ерөөлөөр буцааж төлнө гэдгийг санаж, өнөө үед аль хэдийн ирчихээд байгаа Христийг зөв ухаараад, Түүнд итгэж, зоригтойгоор тунхаглан, бат бөх хадан дээр итгэлийн байшингаа барьцгаая. Христийн замыг зөв дагаад, нэг хүн ч үлдэлгүй хамтдаа мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа буцацгаая.