WATV.org is provided in English. Would you like to change to English?

Баптисм гэж юу вэ?

435 Үзсэн тоо

Гэрлэлт бол хосуудын хувьд амьдралын нэгэн шинэ эхлэл юм. Хуримын ёслолын үеэр сүйт залуу сүйт бүсгүй хоёр ханийн хувиар насан турш жаргал зовлонгоо хуваалцах амлалт нэг нэгэндээ өгдөг. Үүн шиг баптисм бол бидний Бурхан руу хүрч очих анхны алхам, Бурхантай гэрээ байгуулах ёслол гэхэд болно.

Баптисмаар Бурхан бидний бүх гэм бурууг уучилж, бид ч нүглээр толботсон өнгөрсөн амьдралаасаа салж, хойшдоо Бурханы ард түмний ёсоор Бурханд итгэмжтэйгээр үйлчилж амьдарна гэсэн амлалт тогтдог билээ. Өнгөрсөн амьдралд хийсэн нүгэл хилэнц, гэм буруу бүхэн маань уучлагдан, бид тэнгэрийн хаанчлал явах өдөр хүртэл Бурханы сургаалын дагуу нэгэн шинэ амьдралыг эхлүүлэх шилжилтийн цэг болдог юм. Библид энэ мэтчилэн Бурхантай тогтоосон гэрээний ёслол буюу баптисмын утга учир, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй зааж сургасан байдаг.

Есүсийн жишээ үзүүлсэн баптисм

Есүс баптисм хүртээд сайн мэдээ тунхаглаж эхэлсэн юм.

“Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив. Харин Иохан —Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролдтол Есүс хариуд нь —Одоо ёсоор нь болго. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. Есүс баптисм хүртээд…”Мат 3:13-17

Баптисм нь нүгэлтэн нүглийн уучлал авахын төлөө хүртэх ёстой ёслол (Үйл 2:38). Гэсэн хэдий ч нүгэлгүй Есүс биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөхөөр Мессиа болон энэ газар ирж, аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн тулд Иохан руу очиж баптисм хүртжээ. Бурханд итгэдэг хүмүүсийн тухайд баптисмын ёслол нь зөвт байдлыг гүйцэлдүүлэх итгэл сүсгийн ёслол болохыг Есүс биечлэн жишээ болгон үзүүлсэн юм.

“Дараа нь Есүс шавь нартайгаа иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. Мөн Салимын ойролцоо Аенонд ус ихтэй тул Иохан тэнд баптисм хүртээж байв. Хүмүүс ирцгээж, баптисм хүртэж байлаа.”Иох 3:22-23

Баптисм хүртээд, сургаалаа айлдаж эхэлсэн Есүс хүмүүст баптисм хүртээх жишээ үзүүлсэн. Есүс өөрөө баптисм хүртэж, мөн түүнчлэн хүмүүст баптисм хүртээж байсан учир шалтгаан нь хүн төрөлхтнийг авралд хөтөлдөг Бурханы нүдэнд нэн чухал үнэн юм шүү гэдгийг харуулахын тулд байсан аж.

Баптисмын жинхэнэ утга учир

Махан биеэр бид ээжийнхээ хэвлийнээс нэг дэхээ төрсөн ч Бурхан дотор шинэ хүн болж хоёр дахиа төрөх ёслол бол баптисм юм (Иох 3:3-5 үзэх). Энэ нь Бурхан нүгэлд боолчлогдсон хүн төрөлхтнийг нүгэл гэмээс нь аварч чөлөөлөн, мөнхийн тэнгэрийн хаанчлалын хүн болгоно хэмээн амласан гэрээний ёслол билээ.

“… Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм.”Ром 6:1-4

Урьдын нүгэлт биеэ бид Есүстэй хамт загалмайд цовдолж, Есүс амилсан шиг бид ч шинэ амиар дахин төрөх ёслол бол баптисм. Есүс загалмайд өргөгдсөн нь бид нүглээ ухаарч гэмшихтэй, Есүс булшинд орсон нь бид нүглээ оршуулан усаар баптисм хүртэхтэй дүйцнэ. Есүс булшнаас амилсан нь бид шинэ хүн болж Христийн үйл хэргийг даган амьдарна гэдгээ Бурханд амлаж байгаатай дүйцнэ. Баптисм хүртэн ингэж амьдардаг хүмүүст Бурхан авралаа хайрлана гэж амласан байдаг.

“Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.”1Пет 3:21

Баптисм нь Бурхан бидний сүнсийг аварна гэж соёрхсон “амлалтын тэмдэг” юм. Энэ тэмдгийг эцсээ хүртэл хадгалахын төлөө бид ч Бурхантай тогтоосон амлалтаа биелүүлэх хэрэгтэй билээ. Нүглээс ангижирч Христтэй хамт шинэ амьдралаар амьдарна гэсэн амлалтаа өөрсдөө бид дураараа зөрччихөөд, бидэнд аврал өгнө гэсэн амлалтаа биелүүлэхийг Бурханаас шахаж шаардаж болохгүй биз дээ?

Христ амьдралаа ертөнцийн авралын төлөө зориулсан шиг баптисм хүртсэн бид ертөнцийг аварч, зөвт байдалд хүргэх ёстой. Мөн тэнгэрийн хаанчлалын мөнх амийн амлалтыг хүн төрөлхтөнтэй хуваалцах үүрэг хариуцлага бидэнд бий. Тиймээс Есүс баптисмаар бидэнд авралын тэмдэг өгөхийн зэрэгцээ дэлхий даяар сайн мэдээ тунхаглан, аль ч үндэстэн рүү очсон бай эхлээд баптисм хүртээхийг захисан билээ.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд… Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.”Мат 28:18-20

Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы амлалт бүхий баптисм хичнээн чухал гэдгийг Есүсийн үгнээс ухаарч болно. Христийн тушаасан бүхнийг зааж сахиулахад нэн түрүүнд гүйцэтгэх ёстой ёслол бол баптисм юм.

Зөвт байдлын замаар гүйцэлдүүлэх баптисм

Баптисч Иохан Исаиа номд зөгнөсөн цөлд хашхирагч нэгний ёсоор Бурханаас илгээгдэн, Есүст болон хүмүүст баптисм хүртээж байжээ (Мат 3:1-6). Энэ нь түүний өөрийн хүслээр хийсэн ажил биш, харин Бурханаас илгээгдсэн эш үзүүлэгчийнхээ хувьд гүйцэтгэсэн үүрэг байсан юм.

“… Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас урьтаж Бурханы хаанчлалд орно. Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид ба янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзээд гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.”Мат 21:31-32

Баптисч Иоханы үзүүлсэн “зөвт байдлын зам” нь баптисмыг заасан аж (Иох 1:24-34). Бурханаас илгээгдсэн баптисч Иоханы үүрэг нь гэмшлийн баптисм хүртээх явдал байжээ. Есүс баптисм нь зөвт байдлын замыг гүйцэлдүүлэх ариун ёслол болохыг, мөн баптисм хүртэхээс татгалзсан хүмүүсийг гэмшдэг ч үгүй, итгэдэг ч үгүй хүмүүс гэж заажээ.

“Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурханы шударгыг хүлээн зөвшөөрчээ. Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг (хүслийг, NKJV англи Библи) үл хэрэгсэв. —Энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ? Тэд гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм.”Лук 7:29-32

Олон хүн баптисм хүртсэн ч фарисайчууд болон хуулийн багш нар баптисм хүртэхээс татгалзсан юм. Хажууд нь хөгжилтэйгөөр лимбэдэхэд хүн аяндаа бүжиглэж, гашуудлын дуу дуулахад хамт дуулах ёстой атал тэд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, мэдрэлгүй хүн шиг байцгаасан. Бурханы үнэнийг зааж өгсөөр байхад хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа тэднийг Есүс Бурханы хүслийг үл хэрэгсэгчид хэмээсэн юм.

Бурханы хүслийн дагуу үйлддэг хүн л тэнгэрийн хаанчлал явж чадна гэсэн үгийн дагуу авч үзвэл (Мат 7:21) баптисм нь хүн төрөлхтнийг аварч, тэнгэрийн хаанчлал өөд хөтлөх гэсэн Бурханы ариун хүсэл билээ.

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.”Мар 16:15-16

Шинэ гэрээний үнэн дотор хүртдэг авралын баптисм

Баптисмын тухайд өмнө нь өөр сүмд баптисм хүртсэн болохоор дахиж хүртэх шаардлагагүй гэж боддог хүмүүс мэр сэр бий. Харин тэд хүртсэн баптисмаа Библид үндэслэсэн эсэхийг бодож үзэх шаардлагатай болов уу. Усаар баптисм хүртсэн байлаа ч баптисм болгонд Бурханы авралын амлалт шингэсэн биш.

Баптисм нь зүгээр нэг үйлс үйлдэл төдийгөөр хязгаарлагдах ёслол биш, Бурханы амлалт шингэсэн зарлиг юм. Баптисмын үед хэрэглэдэг ус, усанд орохдоо хэрэглэдэг ус хоёр уг нь адилхан ч амлалт байгаа эсэхээс хамааран асар их ялгаатай. Баптисмын ёслолд хэрэглэдэг усанд Бурханы амлалт болон авралын тэмдэг бий. Гэвч усанд орохдоо хэрэглэдэг усны тухайд Бурханы амлалттай ямар ч хамаагүй, ердөө махан биеийн бохирыг арилгадаг төдий.

2000 жилийн өмнө фарисайчууд Есүс болон элч нарын баптисмыг дуурайн үйлдсэн гээд бодоод үзье. Тэр нь чухам авралын баптисм болж чадах болов уу? Түүн дотор Бурханы амлалт байхгүй юм. Бурханы амлалт дотор хүртсэн баптисм л сая нэг биднийг аврах авралын тэмдэг болж чадах юм.

Бурхан хаана, хэнээр дамжуулан авралын баптисм зөвшөөрсөн гэдгийг бодож үзэцгээе. Баптисмын жишээ үзүүлсэн Есүс шавь нарынхаа хамт олон хүнд баптисм хүртээсэн (Иох 3:22-30). Есүсийг даган баптисм хүртээсэн шавь нар нь бүгдээрээ ямар үнэн дотор, ямар итгэл дотор байсныг Библид тодорхой тайлбарласан байдаг.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”Лук 22:7-8, 19-20

Петр, Иохан нар Есүсийн тушааснаар Алгасал баярт бэлтгэж, Есүстэй хамт шинэ гэрээний Алгасал баяр сахисан юм. Есүстэй хамт баптисм хүртээж явсан тэд бүгдээрээ шинэ гэрээний үнэн дотор амьдарч явсан элч нар шүү дээ.

Бурханы хүлээн зөвшөөрсөн баптисмыг хүртье гэвэл мэдээж Бурханы оршин байгаа газарт хүртэх ёстой. Бурханы оршин байгаа газар нь баяр сахидаг Сион юм (Дуу 132:13-14, Иса 33:20). Бурхан Сионд оршин суугаа хүмүүсийг “Миний ард түмэн” хэмээж, шинэ гэрээ сахидаг хүмүүсийг Өөрийн ард түмэн болгосон байдаг (Иса 51:16, Иер 31:31-34).

Энэ мэтээр зөгнөлийн дагуу Есүс Алгасал баяр гэдэг баяраар шинэ гэрээгээ тунхаглажээ. Шинэ гэрээний үнэнийг сахидаг, Бурхан оршдог Сион. Тэнд хүртээж байгаа баптисм л авралын баптисм болох юм.

Элч нарын үеийн баптисмын түүх болон сургамж

Есүсийг амилаад, тэнгэрт одсоны дараах элч нарын үеийн түүхийг ариун Библийн дүр зургуудаас нягтлан үзвэл баптисм хүртээх ажил шинэ гэрээний үнэнийг тунхаглаж байсан шавь нарт тулгуурлан явагдаж байжээ.

“Мөнөөх тайган хүн, Филипт —Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд Филип ам нээн тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв. Тэд замаар явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн —Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв. [Филип —Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр —Есүс Христ Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна гэж хариулав.] Тэгээд тэрээр тэргийг зогсоохыг тушаан тэд хоёул ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ. Тэд уснаас гарч ирэх үед…”Үйл 8:34-39

Кандакийн хатан хааны тайган амбан баптисм хүртсэн учир нь баптисмд авралын амлалт байгаад юм. Ийм амлалтын баптисмыг хэн дуртай нь хүртээдэг юм биш, гагцхүү Сионд оршдог Бурханы зөвшөөрсөн эш үзүүлэгч хүртээж болдог байсан юм.

“Амралтын өдөр бид хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж, цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа…”Үйл 16:13-15

“… тэр —Бамбар авчир гээд, үсрэн орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв. Тэр тэднийг гаргах зуураа —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв. … Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угаагаад, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв.”Үйл 16:27-33

“… Тэгтэл Петр —Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ. Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. …”Үйл 10:37-48

Лудиагийн гэрийнхэн болон хуягийн гэрийнхэнд Паул баптисм хүртээсэн, зуутын дарга Корнелын гэрийнхэнд Петр баптисм хүртээсэн. Паул бол “Би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан” (1Кор 11:23) гээд шинэ гэрээний Алгасал баярыг тунхагласан элч юм. Петр ч мөн түрүүхэн үзсэн Лук 22-р бүлэгт гардаг шинэ гэрээний Алгасал баярт Есүсийн зааварласнаар бэлтгэж, сахисан элч юм. Тэд бүгдээрээ л баяр сахидаг Сионд сургагдсан хүмүүс. Сионд оршдог Бурханыг хүндэтгэж, Сионд байдаг шинэ гэрээний хуулийг сахисан хүмүүс. Шинэ гэрээний хуулийн нэг нь баптисмын зарлиг болохоор тэд Есүсийн сургаалын дагуу үүнийг гүйцэтгэж байсан юм.

Өнөө үед олон сүм баптисм хүртээж байгаа гэдэг ч шинэ гэрээний үнэн байхгүй газар хүртсэн баптисм нь Бурханд хүлээн зөвшөөрөгдөхгүйгээр үл барам ямар ч утга учиргүй хэлбэр төдий ёслол болно. Сионд Бурханы амласны дагуу, шинэ гэрээний үнэн дотор хүртээдэг баптисм л жинхэнэ баптисм юм. Бурхан авралын амлалтаа Сионд соёрхож, мөнх амийн ерөөлөө тэнд тушаасан билээ.

Биднийг Сионд дуудан, гэм нүглийн уучлал болон авралын ивээл соёрхсон тэнгэр Эцэг Эхдээ талархал өргөөд, хүртсэн баптисмынхаа утга учрыг дахин сэтгэлдээ хоногшуулахыг хүсэх байна. Улмаар шинэ гэрээний үнэн дотор хараахан авралын баптисм хүртээгүй олон хүнд сайн мэдээ тунхаглаж, тэднийг ч бас Бурхан оршдог Сионд авралын тэмдэг автал нь хөтлөөрэй. Баптисмд шингэсэн амлалтыг цаг үргэлж санаад, Бурхан биднийг аврахын төлөө бүхнээ зориулж байгаа шиг бид ч ертөнцийг аврах үйлсэд хамтдаа зүтгэн, Бурхантай нэгдэн ажиллах сайхан итгэлтэй болцгооё.