Эдүгээ Сионы ах эгч дүүс маань Библийн зөгнөлийн дагуу ертөнц дахиныг авран, үүгээрээ Бурханд баяр баясгалан өргөе гэсэн итгэлээр арван талантын хөдөлгөөнд бүх зүрх сэтгэлээ дайчлан оролцож байна. Эцэг Бурхан, Эх Бурханд итгэх итгэлээр дэлхий ертөнц ивээлтэйгээр өөрчлөгдсөөр байгааг бид харсаар байна. Юм бүхэн зөгнөлийн дагуу биелдэг гэдгийг Бурхан бидэнд баталж харуулсан. Ариун газар багтахааргүй олон гэр бүл баяр тэмдэглэлээ гэсэн мэдээ газар бүрээс ирсээр. Дэлхийн өнцөг булан бүрээс “Ариун газрыг маань томсгож өгөөч” гэсэн хүсэлт олноороо ирж, Сионы гэр бүлүүд үнэн дотор усны түрлэг мэт цутган ирцгээж байгаа.
Бид ердөө үгийн дагуу явж, сайн мэдээг дамжуулсан төдий байхад асар богино хугацаанд энэ олон гэр бүл үнэн дотор ирж байгаагаас үзвэл сайн мэдээний бүх ажлыг Бурхан яаравчлан гүйцэлдүүлж байгаа нь илт. Библийн зөгнөлийн дагуу ертөнц итгэлээр аажим аажмаар өөрчлөгдөн, Бурханы урьдаас тогтоосон бүх үйл хэрэг биелж байгаа гэдгийг одоо Библиэс баталж үзье.
Сайн мэдээний үйлчлэгч нарт зайлшгүй шаардлагатай зүйл бол итгэл. Итгэлгүйгээр хийж буй ажил ямар ч өөрчлөлт авчрахгүй.
Эх “Том үйлчлэгч том итгэлтэй байвал том итгэл нь агуу гайхамшиг дагуулна” хэмээн айлдсан байдаг. Эцэгийн айлдсан зөгнөлүүд дотор ч “Коммунизм ба ардчилал ертөнцийг донсолгон шуугиулах боловч дэлхий даяар Сионы гэр бүлээ хайх сүүлчийн түүх босох үеэр түүнээс ч илүүгээр ертөнцийг гайхшируулах болно” гэсэн үг бий.
Тэрхүү зөгнөлийн дагуу дэлхий одоо хөл хөдөлгөөн ихтэй байна. Арван талантын хөдөлгөөн аажим аажмаар эрчимжиж, Эцэг Эхийн яруу алдрыг хараад ертөнцийн хүмүүс Сион руу цутган ирж буй баярт мэдээ ирсээр. Солонгост байгаа нь Солонгостоо, гадаад нь гадааддаа Бурханы үгийг тунхаглахад хичээн, хүмүүс телевиз, радиогоор ч хүртэл Бурханы үг сонсож, олон хүн сүм рүү зорин ирж, үнэнийг хүлээн авах үйл хэрэг байнга тохиож байна.
Дэлхий ертөнц, сансар огторгуйг нэлэнхүйд нь донсолтол сайн мэдээ тунхаглацгаая. Сионы гэр бүлүүд зөгнөлд итгэн дагасан учраас Бурхан ийнхүү гайхамшигт түүхийг гүйцэлдүүлж байгаа хэрэг.
“Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд” Мар 9:23
Нэгэн хүн чөтгөрт эзэмдүүлсэн хүүгээ Есүс дээр авчран, Есүсээс чухалчлан тусламж гуйжээ. Гэвч тэрээр итгэлгүйгээр Есүс рүү очсон тул “Эзэн, хүүг минь эдгээж өгөөч” гэж гуйхын оронд “Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач” гэсэн юм (Мар 9:14-22). Энэ үгэнд Есүс ихэд харуусаж, итгэдэгт нь бүх юм боломжтой гэдгийг ойлгуулсан байдаг.
“Энэ үнэхээр биелнэ гэж үү?”, “Долоон удаа тойроод хашхирахад Иерихо нурж унах болов уу?”, “Таягаа өргөлөө гээд Улаан тэнгис хуваагдах уу даа?”, “Есүс зүгээр залбирахад л таван талх, хоёр загас таван мянган хүнийг хооллох хүнс болж чадна гэж үү?”
Энэ мэт эргэлзсэн сэтгэлээр хардаг хүн юу ч харж, юу ч мэдрэхгүй юм. Харин итгээд хийдэг хүнд бүх юм боломжтой, цөм биелнэ.
Бидний Бурхан бүгдийг бүтээдэг төгс хүчит Нэгэн билээ. Боломжгүй зүйл гэж үгүй Бурхан сүүлчийн сайн мэдээний ажлыг биелүүлэнгээ бидэнд сайн мэдээний ажил хийх чадвар хайрлаж, хийгээрэй гэж биднээс хүссэн. Бидэнд чадахгүй ажил даалгаагүй учраас итгэдэгт нь бүх юм боломжтой гэдэгт итгээд бодитоор ажил хэрэг болговол ивээлтэй үр дүн гарч л таараа.
Өмнө нь нэг жилийн хугацаанд биелдэг байсан сайн мэдээний ажил одоо сарын дотор биелж, сард биелдэг ажлууд долоо хоногт дуусдаг болж байх шиг. “ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” (Иса 60:22) хэмээн айлдсанчлан Бурхан итгэдэгт нь бүх юм боломжтой байхаар итгэлийг ч өгч, мөн авралын зар тараах чадвар, мэргэн ухааныг ч соёрхож, Ази, Африк, Европ, Өмнөд болон Хойд Америк, Номхон далайн орнууд гээд дэлхий дахин Эх Бурханы энгэрт цуглацгааж байна.
Итгэлгүйгээр гуйвал авч чадахгүй болохоор Есүс ийм байдалд харуусаж “Итгэдэгт нь бүх юм боломжтой” хэмээн айлдсан аж. Итгэлгүйгээр хийж буй аливаа ажил бүгд нүгэл хэмээн Библид бичсэн байдаг.
“Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.” Ром 14:23
Итгэлгүйгээр “Та чаддаг бол хийж өгөөч”, “Боломжтой бол бүтээж өгөөч” гэх биш, Бурхан тэр ажлыг чадна гэсэн итгэлтэйгээр хийсэн үед Бурхан чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг түүх төдийгүй түүнээс ч илүү агуу гайхамшиг, гайхамшгийн дээд гайхамшиг болсон мөнх амийн ертөнцөд биднийг хөтлөх юм. Итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг боломжгүй юм. Харин итгэлээр үйлдвэл Бурханд яруу алдар өргөнө.
“Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.” Евр 11:6-7
Итгэлгүйгээр хэн ч Бурханд таалагдахгүй. Ноагийн бүхээг хийсэн цаг үеийн талаар бодож үзэцгээе. Тэрээр дэлхий бүхэлдээ усаар шүүгдэж байсныг ганц ч удаа хараагүй хэр нь Бурханы үг болохоор зайлшгүй биелнэ гэдэгт итгээд, бүхээг бэлджээ. Тэр үед тийм том хэмжээний усан онгоц хийнэ гэдэг хялбар ажил огт биш байсан ч Ноа түүнийг итгэлээрээ хийсэн юм.
Өнөө үед ертөнцийн хүмүүс төсөөлж ч чадахгүй байсан дэлхий дахины авралын ажил өдөр өдрөөр хурдаа нэмсээр. Бурхан эрхэм чухал хүслээ хэрэгжүүлж, арван талантын хөдөлгөөн ба улмаар гадаад сайн мэдээнд эрч хүч нэмж хайрладаг билээ. Энэ ажлыг зайлшгүй биелүүлж өгнө гэх итгэлээр өнөөг хүртэл тунхаглагдаагүй дэлхийн газар бүрд Бурханы мэдээг тунхаглацгаая. Дэлхийн сайн мэдээ бидний хүч чадлаар бус Бурханы хүчээр гүйцэлдэнэ гэдэгт итгээд энэ ажилд оролцвол Бурхан ийм итгэлийг үзэсгэлэнтэйгээр харж, итгэлтэй хүнийг арван талантаар ерөөх болно.
Итгэл байсан болохоор Улаан тэнгис хуваагдаж, итгэсэн болохоор төмөр хэрэм мэт Иерихо нурсан билээ. Мөн 430 жил боолчлогдсон Египетээс гарч чадсан нь ч итгэл байсны улмаас биелсэн аж. Израилийн өнгөрсөн түүхийг харахад огт байж боломгүй, боломжгүй байсан зүйлсийг ч итгэлтэйгээр хийхэд Бурхан боломжтой болгон өөрчилж эргүүлсэн байдаг.
Бүх ажлыг Бурхан удирдаж байдаг билээ. Бурханы хөтөлж буй авралын ажил болохоор энэ ажил болохгүй, удаашрах байх гэсэн бодлоо сэтгэлээсээ бүгдийг нь бид арчих хэрэгтэй. Зөгнөлд итгэх итгэлээр хийвэл хэзээ нэгэн цагт тэрхүү итгэлийн дагуу Бурхан бүгдийг биелүүлж өгнө.
“Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. …” Иса 40:9-11
“Амар тайвныг сонордуулж, сайн сайхныг мэдээлж, авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх сайнмэдээ авчрагчийн хөл уулсын дээр юутай үзэсгэлэнтэй? Харуулууд чинь дуугаа өргөн, хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна. ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ. … ЭЗЭН ариун мутраа хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ.” Иса 52:7-10
Сионы харуулуудад “Манай Бурхан хүн төрөлхтнийг аврахаар энэ газар ирсэн. Тиймээс Бурхантай уулзахаар Сион руу ирээрэй” гэсэн мэдээг тунхаглах үүрэг даалгасан. Энэ сайхан мэдээг Самари ба дэлхийн хязгаар хүртэл хурдан тунхаглацгаая. “Эцэг Бурхан, Эх Бурхан оршдог Сион руу ирээд, Бурханыг маань хүлээн аваарай” гэж бүх үндэстэнд мэдүүлье. Биднийг тунхаглахад Бурханы гүйцэлдүүлж буй авралын үйл хэргийг хүн төрөлхтөн цөм харах болно.
Бурханы түүх зайлшгүй биелнэ. “Бурханы захирч буй Сионд ирээд, Эх Бурханд итгэн аврагдъя” гэсэн мэдээг олон хүний зүрх сэтгэлд суулгахад дэлхийн салбар сүм бүрээс авралын гайхалтай түүх гарч байна. Сайн мэдээний түүхийг Бурхан хөтөлж байгаа учраас Сионд бүх юм боломжтой. Итгэдэг хүнд Бурхан чадвар өгдгийг марталгүй, Библийн сургаалын дагуу зөгнөлд итгээд, бүх ажлыг гүйцэтгэцгээе.
“Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ. … Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.” Иса 14:24-27
Бурхан эш үзүүлэгчээр дамжуулан тэмдэглүүлж, хойч үедээ тунхагласан энэхүү зөгнөл нь Бурханы бодол шүү дээ. Тэгэхээр Бурханы бодсон хэрэг зайлшгүй биелнэ.
Дэлхий даяараа манай Бурханы авралыг үзнэ гэдгийг Тэрээр урьдчилан тогтоож, зөгнөсөн билээ. Бурхан удирдаж байгаа учир зөгнөлийн гол баатруудын хувиар бид зайлшгүй бүтнэ гэдэгт итгээд, энэхүү ажилд оролцоцгооё.
Сайн мэдээний ажил нь Бурхан удирдаж байдаг зайлшгүй биелэх ажил гэдгийг шинэ гэрээний Библид мөн адилхан тайлбарласан байна. Итгээд гүйцэлдүүлэх хүнд бүх юм боломжтой ч эргэлзэж тээнэгэлздэг хүн нь ажил ч хийж чадахгүй, итгэлийн амьдралын баяр баясгаланг ч олж авч чадахгүй.
“Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:13-14
“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20
Бүх үндэстэнд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглах энэ ажлыг Сионд оршигч Елохим Бурхан удирдаж байна. Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн Сионы хүүхдүүд дэлхий даяар гарч, зөгнөсний дагуу биелүүлж байгааг нь харвал Библийн зөгнөлөөс үнэхээр зугтах аргагүй гэсэн бодол төрнө. “Үеийн төгсгөл хүртэл та нартай үргэлж хамт байх болно”, “Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна” (Иох 5:17) хэмээн айлдсаныг санан, Эцэг Эхийн хамтдаа гүйцэлдүүлж байгаа сайн мэдээний ажилд бид оролцож байгаа гэдэгт, мөн Бурхан бүх үндэстний сэтгэлийн үүдийг нээж өгч байгаад нь ч итгэлээ чанд байлгахыг хүсэж байна.
Өмнө нь нэг сүм байгуулагдахад хэдэн сар, хэдэн жил зарцуулагддаг байсан боловч одоо авралын зар тараагч нар өөрсдөө зардлаа гаргаж, сүм байхгүй бүс нутагт очоод ирвэл сүм нэгээр нэмэгдэж байна. Сайн мэдээний түүх яагаад ингэж хурдтай биелж байна вэ? Яагаад гэвэл энэ ажлыг Бурхан явуулдаг юм. Хоосолчихоод байхад ч тасралтгүй дүүрээд байдаг Зарефатын бэлэвсэн эмэгтэйн саван дахь гурил шиг өрх тусгаарлан гарлаа ч үргэлж дүүрэн байх ерөөлийг Бурхан Сионд өгч байгаа билээ.
“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ.” Иса 60:1-4
“Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:21-22
“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, охидыг чинь мөрөн дээрээ авчирна. Хаад чиний тэжээгчид, хатад нь чиний өрлөг эх болж, өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.” Иса 49:22-23
Бурханы хүүхдүүдийг энгэртээ ч тэврээд, мөрөндөө ч үүрээд ирэх бөгөөд үндэстнүүд Иерусалим руу цуглах болно хэмээсэн. Ингэж цуглах Сионы гэр бүлүүд 5 далай, 6 тив, дэлхий дахинаас Эцэг Эхийн энгэр рүү олноороо буцан ирж байгаа бөгөөд одоо ч энэ зөгнөл биелсээр л. Бид босоод гэрэлтүүлэхэд Бурхан энэ мэтээр ажлаа яаравчлуулах болно хэмээсэн.
“Учир нь балгас болон хоосорсон газрууд, сөнөсөн нутаг чинь оршин суухад хэтэрхий давчдаж, чамайг залгигчид холдоно. Эндсэнээс хойших хүүхдүүд чинь чихэнд «Энэ нутаг надад хэтэрхий давчуу тул надад амьдарч болох газар өгөөч» гэж хэлнэ. Тэгэхэд чи зүрхэндээ «Би хүүхдүүдээсээ хагацсан, хүүсэр, цөлөгдсөн болоод тэнүүлч тул хэн тэднийг надад төрүүлэх вэ? Хэн тэднийг өсгөх вэ? Үзэгтүн, би ганцаараа үлджээ. Тэд хаана байв аа?» гэж хэлнэ.”” Иса 49:19-21
Хүүхдүүд нь хожмын өдөр Иерусалим Эхдээ “Энэ газар хэтэрхий давчуу байна, өргөтгөж өгөөч”, “Бидэнд ч бас давчдаад байна. Өрөө өгөөч” гэж хэлнэ хэмээн зөгнөжээ. Том байр бэлдэж өгсөн ч төд удалгүй цөм дүүрчихээд дахиад өрөө өгөөч гэнэ. Зөгнөл гэгч ийм зугтах аргагүй юм. Библид ингэж зөгнөсөн байхад бид ийм мэдээ хүлээн авахгүй гээд ч яахав. Зөгнөлийн дагуу Солонгос ба гадаад дахь Сионууд байнга нэмэгдсээр байна. Энэ бол Бурханы өдөр бүр Сионд биелүүлж байгаа түүх.
Эцэг Эх “Би чамд тусална, Би чамтай хамт байгаа тул битгий ай, зоригтой яваад дуудагтун” хэмээсэн. Юу дуудах вэ гэдгийг ч хэлсэн. “Махтай бодтой бүхэн нь өвс мэт, гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм. Гоо үзэсгэлэн нь богинохон, амьдрал гэгч нь цаг хугацаатай, утгагүй хоосон тул зөвхөн Бурханд итгээд аврал аваарай, Бурхан тань энэ байна” гээд энэхүү мэдээг аль болох их тунхаглах ёстой гэдгийг заасан юм (Иса 41:10, Иса 40:6-11 үзэх).
Бид зөгнөлийн бүрээн дуугаар хөдлөх ёстой. Өөр арга чарга гэхээсээ зөгнөлийн аргыг өөрсдийн аргаа болгож, Эцэг Эхийн хөтөлж буй энэ зам Сионы гэр бүлүүдийг бүгдийг нь олох ерөөлтэй зам гэдэгт заавал итгээд, ажиллацгаая.
Библид итгэлээр хийгээгүй бүхнийг нүгэл хэмээсэн тул итгэлтэй байж, сайн мэдээний түүхийг биелүүлье. Бурханы гүйцэлдүүлж буй авралын үйл хэрэгт дуудагдан оролцсондоо цаг ямагт талархан, Библийн зөгнөл дагуу олон хүнд тэнгэр Эхийг тунхаглан гэрчилж, Бурханд хайрлагдаад агуу их ерөөл авахыг хүсэж байна.