Хуучин гэрээнд Есүс гэдэг нэр нэг ч удаа тэмдэглэгдээгүй байдаг. Тэгвэл Есүсийн шавь нар хэрхэн Түүнийг Христ хэмээн таньж, Түүнд итгэсэн юм бол оо?
Шинэ гэрээний үед ирэх ёстой Христ “Есүс” гэдэг нэрээр ирнэ гэсэн нэг ч тэмдэглэл хуучин гэрээний Библид байдаггүй. Хэрэв “Есүс” гэдэг нэр зөгнөгдсөн байсан бол Есүс гэсэн нэртэй болохоор Христ гэж итгэх нь харин ч хэцүү байх байсан. Учир нь Есүс гэдэг нэр иудейчүүдийн дунд түгээмэл нэр байсан юм (Кол 4:11).
Тийм болохоор Есүс гэдэг нэр бол Түүнийг Христ гэж итгэх туйлын нөхцөл биш юм. Харин итгэж болох хамгийн чухал баримт нь хуучин гэрээнд Христийн тухай зөгнөгдсөн бүх зөгнөлийг гүйцэлдүүлсэн Есүсийн тэр бүх ажлууд юм. Тиймээс ч Есүс, Бичвэр [Библи] Христ болох Өөрийг нь гэрчилдэг хэмээсэн.
“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39
сүсийн гэрчлэл
Есүс Өөрийгөө Христ гэдгийг Библиэр гэрчилсэн юм. Баптисч Иохан өөрийн шавь нартаа үг дайж, “Та ирэх ёстой Нэгэн (Христ) мөн үү?” гэж асуулгахад Есүс тэдэнд Христ ирэх үед биелэгдэх ёстой Библийн зөгнөлүүд хэрхэн биелэгдэж байгааг мэдүүлдэг (Мат 11:1-5). Мөн Есүс Амралтын өдөр синагогт цугласан иудейчүүдэд Христийн тухай зөгнөлүүдийг уншиж өгөн, тэдгээр нь хэдийн биелэгдсэн хэмээн тунхаглаж байсан (Лук 4:16-21).
Есүс амилсныхаа дараа Еммау руу явж байсан хоёр шавьдаа үзэгдсэн. Тэрээр Библиэс эш татан тайлбарлаж, загалмайд өргөгдөөд дараа нь амилах тухай зөгнөл нь Христээр дамжин биелэгдэх зөгнөл болохыг ухааруулахад шавь нарынх нь бүлээн байсан итгэл халуун болж өөрчлөгдсөн юм.
“Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. … Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,” Лук 24:25-32
Үүнээс гадна Есүсийг Аврагч гэдгийг нотлох олон баримтууд Библид байдаг. Тиймээс ч Есүсээр заалгасан элч нар Есүсийн гүйцэлдүүлсэн хуучин гэрээний зөгнөлүүдийг нотолгоо болгон Есүс бол Христ хэмээн тунхаглаж байсан. Энэ нь элч нар юунаас ч илүүгээр Библийн үгэнд итгэж байсныг, Есүс бол Христ гэсэн бат итгэлтэй байсныг харуулж байгаа юм.
Элч нар Есүсийг “Мессиа” болохыг Библиэр гэрчилсэн нь
Есүсийн арван хоёр дагалдагчийн нэг Матай Түүнийг Христ мөн гэж гэрчлэх зорилгоор Матай номыг бичсэн. Элч Матай Есүс хэрхэн мэндэлсэн, хэрхэн амьсгал хураасан мөн хэрхэн амилсан бэ гэх бүхий л замналуудыг нь хуучин гэрээний зөгнөлүүдтэй харьцуулан холбож улмаар Библид зөгнөгдсөн Христ бол Есүс хэмээн гэрчилсэн юм.
“Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. … Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.” Мат 1:18-23
Есүс онгон бүсгүйгээс төрсөн нь Бурханы 700 жилийн өмнө эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн зөгнөлийн биелэлт байсан (Иса 7:14). Бетлехемд мэндэлсэн нь ч мөн адил хуучин гэрээний Мика номд зөгнөсний дагуу биелсэн юм (Мик 5:2).
“Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, … Бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлажээ. Тэд түүнд —Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч чамаас гарах болно” гэсэн гэж хариулав.” Мат 2:1-6
Есүсийг замналаа эхлүүлэхээс өмнө Түүний замыг бэлтгэх эш үзүүлэгчийг илгээх талаар мөн Галил, Назарт сайн мэдээний их гэрлийг харна гэх зэрэг зөгнөлүүд хуучин гэрээнд байсан. Эдгээр зөгнөлийг гүйцэлдүүлсэн Есүсийн үйлсийн талаар Матай номонд хаа сайгүй өгүүлсэн байдаг (Мат 3:3, Иса 40:3-9, Мат 4:12-17, Иса 9:1-2).
Есүсийн хамгийн итгэмжит шавь Петр ч бас Есүсийг Аврагч гэдгийг Библийн зөгнөлөөр дамжуулан гэрчилж байсан. Пентэкостын өдөр болоход Петр овог бүрээс ирсэн иудейчүүдэд тэнгэрээс гал мэт Ариун Сүнс цутгах тухай Иоел номны 2-р бүлэгт зөгнөснөөр тайлбарлажээ. Мөн Дуулал номны 16-р бүлэгт Есүсийн амилалтын тухай зөгнөсөн болохыг дэлгэрэнгүй тайлбарлаад Түүнийг гэрчилж байсан. Ийнхүү түүний гэрчлэлээр тэр өдөр 3000 хүн гэмшиж, баптисм хүртсэн байдаг.
“Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж… Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, “Бурхан айлдахдаа «Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. … Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд…” Үйл 2:14-36
Петр Соломоны танхимд цугларсан олон хүмүүсийн өмнө Есүсийн тухай сургаал айлдаж байхдаа, хуучин гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөл дагуу ирсэн Нэгэн бол Есүс хэмээн гэрчилж байв (Үйл 3:11-26). Энэ мэтчилэн элч Петр Библийн зөгнөлүүдээр дамжуулан Есүсийг Христ хэмээн хичээнгүйлэн гэрчилсэн учир нь хуучин гэрээнд бичигдсэн бүх зөгнөлийг гүйцэлдүүлж, Христ гэдгээ итгүүлэх маргашгүй баримтуудыг Тэрээр үзүүлсэнд байгаа юм. Тиймээс Петр хэлэхдээ харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт зөгнөлд ч мөн адил тийнхүү анхаарлаа хандуулж байхыг биднээс хүссэн.
“Үүгээр бид илүү баттай эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гийх хүртэл, харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.” 2Пет 1:19
Бидэнтэй ав адилхан махан бие өмсөөд ирсэн Бурханы бурхан чанар хийгээд хүчийг нь таниулж өгөх цорын ганц зүйл бол Библи юм. Тиймээс ч анхны сүмийн итгэгч нар Библиэр дамжуулан Есүс бол Христ гэдгийг тунхаглаж байсан. Филип мөн адил Етиопын бүх сан хөмрөгийг хариуцагч тайган амбанд Исаиа 53-р бүлгийн зөгнөлийг тайлбарлаж өгөн, бидний гэмийн төлөө золиослогдсон Нэгэн бол Есүс Христ хэмээн нотолсон.
“… Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав. … Филип ам нээн тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.” Үйл 8:26-35
Анхны сүмийн үед элч Паул ч бас харь нутгаар хэрэн явж, Библиэр Есүс бол Христ хэмээн хэн хүнээс илүү хүчтэйгээр тунхаглаж байсан.
“Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.” Үйл 17:2-3
“Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.” Үйл 28:23
Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа Бурханы сүмд ирсэн элч Паулын хувьд Есүс бол Христ гэдгийг ухааруулж өгсөн баттай баримт нь Библи байсан юм.
Библид хандах бидний итгэл
Энэ хүртэл судалж үзэхэд анхны сүмийн үед элч нар Есүсийг Христ хэмээн итгэж, гэрчлэхдээ зөвхөн Есүс гэдэг нэрээр биш харин Библийн зөгнөл хэрхэн биелэгдсэнээр нь Түүнийг нотолж байжээ. 2000 жилийн өмнө хэдийгээр хуучин гэрээний Библид Есүсийн нэр дурдагдаагүй байсан ч, Библийн зөгнөлүүдээр дамжуулан Есүсийг Христ гэдэгт баттай итгэж, тэр нэрийг дэлхийн хязгаар хүртэл тунхаглаж чаджээ. Өнөө үед ч мөн үүнээс өөрцгүй.
Христ сонгосон ард түмнээ аврахаар энэ дэлхийд хоёр дахиа ирэх тухай Библид зөгнөсөн (Евр 9:28). Библийн зөгнөлийн дагуу сүүлчийн шүүлтээс өмнө итгэлгүй ертөнцөд хоёр дахиа ирээд, 1-р Христийн байгуулж өгсөн амийн үнэнийг дахин сэргээж өгөх 2-р Христийг таньж чадах баримт бол зөвхөн Библи юм (Лук 18:8, Лук 21:27-28). Харин бид тэрхүү Библиэс дахин ирэх Христийн талаарх зөгнөлүүдийг чухам хэн бодитоор нь биелүүлсэн бэ гэдгийг л баталж үзвэл болох юм. Библид нэр нь бичигдээгүй байхын хэрээр Библийн зөгнөлийг хэрхэн биелүүлж байгаагаар нь энэ үеийн Аврагч Хэн бэ гэдийг бид мэдэж авч чадна. Библийн зөгнөлийг хичээнгүйлэн судалж, Ариун Сүнсний үеийн Аврагчийг хүлээн аваад, Христийн яруу алдрыг гэрэлтүүлж чадах энэ үеийн элч нар болцгооё.