Христчин хүний амьдрал

38,001 үзэлт

Тэнгэрийн хаанчлалд найдвар тавин, итгэлийн замаар алхаж буй христчүүдийн хувьд Бурханы үгийг мэдэх нь чухал боловч хэрэгжүүлэх нь бүр ч чухал юм. Хүмүүс христчүүдийн тухайд бодохдоо Бурханд итгэдэг юм чинь бусдаас арай өөр байх гэж найддаг. Гэвч тэд христчин хүн аливаа буруу, муу муухай юм хийвэл “Христчин хүн ч ялгаа алга” гээд урам нь хугарч, христийн шашинд итгэл алдран, нүүр буруулах хандлага ажиглагддаг.

Жинхэнэ христчин хүн мөн л бол үг, үйлдлээ нэгд нэггүй анхаарч, хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Хэлсэн ганц үг, хийсэн ганц үйлдэл маань эргэн тойрны хүмүүсээ тэнгэрийн хаанчлалд хөтөлж ч болно, сүйрэл рүү дагуулж ч болно. Бурханд дуудагдсан тэнгэрийн хүүхдүүдийн хувьд бид бүхэн үүнийг нухацтай бодоод, гагцхүү Бурханы жишээ, заасан замыг нь даган, сайн үйлсээрээ үлгэр жишээ үзүүлж, эргэн тойрны хүмүүстээ Бурханд итгэх хүсэл төрүүлэх хэрэгтэй.

Христчин хүний зүй зохистой үйлсийн ач холбогдол

Энэтхэг улсыг Английн эрхшээлээс ангижруулж, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд манлайлсан үндэсний үзэлт Гандигийн тухай нэгэн явган шог хүүрнэе. Ганди залуудаа христчин болох хүсэл эрмэлзэлтэй байжээ. Тэгээд Бурханд итгэгч нэг айлд өрөө хөлслөн амьдрах болжээ. Харамсалтай нь гэрийн эзэн, эзэгтэй хоёр хэд хоноод л хэрүүл хийдэг байж гэнэ. Тэд “Өөр хоорондоо нэгдмэл, эв эетэй бай” гэж Есүсийн сургаснаас тэс өөр байв. “Есүст итгэдэг” гэж ярьдаг мөртлөө байнга хэрүүл маргаантай амьдардгийг нь хараад Ганди урам нь ихэд хугарчээ. Тэрээр хожим Христэд итгэх нь бүү хэл хэзээ ч христчин болохгүй гэж тангарагласан гэдэг.

Үүнтэй төстэй бас нэгэн түүх өгүүлье. Христэд итгэгч, Америкийн байлдааны хөлөг онгоцны нэгэн ахмад байжээ. Нэг өдөр тэрээр нэгэн залуу цэрэгтэй санамсаргүй таарч л дээ. Тэр цэрэг угийн Бурханд итгэдэггүй, бага зэрэг замбараагүй амьдралтай нэгэн байж гэнэ. Хэнтэй ч уулзсан үргэлж л Библи уншихыг ятгадаг байсан ахмад өнөөх цэрэгт Библи аваачиж өгөхийг туслахдаа тушаажээ. Тэгтэл туслах нь ахмадад ийн хэлэв.

“Ахмад аа! Тэгэх шаардлагагүй ээ. Тэр цэрэг Библитэй маш ойрхноос танилцаж байгаа юм чинь заавал Библи өгөх гээд хэрэггүй ээ.”

Гайхширсан ахмад учрыг нь лавлахад, туслах нь ийн хариулав.

“Тэр цэргийн Библи нь ахмад та өөрөө шүү дээ. Тэр таны үйлдэл бүрийг ажиглаад, танаас Бурханы сургаал сурч байгаа. Ахмад та үргэлж амжилттай, зөв шударга явбал тэр цэрэг хэзээ нэгэн цагт заавал христчин болно. Магадгүй тэгж чадахгүй бол тэрээр Бурханд итгэхгүй байх.”

Ахмад туслахынхаа хэлэхийг сонсоод өөрийнх нь үйлдэл нэг бүр хавь ойрынх нь хүмүүст ямар их нөлөөлдгийг ухаарч, тэр шөнөдөө унтаж чадаагүй гэдэг.

Эдгээр жишээнээс христчин, мөн Елохим Бурханд итгэдэг елохистчүүдийн хувьд бидний зан төрх дэргэдэх хүмүүстээ ямар их нөлөөлдгийг мэдэж болно. Бидний хань ижил, аав ээж, анд найз, дотны хүмүүс, айл хөршийнхөн, хамаатан садан гээд олон хүн Елохим Бурханд итгэдэг бидний байдлыг ажиж байдаг. Тиймээс бид жинхэнэ христчин хүний ариун, итгэл сүсэг бүхий үйлстэй байж, амьд Библийн үүргээ зүй зохистой биелүүлэх хэрэгтэй билээ.

Бидний дагах ёстой Христ ба элч нарын жишээ

Итгэлийн тал дээр бидэнд хамгийн зөв жишээ болсон Нэгэн нь Христ юм. Бид итгэл болон амьдрал дээрээ Христийг л дуурайл болгон дагах ёстой.

“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” Иох 13:15

Бурхан Өөрөө бидэнтэй адил махан биен хувцас өмсөн ирж, хүмүүн бидний туулах ёстой амьдралын зөв замыг харуулсан билээ. Тийм байхад бид махан биеийн сул дорой байдлаа шалтаг болгох гэлгүй, харин Христийн амьдралаас дуурайл авч, алдаа дутагдлаа засаж, дутуугаа дүүргэх ёстой юм.

Хүмүүс Бурханы үнэнийг болон сургаалыг нь мэдэхгүйгээс биднийг гүтгэж болно л доо. Харин бид өөрсдийн буруу үйлсээс болж, мөн Бурханы хүслийг дагаагүйгээсээ болж тэдэнд муугаар хэлүүлээд байж болохгүй юм. Тэнгэр Эцэг, Эхийн алхсан замаас дуурайл авч, итгэлийн зөв ул мөр үлдээн, Бурханд үл итгэгчдэд хүртэл сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Анхны сүмийн үеийн элч нар болон эш үзүүлэгчид олон тал дээр бидэнд ивээлтэй үлгэр дуурайл үзүүлсэн юм.

“Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэснийх юм. Тэгвэл та нар нэгийнхээ өмнөөс нөгөөгийнхөө эсрэг ихэрхэхгүй.” 1Кор 4:6

Сүм дээр аливаа маргаан үүсэх үед Паул элч сайн мэдээний бүх түүхийг Удирдагч нь Бурхан Өөрөө байдгийг итгэгчдэд ойлгуулахыг хүссэндээ яруу алдар, гавьяа зүтгэлийг гагцхүү Бурханд өргөхийг, өөр хоорондоо ихэрхэхгүй байхыг ятгаж, итгэлийн ивээлтэй дуурайл тэдэнд үзүүлсэн. Итгэлийн амьдралдаа бид ч бас элч нар шиг, аврал өгөгч Бурхандаа бүх яруу алдрыг өргөж, Бурханыг дуурайсан сайхан үйлстэй, ивээлтэй төрхөөр ойр тойрныхоо олон сүнсийг авралд хөтлөх хэрэгтэй билээ.

“Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажигла. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.” Фил 3:17-19

Бид итгэлийн амьдралдаа хэнээс үлгэр дуурайл авах вэ гэдэг нь маш чухал. Зөвхөн газрын зүйлийг л бодож, газрын яруу алдрыг л хүсэмжилж байгаад мөхөгсдийн зам мөрөөр бид орж болохгүй. Харин Паул шиг тэнгэрийн яруу алдарт тэмүүлж, сайн мэдээний замаар идэвхийлэн гүйсэн элч нарын жишээг дагах хэрэгтэй.

Сайн жишээ үзүүлдэг христчин болцгооё

Тэнгэр Эцэг, Эхэд итгэдэг гэсэн атлаа бид итгэлийн амьдралын буруу жишээ үзүүлж, Бурханд итгэх гэсэн хүмүүст ивээлгүй байдлаар нөлөөлж болохгүй юм. Сионы гэр бүлүүд итгэлийн зөв дуурайл болж, ертөнцийн гэрэл, давсны үүргээ гүйцэтгэн, түнэр харанхуйд байгаа хүмүүсийг Бурхан руу хөтлөх ёстой.

“Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон өргө. Сургаал дотор ялзраагүй, хүндлэлтэй, маргаангүй эрүүл үгээр байвал сөргөлдөгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно.” Тит 2:7-8

Елохим Бурханыг хүлээн авч, дагаж байгаа болохоор бидний амьдрал болон үйлсийг хүмүүс Елохим Бурханы сургаалаас үүдэлтэй гэж бодох юм.

Тиймээс бидний үйлдэл нэг бүр Бурханы сургаалд харшлахгүй байх ёстой ба хүндлэлтэй, сайн, ялзраагүй, маргаангүй, үлгэр жишээч христчин хүний амьдралтай нийцэх ёстой. Бид махан биеэр ч, сүнсээр ч Бурханы сургаалыг дагадаг сайн үйлстэй байх аваас хуурамч эш үзүүлэгч, сөргөлдөгч, эсэргүүцэгчдийн доромжлол, гүжирдлэгээс өөрсдийгөө сэргийлж чадах ба харин ч тэднийг ичээх юм.

Өнгөрсөн хугацаанд манай гэр бүлүүд Эцэг, Эхийн сургаал үгэнд анхаарлаа хандуулан, ивээлтэй амьдрах гэж хичээж ирсэн. Тиймдээ ч хуурамч эш үзүүлэгчид манай Бурханы сүмийн зарчим өөрсдийнхөөс нь ондоо байхад ч манай итгэгчдийн үйлсийг зөв гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм. 2000 жилийн өмнө анхны сүмийн үед ч Бурхан нэн түрүүнд Өөрийн биеэр сайхан үлгэр дуурайл үзүүлж, араас нь дагасан элч нар мөн сайн үйлсээрээ үлгэр жишээ болж байсан шүү дээ. Улмаар элч нараар сургагдсан итгэгчид сайн үйлсээрээ Бурханыг алдаршуулж байсан тул манай Бурханы сүм тухайн үеийн элдэв доромжлол, саадан дунд ч олноо алдаршин, магтаал хүлээн, хурдтай хөгжиж байсан билээ.

Зөв сургаалд анхаар

Бид Бурханд хичээнгүйлэн итгэж, итгэлийн амьдралдаа маш идэвхтэй байсан ч үйлс маань муу бол яавч аврал авч чадахгүй гэж Библид тэмдэглэсэн байдаг.

“Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.” Мат 5:20

Бурханд итгэдэг хүмүүс ивээлгүй амьдарвал хэрхэн тэнгэрийн хаанчлалд орох билээ? Итгэлийн буруу амьдралаасаа болж тэнгэрийн хаанчлалд өөрсдөө ч орохгүй, орох гэснийг нь ч оруулдаггүй хоёр нүүрт хуурамч эш үзүүлэгчдээс ялгаагүй болох юм.

Бид Бурханы сургаалын тухайд, өчүүхэн ганцад нь ч хайнга хандалгүй, бүгдэд нь дуулгавартай байж, ертөнцийн гэрэл ба давс болоод бүх хүнийг Бурхан руу хөтлөх хэрэгтэй.

“Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна.” 1Тим 6:3-5

Бурханы өгсөн үг сургаалд анхаарахгүй, хэрэгжүүлэхгүй бол итгэлээр огт өсөхгүй, эцэст нь буруу зам руу ороход хүрнэ. Харин өчүүхэн зүйл дээр ч болов Бурханы үг сургаалыг дагаж, хэрэгжүүлэх гэж хичээдэг хүний итгэл аяндаа өсөн, авралд хүрэх хэмжээнд бурханлаг мөн чанарынх нь хуваалцагч болж чадна. Бурханыг олж, ухаарч, мөн Түүнд итгэхээр шийдсэн л бол амьдралдаа нэн тэргүүнд Бурханы сургаалыг хэрэгжүүлэх ёстой. Тэгж гэмээнэ ертөнц биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг маань хүлээн зөвшөөрч, Елохим Бурханыг алдаршуулан, Елохим Бурханы өлмийд өвдөг сөгдөх юм.

Елохистчин бид энэ дэлхийгээс магтаал, хүндэтгэл авах хүртлээ өчүүхэн бага үйлсээрээ ч болов нийгэмдээ гэрэл, давсны үүргээ биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргадаг байх учиртай.

Бурханы хүүхдүүд бид үлдсэн итгэлийн амьдралдаа нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэн, гэрэл, давсны үүргээ бүрэн биелүүлж, олныг зөвт байдалд хөтлөөд, огторгуйн од мэт үүрд мөнх, туяаран гэрэлтэхийн тулд христчин хүний ёсоор зүй зохистой амьдарцгаая.