Иргэний харьяалал гэдэг нь тодорхой нэг улс оронд харьяалагдах эрхийг хэлдэг. Аливаа эд зүйлийг өмчлөх эрх болон ерөнхийлөгчийн сонгууль, парламентын сонгууль зэрэг олон нийтийн сонгуульд сонгох, улс төрд оролцон сонгогдох, төрийн албан хаагчаар томилогдох зэрэг үндсэн эрхийг ямар нэг улс орны иргэний харьяалалтай байж, иргэн нь байж л эдэлнэ гэсэн үг юм.
2000 жилийн өмнө элч нар сайн мэдээг тунхаглаж байсан тухайн үед Ромын эзэнт гүрэн Израилийг захирч байлаа. Тэр үед Ромын иргэний харьяалалтай хүн нийгмийн байр суурь өндөр, Ромоос янз бүрийн ашиг тус хүртэн, онцгой эрх эдэлдэг байжээ. Төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, шүүх дээр яллах, эзэн хааны удирддаг Ромын дээд шүүхэд давж заалдах зэрэг давуу эрхүүдийг тэдэнд олгодог байжээ. Үүнээс гадна ташуурдуулах, загалмайд цовдлуулах зэрэг ял шийтгэлээс чөлөөлөгдөж, эх орноосоо урвах нүгэл хийгээгүй л бол цаазын ял оноодоггүй байсан аж.
Паул одоогийн Туркийн өмнөд хэсэгт байрлах Киликийн Тарс хотод төржээ (Үйл 22:3). Зарим нэг Библи судлаачид иудей хүн байсан Паулыг төрснөөсөө эхлэн Ромын иргэний харьяалалтай болсон нөхцөл байдлын талаар “Киликийн Тарс хотынхон Ром улсын бүртгэлд орж, тэндхийн иргэд нь Ромын иргэн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тул тухайн үеийн нийгмийн дээд давхаргад хамаарагдаж байсан Паулын өвөг дээдэс ч мөн уг иргэншилд багтсан” хэмээн тайлбарладаг. Элч Паул сайн мэдээ тунхаглангаа Ромын иргэн байсан эрхээ эдэлж байсан юм.
“мянгатын дарга… түүнийг ташуурдаж байцаа гэв. Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад —Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? Гэхэд зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга дээр очиж, түүнд —Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв.” Үйл 22:24-26
Есүсийг хүлээн авч, хүн төрхөөр ирсэн Бурханыг тунхаглаж байсан элч Паулд Дамаск явах замд нь ташуурдах ял шийтгэл оногдуулав. Тэгтэл Паул өөрийгөө “Ромын иргэн” гэдгийг илчилж, “Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү?” гэж эсэргүүцсэн байна. Паулыг ташуурдахыг завдаж байсан зуутын дарга гайхаж, Паулыг Ромын иргэн гэдгийг мянгатын даргадаа илтгэжээ. Хамгийн сонирхолтой хэсэг нь мянгатын дарга Ромын иргэн Паулыг хүлж боосондоо айж, сандарч байна шүү дээ.
“Тэгтэл мянгатын дарга Паул дээр ирээд —Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр —Тиймээ гэлээ. Мянгатын дарга —Би энэхүү иргэний эрхийг их мөнгөөр олж авсан гэхэд Паул —Харин би төрөхдөө л иргэн нь байсан гэв. Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явлаа. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг хүлсэндээ мянгатын дарга айв.” Үйл 22:27-29
Паул Ромын иргэншилтэй байсан нь тэр хэрээрээ тухайн нийгэмд давуу эрхтэй, өндөр байр суурийг эдэлж байж. Тэр ч байтугай “Ромын иргэнийг барьж хүлэх нь ч гэмт хэрэг, ташуурдах нь муу үйл, цаазаар авах нь эцгийгээ хөнөөж байгаатай адил юм” хэмээх хууль хүртэл байсан байна.
Тухайн үеийн хүмүүс иргэний харьяаллын үнэ цэнийг сайн мэддэг байсан юм. Ромын иргэний харьяалалтай болбол амьдрал ахуй нь амар тайван байна гэдэгт итгэдэг байжээ. Элч Паул тэдний хүсэл сонирхол нь байсан “иргэний харьяалал”-аар дамжуулан авралын үнэ цэнийг зааж өгсөн байдаг.
“Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна.” Фил 3:20
Тэнгэрийн иргэний харьяалалтай болбол яах бол? Элч Паул тэнгэрийн иргэний хувьд Есүс Христийн сайн мэдээг тунхаглаж, түүнээс болж хэцүү бэрхшээлтэй тулгарлаа ч өчүүхэн ч ганхаж гуйвалгүйгээр итгэлийн замаар алхсан юм. Сайн мэдээ тунхаглах явцад нь өдий төдий бэрхшээл саад тулгарсан ч Паул Ромын иргэний харьяаллаа “хог” гэж үзэж байлаа. Түүний энэхүү илчлэл нь бид бүхэнд тэнгэрийн иргэний харьяаллын үнэ цэнийг үнэлж барагцаалахад тустай биз ээ.
“Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд… Түүнд би олдохын тулд юм.” Фил 3:8-9
Тэнгэрийн иргэний хувьд элч Паулын чухалчилж байсан сайн мэдээ бол шинэ гэрээний Алгасал баяр юм (1Кор 11:23-26). Шинэ гэрээний Алгасал баяр нь Есүсийн 3 жилийн турш зааж үлдээсэн сайн мэдээний ул мөр дундаас хамгийн онцгой нь гэж хэлж болно. Есүсийн мах, цусыг бэлгэдсэн Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар тэнгэрийн цус өвлөн авч, нүглийн уучлал олон, мөнх амийн ерөөл эдэлдэг тэнгэрийн иргэний харьяалалтай болох юм чинь аргагүй шүү дээ (Иох 6:53-56, Мат 26:17-28).
Элч Паул төдийгүй Петр, Иохан, Лук ч мөн тэнгэрийн иргэний харьяаллын төлөө хүн төрхөөр ирсэн Бурхан болох Есүсийг тунхаглаж, Есүсийн үгэнд дуулгавартайгаар шинэ гэрээний Алгасал баярыг сахисан юм. Одоо тэд тэнгэрийн хаанчлалд Ромын иргэний харьяаллын эрхтэй харьцуулахын аргагүй алдар хүндэтгэл, эрхийг эдэлж байгаа билээ. Тэнгэрийн иргэний харьяаллын үнэ цэнийг ухааран, Бурханы үгэнд дуулгавартай байж, даган үйлдэхийн төлөө махран зүтгэх л юм бол бидэнд ч мөн тэрхүү ерөөлийг эдлэх боломж бий юм шүү.