Ямар баяр ёслол тэмдэглэж байгаагаар нь тухайн хүн аль улсын иргэн болохыг дорхноо мэднэ. 8 сарын 15-нд тусгаар тогтнолын өдрийг, 10 сарын 9-нд “Хангыл үсгийн баяр” тэмдэглэдэг хүн аль улсын иргэн бэ? Мөн 7 сарын 4-нд тусгаар тогтнолын баяр тэмдэглэдэг нь аль улсын иргэн бэ? Эхнийх нь солонгос хүн, хоёр дахь нь америк хүн гэдгийг бид төвөггүйхэн мэднэ шүү дээ.
Үүнтэй адил Бурханы тогтоосон тэмдэглэлт өдрүүд бий. Тэдгээрээр дамжуулан бид хэн Бурханы хаанчлалын ард иргэд болохыг амархан ялгаж салгах боломжтой. Өнөө үед тэнгисийн эргийн элс мэт үй олон сүм байдаг ч чухам тэдгээр сүмд Бүтээгч Эзэний дурсгалт өдөр байна уу, Аврагч Эзэний дурсгалт өдөр байна уу гэдгийг бид судалж мэдэх хэрэгтэй юм. Тэнгэр газар, түг түмнийг бүтээсэн Бүтээгч Эзэний дурсгалт өдрийг болон биднийг нүглээс аварсан Аврагч Эзэний дурсгалт өдрийг тэмдэглэдэг бол тэр хүн гарцаагүй Бурханы жинхэнэ ард түмэн мөн. Харин Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсах өдөр ч, Аврагч Эзэний хүч чадлыг дурсах өдөр ч байхгүй бол тэд Бурханы хаанчлалын иргэд биш юм.
Бүтээгч Эзэний дурсгалт өдөр болон Аврагч Эзэний дурсгалт өдрөөр дамжуулан бид мөнхийн тэнгэрийн хаанчлалын авралыг гарцаагүй өвлөн авах Бурханы хаанчлалын ариун ард түмэн, аврал нь баталгаажсан итгэл дотор байгаа ард түмэн гэдгээ бататгая.
Өнөө үед бид Амралтын өдөр мөргөл тэмдэглэж байгаа шалтгаан нь бид Бурханы хаанчлалын ард түмэн. Амралтын өдөр бол яавч хөнгөн хуумгай хандаж болохооргүй Бүтээгч Эзэний дурсгалт өдөр мөн.
“Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв.” Мат 12:8
Бурханы мөн чанар болох Есүс “Би Амралтын өдрийн Эзэн” гэж маш тодорхой ухааруулсан байна. Тийм учраас Амралтын өдрийг Бүтээгч Эзэний ариун дурсгалт өдөр гэж үзэж, заншсан ёсоороо сахиж байсныг нь ч бид Библиэс харж болно (Лук 4:16).
Амралтын өдөр бол тэнгэр газар, түг түмнийг бүтээсэн Бүтээгч Эзэн Бурханы хүч чадлыг дурсах өдөр юм.
“Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.” Эхл 2:1-3
Тэнгэр газар, түг түмнийг бүтээсэн Бурхан Өөрийн амарсан долоо дахь өдрөө ерөөж, ариун болгосон юм. Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсах ариун өдөр буюу энэхүү Амралтын өдрийн тухайд Бурхан ямар тушаал өгснийг тодруулцгаая.
“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил. Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.” Гэт 20:8-11
Бурхан Өөрийн ард түмнээ нүгэлт ертөнцөөс зольж, дэлхийн бүх ард түмнээс тусгаарлан мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөтлөхийн тулд тушаал, тогтоол, хуулиа бий болгосон байдаг. Тэдгээрээс Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсах Амралтын өдрийн тухайд үүнийг санаж, ариунаар сахь хэмээн Өөрийн ард түмэндээ тушаасан байдаг.
Энэ өдрийг хүссэн бүхэн тэмдэглэж чадахгүй. Амралтын өдөр бол Бурханд итгэдэггүй хүмүүсийн биш зөвхөн Бүтээгч Эзэн Бурханд итгэдэг Бурханы жинхэнэ ард түмний л сахиж чадах дурсгалт өдөр юм. Аль нэг улс орны үндэсний баяр бусад орны тухайд энгийн л нэг өдөр шүү дээ. Харин тухайн орны иргэдэд бол утга учиртай, асар чухал өдөр. Үүн шиг Бүтээгч Эзэний дурсгалт Амралтын өдөр нь бусдад жирийн л нэг өдөр боловч Бурханы хаанчлалын ард түмэнд туйлын чухал, утга учиртай өдөр билээ.
Өнөөгийн олон сүмд “Амралтын өдөр нь бямба гараг биш”, “Дээр үед бямба гаргийг Амралтын өдөр гэж сахиж байсан л даа. Харин одоо ням гараг болж өөрчлөгдсөн” гэх мэтээр дур зоргоороо тайлбарладаг. Гэвч тэнгэр газар, бүх юмсыг бүтээсэн Бүтээгч Эзэний дурсгалт өдөр хэн нэгний бодол санааг дагаад өөрчлөгдөнө гэж үү дээ? Төрөөс тогтоосон тэмдэглэлт өдрийг хэн нэг хүн дур мэдэн өөрчилж чаддаггүй шиг Бүтээгч Эзэн Бурхан тэнгэр газар, түг түмнийг бүтээснийх нь дараа амарсан долоо дахь өдрийг санаж, ариунаар сахь гэж айлдсан байхад хэн нэгний эхний өдөр болгож өөрчилнө гэсэн зоргоор Амралтын өдөр эхний өдөр болоод гэнэт өөрчлөгдчихгүй юм.
Бурхан ард түмэндээ Бүтээгч Эзэний дурсгалт өдрөөс гадна Аврагч Эзэний хүч чадлыг дурсах өдрийг ч соёрхсон.
“Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. … Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.” Гэт 12:6-14
Бурхан 3500 жилийн өмнө израиль ард түмэнд гэрийнхээ хатавч ба тотгонд хурганы цус нял гэж айлдаад тэрхүү цусыг хараад гамшиг алгасан өнгөрч тэднийг аварч байсан түүхтэй. Алгасал баяр нь тэрхүү түүхээс улбаатай юм. Энэ өдөр нь Бурхан Египетэд боолчлогдож байсан ард түмнийг хүч чадлын мутраараа золин гаргасан өдөр, сүнсээр бол нүгэлт ертөнцөд нүглийн боол байсан биднийг үүрд аварч зольсон Аврагч Эзэний хүч чадлыг дурсдаг өдөр.
Тэгээд энэ өдрийг дурсаж, Эзэний баяр болгон үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ гэж айлдсан байдаг. Хуучин гэрээний түүхийг харвал өөрсдийг нь аварсан өдрийг ч боддоггүй ард түмнийг Бурхан зэмлэсэн байдаг. Мөн Аврагч Эзэний дурсгалт өдөр болох Алгасал баярыг ариунаар сахисан үед нь Бурхан тэдэнтэй хамт байж, авралаа соёрхсон байдаг (Дуу 78:40-42, 2Шас 30:1-27, 2Хаа 19:1-35).
Тийм болохоор Алгасал баяр сахидаг хүн Бурханы ард түмэн, Бурханы хаанчлалд орох ард түмэн юм. Шинэ гэрээнээс ч Есүсийн сургаалаар дамжуулан энэ талаар баталж болно.
“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. Тэд Түүнд —Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд Тэр тэдэнд —Харагтун, та нарыг хот уруу ороход, ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор. … Тэнд бидэнд зоог бэлд гэжээ. Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.” Лук 22:7-15
Аврагч Эзэний дурсгалт өдөр болох Алгасал баярыг Есүс ч тэмдэглэж, Есүсийн шавь нар болох Петр, Иохан нар ч тэмдэглэсэн. Бусдад энгийн өдөр боловч Бурханы ард түмэнд бол Алгасал баяр нь туйлын утга учиртай чухал өдөр. Тиймээс Есүс ч мөн Аврагч Эзэний хүч чадлыг дурсах энэхүү Алгасал баярыг хүлээж, сахихыг ихэд хүсэж байгаад яг тэр өдрөө шинэ гэрээ байгуулж өгсөн байдаг.
“Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:19-20
Есүс Алгасал баярын талхыг “Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие” хэмээн, усан үзмийн дарсыг “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ” гээд, “Та нарын төлөө урсгана” гэж айлджээ. Бид Христийн цусаар золигдсон буюу гэм нүглээ уучлуулсан (Ефе 1:7, 1Пет 1:18-19). Биднийг зольсон “Христийн цус” нь энэхүү Алгасал баяраар өгсөн гэрээний цус юм.
Алгасал баяр нь Өөрийн үнэт мах, цусаа золиослон байж бидэнд нүглийн уучлал, мөнх амийг соёрхсон Аврагч Эзэний маань дурсгалт өдөр. Тийм учраас Библид “Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм” гээд, бид Аврагч Эзэний дурсгалт өдөр болох Алгасал баярыг Христийг дахин ирэх хүртэл нь сахих ёстойг онцолсон байдаг (1Кор 11:23-26).
Дэлхийн үй олон хүнээс хэн нь Бурханы жинхэнэ ард түмэн гэдгийг юугаар ялгах вэ? Бурханы хаанчлалын ард түмэн мөн л бол Бүтээгч Эзэн буюу Бурханыг дурсах Амралтын өдрийг, мөн Аврагч Эзэн буюу Бурханыг дурсах Алгасал баярыг сахина. Өөрөөр хэлбэл Амралтын өдрийг болон Алгасал баярыг сахигчид нь Бурханы хаанчлалын ард түмэн гэдгийг амархан мэдэж болох нь.
Үрийн сүүл цэвэр буудайтай хичнээн төстэй байлаа ч Бурхан ялгана. Амралтын өдөр ч сахихгүй, Алгасал баяр ч тэмдэглэхгүй, шинэ гэрээний тогтоол, зарлиг, хуулиараа биднийг ард түмнээ болгон дуудсан Эцэг Бурхан, Эх Бурханд ч итгэхгүй, зүгээр амаараа л Бурханд итгэдэг гэгчид тэнгэрийн хаанчлалд огт орж чадахгүй юм. Бүтээгч Эзэний дурсгалт өдрийг ч мэдэхгүй, Аврагч Эзэний дурсгалт өдрийг ч тэмдэглэдэггүй хүмүүс яалаа гэж Бурханы хаанчлалын ард түмэн болох билээ?
Бид Бүтээгч Эзэний дурсгалт өдрийг тэмдэглэдэг орны ард иргэд, Аврагч Эзэний дурсгалт өдрийг санан сахидаг орны ард түмэн. Тэгэхээр бидний улс бол мөнхийн тэнгэрийн хаанчлал гэсэн үг. Тиймээс л бид Бурханыг “Ааба, Аав аа” гэж дууддаг. Мөнхийн тэнгэрийн хаанчлалд очоод үеийн үед мөнх амь, аз жаргал эдлэх онцгой эрх бидэнд өгөгдсөн. Бидний төрөлх мөн чанарыг Библид маш тодорхой зааж өгдөг.
“—Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Амралтын өдөр та нарт ариун тул үүнийг сахигтун. Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана.” Гэт 31:13-14
“Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн. …” Езе 20:12-13
Амралтын өдөр нь Бурханы ариун өдөр. Эл өдөрт Бүтээгч Эзэн болсон Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрч, Бурханаас эмээж, Бурханд үйлчлэх утга шингэсэн байдаг. Бурхан Амралтын өдрийг өгч, энэ өдрийг сахидаг ард түмэн бол Миний ард түмэн, Бурхан тэдний Бурхан нь болно гэж тэмдэг болгосон юм. Шинэ гэрээний Алгасал баярын талаар ч “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно” гэж утга учрыг нь хэлсэн (Иер 31:31-34). Дүгнэж хэлэхэд бид Амралтын өдөр сахиж, Алгасал баяр тэмдэглэх болгонд бидэн дээр Бурханы ард түмэн болсон гэдэг тэмдэг тавигддаг юм.
Есүс шүүлтийн өдөр Бурханы хаанчлалын хуулийг ном ёсоор нь сахисан эсэхээр нь тэнгэрийн хаанчлалд орох хүмүүсийг ялгана.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23
Есүс Өөрийнх нь тогтоосон тогтоол, зарлиг, хуулийг сахиагүй мөртлөө авралыг хүсэмжлэх үй олон хүнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл гэж хэлнэ” гэж айлджээ. Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсах өдөр ч үгүй, Аврагч Эзэний хүч чадлыг дурсах өдөр ч үгүй тэд Бурханы хаанчлалын ард түмэн биш гэсэн үг юм. Бурханы хаанчлалын ард түмэн гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй бол хичнээн золгүй хэрэг болох вэ?
Энэ талаар бид хүмүүст ухааруулах ёстой юм. Бурханы хаанчлалд оръё гэвэл ядаж л тэнд тэмдэглэдэг дурсгалт өдрийг нь сахидаг, утга учрыг нь ч мэддэг байх ёстой ёо доо. Тиймээс Бурхан бидэнд Амралтын өдөр, 3 удаагийн 7 баяр, бас шинэ гэрээний алив тогтолцоо, зарлигийг соёрхсон юм. Бурханы ард түмэн болсон бид өөрсдөдөө зөвшөөрөгдсөн шинэ гэрээний бүх зарлигийг хөнгөнд үзэлгүй, үргэлж санаж, ариунаар сахих учиртай юм.
Бүтээгч Эзэний дурсгалт өдөр ба Аврагч Эзэний дурсгалт өдрийг зөвхөн манай Бурханы сүм л тэмдэглэж байна. Үүгээрээ бид бахархаж, өөртөө итгэлтэй байх ёстой. Амралтын өдрийг сахин Бүтээгч Эзэний хүч чадлыг магтаж, Алгасал баяраар Аврагч Эзэний хүч чадлыг дурсдаг бид Бурханд харьяатай ард түмэн, бидний явах газар бол мөнхийн тэнгэрийн хаанчлал. Тэнгэрийн хаанчлалын ард түмэн гэсэн баттай тэмдэг авсан бид хичнээн ерөөлтэй вэ!
Бурхан бидний явах ёстой эх нутгийг тэнгэрийн хаанчлал хэмээн мэдүүлсэн юм (Сур.Үгс 8:22-30, Иов 38:1-21, Евр 11:14-16). Сүр жавхлант тэнгэрийн хаанчлалыг хүмүүс бидний ухаанаар ойлгохын аргагүй тул өдөр бүр баяр хөөр, баяр баясгалан цалгиж, үхэл, зовлон, нулимс байхгүй газар гэж илэрхийлсэн байдаг. Тийм үзэсгэлэн төгс, сүр жавхлант ертөнцөд үеийн үед хаанчлуулах гэсэндээ Бурхан одоо биднийг сурган хүмүүжүүлж, цэвэршүүлэн байна. Энэ амьдрал хэдийгээр зовлон бэрхшээлтэй, туйлдаж ядармаар зүйл гарсан ч гэсэн биднийг дэндүү гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаа юм шүү. Иймд Бурханы ивээл, хожим очих тэнгэрийн хаанчлалаа бодоод баяр хөөртэй байж, өнөөдөр ч бас хүчтэй байгаарай.
Бидний эргэн тойронд өөрийгөө тэнгэрийн хаанчлалд орно гэж бодож байгаа ч тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг мэдэхгүй өрөвдөлтэй сүнс дэндүү олон байгаа. Тэдэнд мөнхийн эх нутаг тэнгэрийн хаанчлалыг зааж мэдүүлж, явах замыг нь зөв газарчлаад, тэнгэрийн хаанчлалын Эзэн болсон Эцэг Эхийгээ таниулж, Тэднээрээ бахархдаг сайн мэдээний үйлчлэгчид болцгооё. Тэгээд Эцэгээ морилон ирэх тэр өдөр “Сайн байна” гэсэн магтаал сонсох тэнгэрийн хүүхдүүд болоорой.