WATV.org is provided in English. Would you like to change to English?
Бид ч мөн өөр хоорондоо, өдөр тутам маш олон удаа харилцан ярилцдаг. Ажил албатай холбоотой яриа хөөрөө, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг яриа, итгэгч нар бие биетэйгээ гар барин ерөөл хүсдэг мэндчилгээ ч бас бий. Бодоод үзэхэд үг яриа гэдэг бидний өдөр тутмын амьдралд маш их хувийг эзэлдэг аж. Харилцан ярилцахгүйгээр бие биетэйгээ ойлголцох хэцүү учраас тэр шүү дээ. Тэр чинээгээрээ харилцан ярина гэдэг амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг юм.
Зарим яриа ашиггүй хоосон, хорон муу үр дагавартай байх тохиолдол ч их байдаг (Мат 12:34-37). Тиймээс Бурхан бидэнд хэрхэн халуун дотно яриа өрнүүлэх сайхан арга зааж өгсөн нь авралын зар юм. Бидний ярианы сэдэв болсон Бурханы үгээр, сүнс аврах сэтгэлтэйгээр харилцан ярилцахыг авралын зар гээд байгаа юм. Ийм яриаг л сайн, зөвт, ивээлтэй, ертөнцийг аврах яриа гэж хэлж болно.
Бурхан бидэнд авралын зар тараах ярианы чадварыг өгсөн. Бид Бурханы хүсдэг сайхан яриагаар ярилцан, ертөнцийг ариусгадаг тэнгэрийн хүүхдүүд болцгоох хэрэгтэй.
Хоорондоо харилцан ярилцдаггүйн улмаас орчин үеийн нийгэмд олон асуудал үүсэж байна. Менежментийн чиглэлийн нэгэн эрдэмтэн “Компанийн дотоод асуудлын 60% нь ажилтнууд хоорондоо харилцан ярилцдаггүйн улмаас үүсдэг” гэж хэлжээ. Гэр бүл дотор ч мөн ялгаагүй аж. Мэргэжилтнүүд гэр бүл салалтын 50% нь эхнэр нөхөр хоорондын харилцаа тасарснаас болдог гэсэн. Мөн гэмт хэрэг судлаач сэтгэлзүйч эрдэмтэд хэрэгтнүүдийн 90% нь бусадтай сайн харилцан ярьж чаддаггүй болохыг нь судлан тогтоожээ.
Эдгээрийг эмхэтгэж үзвэл харилцан ярьдаггүй газар эвдрэлцэл үүсэж, бүтэлгүй явдал гардаг. Ярихгүй байна гэдэг нь хоёр газрыг холбож байсан гүүр нурсантай адил учраас санаа сэтгэлээ хуваалцах боломжгүй болж, улмаар дайсагнан муудалцахад хүргэдэг. Эхнэр нөхрийн хооронд ч, ажил албан дээр ч, найз нөхдийн холбоо ч харилцан яриагүйгээр үргэлжилж чадахгүй. Энэ мэт бидний амьдралд яриа гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй юм.
“Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.” Мат 7:12
Бусдаас хүсэхээсээ түрүүнд эхлээд өөрөө тэгж ханддаг байх нь ариун хүмүүст байх ёстой чанар гэж Есүс сургасан байдаг. Хэрэв тэгж чадвал тэрхүү хүндлэл өөрт эргэж ирэх юм. Харилцан яриа ч мөн ялгаагүй.
Бусдыг эхэлж дуугарахыг нь хүлээлгүй, өөрөө эхлээд тэр хүний сэтгэл рүү өнгийн харж, түрүүлж дуугарч үзэцгээе. Ингэж чадвал харилцан яриа үүсэх юм. Анхандаа эвгүй байсан харилцаа дотно яриа үүсгээд ирэхээр төд удалгүй өөр хоорондоо сэтгэлээ хуваалцдаг болдог.
Гэхдээ их ярих нь дандаа оновчтой гэсэн үг биш. Яриа болгон сайн үр дүнд хүрэх албагүй. Өөрийнхөө бодлыг дөвийлгөх гэж эсвэл өөрийгөө гайхуулах гээд бусдын сэтгэлийг шархлуулж, маргаан үүсгэх тал бий. Мөн дэмий хоосон яриа ч байдаг.
Харин бид Бурханы хүүхдийн хувьд бусдыг босгон байгуулж, сүнсэнд нь нигүүлсэл өгөх сайхан үг хэлээр ярьдаг байх ёстой. Есүс хүн төрөлхтөнтэй ийм яриа хуваалцахын төлөө тэнгэрээс энэ газар хүртэл Өөрийн биеэр ирсэн билээ.
Есүс энэ газар ирээд бидэнд нэг сайхан яриаг дуулгасан юм. Тэнгэрийн хаанчлалын тухай, бидний нүглийн уучлал авч чадах зам юу болохыг, мөн мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа буцаж очиход Бурхан бидний төлөө юу бэлтгэж байгааг хүртэл мэдүүлсэн юм. Энэ яриа л хүн төрөлхтний авралын төлөө Бурханы тогтоож өгсөн энэ ертөнц дээрх хамгийн сайхан яриа биш гэж үү?
Энэ яриа байгаагүйсэн бол тэнгэрт нүгэл үйлдээд хоргодох хот болох дэлхий рүү бууж ирсэн, нэг алхмын цаадхаа ч харж чаддаггүй өрөвдөлтэй хүн төрөлхтөн харанхуй амьдралд төөрч явсаар үхэлтэй нүүр тулах байсан биз. Харин амьдралынхаа турш нүглийн боол болж, энэ газрын хий хоосон зүйлсийн араас хөөцөлдөж явсан хүмүүс бид Есүстэй ярилцсаны хүчинд амьдрал маань 180 градус өөрчлөгдсөн юм. Нүгэлтнүүд нүглийн уучлал аваад “Би ч бас тэнгэрийн хаанчлал руу явж чадна” гэсэн тэнгэрийн орны итгэл найдвар өвөрлөх болсон.
Энэ ажлын төлөө эхлээд Петр мэт шавь нараа дуудсан. Тэгээд энэхүү гайхамшигтай ярианд нэгдэх боломжийг олон хүнд олгоорой хэмээн даалгасан юм.
“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.” Мат 4:17-20
Есүс загас барьж өдрийн хоолоо залгуулдаг байсан шавь нараа дуудаад хүмүүсийн загасчин болгоно гэсэн найдвар өгсөн юм. Ингэж түр зуур байж байгаад л алга болох энэ газрын эд зүйлстэй орооцолдон амьдарч байсан хүн төрөлхтөн болон Аврагч Бурханы хооронд гайхамшигтай харилцан яриа эхэлсэн билээ.
Есүсийн үгийг чих тавин сонссон Петр, Андрей нар тэрхүү ярианд нэгдэхийн төлөө завь, тороо орхин Есүсийг дагасан юм. Есүстэй ярилцаагүй бол тэд бүх насаараа загасчин хэвээр үлдэх байсан. Харин Есүс тэднийг дуудах үед тэдний амьдрал огт өөр болсон юм. Тэд түр зуурын гялсхийн өнгөрөх зүйлсийн төлөө амьдардаг хүмүүст мөнхийн ертөнцийг мэдүүлэх мэдээ илгээгч болж өөрчлөгдсөн. Үүгээр зогсохгүй эдгээр элч нар одоо үед ч олон хүний үлгэр дуурайл болсоор байна. Хожим Петр, Андрей гээд арван хоёр элч авралын харилцан яриа хэрэгтэй хүмүүст Есүсээс сонсож, сурсан бүхнээ дамжуулах ажлаас хойш суугаагүй юм.
Бурхан бидэнд Түүний үгээр сүнснүүдийг эдгээх яриаг хичээнгүйлэн дэлгэрүүл хэмээн тушаасан.
“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.” 2Тим 4:1-2
Дэмий зүйл ярилгүй, харин яавал нэг сүнсийг Бурханы энгэр рүү зөв замаар хөтөлж, мөнхийн ертөнц рүү хамтдаа явах тухай ярих нь Бурханы хүсэл юм.
Амь гэдэг нандин зүйл учраас авралын төлөөх зүйлийг хичнээн их ярьсан ч үүнд хэтрүүлэг гэж үгүй. Ерөөлийн тухай ухаарсан итгэгч л бол Библийн сургаалын дагуу цагаа олсон ч, олоогүй ч амь аврах ярианд үргэлж шамдан хичээх ёстой.
“Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.” 2Тим 4:3-5
Ертөнцийн хүмүүс Бурханы үнэнээс илүү үлгэр домгуудад анхаарах болсон. Харин Бурханы хүүхдүүд тийм зүйлд цаг заваа үрэлгүй, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хийж, үйлчлэлээ гүйцэтгэ хэмээн Бурхан бидэнд захисан. Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажил гэж юу вэ? Идэвхтэйгээр авралын тухай ярих юм. Хүмүүст Бурханы хаанчлал ба аврал, мөнх амийн тухай түгээн, Бурханд хамгийн дээдээр үйлчлэх арга нь юу болохыг ярьж өгөн, мөн хэрхэн Бурханы хүсэлд дуулгавартай байж чадахыг зааж өгөх нь сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үүрэг юм.
Амьд оршихуй бүр өөрийг нь анхаарч, өөртэй нь ярихыг хүсэж байдаг. Ургамал сайн тарьдаг нэг хүнээс түүний аргыг асуутал тэр маш сонин хариулт хэлжээ. Ургамлаа сайн усалж, тэжээл өгч байх нь мэдээжийн хэрэгтэй зүйл. Мөн ургамал ч бас амьтай учраас ургамалтайгаа яривал сайн үр дүнтэй байдаг гэнэ. Мэндчилж, халуун дотно үгээр урамшуулбал ургамал улам сайхан, эрүүл ургадаг гэнэ.
Бидний эргэн тойронд амийн яриа өрнүүлэх зайлшгүй шаардлагатай маш олон хүн байгаа. Бид тэдэн дээр очоод идэвхтэйгээр авралын мэдээ дамжуулан, тэнгэрийн хаанчлалын замыг цэлийтэл нээж өгцгөөе. Бурхан амь аврах тухай идэвхтэй ярьсан хүнд том ерөөл буулгаж өгнө.
Бурхан ба ариун хүмүүсийн хоорондох яриа хэзээ ч тасарч болохгүй. Ярилцахгүй бол бид Бурханаас хөндийрдөг.
Бид яг энэ мөчид ч Бурхантай залбирлаараа ярилцаж чадна. Тиймээс Есүс өглөөнөөс эхлэн Бурханд залбирч, авралын зар хэмээх сайхан яриаг тараадаг байсан (Мар 1:35-39).
Залбирал бол сүнсний амьсгал бөгөөд бид сүнснийхээ Эцэг Эх болох Бурхантай ярилцаж байгаа учраас үүнд тусгай дэг ёс шаардлагагүй. Залбирлаараа Бурхантай их ярилцаарай. Гэр бүлд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж байж тэдний сэтгэл санааг хуваалцдаг шиг Бурханд өргөж байгаа залбирал нь амийн холбоос болсноороо Бурханы хүч чадлыг хүлээн авах гарц болдог. Мөн Бурханд итгэх итгэл маань ч баттай болдог (Мар 11:24).
“Ганц үгээр мянган өр төлнө” гэдэг Солонгосын зүйр үгтэй адил Библид ч мөн ивээлтэй яриагаараа том ерөөл авсан хүмүүсийн тухай бичигдсэн байдаг. Тэдний нэг нь Петр бөгөөд тэрээр Есүстэй ярилцсан ивээлтэй үгээрээ тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэгч томоос том шагналыг авсан юм.
“Цезарь Филиппийн нутагт Есүс ирээд шавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд,” Мат 16:13-19
Есүс шавь нартайгаа ярилцан тэдний Өөрт нь итгэх итгэлийг шалгажээ. “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэсэн Есүсийн асуултанд Петр огтхон ч эргэлзэлгүйгээр “Та бол Аврагч” гэж маш тодорхой хариулсан. Олон хүн “Назарын бүлэглэлийн толгойлогч”, “Хүн байж Өөрийгөө Бурхан болгож байна” гэж буруутгаж байхад харин Петр бат итгэлтэй байв. Үргэлж үгийг нь чих тавин сонсож, итгэлээрээ сайн хариулт хэлснээрээ Есүст таашаагдсан Петр тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэгч томоос том ерөөлийг авч чадсан билээ.
Хэрэв Петр Есүсийн үгийг сонсдоггүй, эсвэл ярианд нь нухацтай хандаагүй бол ийм агуу ерөөл авч чадахгүй байх байсан. Бид ч бас Петрийн энэхүү ивээлтэй ярианаас үлгэр дуурайл аваад, Бурханд таашаагдсан яриаг цааш нь үргэлжлүүлцгээе.
Аврал авсан хүмүүст атаархдаг Сатан хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явж байгаа (1Пет 5:8). Сатан ч бас яриагаар урхидан, хүмүүсийн сэтгэлээс мөнхийн ертөнцийн найдварыг арилгах гэдэг. Есүс Сатаны энэ зальтай яриаг хэрхэн даван гарч чадахыг Өөрөө бидэнд жишээ болгон харуулсан.
“Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. Соригч ирээд, Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв. Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь “Тэрээр тэнгэрэлч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв. Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд —Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд Есүс —Зайл, Сатан аа! “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол Түүнийг орхиход, гэнэт тэнгэрэлч нар ирж, Түүнд үйлчлэв.” Мат 4:1-11
Сатан Есүсийг “Энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж сорьж туршихаар хорон яриа өдсөн юм. Есүс “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн Библийн ивээлтэй, мэргэн сургаалаар түүнийг няцаасан (Дэд.Хуу 8:3). Сатан цааш нь Бурханыг сорилтын бай болгож, хорон зальт арга хэрэглэдэг. Есүс харин Бурхан сорилтын бус итгэлийн Бурхан гэдэг үгээр Сатаны бурууг илчилсэн (Дэд.Хуу 6:16). Эцэст нь Сатан өөрт нь сөхрөн мөргөвөл дэлхийн бүх сүр хүчийг өгнө гэж шунаг сэтгэл төрүүлэхийг оролдсон боловч агшин зуурт гялсхийн өнгөрөх зүйлс нь мөнхийн ертөнцийн Эзэн болох Есүсийн сэтгэлийг татаж дийлээгүй. Ингэж Есүс бүхий л сорилтыг үгээр ялахад Сатан сая нэг Түүнийг орхин явсан.
Есүс ам нээх бүрдээ Бурханы тухай ярьж байсан. Харин Сатан хүмүүсийг Бурханаас холдуулан, “Юу өмсөх вэ?”, “Юу идэх вэ?” гэсэн махан биеийн зүйлсээр сэтгэлийг нь дүүргэх зүйл ярьдаг. Сатан хичнээн эргэн тойронд маань гэтэн явж, биднийг сорилоо ч гэсэн бид Бурханы л тухай ярих юм бол эцэст нь ялах болно.
Бид Есүс шиг үгээр ялж чадах зүйл ярьж, бас Петр шиг ивээл авч чадах үг хэлцгээе. Ашиггүй яриа нь амьгүй яриатай адилхан. Тийм учраас бидний хуваалцах яриа сүнслэг амьтай яриа байх ёстой. Мөнхийн төрсөн нутгийн тухай, Бурханы хайрын тухай, мөнх амь аваад гамшгийг өнгөрүүлэх Алгасал баярын тухай гээд тэнгэрийн орны сэдвүүдээр илүү их ярилцаж байгаарай. Та бүхэн хүмүүстэй тэнгэрийн орны тухай ярилцаж байна гэж бодвол авралын зар тараах гэдэг тийм ч хэцүү зүйл биш байх болно. Бурханы тухай зааж өгдөг ярианы аргыг сайн сураад, ертөнцөд авралын мэдээг түгээн дэлгэрүүлцгээе.
Одооноос эхлэн өөр хоорондоо илүү их ярьцгаая. Сайхан яриа өрнүүлбэл Бурхан болон бидний холбоо улам ойртох төдийгүй олон хүнийг авралын зам руу хөтөлж чадах юм. Цаашлаад махан биеийн гэр бүлийнхэнтэйгээ ч улам дотно болно. Хол хөндий байсан найз нөхөдтэйгөө ч ойр дотно болж, улмаар нөхөрлөлөөрөө нэгдэж чадна. Эргэн тойрондоо байгаа олон хүнийг амийн зам руу хөтлөх ярианд үргэлж идэвхийлэн, Бурханы хаанчлалд хамтдаа орох Бурханы ерөөлтэй хүүхдүүд болохыг хүсэж байна.