Бурхантай ярилцах нь

29,418 үзэлт

Хүний хорвоод амьдрахдаа хэн нэгэнтэй ярилцахгүй байх шиг зовлонтой, хэцүү зүйл ховор биз. Шоронд хамгийн хүнд гэмт хэрэгтнийг хүмүүстэй огт ярилцах боломжгүй өрөөнд ганцааранг нь хорьдог. Бурхантай ярилцдаггүй итгэлийн амьдрал ч сүнсээр иймэрхүү л байр байдалтай байгаа гэсэн үг. Тийм нөхцөл байдалд бол баяр хөөртэй байж ч чадахгүй, Бурханы хүслийг бүрэн биелүүлж ч чадахгүй юм.

Бид Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө юу юунаас илүү Бурхантай ярилцдаг байх хэрэгтэй. Тухайлбал “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” хэмээсэн Бурханы үгэнд дуулгавартай байхын тулд хэзээ тунхаглах уу, хэнд тунхаглах уу, дагалдагч болгохын тулд яаж сайн мэдээ тараах уу гэдгээ Бурханаас цаг үргэлж асууж лавлан, хэлсэн үгийг нь биелүүлэхүйц орчин нөхцөл бүрдүүлж өгөхийг тасралтгүй гуйх хэрэгтэй шүү дээ. Бурхантай байнга ярилцаж гэмээнэ Бурханыг дагадаг итгэгчийнхээ хувиар бид итгэлийн зөв замаар алхаж чадна.

“Инээмсэглээд, эрч хүчтэйгээр, итгэлтэйгээр сайн мэдээ тунхаглаарай” хэмээн Эх айлдсан юм. Энэ үгэнд дуулгавартай байхын төлөө Бурхантай үргэлж залбирлаар ярилцаж, тааламжит хүслийг нь дагах хэрэгтэй юм.

Залбирал бол сүнсний амьсгал

Итгэлийн амьдралдаа идэвхтэй хандаж байсан нэг итгэгч нэгэн үе яасан нь мэдэгдэхгүй халуун сэтгэл нь нэг л хөрөөд байсан аж. Үнэний тал дээрх итгэлээр дутуу байгаагүй. Хавчлага саад ч байгаагүй. Бас үнэний үг сурахаас, эсвэл авралын зар тараахаас залхуурч хойргошоод байсан ч юм биш.

Сайн мэдээний төлөөх халуун сэтгэл нь хөрөөд байгаагийн учрыг мэдэх гээд хайж байх зуураа тэрээр нэг барилга дээр түймэр гарсан тухай мэдээ үзэж л дээ. Түүнээс хойш сайн мэдээний төлөөх халуун сэтгэл нь сэргэж, хэвэндээ орсон байгаа юм. Учрыг нь асуутал тэрээр мэдээ үзээд их юм ухаарч, сэрсэн гэнэ. Түймэрт өртсөн хүмүүсийн ихэнх нь шатаж биш, утаанд амьсгалж чадахгүйдээ нас барсан нь анхаарлыг нь татсан ажээ. Гэнэт залбирлыг сүнсний амьсгал гэсэн Бурханы үг санаанд нь орж, “Сүнсээр олигтой амьсгалж чадахгүй бол яах бол оо?” гэж бодож гэнэ.

Итгэлийн амьдралдаа аль болох идэвхтэй байсан хэрнээ итгэл нь яагаад хөрөөд байсны учрыг олжээ. Өнгөрснөө эргээд хартал өөрт нь дутуу зүйл сүнсний амьсгал буюу залбирал байж л дээ. Бурханд итгэдэг гэсэн мөртлөө Бурхантай дотночлон ярилцахгүй, өөрийн идэвх зүтгэл, хүчин чармайлтаар сайн мэдээний ажил хийх гэдэг байж. Ийм байдалд итгэл өсөх нь байтугай харин ч буураад байсан байгаа юм.

Тэрээр Бурханд чин сэтгэлээсээ гэмшлийн залбирал өргөн, хойшдоо үргэлж Бурхантай ярилцах цаг гаргаж өгөхийг чухалчлан гуйсан аж. Мөн үүнээс хойш хэдий жижиг зүйл байсан ч Бурханд залбирлаар өчдөг зуршилтай болсон гэнэ. Бүх зүйл дээр Бурхантай ярилцаад үзсэн чинь хааяа гомдмоор, хүнд хэцүү зүйл тулгарсан ч сэтгэлд нь талархал ундарч, итгэлийн амьдралдаа өмнөхөөсөө ч илүү халуун сэтгэлээр хандах болсон гэнэ лээ.

Өөрсдийгөө залбиралд зориул

Ийм ивээлтэй ухаарал олж сонсоод Бурхантай ярилцана гэдэг итгэлийн амьдралын шийдвэрлэх хүчин зүйл байх нь гэж бодогдсон доо. Итгэлийн амьдралдаа идэвхтэй хандлаа ч сэтгэл хоосон оргиод, халуун сэтгэл чинь хөрөөд байвал Бурхантай ярилцах цаг төдий чинээ дутуу байсан хэрэг.

Өөрөө өөрсдийгөө эргэн нэг харцгаая. Сүнс тань яагаад ч юм хүчгүй, сульдаж тамирдсан мэт санагдаад байвал өдөрт Бурхантай хэр их цаг гаргаж ярилцаж байгаа вэ гэдгээ шалгаад үзээрэй. Ярилцах цаг бага, энэ тал дээр хааш яаш, дутуу дулимаг хандсан байх вий, эргэн нэг харахыг захих байна.

Сайн мэдээний ажлыг хүн өөрийнхөөрөө хийх ажил биш. Төгс хүчит Бурханы тусламж, зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Үүнийг мэдсэн хэрнээ Бурхантай ямагт ярилцахгүй алдаа гаргадаг бололтой. Тиймээс Библид өөрсдийгөө залбиралд зориул гэж, нэг ёсондоо Бурхантай ярилц хэмээн онцолсон байдаг.

“Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. …” Кол 4:2-3

“Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат. Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул,” Ром 12:9-12

Дутуу дулимаг талыг маань Бурхан биднийг сонгохоосоо ч өмнө сайн мэдэж байсан. Гэтэл дутуу дулимаг хүн Бурханаас тусламж гуйхгүйгээр зөвхөн өөрийн дулимаг ухаан, мөхөс хүчээр Бурханы сайн мэдээний үйл хэрэгт оролцох гээд байж болох уу даа?

Дутуу дулимаг талаа өчин, Бурханы тусламжийг гуйвал биднийг хэрэгтэй бүх зүйлээр хангана. Библид гардаг итгэлийн эш үзүүлэгчид мөн л хүнд хэцүү, цөхөрч гутрам цаг мөч бүрд Бурхантай ярилцаж, хүч чадал, урам зориг, мэргэн ухаан олж авдаг байжээ.

Бурхантай ярилцаад урам зориг олж авсан Елиа

Хаант улс хуваагдах үед Хойд Израилийн Ахаб хааны үеийн Елиа эш үзүүлэгч Иезебелийн ширээний ард хооллодог Баал, Ашерагийн 850 эш үзүүлэгчтэй халз тулан, Бурханы хүслийг дамжуулсан юм. Кармел уулан дээр тэрээр гав ганцаараа 850 хуурамч эш үзүүлэгчтэй тэмцэн, Бурханы хүч чадлаар ялалт байгуулж, тэднийг устгасан явдал ч залбирлын хүч чадалд оршиж байв (1Хаа 18-р бүлэг).

Үүнд өш санасан Иезебел Елиаг хөнөөх гэж улайрав. Елиа оргож зугтсан хүнд хэцүү амьдралдаа Бурханд хандан “Эзэн минь, би өвөг дээдсийнхээ хэмжээнд хүрэхгүй. Ингэхийн оронд амийг минь аваач. … Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна” хэмээн өчдөг.

Үнэхээр арга тасарсан, амь нас нь туйлын эгзэгтэй үед нь Бурхан түүнд “Гэсэн ч Баалд өвдөг сөгдөөгүй мөн тэдний ам түүнийг үнсээгүй долоон мянган хүнийг Би Израильд үлдээнэ” хэмээн айлдсан байдаг.

Бурхан Елиаг тайтгаруулан, цөхөрсөн сүнс болон махан биед нь шинэ хүч өгч байв. Ганцаараа үлдсэн гэж бодож байсан Елиад өөртэй нь хүсэл зорилго нэгтэй долоон мянган хүн үлдсэн гэсэн энэ үг хичнээн их баяр хөөр өгсөн бол? Бурхантай ярилцсаны дараа тэрээр дахин урам зориг орж, эш үзүүлэгчийн үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадсан юм (1Хаа 19-р бүлэг).

Энэ мэт итгэлийн өвөг дээдэс амьдралдаа Бурхантай ярилцдаг байсан. Хорон муу хүмүүсийн тоо, сүр хүчтэй харьцуулахад Бурханы хүслийг дагах гэдэг хүмүүс цөөхөн, ялихгүй харагддаг. Гэвч Бурхан Өөртэйгөө ярилцдаг байсан тэдэнд “Бүү ай”, “Зоригтой бай”, “Би чамтай хамт байна” гэх мэт үгээрээ урам зориг өгч байсан юм.

Бурхан хүчит үгээрээ бидний сэтгэлд бялхам их баяр хөөр өгдөг. Бурхантай ярилцвал итгэлийн урам зориг, халуун сэтгэл эцэс төгсгөлгүй ундраад л байна.

Бурхантай ярилцаж, ард түмнээ хөтөлсөн Мосе

Мосе эш үзүүлэгч израиль үндэстнийг Египетээс гарган сүү, зөгийн бал урссан Канаан руу хөтлөх явцдаа Бурхантай ярилцах цаг их гаргадаг байж. Бурханы тусламж байхгүй бол олон ардыг Канаан руу хөтөлж чадахгүй байсан учраас тэр л дээ.

Араас нь Египетийн цэргүүд элдэн ирж, урд нь Улаан тэнгис хөндөлсөж, арга тасарсан хүнд мөчид Мосе чин сэтгэлээсээ Бурханд хандан хашхирсан юм. “Эзэн, яавал дээр вэ? Бурханы хүслийн дагуу ард түмнээ хөтлөх гэтэл Улаан тэнгис урдах замыг минь хаагаад байна. Зам нээгээч дээ.” Тэгмэгц Бурхан шуудхан л хариу өгдөг.

“ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. …” Гэт 14:15-18

Мосе яг Бурханы хэлснээр, Бурханы аргаар үйлдтэл Улаан тэнгис хуваагдаж, зам нээгдэн, Израилийн зургаан зуун мянган цэрэг эр төдийгүй араас нь даган яваа ар гэрийнхэн нь ч ямар ч асуудалгүйгээр Улаан тэнгисийг гаталсан шүү дээ. Бурханы төлөвлөсөн алив үйл хэрэг өрнөж, Мосе зөвхөн Бурхантай ярилцан, Бурханы аргыг сонсон дагаж байлаа. Египетээс гарсны дараа цөлд ч Мосе удаа дараа аюул эгзэгтэй тулгарахдаа Бурхантай ярилцаж ялан гардаг байв.

“Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав. Ард түмэн Мосе уруу хашхирахад Мосе, ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.” Тоо 11:1-2

“… Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв. … Мосе ард олны төлөө зуучлан залбирав. Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.” Тоо 21:4-9

Ард түмний нүглээс болж гамшиг нүүрлэх бүрийд Мосе Бурхантай ярилцан, зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байв. Тэрээр ард түмний мунхаг байдал, урван тэрслэлийг уучлан өнгөрөөж, зөв замаар хөтөлж өгөхийг чин сэтгэлээсээ гуйн, өвдөг сөгдөн залбирдаг байв. Тэгэх бүрд нь Бурхан хариулж, зөв замаар газарчилж өгдөг байсан байна.

Мосе Израиль гэх нэг үндэстнийг Канаан руу хөтлөхийн төлөө хором мөч бүрд Бурхантай ярилцахад хичээдэг байлаа. Тэгвэл Бурханы хүслийг хүлээн авч дэлхийн бүх үндэстнийг тэнгэрийн хаанчлал өөд хөтлөх бид бүр ч илүүгээр Бурхантай ярилцах орчин нөхцөлийг байнга өөрсдөдөө бий болгох ёстой. Бурханы тусламж байхгүй бол сайн мэдээний их үйл хэргийг биелүүлье гэхэд саад бэрхшээлтэй тулгарч, ухарч няцна. Харин Бурхантай ярилцахад бүх зам нээгдэнэ.

Гуй, хай, тогш

Урьд өмнө өргөсөн залбирлаа эргээд бодохоор залбирлын хариултаа бид байнга авч байснаа мэдэрнэ. Бид Бурханы сайн мэдээнд хамтран оролцохыг залбиртал сайн мэдээний хамтрагч болж, дэлхий дахинд сайн мэдээ тунхаглахын төлөө залбиртал дэлхийн бүх үндэстэн сэтгэлээ нээсэн байх юм. Мэдээж Библийн зөгнөлийн дагуу явагдаж байгаа ч хүүхдүүдийнхээ залбирлаар дамжуулан Бурхан зөгнөлийг бүр ч хурдтай биелүүлж байна.

Тиймд сэтгэл алдрахгүйгээр байнга залбираарай хэмээсэн. Есүс сургаал дундаа ч залбирлын ач холбогдлыг удаа дараа онцолсон байдаг.

“Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хотод Бурханаас үл эмээдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй, шүүгчид очиж “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь… энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг удах вий” гэжээ. Тэгээд Эзэн —Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? …” Лук 18:1-8

“Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” гэхэд нь… Хэрэв тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. … Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. … Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв.” Лук 11:5-13

Хилс байдалд орсноо өчсөн бэлэвсэн эмэгтэйг өдөр бүр ирж, өөрт нь төвөг удах вий гэсэндээ хэдий шударга бус шүүгч ч гэлээ сүүлдээ гуйлтыг нь сонссон байна шүү дээ. Хэрвээ хэн нэгэн шөнө дөлөөр найзыгаа зорин очоод, юм гуйвал найз гэхээсээ илүүтэй цөхрөлтгүй гуйгаад байхаар нь босож, гуйсныг нь өгнө өө дөө. Тийм байхад Бурхан өдөр шөнөгүй гуйх хүүхдүүдийнхээ хүслийг сонсож өгөхгүй гэж үү? Энэ мэт сургаалт зүйрлэл өгсөн Бурханы чинхүү хүслийг бид сайтар бодолцох хэрэгтэй.

Бурхан хүүхдүүдээ Өөртэй нь ярилцахыг хүлээж байгаа. Бурханы хүслийн дагуу гуйж, хайж, тогшвол бүх зүйл олдож, бидний өмнө нээгдэнэ.

Балчир хүүхэд хүссэн юм байвал эцэг эхээсээ шалан гуйдаг шиг бид ч сүнслэг хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэнгэр Эцэг Эхээсээ тасралтгүй гуйх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйд хор болох зүйл биш л бол Бурхан зайлшгүй залбирлыг нь сонсож өгнө.

Гэр бүлээ эв найртай байлгая гэвэл гэрийнхэнтэйгээ их ярилцах хэрэгтэй. Нэгэн судалгааны үр дүнгээс харвал Солонгост гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь нь гэрийнхэн нь хоорондоо ярилцдаггүй айл гэрт бага насаа өнгөрөөсөн байдаг гэнэ. Мөн бусад судалгаанд ч гэр бүл салалтын том шалтгаан нь хоорондоо ярилцдаггүйгээс болсон байдаг аж.

Гэрийнхэнтэйгээ ч эв найртай ярилцах цаг гаргаж, Бурхантай ч маш их ярилцдаг байх хэрэгтэй. Бурхан авралын зар тараах ажлыг “харилцан яриа” гэх зүйлээр бүрдүүлсэн. Сүм дээр ч зөнч, дүүрэг хороон дарга, итгэгч хоорондоо ярилцаж байж нэг нэгнийхээ өвчин зовлон, баяр хөөрийг хуваалцах боломжтой болно гэж бодож байна.

Харин ивээлгүй яриаг бол хоорондоо яриагүй нь дээр. Хорон муу тандагчидтай ярилцахдаа ард түмэн муу бодол сэтгэл өвөрлөж, улмаар Бурханд тэрсэлдэг. Могойтой ярилцсан үедээ хүн төрөлхтөн завхарч нүгэл ба үхэлд орооцолдох болсон шүү дээ. Энэ мэт Бурханд тааламжит бус зүйл ярилгүй, гэр бүлүүддээ итгэл өгч, найдвар төрүүлж, хүч зориг бэлэглэх, Бурханы хайрыг ухааруулах зүйл л ярих хэрэгтэй.

Ивээлтэй Зөвлөгч Бурхан

Хамгийн ивээлтэй ярилцагч бол Бурхан юм. Бурхан Өөртэй нь ярилцдаг хүүхдүүддээ баяр хөөр, урам зориг хайрлаж, гуйх болгонд нь сайн сайхан зүйл өгдөг.

Библид бидний бүх хэцүү байдалд бидний Зөвлөгч болж тусалдаг Бурханыг “Өмгөөлөгч” гэж тайлбарладаг. Өмгөөлөгч гэдгийг англи хэлний Библид “Counselor” буюу Зөвлөгч гэсэн үгээр илэрхийлсэн байгаа. Их бага ямар ч зүйл байсан биднийг хүнд хэцүүтэй тулгарах бүрийд Бурхан бидний Зөвлөгч болж, шийдвэрлэх арга зам зааж өгдөг шүү дээ.

Соломон Бурхантай ярилцах дуртай байсан учраас мэргэн ухаан олж, улс орноо хүчирхэгжүүлдэг. Тэрээр эд баялаг, алдар нэр хүртэл Бурханаас авсан. Харин Израилийн хаадын дунд мууг үйлдсэн хаад Бурхантай ярилцдаггүй байжээ. Хайр болсон Бурхантай ярилцахаа боливол ёрын муу сүнснүүдийн мэхлэлд автан, улмаар ёрын муу зан ааш нь илэрч, хүчирхийлэгч болдог.

Энэ цаг үед бид Бурхантай маш их ярилцсанаараа дэлхийн сайн мэдээний түүхийг биелүүлнэ. Бид тэнгэр Эцэг Эхтэйгээ тасралтгүй ярилцаж Бурханы хүслийг ухааран дагах учиртай юм.

“Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун. Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. … Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс. Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. …” Ефе 6:10-19

Сүнсний өвч зэвсэг агссан байлаа ч залбирал байхгүй бол ямар ч ашиггүй. Өөрт байгаа Ариун Сүнсний хүч чадлыг зүй ёсоор нь гаргахын тулд Бурхантай ярилцдаг зуршилтай болох хэрэгтэй.

Бурхантай ярилцах үед бид Улаан тэнгис хуваагдах гайхамшгийг ч харж чадах нь. Хичээнгүйлэн эрж, хайж, гуйж, тогшоод хурдхан шиг Самари ба дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ бүгдэд нь тунхаглацгаая. Бурхантай их ярилцан, тэнгэрийн хүүхдийн хувиар зөв зан чанараа хөгжүүлж, цэвэр буудай үр жимс их гаргаад, дэлхий дахиныг аврахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх байна.