Сайн мэдээний гайхамшгийг хэн бүтээдэг вэ?

8,692 үзэлт

Библийн түүхээс харвал Бурхан яг шийдвэрлэх чухал мөч тулж ирэхэд гайхамшиг үзүүлж, ард түмнээ аварсан байдаг. Улаан тэнгисийг хуваасан түүх, 40 жилийн турш зургаан зуун мянган эр цэрэг, тэдний ар гэрийнхэнд өдөр өнжилгүй манна буулгасан явдал, хадыг цохиж ус гаргасан тохиолдол гэх мэт израиль ард түмнийг бэрхшээлтэй учрах болгонд Бурхан тэдэнд гайхалтай аргаар зам нээж өгч байсан дүр зургуудыг харж болно.

Тэгвэл өнөө үед сайн мэдээний гайхамшгийг хэн бүтээх юм бол? Үүний хариулт нь мөн л Бурхан. Бид тэнгэрт Сатанд мэхлэгдээд энэ газарт хөөгдөж ирсэн. Тэр байтугай одоо ч Сатан мэхлэх л юм бол мэхлэгдэхэд хэзээд бэлэн байдаг мөхөс ядмаг хүмүүс билээ. Харин үргэлж биднээс зуурч, залж чиглүүлдэг тэнгэр Эцэг, Эх маань байгаа учраас л мөхөс дорой бид хүчирхэг нэгэн болж чадна.

Сайн мэдээ дамжуулах үедээ ч Эцэг Эхийгээ сэтгэлдээ тээн явж байж л гайхамшиг үзнэ. Бид энэ үеийн сайн мэдээний гайхамшгийг Бүтээгч нь хэн бэ гэдгийг зөв ойлгон, хаашаа ч явсан цаг үргэлж Бурхантай хамт байх ёстой. Айлдсан сургаалыг нь даган хэрэгжүүлэхийг Бурхантай хамт байгаа байдал гэж үзэж болно.

Гайхамшгийн эзэн болох Бурхан

Бурхан Амалектай хийсэн Израилийн дайнд Мосегийн гарыг өргүүлж ялалт өгч байсан. Мөн Хезекиагийн өвчнийг эдгээн, түүний өдрүүд дээр 15 жил нэмж өгөхөө сүүдрийг буцааж тэмдэг болгон илэрхийлж байв. Библийн зарим нэг түүхээс сайн мэдээний гайхамшгийг хэн бүтээдгийг бодож үзэцгээе.

“Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав. Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв. Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.” Гэт 17:8-13

Амалектай хийсэн дайнд Мосег гараа өргөхөд нь Иошуагийн удирдсан израиль цэргүүд ялалт байгуулсан гайхамшиг гарч байв. Энэ бол Мосегийн бас Иошуагийн түүх ч биш юм. Үүнд гагцхүү энэ хэргийг боломжтой болгосон Бурханы түүх оршиж байдаг.

Аморичуудтай хийсэн дайнд Иошуагийн цэргүүд ялалт байгуулсан нь Иошуагийн чадвараас болж уу, Бурханы зөвшөөрсөн гайхамшгаас болж уу гэдгийг дахин нэг харъя.

“Тэгтэл Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын таван хаан бүх цэрэгтэйгээ хуран цугларч, … Мөн ЭЗЭН, Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа. Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув. ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, … ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа. ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ “Өө нар минь, Гибеон дээр, өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч” гэв. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй.” Иош 10:5-13

Аморичуудтай хийсэн дайнд нар шингэн бүрэнхий болох нь Израилийн цэргүүдэд ашиггүй байв. Харин нар хэвийлгүй, бараг бүтэн өдрийн турш чанх дээр нь тогтжээ. Энэ бол Иошуагийн ч, мөн израиль цэргүүдийн ч хүч чадал биш шүү дээ. Зөвхөн Бурханы л үзүүлсэн гайхамшиг бөгөөд үүгээр нь Иошуагийн цэргүүд ялалт байгуулж чадсан аж.

Ялалт эцэстээ Бурханаас л хамааралтай. Бид Библийн сургаалаас энэ үеийн сайн мэдээний гайхамшгийг хэн бүтээх вэ гэдгийн хариултыг баттай олж мэдээд, ямагт Бурханыг түшвэл махан биеийн дайн төдийгүй сайн мэдээний сүүлчийн түүхэнд ч дайсан диаволтай дайтаж ялна. Тэгээд Бурхан бидэнд үй олон сүнсийг авралын замаар хөтлөх яруу алдар ба баяр баясгаланг зөвшөөрч өгөх нь лавтай.

Бурханы үзүүлсэн өөр нэгэн гайхамшгийн түүхээр Бурханыхаа төгс хүчийг дахин нэг удаа сэтгэлдээ тунгаая.

“Хезекиа, Исаиад —ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөөнд очно гэсэн ямар тэмдэг байх вэ? гэсэнд Исаиа —ЭЗЭН амласан ёсоороо хийнэ гэдгийг чамд илэрхийлэх тэмдэг нь энэ юм. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу эсвэл арван алхмаар ухраах уу? гэв. Хезекиа —Сүүдэр арван алхмаар урагшлах нь амархан. Бүү тэгэг, харин сүүдрийг арван алхмаар буцааг гэж хэлжээ. Эш үзүүлэгч Исаиа, ЭЗЭНд хашхирсанд Ахазын шатаар өнгөрөн буугч сүүдрийг Тэр арван алхмаар буцаав.” 2Хаа 20:8-11

Авралын ажлын явцдаа Бурхан гараг эрхсийн хөдөлгөөнийг хүртэл өөрчилсөн. Шатан дээгүүрх сүүдрийг арван алхмаар буцаасан гэдэг нь нарны тойрох чиглэлийг эсрэг тийш нь болгож буцаасан гэсэн үг. Газраас харахад нар зүүнээс мандаад баруун тийш жаргадаг атал эсрэгээрээ баруунаас зүүн тийш нь буцаана гэвэл үнэхээр гайхалтай хэрэг биш гэж үү?

Бурханы удирдаж буй сайн мэдээний ажил

Ийнхүү ер бусын гайхамшгуудыг үзүүлэгч Нэгэн нь Бурхан байсан юм. Тийм байсаар байхад израильчууд аюултай байдалд орохдоо Бурханыг мартчихсан байв. Арван хоёр тандагч Канаан нутгийг тандаж ирээд Мосе болон Израилийн бүх чуулганы өмнө мэдээ хүргэхдээ ч бас тийн байв. Иошуа Калеб нар “Бурхан бидэнтэй хамт байгаа учраас бид дайрцгаая. Тэд бидний хоол болно” гээд итгэлт зоригоо үзүүлсэн боловч израиль ард түмэн бусад арван тандагчийн гутранги үгийг сонсоод айдаст автаж, Бурхан болон Мосегийн эсрэг дургүйцэл, гомдлын үг зогсолтгүй урсгаж байлаа.

Ингэхэд нь Бурхан Мосе ба израиль ард түмний өмнө Өөрийн цог жавхлангаа үзүүлж ийн хэлсэн байдаг.

“Мосед ЭЗЭН —Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ?” Тоо 14:11

Хичнээн гайхамшиг үзүүлж өглөө ч итгэдэггүй ард түмэнд Бурхан “Та нар Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ?” хэмээсэн. Оргүй байсан орчлон ертөнцийг үгээрээ бүтээж, хуучин, шинэ гэрээн дэх бүх гайхамшгийн түүхийг үзүүлсэн Нэгэн нь Бурхан юм. Төгс хүчит Бурхан бидэнтэй хамт байгааг огт мартаж болохгүй.

Бид Бурханы удирдаж байгаа сайн мэдээний ажлын төлөө дуудагдаж, хүчин мөхөс хэдий ч энэ ажилд хамтдаа оролцож байна. Өчүүхэн ганц зүйлийг ч болтугай Эцэг Эхийн хүсэлд нийцүүлэх гэж хичээх юм бол ийм төрхийг маань хараад Бурхан баярлана. Хөнгөний чадварлаг тамирчнаас илүү арай чамай алхах гэж хичээж буй балчир хүүхдэдээ эцэг, эхийн сэтгэл илүү их хөдөлдөг жамтай. Тиймээс товор товор алхалж ядах хүүхдээ сэвхийтэл дээш өргөөд, хүүхдийн чадлаар нэг хэсэгтээ л удаж байж туулах газарт хурдхан хүргэж тавина. Үүн шиг бид сайн хийж хүчрэхгүй ч үгийг нь дуулгавартай дагаад, хий гэсэн ажилд нь анхаарлаа хандуулбал Бурханы сэтгэл уярч, сайн мэдээний гайхамшгийг тасралтгүй үзүүлэх болно.

“Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно. Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно. Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд мөн тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газарт Би тэднийг тэжээх болно. Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд… Би сүргээ тэжээж хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.» Хонин сүрэг минь ээ, та нарын тухайд Эзэн БУРХАН айлдахдаа… Би сүргээ аварч, тэд олз болохгүй. Би хонь хонины хоорондохыг шүүх болно.” Езе 34:11-22

Бурхан хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно гэсэн. Энэ нь алдагдсан хүүхдүүдээ Өөрөө хайхаар ирнэ гэсэн утга болохгүй гэж үү? Үүлтэй, бүрэнхий өдөр гэж сүүлчийн үеийг заан хэлсэн бөгөөд (Зеф 1:14-15) Езекиел 34-р бүлэгт Бурхан сүүлчийн үед энэ газарт ирээд, хүүхдүүдээ хайж байгаа дүр зургийг харуулсан байна. “Би тэднийг гаргана” гэж хэлсэн болохоор ертөнцөд хоригдсон Сионы хүүхдүүдийг ард түмнүүдээс гаргаж, улсуудаас цуглуулсан Нэгэн нь Бурхан гэдэг нь гарцаагүй юм.

Бурханы гүйцэлдүүлж буй гайхамшгийн түүхийг Библиэс бүгдийг нь үзчихээд “Энэ ард түмэн Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ?” гэж хэлүүлэх нь бидэнд зохимжгүй шүү дээ. Бүх сайн мэдээний түүх нь Бурханы бий болгосон гайхамшиг.

Мэдээж сайн мэдээ цэцэглэж байгаа газар гэр бүлүүдийн маань хичээл зүтгэл их байгаа нь ойлгомжтой. Хэл ус ч нэвтрэлцэхгүй газар очоод, олон үр жимс гарган, сүмээ хөгжүүлдгийг нь харвал Бурханы сэтгэлийг хөдөлгөхөөр хичээл зүтгэл, чин сэтгэл байсан болохоор л Бурхан ивээлтэй үр дүн соёрхжээ гэж итгэдэг. Бурханыг ухаараад, үргэлж Эцэг, Эхийн гараас зуурч сайн мэдээнд оролцвол Бурханы бий болгодог сайн мэдээний гайхамшгийг үргэлж өөрийн биеэр мэдрэх болно.

“Энэ нь болох ёстой” гэсэн үг гарцаагүй биелнэ

Хэн сайн мэдээний гайхамшгийг бий болгодог вэ? Хэн сайн мэдээний гайхамшгийг бүтээж чадах вэ? Энэ хоёр асуултын хариулт нь Бурхан. Елохим Бурхан хамт гүйцэтгэж байгаа энэ сайн мэдээ зайлшгүй бүрэн гүйцэлдэнэ гэдэгт бид эргэлзэлгүй итгэх ёстой. Энэ түүхэнд бид ердөө оролцох л юм бол Бурхан бүх ерөөл, шагналыг соёрхон өгнө.

“Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.” Мар 13:10

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:15-16

Есүс ертөнцийн төгсгөлд болох шинж тэмдгүүдийг шавь нартаа тайлбарлаж өгөнгөө газар хөдлөлт ба элдэв гай гамшиг гээд хүнд үе ирэхийн зэрэгцээ юу юунаас илүү сайн мэдээ дэлхийн бүх улсад тунхаглагдана гэж айлдсан байдаг. Бурхан сайн мэдээний бүх гайхамшгийг үзүүлэх учраас биднийг айх хэрэггүй, харин явж бүх үндэстэнд сайн мэдээ тунхагла хэмээсэн. Энэ бүх зөгнөл Библид бичигдсэн юм чинь тэр бүхэнд бид итгэх ёстой.

“Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв.” Мат 26:52-54

“Энэ нь болох ёстой” гэсэн Библид бичигдсэн үг заавал биелнэ. Есүсийн баригдсан нь Тэрээр хүч чадал муутайгаас болсон биш харин Христ бидний нүглийн улмаас золиослогдон, гурав дахь хоног дээрээ үхэгсдээс амилна гэсэн зөгнөл байсан учраас л тэрхүү зөгнөлийг биелүүлсэн юм.

Тэнгэрийн доорх бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглагдана гэсэн л бол энэ ажил бүтэх үү, бүтэхгүй юү? Мөн Бурхан Өөрөө хоньдын Хоньчин болоод, тэднийг хайх болно гэсэн л бол хайх уу, хайхгүй юу? Бурхан аль эртнээс ард түмнээ хайх ажил хийсээр ирсэн. Эцэг алдагдсан хүүхдүүдээ хайж ирээд, Давидын зөгнөлийн дагуу 37 жилийн сайн мэдээний түүхийг биелүүлж, Эх минь өнөөг хүртэл итгэлийн хүч, зоригийг бидэндээ өгч, авралын түүхээ уламжлуулан хөтөлсөөр байна. Өнөөгийн манай Сионы өдий зэрэгт хүртэлх явц ийм л байсан, сайн мэдээ дэлхийн бүх үндэстэнд тунхаглагдах хүртэлх цаашдын явц ч мөн ийм л байх болно.

Бурхантай хамт алхагч хүн Бурханы гайхамшгийн төвд зогсоно

Бурханы бий болгосон сайн мэдээний гайхамшиг ихсэх тусам вавилоныхон гайхширан ухаан алдталаа айцгааж байна. Израиль ард түмэн Иерихо хотод дөхөж очиход л Иерихогийн ард түмэн айсандаа цөс нь хайлах шиг болж байв. Бурхан урд талд нь явж удирдаж байхад хэн Түүний эсрэг зогсож дийлэх билээ?

Одоо дэлхийн газар бүр ивээлтэй Сионы үнэрүүд гарч байна. Иерусалимд хаягласан захидлуудыг уншихаар бүгдэд нь л энэ цагт биелэгдэж буй сайн мэдээний түүх үнэхээр Бурханы гүйцэлдүүлж буй гайхамшиг болохыг мэдэрсэн гэх адилхан утга агуулсан байдаг. Хүний хувьд төсөөлж ч чадамгүй, бүтэшгүй гээд хумьж орхисон ажлуудыг Бурхан бодоогүй арга замаар болж бүттэл нь тусалж, амжилттай болгосон тохиолдлуудтай ихээхэн таарч байгаа гэнэ. Өөрийн хүчээр тунхаглах гээд зүтгэхэд нь хүмүүс сонсож ч өгөхгүй байсан байж Елохим Бурханыг түшин, золиосыг нь бодоод зүтгэхэд урьд өдөрхөн нь л хавчин дарамталж байсан тосгоныхон тэр аяараа үнэнийг хүлээн авч, нөхцөл байдал 180 градус эргэж өөрчлөгдсөн гэнэ лээ.

Сайн мэдээ тунхаглахаар явахдаа Эцэг, Эхийгээ залаад хамт яваарай. Бурхангүйгээр, өөрийн мэдлэг, чадвараараа дамжуулах гэвэл нэг ч сүнстэй уулзаж чадахгүйгээр үл барам сонсох хүн бүр сэтгэлийнхээ хаалгыг тас хаачихдаг юм. Гагцхүү өөрсдийн хүчээр тулахад Сатаныг ялж чадахгүй. Амнаас маань хэдий хүчтэй, хурц сэлэм гарлаа ч түүгээр Сатаны бамбайг хагалж чадахгүй. Хамгийн урд талд халз тулалдаж явсан Иошуа хэдий зоригтой ч дайны ялалт ард үлдсэн Мосегийн гараас шалтгаалж байсны адил бидний ялах эсэх Бурханаас хамаарна.

Хэн энэ үеийн сайн мэдээний гайхамшгийг бүтээж чадах вэ, мөн гайхамшгийн түүхийг хэн бий болгох юм бол? Энэ тухай заавал бодож үзээрэй. Тэр нь “би өөрөө” биш юм. Иошуа, Мосе, элч Паул, Петрийн хэн нь ч биш. Зөвхөн Бурхан. Бурхантай хамт байгч нь л гайхамшгийн төв цэг дээр зогсож чадна.

Дэлхий даяар авралын түүхийг гүйцэлдүүлдэг Бурхан бидэнтэй хамт байгаа. Сайн мэдээний гайхамшиг Бурханаас гардгийг марталгүй “Би та нартай хамт байна”, “Бүү ай, бүү эмээ”, “Би та нарт тусална” гэсэн үгсийг нь бодож, Эцэг Эхийнхээ дотор Ариун Сүнсний үр жимс дүүрэн гаргахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.