Вавилоны шүтээн загалмай

15,030 үзэлт

Сүүлийн үед үнэнийг ухаарч, Сион руу ирэх тэнгэрийн гэр бүлүүд маань эрс нэмэгдэж байгаа. Гэтэл Бурханы сүмд анх ирсэн хүмүүсийн бараг ихэнх нь нэг юмыг заавал асуудаг. Сүмүүдэд ер нь л байж байдаг загалмай энд харагдахгүй байна гэлцдэг.

“Сүм” гэхээр хүмүүст шууд л загалмай санаанд нь ордог шиг байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ Есүсийн байгуулж, элч нарын явж байсан анхны сүмд загалмай байгаагүйгээр үл барам загалмайг итгэлийнхээ обьект, бэлгэ тэмдэг болгон үздэг зан үйл ч байгаагүй юм. Тиймээс л анхны сүмийн үнэнийг дагаж, Бурханы тушаал сахидаг Бурханы сүмд загалмай босгодоггүй юм.

Загалмай шүтэх болсон түүх

Өнөөгийн ихэнх сүм цамхгийн оройд юм уу сүм дотроо загалмай босгодог. Түүнчлэн олон хүн загалмайг сүмийн бэлгэ тэмдэг гэж үздэг. Тэгвэл хэзээнээс сүмд загалмай босгож эхэлсэн юм бол оо?

Сүмийн түүхийг судлан үзвэл МЭ 431 онд анх удаагаа сүм дотор өлгөх зориулалттай загалмай орж ирсэн юм. МЭ 568 онд сүмийн цамхгийн оройд загалмай босгосон талаар тэмдэглэл гардаг. Есүс сайн мэдээний үйл хэргээ дуусгаад, тэнгэрт одсоноос бараг дөрөв таван зуун жил өнгөрсний дараагаас хүмүүс сүмд загалмай босгож эхэлсэн байна.

Сүмд загалмай босгох ёстой гэсэн ганц ч үндэслэл Библиэс хайгаад олдохгүй. Есүсийн сургаалаар суралцаж ирсэн элч нар болон анхны сүмийн итгэгчид загалмай босгож ч байгаагүй, тэр талаар сургаал ч номлож байгаагүй юм. Харин элч нарын үеэс хойш сүм ялзарч, завхран, харийн шашны шүтлэгийн ёслолыг хүлээн авах болж, тэр үеэс л сүмд загалмай босгож эхэлсэн байдаг.

Загалмайн үүслийн ул мөрийг бид эртний Вавилоноос олж харж болно. Эртний Вавилонд Таммуз шүтэхийн тулд Таммуз гэх нэрийн эхний “Т” үсгийг шүтлэгийнхээ бэлгэ тэмдэг болгон ашиглаж байжээ. Энэ нь Египет улс руу хүртэл түгэн дэлгэрчээ. Эртний хөшөө болон ханын зурагт Египетийн бурхад эсвэл хаад нь гартаа загалмай барьж байгаа нь харагддаг. Загалмай нь эртний Ассири болон Ромын шашинд ч ихээхэн нөлөөлжээ. Христийн сүм Ром руу нэвтрэхээс ч өмнө Ромын тахилч нар хүзүүндээ загалмай зүүж явдаг байж. Түүнчлэн эрт дээр үеэс загалмайг талийгаачийн сахиус болгон булшны өмнө тавьдаг байжээ. Мөн Ромоос авхуулаад олон улс оронд цаазын ял гүйцэтгэх хэрэгсэл болгон ашиглаж ч байсан аж.

Мексикийг эзлэн түрэмгийлсэн испаничууд христийн сүм түгэн дэлгэрээ ч үгүй байсан эртний Ацтекийн соёл иргэншлийн сүм хийдээс загалмай олж хараад ихэд гайхсан тухай түүхэн баримтад дурдсан байдаг. Эндээс харсан ч загалмай нь огтхон ч Библиэс эхтэй биш гэдгийг хангалттай ойлгож болохоор байна. Христийн шашин бэлгэ тэмдгээ болгохоос ч хамаагүй өмнө харийн шашинтнууд загалмайг шүтэх зан үйлтэй байсан байгаа юм.

Мосе Есүс хоёрын зөгнөлийн холбоо хамаарал

Бурхан өнгөрсөн түүхээр дамжуулан загалмай шүтэх талаар урьдчилан анхааруулсан байдаг. Зөгнөлийн үгийг Библиэс судалж үзэцгээе.

Мосе Есүс хоёрын хооронд зөгнөлийн холбоо хамаарал байдаг болохоор бид Мосегийн үйлсийг судалснаар хожим Есүс Христэд тохиолдох зүйлсийг болон хэрхэн зовж, загалмайд амьсгал хураах талаар нь ухаарч чадна.

“Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.” Дэд.Хуу 18:15

Мосегийн хэлсэн “миний адил эш үзүүлэгч” буюу Бурханы гаргаж ирсэн “Мосе шиг эш үзүүлэгч” хэн гэдгийг тодруулцгаая.

“та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно. Бурхан ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Тэрээр тэнгэрт байх учиртай юм. Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Эзэн Бурхан гаргаж ирнэ. Өөрсдөд чинь Түүний хэлэх юм бүрийг та нар сонсогтун. Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хүн бүр ард олноос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм. Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан.” Үйл 3:20-24

“Миний адил эш үзүүлэгчийг гаргаж ирнэ” гэсэн Дэд хууль номын үг Үйлс номд ч яг тэр хэвээрээ гарч байна. Энд Мосетэй адил эш үзүүлэгч нь Есүс гэж зааж өгч байна. Түүнчлэн “Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан” гэсэн байна. Энэ нь Библийн бүх эш үзүүлэгч Аврагч Есүс ирэхийг зөгнөсөн байсан гэсэн үг. Есүс энэ газарт ирж байж л энэ бүх зөгнөл биелнэ гэсэн үг.

Мосе болон Есүс нь сүүдэр бодитын холбоо хамааралтай. Мосегийн ул мөр нь хожим ирэх Есүс Христ сайн мэдээний түүхээ хэрхэн удирдан явуулахыг харуулж буй зөгнөлийн чухал сэжүүр болдог юм. Тэр дундаас Есүсийн загалмайн хэрэг явдалтай холбоотой Мосегийн ул мөрийг судлан үзээд, Мосегийн үеийн түүх Есүст хэрхэн үйлчлэхийг бататган харцгаая.

“Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав. Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв. Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.” Гэт 17:8-13

Израиль болон Амалекийн дайнд Мосе гараа өргөвөл Израиль ялсан ч Мосе гараа буулгахад Амалек ялж байв. Иймд Мосегийн гарыг өргүүлсээр эцэст нь Израиль ялсан юм. Энэ нь хожим Есүс Христ загалмайд өргөгдөн амьсгал хурааснаар Сатаны гинжинд хүлээтэй байсан сүнслэг израиль ард түмэн ялалт байгуулан, нүглийн уучлал ба мөнх амийн ерөөл авах болсон талаарх зөгнөл аж (Иох 12:31-33, Илч 12:9).

Хүрэл могой ба загалмай

Библид Есүсийг загалмайд өргөгдөх талаар зөгнөсөн Мосегийн бас нэгэн үйлс гардаг. Израиль ард түмэн Мосегийн удирдлаган дор сүү, зөгийн бал урссан Канаан нутгийг чиглэн явах цөлийн аян замд эл хэрэг явдал тохиосон ажээ.

“… Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв. Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.” Тоо 21:4-9

Канаан хүртэл дөт ойр замаар явахын оронд хол тойруу замаар явсандаа израиль ард түмэн Бурхан болон Мосегийн эсрэг гомдоллож гарав. Үүнд нь Бурхан хилэгнэж, галт могой илгээн израильчуудыг хатгуулжээ. Тэгэхэд нь л ард түмэн сая нэг гэмшиж, Мосе ард түмнийг аврах арга чарга олохоор Бурханд чухалчлан залбирчээ. Энэ үед Бурхан галт могойд хатгуулсан хүмүүсийг амьдруулах арга зааж өгсөн нь шураг дээр хүрэл могой хийж байрлуулах байсан юм. Мосе хэлснээр нь үйлдсэнд хэн нэгэн хүрэл могойг харах л юм бол амьдрах гайхамшиг гарч байв.

Хүрэл могой хараад амь гарсан израиль ард түмэн хүрэл могойг далдын хүчтэй хэмээн боджээ. “Хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно” гэсэн Бурханы үгийн улмаас амьдарсан гэдгээ ч ухаарахгүй, өөрсдийг нь хүрэл могой амьдруулсан мэтээр бодсон ард түмэн Хезекиагийн үе хүртэл уг хүрэл могойд үйлчилсэн байна.

“Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан (хүрлийн хэлтэрхий) гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв. Тэрээр Израилийн Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. Тэрээр ЭЗЭНээс зуурч, Түүнийг дагахаа болилгүй, харин Мосед ЭЗЭНий тушаасан тушаалуудыг сахижээ. ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. …” 2Хаа 18:3-7

Алгасал баяр сахисан Хезекиа урьд өмнө хараахан мэддэггүй байхдаа үйлчилж ирсэн үй олон шүтээнээ устгах явцад хүрэл могойг ч хамтад нь устгасан талаар Библид тэмдэглэгдсэн байдаг. Мосегийн үеэс Хезекиагийн үе хүртэл 800 орчим жил өнгөрсөн ч ард түмэн тэр үеийг хүртэл хүрэл могой шүтсээр байсан аж.

Бурхан Хезекиаг “Бурханыг дагахаа болилгүй, харин Бурханы Мосед тушаасан тушаалуудыг сахисан” хэмээн магтаад том ерөөл хайрласан юм. Хэрэв хүрэл могойг сэглэж хаясан явдал нь Бурханы хүсэл биш байсан бол ерөөх нь байтугай шийтгэх байсан байх. Харин Бурхан Хезекиад том ерөөл хайрлаж, түүний захирч байсан Иуда улсыг хүртэл хамгаалж байж. Төд удалгүй Иудаг довтлон ирсэн Ассирийн зуун наян таван мянган цэргийг Бурхан тэнгэр элчээ илгээн, нэг шөнийн дотор бүгдийг нь хиаруулсан байдаг (2Хаа 19:34-35).

Мосегийн үед хийсэн хүрэл могойг Хезекиагийн үе хүртэл шүтэж ирсэн учир нь израиль ард түмэн хүрэл могойн ачаар аврал авсан гэх буруу итгэлтэй байснаас нь болсон хэрэг. Тэдний амьдарсан нь хүрэл могойд байсан ер бусын хүч чадлаас болсон уу? Огт тийм биш. “Хатгуулсан аливаа хүн хүрэл могойг хараад амьдрах болно” хэмээсэн Бурханы үг л тэднийг амьдруулсан болохоос хүрлийн хэлтэрхийнээс цаашгүй хүрэл могой тэднийг амьдруулсан юм биш.

“… Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь” Иох 3:12-14

Цөлд Мосе хүрэл могой өргөсөн шиг Хүний Хүү буюу Есүс ч мөн өргөгдөх ёстой хэмээсэн. Мосе хүрэл могой өргөсөн шиг Есүс Христ загалмайд өргөгдсөн үйл явдал нь сүүдэр ба бодитын холбоо хамааралтай болохыг тодорхой мэдэж болохоор байна.

Израиль ард түмэн Бурханы үгийн хүч чадлыг мартсан чигтээ хүрэл могойд үе дамжин үйлчилж иржээ. Үүн шиг өнөө үед ч Бурханд итгэдэг гэх хүмүүс 2000 шахам жил загалмай шүтэж байна. Биднийг аварсан зүйл бол модон загалмай бус загалмайд золиос амссан Христ шүү дээ. Загалмай нь Есүсийг зовоож тарчлаасан, Ромын үеийн цаазын ял гүйцэтгэх хэрэгсэл төдий л зүйл. Жинхэнэ итгэгч хүн бол Хезекиа хүрлийн хэлтэрхийнээс хэтрэхгүй хүрэл могойг сэглэж хаясан шиг модны тайрдас төдий загалмайг бүрэн устгаж, буталж хаях ёстой.

“Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.” Ефе 1:7

Библид Есүсийн цусаар бид гэм нүглийн уучлал авсан гэдгийг зааж байна. Загалмайнаас урссан Христийн золиосын цусаар бид аврагдсан болохоос загалмай гэгч зүйл биднийг аварсан юм уу гэм нүглийн уучлал өгсөн биш.

Модон шүтээн төдий загалмай

Библид загалмайн талаар олон тайлбар бий.

“… ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замналыг бүү сур. Үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг бол чи харин тэдгээрээс бүү ай. Тэр хүмүүсийн заншил хий хоосон юм. Учир нь энэ нь ойгоос тайрсан мод, сийлбэрчин хүний багаж ба гарынх нь бүтээл юм. Мөнгө болон алтаар чимснээс цаашгүй, ганхуузай хэмээн алхаар хадаж бэхэлсэн байдаг. Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт үл ярьж, эс явах тул тэднийгээ өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул тэднээс бүү эмээ.”” Иер 10:1-5

Хүний гараар хийсэн дүрс шүтээнийг “өргөст хэмхний талбай дахь мануухай мэт” хэмээн илэрхийлсэн байна. Загалмай нь үндэстнүүдийн заншил, хүний хийсэн дүрс төдий зүйл. Өөрөө ярьж ч чадахгүй, явж ч чадахгүй мануухай мэт зүйл болохоор хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул тэднээс бүү эмээ гэсэн байна.

Хүн энд тэндээс нь тайрч янзлан, өнгөлж зүлгэхийн өмнө загалмай зүгээр л нэг мод байсан шүү дээ. Тиймээс Библид загалмай нь авралд чухал ач холбогдолтой ч биш, ариун зүйл ч биш зүгээр л шүтээн гэдгийг нь онцолж байна. Тийм байтал загалмай босговол яах бол оо?

““Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.” Дэд.Хуу 27:15

Шүтээн хийж нууцаар босгогч хүн эцэстээ хараагдах юм. Хараагдана гэхээр аврал авч чадахгүй гэсэн үг шүү дээ. Хүн төрөлхтнийг аварсан Христийн золиосыг мартчихаад сүмийн цамхаг дээр байрлуулсан загалмай, сүм дотор чимэглэж тавьсан загалмай, бөгж, хүзүүний зүүлт мэтийн гоёл чимэглэлийн зүйл дээр сийлсэн загалмай гэх мэт. Иймэрхүү зүйлээр өөрсдийгөө хамгаалуулахыг хүссэн хүн чухам аврал авах болов уу? Библийн үгийн дагуу харвал загалмай босгосон газар нь Бурхан шийтгэлээ буулгах газар юм. Загалмай шүтэж байгаа хүмүүс нь хараагдах хүмүүс юм.

Хэрвээ Есүс морилон ирээд өнөөгийн сүмүүдийн оройд байгаа үй олон загалмайг харвал юу гэж бодох бол оо? Өөрийнх нь “Босгоорой” гэж огт хэлж байгаагүй шүтээн яагаад сүмийн оройг эзэгнэсэн байгааг асуух байх. Мөн загалмайтай газар байгаа хүмүүс ч Бурханаас өөр бурханд үйлчилсэн гэдгээ л баталж байгаа хэрэг болно шүү дээ.

Бурханд үнэхээр итгэдэг хүмүүсийн хувьд загалмай нь итгэлээсээ зайлуулах ёстой нэг төрлийн жигшмээр шүтээн юм. Нарны бурхны шүтээн төдий зүйл болохоос Бурханд хүндэтгэлээ илэрхийлэх бэлгэ тэмдэг биш юм. Бид загалмай дээр золиос амссан Христийг итгэлийнхээ гол цөм гэж үздэг. Бидэнд бол загалмай ямар ч утга учиргүй. Тиймдээ ч Бурханы сургаалыг дагадаг Бурханы сүмд загалмай босгодоггүй юм. Хургыг хаашаа ч хөтөлсөн үгийг нь дагаад, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.