WATV.org is provided in English. Would you like to change to English?
Библи нь хүн төрөлхтний өвөг Адам, Евагаас эхлээд Израилийн үе үеийн хаадын түүх, Есүс болон элч нарын ул мөр зэрэг олон олон түүхийг агуулж байдаг дэлхийн хэмжээний бестселлер юм. Олон хүн Библи судлан шинэ мэдлэг олж аван, оюуны сониуч зан байдлаа дарах нь ч бий.
Гэхдээ зөвхөн мэдлэгийн цар хүрээгээ тэлэхийн тулд Библи унших нь Библид хандах зөв хандлага биш юм. Библийг судлах бидний зорилго бол сүнсийг маань аврахын төлөө Бурханы айлдсан үг сургаалыг ухаарч, түүнийг даган хэрэгжүүлэхэд оршдог. Яавал Бурханы хүслийг зөв дагаж хэрэгжүүлэх үү гэж бодон Библи судалж, Бурханы тушаасныг ёсчлон дагах үед бид тэнгэрийн хаанчлал явж чадах юм.
Хоёр залуу аяллаар явжээ. Нэг нь Бурханд итгэдэг нөгөө нь итгэдэггүй аж. Тэд энэ тэрийг ярилцан алхаж байв. Бурханд итгэдэг нь найзаасаа яагаад Бурханд итгэдэггүйг нь асуужээ. Найз нь “Арван тушаалд бүү тэг, бүү ингэ гэж их гардаг биз дээ? Тэрэнд дургүйдээ л тэр” гэж хариулав.
Тэд нэлээн явж байгаад мэдээллэх самбартай таарчээ. Салаа зам дээр босгосон тэдгээр самбарууд өөр өөр хот руу явах чиглэлийг заасан байжээ. Тэгэхэд Бурханд итгэдэг нь гэнэт өнөөх самбаруудын байршлыг өөрчилж эхлэв. Нөгөө найз нь ихэд гайхан, энэ үйлдлийг нь болиулах гэж “Ингэвэл хүмүүс зорьсон газраа очиж чадахгүйд хүрнэ шүү дээ. Буцаагаад байр байранд нь тавь” гэв. Тэгэхэд Бурханд итгэдэг найз нь ингэж хэлжээ.
“Библийн үг ч бас Бурханы бидэнд өгсөн мэдээллэх самбар л гэсэн үг. Бурхан Библид ямар нэг зүйлийг бүү хий гэж хэлсэн нь тэр замаар явбал тэнгэрийн хаанчлалыг олохгүй гэсэн утгаар хориглосон юм. Тэрнээс биш ямар ч зорилгогүйгээр хүмүүсийн үйлдлийг хязгаарлаж, эрх чөлөөг нь боогдуулах гэсэндээ тушаасан юм биш.”
Тэрээр Бурхан тушаалаа өгсөн нь биднийг зорьсон газар буюу тэнгэрийн хаанчлалд аюулгүй явж хүрээсэй, хүмүүс тэнгэрийн хаанчлалыг зөв олж очоосой гэсэн хүслээ шингээсэн байдгийг тайлбарлан хэлэв. Тэгэхэд л нөгөө найз нь Бурхан яагаад Библид ямар нэг юмыг хий эсвэл бүү хий гэж бичсэнийг ойлгосон гэнэ.
Дээрх жишээ ярианд гарсан залуугийн хэлсэнчлэн Бурхан бидэнд тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг Библиэр зааж газарчилсан юм. “Намайг дурсаж үүнийг үйлд”, “Сайн муугийн жимсийг бүү ид”, “Бүү хулгайл” гэх мэт Библид бичигдсэн үй олон үг сургаал нь биднийг авралын замаар хөтлөх гэсэн Бурханы захиас юм.
“Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад Тэр түүнд —Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд тэр —Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв. Тэгэхэд нь Есүс —Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно гэв.” Лук 10:25-28
Есүс энэ хуульчид “Зөвхөн мэдээд зогсох биш үүнийгээ үйлд. Тэгвэл чи амьтай болно” гэж айлдсан байна. Энэ нь хүн Библиэр дамжуулан Бурханы хүслийг сурч мэдсэн бол түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой гэсэн сургаал юм. Бид Библи судлах ёстойн учир нь мөнх амийг олох зам Библид бий (Иох 5:39). Гэсэн ч Эхлэл номноос Илчлэл ном хүртэл Библийн 66 номны үг үсэг бүрийг цээжээр мэддэг байлаа ч тэрхүү үгийн дагуу үйлдэхгүй бол ямар ашиг тус байх билээ? Бурхан Библиэр дамжуулан тэнгэрийн хаанчлал явах зүг чиг, арга замыг бидэнд зааж ухааруулсан юм. Иймд бид их бага гэлтгүй аливааг Бурханы зааж өгсний дагуу үйлддэг итгэлтэй байх ёстой.
Бурхан “Үүнийг үйлд” гэж айлдсан байхад “Энэ зэргийн юмыг үйлдэхгүй байлаа гээд тэнгэрийн хаанчлал явж чадахгүй л байв гэж” гэсэн өөрийн бодлоо урьтал болгох тэр агшинд тэнгэрийн хаанчлал тэр хүнээс холдох юм. Есүс тэнгэрт байгаа Эцэгийн хүслийг үйлдэгч нь л тэнгэрийн хаанчлалд орно гэж сургасан.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23
Хэрвээ чиглэл нь өөрчлөгдсөн мэдээллэх самбарын дагуу явбал бид зорьсон газар болох тэнгэрийн хаанчлалдаа хүрч чадахгүй. Хэдийгээр Эзэний нэрээр эш үзүүлж, олон гайхамшиг үйлдэж байсан ч адилхан.
Гэвч дайсан диавол Бурханы цаг үе болон хуулийг өөрчилснөөр тэнгэрийн хаанчлал явах чигийг заадаг мэдээллэх самбарын чиглэлийг нь өөрчлөөд замбарааг нь алдуулчихсан (Дан 7:25). Нарны бурханд мөргөдөг харийн шашны баяр наадмын зан үйл христийн шашин руу орж ирээд 321 онд Амралтын өдөр гэдэг мэдээллэх самбар алга болж, ням гаргийн мөргөл гэгч гажуудсан мэдээллэх самбар боссон. 325 онд Сатан Алгасал баяр гэдэг мэдээллэх самбарыг сугалж аваад 354 онд Христмас гэдэг мэдээллэх самбар байрлуулсан. Үүний уршгаар олон хүн тэнгэрийн хаанчлал явах замыг олж чадахгүй, ёс бусын заадаг буруу зам руу орцгоох болсон юм.
“Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог.” Мат 7:13-14
Есүс “Сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн, цөөн хүн түүнийг олдог” гэж айлдсан байна. Өнөө үед олон хүн Бурханы мэдээллэх самбарыг Сатан өөрчилсөн гэдгийг мэдэхгүй чигтээ өөрсдийгөө зөв замаар явж байгаа гэж буруу ойлгоод, Библид заасан замыг харин ч буруу зам гэж боддог. Гэсэн ч олон хүн явдаг гээд тэрийг зөв зам гэж үзэх аргагүй юм. Тэр нь зөв зам эсэхийг Библиэр дамжуулан ахин дахин баталж үзэх хэрэгтэй юм. Хэдийгээр үнэнийг дагадаг хүн цөөхөн байсан ч бидний хувьд бол Бурханы босгосон мэдээллэх самбарын дагуу мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглээд явах хэрэгтэй.
Зорьсон газартаа хүрье гэвэл зөв мэдээллэх самбарыг дагаад явах ёстой. Мэдээллэх самбар харсан хэрнээ тэрний дагуу явахгүй эсвэл мэдээллэх самбар дээрх чиглэлийг өөрчилчихвөл тэс өөр газар руу явахаас өөрцгүй юм. Үүн шиг итгэлийн зорилго болох тэнгэрийн хаанчлал руу явъя гэвэл Бурханы Библид тэмдэглэсэн зөв чиглэл буюу үнэний сургаалыг ном ёсоор нь дагах ёстой.
Тэнгэрийн хаанчлал явах замыг Бурхан хамгийн сайн мэднэ. Төгс хүчит Бурхан тэнгэрийн хаанчлалын замыг зааж өгөх мэдээллэх самбар болгож Библийг өгсөн учраас Библийн үгийг дагах юм бол бид тэнгэрийн хаанчлалд хүрнэ.
“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:18-19
“Энэхүү ном” гэсэн нь Библийг хэлж байгаа. Ариун Бурханы байгуулсан үнэнийг хүн дур мэдэн өөрчилж огт болохгүй юм. Библийн үгэн дээр огт нэмж болохгүй, Библийн үгнээс хасаж ч болохгүй хэмээсэн нь хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн тулд Бурханы зааж өгсөн замаас өөр замыг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн утгатай.
Библид ням гаргийн мөргөл ч, Христмас ч, загалмай шүтээн ч байхгүй. Библид байгаа мэдээллэх самбар алга болж, байхгүй зүйлс нэмэгдсэн ийм байдалд Бурхан харамсаж, өөрчлөгдчихөөд байсан авралын мэдээллэх самбарыг зөв босгохын тулд хоёр дахиа энэ дэлхийд ирсэн юм (Евр 9:27-28).
Шинэ гэрээний үнэн бол Бурхан болон хүн төрөлхтөн бидний хоорондын амлалт юм. Бурхан Библийг тэнгэрийн хаанчлалын зам руу газарчилдаг мэдээллэх самбар болгон хүн төрөлхтөнд өгч, Библийн үгэн дээр нэмж, хасалгүй даган үйлдэх үед Өөрийн ард түмнээр хүлээн зөвшөөрч, тэнгэрийн хаанчлалын ерөөл өгнө хэмээн амласан.
Бурхан бидэнд амласан амлалтуудаас Амралтын өдрийн талаар судалцгаая.
“Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.” Гэт 31:13
Библид Амралтын өдөр бол долоо дахь өдөр гэж гэрчилдэг (Эхл 2:1-3). Хуучин гэрээний Библийг харвал Ёхова Бурхан “Та нар Миний Амралтын өдрийг сахь” гэж тушаасан байдаг. Түүнчлэн Амралтын өдрийг үе уламжлан Бурхан болон бидний хоорондох тэмдэг болгожээ. Мөн Амралтын өдөр сахидаг хүнийг ерөөж, ариун болгон, Бурханы ард түмнээр хүлээн зөвшөөрнө гэж амласан. Шинэ гэрээний үед бол Есүс “Хүний Хүү Амралтын өдрийн Эзэн мөн” хэмээн зааж ухааруулаад Өөрөө заншсан ёсоороо Амралтын өдөр сахих жишээ үзүүлснээр шавь нараараа ч үүнийг үйлдүүлсэн байдаг (Мат 12:8, Лук 4:16, Иох 13:15 үзэх).
Энэ мэт Амралтын өдөр нь Бурханы нээж өгсөн тэнгэрийн хаанчлал явах зам юм. Энэ бол Бурханы босгосон мэдээллэх самбар, хэн ч өөрчилж болохгүй үнэн.
“Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна. Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн. Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн.” Езе 20:10-13
Бурхан бидэнд амь өгөхийн төлөө байгуулсан Амралтын өдрийг үл сахигчид, Сатаны бий болгосон өөр замыг дагагчид нь тэнгэрийн хаанчлалд хүрч чадахгүй гэж хатуу анхааруулсан байна. Замын хөдөлгөөний дүрмээс гэрлэн дохионы талаар бодож үзье л дээ. Энэ нь аюулгүй байдлын төлөө сахих ёстой амлалтууд. Улаан гэрэл асвал зогсоорой гэсэн утгатай. Гэтэл зогс гэсэн дохиог үл тоож дур мэдэн үйлдэл хийвэл хөнгөн хэлбэрийн гэмтэл авч ч болно, эсвэл бүр үхэлд хүргэх томоохон аваар осол ч гарч мэднэ.
Бурхантай хийсэн амлалтаа үл тоож, зөрчвөл сүнсээр осолдоно. Тэрний дараа аз жаргал, мөнх амь биш харин зовлон сүйрэл дагалдах аюултай. Тийм учраас Бурханд итгэдэг гэдэг мөртлөө ёс бусыг үйлдэгчдэд хандан Есүс “Би та нарыг танихгүй. Бүгд Надаас зайл” гэж хэлсэн хэрэг.
Цөлд амьдардаг зарим могой идэш тэжээл ховор тул нисэх шувуудыг идшээ болгодог гэнэ. Могойнууд биеэ хамгаалахын тулд орчинтойгоо зохицож ууссан өнгөтэй байдаг бөгөөд сүүлнийх нь үзүүр аалз эсвэл хорхой шавьж шиг харагддаг аж. Могой сүүлээ хөдөлгөж шувуудын анхаарлыг татна. Могойны сүүлийг идэш хоол гэж андуурсан шувуу ойртон ирэх мөчид могой амаа нээн залгиж орхино.
Бурханы хүүхдүүдийг мэхлэх Сатаны арга ч бас үүнтэй адилхан. Үхлийн аюул нүднийх нь өмнө ирчихээд байхад ч хүртэл мэддэггүй шувуу шиг бидэнд ч бас овжин гэгч нь зүсээ хувиргасан ёс бусыг ялгаж салгах билгийн хараа байдаггүй. Тийм болохоор л Бурхан бидэнд үүнийг хий, тэрийг битгий хий гэж нэг бүрчлэн сургадаг юм. Хүүхэд нь болсон бид тэрхүү хүслийг нь ухаарч, Бурханд итгэх ёстой. Бурханы хориглосон зүйлийг хийх үү, байх уу гэж бодох, үүнийг үйлд гэсэн үгэнд нь хөнгөн хуумгай хандвал өөрийн мэдэлгүй тэнгэрийн хаанчлал явах замаасаа холдож, эцэст нь Сатанд сүнсээ дээрэмдүүлнэ.
Хүн төрөлхтнийг чөлөөтэй, дураар нь орхиод тэр дундаас тэнгэрийн хаанчлалд орох зохистой хүмүүсийг л дагуулж явбал Бурханд хамаагүй амар байхсан. Гэсэн ч Бурхан Өөрийн бүх хүүхдээ хайрладаг учраас ганц ч сүнс алдалгүй тэнгэрийн хаанчлал дагуулж явах гэсэндээ бидний бүх үйлдлийг ажиглаж, аар саар юмыг ч хүртэл зааж өгдөг. Биднийг хайрладаггүй байсан бол бидний нүглийг уучлах гэж энэ дэлхийд хүрч ирэх шаардлага байхгүй шүү дээ. Бидний нүглийн оронд загалмайд золиосын тахил болох ч үгүй байсан. Гэвч Бурхан биднийг тэгтлээ хайрласан учраас л тэнгэрийн хаанчлал руу хөтлөх удирдамж, зааврыг ч нарийн тогтоосон. Бурханы ийм гүн хайрыг хүртсэн бид Бурханы үгийг зөвхөн мэдээд зогсох биш хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй юм.
“Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү? … итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна, надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм. Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгнэдэг юм. Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. … Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.” Иак 2:14-26
Үйлсгүй итгэл нь ашиггүй, үхмэл гэж айлдсан учраас итгэдэггүйтэй л адилхан. Итгэл нь үйлстэй холбоотой байдаг.
Зарим хүн загалмайд урсгасан үнэт цусанд л итгэвэл Алгасал баяр, Амралтын өдөр сахихгүй байсан ч болох мэтээр ярьдаг. Гэвч Бүтээгч Бурханы хүч чадалд итгэдэг учраас Амралтын өдөр сахиж, хурганы бодит болсон Христэд итгэдэг учраас л Алгасал баяр сахих ёстой биш гэж үү?
Бид үйлс үйлдлээрээ төгс болсон “амьд итгэл”-ийг эзэмшээд, Бурханы бидэнд тушаасан, биднийг хөтлөх замыг нь дагацгаая. Тэгээд “Та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, … та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” гэж айлдсан учраас (Мат 28:19-20) энэ үгийг нь ч бас хэрэгжүүлээд, Сатаны уршгаар чиглэл нь өөрчлөгдсөн мэдээллэх самбарыг харан сүйрлийн замаар явж байгаа газар дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглаж, тэднийг авралын зам, мөнх амийн зам руу хөтөлцгөөе.
Хүний амьдралын эцсийн зорих газар бол тэнгэрийн хаанчлал. “Бурханы удирдамжийг дагаад мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа буцан ирээрэй” гэсэн чин сэтгэлийн үгийг сэтгэлдээ хоногшуулж, Бурханы сургаалыг үргэлж үйлс болгоод мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрээрэй гэж хүсье.