Эцсээ хүртэл тэвчих итгэл

23,458 үзэлт

Израиль ард түмний цөлийн 40 жилийн түүхийг эргэн харвал Бурханы хүсэлд нийцэлгүй амьдарсны улмаас 20 юм уу 30 жил эсвэл Канаан нутаг орох хүртэл хэцүү цөлийн замаар алхсан ч эцэстээ тэр цуваанаас гарсан юм уу хасагдсан хүн олон байв. Энэ үед итгэлийн цөлийн замаас нэг ч хүн хоцролгүйгээр, бүгдээрээ тэнгэрийн Канаан нутагт энх тунх очихыг хүсэж байна.

Энэ үеийн итгэлийн амьдралын элдэв нөхцөл байдал эрт үеэс хавьгүй дээр болсон нь үнэн юм. Гэхдээ гадна талын нөхцөл байдлаас эсрэгээрээ тэсвэр тэвчээр нь улам бүр багасаад байх шиг. Сионы гэр бүлүүд та бүхнийг тэвчээртэй итгэлтэй байхыг чин сэтгэлээсээ гуйж, эцсээ хүртэл тэвчих итгэлийн тухай Библид ямар сургаал өгснийг хамтдаа судалж үзэцгээе.

Авралд хүрэх зайлшгүй нөхцөл нь тэвчээр

“Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.” Мат 10:22

Диавол биднийг эцсээ хүртэл тэвчиж чадах нь уу гэж сорихын тулд янз бүрийн арга мэх, заль бүхнээ хэрэглэж байна. Биднийг усан үзмийн модноос унжих жимстэй зүйрлэвэл диавол тэр модыг үргэлж ганхуулж байгаатай адил юм. Заримдаа салхиар, заримдаа хээрийн амьтнаар нэг ч өдөр алгасалгүйгээр бидний итгэлийг унагахын төлөө тал бүрээр зүтгэж байна.

Марафонд гүйхэд хамгийн хэцүү үе нь магадгүй сүүлчийн барианы өмнө хамаг хүчээ гаргах үе байх. Марафоны бариа шиг нүдний өмнө харагдах Бурханы хаанчлал өөд гүйж байгаа бид хамаг хүчээ дайчлан гаргах хэрэгтэй. Авралын цуваанаас хоцорч үлдэж ерөөсөө болохгүй. Хэдийгээр махан биеэр ямар ч үеэс илүү их хүч зарцуулах боловч өдий хүртэл эрч хүчтэйгээр гүйж ирсэн болохоор дахиад жаахан л тэвчвэл энэ хүртэлх зовлон дуусна гэсэн найдвараар тэвчээд, тэнгэрийн яруу алдарт заавал оролцохыг хүсэж байна.

2000 жилийн өмнө ирсэн Есүс, мөн Ариун Сүнсний үеийн Аврагч болж ирсэн Эцэг, Эх Бурхан эцсээ хүртэл тэвчсэн хүнд аврал өгөгдөнө гэж тасралтгүй айлдсаар л байна. Тэвчээрийн талаарх Бурханы сургаалыг Еврей номноос дахин нэг удаа судалж үзэцгээе.

“Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Эс саатна. Харин зөвт хүн итгэлээр амьдарна. Хэрэв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг эс таална” гэжээ. Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.” Евр 10:36-39

Дээрх ишлэлд айлдсанчлан айсуй Нэгэн тун удалгүй ирэхэд Бурханы соёрхох тэрхүү мөнхийн тэнгэрийн хаанчлал ба мөнх амийн амлалтыг авахын тулд бидэнд тэвчээртэй итгэл хэрэгтэй. Хэдийгээр бартаатай, ангаж хатсан газар ч гэлээ цөлийн замыг хэн ч бай заавал туулах учиртай. Бид мөнхийн тэнгэрийн хаанчлал Канаанд орвол тэр цагаас хойш зовлон ч, үхэл ч, өвдөх ч, хөгшрөх ч үгүй болж, мөнх амь л авна гэсэн болохоор Бурханы зөвшөөрсөн мөнхийн тэнгэрийн хаанчлалд цаг ямагт найдаад, эцсээ хүртэл Бурханыг дагах итгэлээр сайн мэдээний алхаагаа тавихыг хүсэж байна.

Бидэнд тэвчээр хэрэгтэй гэж Библид дахин дахин анхааруулсан байна.

“Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биенийхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч үүдэн дээр зогсож байна. Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийн зовлон ба тэвчээрийн жишээг авагтун. Харагтун, бид тэвчсэнийг нь ерөөлтэйд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонсож, Эзэний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.” Иак 5:9-11

Бурхан тэвчээртэй хүмүүсийг ерөөлтэй гэсэн. Иовын тэсвэр тэвчээрээс биднийг жишээ аваасай гэж хүссэн юм. Израиль ард түмний олонх цөлийн аян замд түрхэн зуурын өлдөж цангахыг тэвчиж чадалгүй, Бурханы ерөөлийг харж чадахгүй удаа дараа гомдол гаргаж байв. Тэгснийхээ үр дүнд яалаа? Анх Египетээс гарсан үедээ цэрэг эр гэхэд л зургаан зуун мянга байсан боловч орсных нь дараа ч тэр хэвээрээ л байсан. Богино гэж хэлэхээргүй 40 жилийн хугацаанд олон хүүхэд төрсөн боловч түүнтэй тэнцэхүйц олон хүн гомдоллоод цөлийн замд үхсэн юм.

Бурхан бол бүгдийг чадагч юм. Бурханы чин хүслийг ухаарч чадахгүйгээс тэвчихээ больж, зовж зүдрэн, няцаж шантраад байж болохгүй.

Иовд ирсэн эхний сорилт

Иовоос тэсвэр тэвчээрийн үлгэр жишээ авахыг хүссэн Бурханы үгийг дагаж, Иов номноос тэрээр ямаршуу тэвчээрийн үйл явц туулсан ба Бурхан түүнд ямар үр дүн зөвшөөрч өгснийг судалж үзэцгээе.

“… ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв. Тэгэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Иов шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? … Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв. Тэгэхэд ЭЗЭН, Сатанд —Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ гараа түүнд л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ. Нэгэн өдөр түүний хөвгүүд, охид хамгийн том ахынхаа гэрт идэцгээж, дарс ууцгааж байтал Иов уруу нэгэн элч ирж —Үхрүүд газар хагалж, илжигнүүд хажууханд нь идээшилж байсан. Савечууд довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал, харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө: Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.” Иов 1:7-22

Бурхан өөлөх өөгүй, үгээр илэрхийлэхийн аргагүй Иовын итгэлд ихэд баярлан, магтаал сайшаал харамгүй хайрласан юм. Харин Сатан Иовыг хүнд байдалд оруулбал Бурхандаа гомдоллоод нүүрээ буруулна гэж хэлээд гуйв. Ингэхэд Бурхан Иовыг сорихыг Сатанд зөвшөөрмөгц Иовын гэр бүлд янз бүрийн муу зүйл тасралтгүйгээр хийж байв. Амьсгаа авах ч завдал өгөхгүй гунигт муу мэдээ сонсгож, хүүхдүүд нь хүртэл амиа алдсан юм. Энэ нь ганцхан Бурханд хичээнгүйлэн итгэж байсан Иовын гэрт л ар араасаа гарч байв.

Бид Библид байгаа тэмдэглэлийг уншихаас хэтэрдэггүй тул өөрсдийн биеэр мэдрэхгүй. Хэрэв бидэнд ийм зүйл удаа дараа гарсан гэж бодъё. Үнэхээр үүн шиг хэцүү зүйлийг тэвчиж чадах хүн хэр олон байгаа билээ? Харин ийм хүнд гамшигт нэрвэгдсэн ч Иов өгсөн нь ч Бурхан, авсан нь ч Бурхан учраас зөвхөн Бурхан л магтаал аваасай гэж хүсээд, ерөөсөө Бурханыг буруутгасангүй.

2 дахь сорилтыг ч тэсвэрлэсэн Иов

Туйлдам хүнд нөхцөл дунд Бурханаас холдоогүй Иовыг хараад Бурхан маш их баярласан юм. Харин Сатан дахин Бурханаас Иовыг сорихыг шаарджээ.

“… ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр чин үнэнчээрээ л байна гэв. Сатан, ЭЗЭНд хариулан —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм. Та одоо мутраа сунган, түүний яс маханд хүрэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв. Тиймээс ЭЗЭН, Сатанд —Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ түүний аминд л гараа бүү хүргэ гэжээ. Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав. Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авлаа. Тэгэхэд эхнэр нь түүнд —Чи чин үнэнчээ хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв. Харин тэрээр түүнд —Чи мунхаг эмсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид, мууг хүлээн авах ёсгүй юу? гэв. Энэ болсон бүхэнд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.” Иов 2:1-10

Иовд шаналж зовох 2 дахь сорилт тулж ирсэн юм. Энэ удаа эхнэр нь хүртэл Бурханыг хараагаад үх гэж зэмлэж байв.

Иовд учирсан сорилтуудыг өөртөө тулгарч байгаа том жижиг сорилтуудтай нэг удаа харьцуулаад үзээрэй. Чухамдаа аль нь илүү зовлонтой, хүнд хэцүү сорилт вэ?

Иовд учирсан сорилт нь амархан тэвчиж чадах хэмжээний сорилт биш байв. Гэвч Иов Бурханаас ерөөл ч авсан юм чинь энэ бэрхшээлийг ч хүлээн авч болохгүй гэж үү гэж хариу асуугаад, Бурханд гомдоллосон үг огтхон ч гаргасангүй.

Тэвчээрийн эцэст зөвшөөрөгдсөн 2 дахин их ерөөл

Иов номны агуулгыг харахад тэрээр сорилттой учрах бүрдээ ямар их гаслан зовлон дунд байсан бэ гэдгийг мэдэж болохоор хэсэг их байдаг. Өөрийн төрсөн өдрийг харааж, “Төрөхдөө юунд эс үхэв, би?” гэж харамссанаас нь харахад түүний зовлон шаналал ямар их байсныг таамаглаж болно. Тэр үед тайвшруулахаар ирсэн 3 найзынхаа мунхаг үгийг сонсоод, үргэлж тэрсэлдсэн учир өөрөө ч мэдэлгүй сүнсний талаарх байр суурь нь балартаж байв. Бурхан Өөрийнхөө төгс хүчийг ухааруулж, Иовд сургасан байдаг. Тэгээд Иовын урьдын итгэлийг сэргээжээ. Тэр үед тайвшруулахаар ирсэн 3 найзынхаа мунхаг үгийг сонсоод, үргэлж тэрсэлдсэн учир өөрөө ч мэдэлгүй сүнсний талаарх байр суурь нь балартаж байв. Бурхан Өөрийнхөө төгс хүчийг ухааруулж, Иовд сургасан байдаг. Тэгээд Иовын урьдын итгэлийг сэргээжээ.

“Дараа нь Иов, ЭЗЭНд хариулан —Та бүхнийг үйлдэж чаддаг, зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ. “Мэдлэггүйгээр зорилго зөвлөгөөг хаадаг Би хэн юм бэ?” … Та сонсооч, би ярья. Танаас асууя би, надад мэдүүлээч. … би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв. ЭЗЭН эдгээр үгийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд —Та нар Миний тухай зарц Иов шиг минь зөвийг яриагүй тул Миний уур хилэн чиний эсрэг ба хоёр найзын чинь эсрэг дүрэлзэж байна. … ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ. Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов. … ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв. Тэрээр долоон хүү, гурван охинтой байв. … Дараа нь Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач гуч буюу дөрвөн үеэ үзжээ. Иов өндөр насалж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.” Иов 42:1-17

Иовын гэмшил ба итгэлд баярласан Бурхан урьд байснаас нь 2 дахин их ерөөлийг зөвшөөрч өгсөн юм. Иов магадгүй Сатаны сорилтод дийлдээд Бурханд гомдоллож нүүр буруулсан бол түүний итгэлийн зам тэндээс зогсох байсан байх. Харин эцсээ хүртэл бат итгэлийг сахиад, урьд байснаасаа илүү их ерөөл аван, амар тайвнаар өдрүүдээ дуусгажээ.

Иов номын сургамж ба бидэнд байх ёстой зан чанар

Бурхан бидэнд тэсвэр тэвчээрийг сургаж, зааж өгөхийн тулд Иов ном бичигдсэн юм. Иовтой адил тэсвэрлэдэг хүн ерөөлтэй. Тэнгэрийн орон ойртох тусам Сатан өөрт нь бага хугацаа үлдсэнийг мэддэг. Тиймээс Бурханы ард түмэнд улам хүчтэйгээр саад хийн, сорилтод унагах гэж сэтгэлийг нь эргүүлдэг. Илүү том эш үзүүлэгч болох тусам, илүү том сайн мэдээний үйлчлэгч болох тусам шалгуур ба сорилт бүр ч хүндэрч болно.

Өгөгч ба Авагч нь Бурхан гэдгийг мэдээд, тэрхүү зовлонгоор дамжуулан сургах Бурханы хүсэл байгаа гэдэгт итгээд, Иов шиг өөлөх өөгүй итгэлийг сахидаг хүнийг Бурхан ерөөж өгнө. Бид бүхэн тус тусын их бага зовлонг ялан гарах тэвчээртэй итгэлтэй болох хэрэгтэй юм.

“… Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг. … Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн.” 1Тим 6:7-12

Бурханы өнөө үед бидэнд айлдсан сургаал дунд зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, дөлгөөн зан гэж бий. Мөн тэр дунд орхигдуулж болшгүй нэг зүйл нь тэвчээр юм. Итгэлийн цөлийн замаас огт хоцролгүй, Бурханыг гэсэн өөлөх өөгүй итгэлийг бид сахиад, Бурханд л найдаж урагш зүтгэх хэрэгтэй юм. Бурханд л найдвал Бурханыг дуурайх болно. Түүний хайрыг ч, тэвчээрийг ч дуурайх болно. Бурханы зан чанарыг тэр хэвээр нь өвлөн авах болно.

Мөнхийн тэнгэрийн оронд амьдрахын тулд бид заавал бурхан чанарыг хуваалцагч болох ёстой. Бурхан чанарт тэсвэр тэвчээр ч ордог юм (2Пет 1:4-9). Тэвчих хэрэгтэй. Өөрийн бодлоор болохгүй үед уур хүрэх, бухимдах үе хааяа гардаг. Гэвч тэр бүх зүйлийг тэвчицгээе. Сорилтод оролгүй, үргэлж Бурханыг бодоод, Бурханд талархал яруу алдрыг өргөн, эцсээ хүртэл тэвчээртэйгээр итгэлээ сахицгаая. Эргэн тойронд маань биднийг сатааруулах зүйл үргэлж саад боллоо ч Бурханыг мартахгүй байхыг хүсэж байна. Тэнгэр Эцэг, Эх биднийг хаашаа хөтөлнө тэр замыг дагах ивээлтэй Сионы гэр бүлүүд болохыг хүсье.