Хорвоо ертөнцийг тольдох цонх, нүд

1291 Үзсэн тоо

Утга зохиолын төрлөөр Нобелийн шагнал хүртсэн Хосе Сарамагогийн бичсэн “Сохор байдлын тухай эссэ” роман нь нэгэн хүн жирийн нэг өдөр машинаа жолоодож байгаад гэнэт сохор болж байгаагаар эхэлдэг. Удаа ч үгүй түүнийг асарч тойлж байсан эхнэр нь, эмчлүүлэхээр очсон эмнэлгийнх нь өвчтөнүүд, эмчилж байсан нүдний эмч нь гээд бүгд хараагүй болно. Тайлбарлахын аргагүй сохролт тахал аятай тархаж, нийгэм маш хурдацтай сүйрнэ. Энэ бол “Сохруудын оронд ганц нүдтэй нь хаан” гэдэг шиг харааны хүчийг бодитоор дүрсэлсэн зохиол юм.

Бид харааны чухлыг байнга мартаж байдаг. Харин хараанаас хэр их хамаардгаа ойлгохын тулд ядах юмгүй, нүдээ анихад л болно. Хүмүүс ер нь маш их мэдээллийг хараагаар хүлээн авдаг тул мэдрэхүйн бараг 80% нь нүднээс хамаардаг байна. Биднийг болон ертөнцийг холбодог нарийн, боловсронгуй мэдрэхүйн эрхтэн болох нүдний талаар авч үзье.

Эмзэг онцгой мэдрэхүйн эрхтэн нүд

Дунджаар 7 грамм жинтэй, 2,4 сантиметр диаметртэй ширээний теннисний бөмбөг шиг хэмжээтэй хүний нүдийг фокус тааруулах, тодосгогч тохируулах, дүрс тогтворжуулах, зураг боловсруулах гэх зэрэг үзүүлэлт сайтай, маш цогц биологийн камер гэж тодорхойлж болно. Нүд эвэрлэг бүрхэвчээр нэвтрэх гэрлийг солонгон бүрхүүлний хэмжээг тохируулснаар нэмж эсвэл хасаж байдаг байна. Нүд рүү нэвтэрч буй гэрлийн туяа нүдний болроор дамжих үед хугаралд орж, нүдний хамгийн гүн хэсэг болох торлог бүрхэвчин дээр дүрсийг үүсгэдэг. Ийм байдлаар үүссэн дүрс харааны мэдрэлээр тархи руу дамжин, улмаар тархи энэ дохиог нь задлан шинжилснээр бид тухайн зүйлийг харж чаддаг.

Нүдний торлог бүрхэвч дээр дүрс бий болох явцад анхаарах хэрэгтэй зүйл нэг хоёроор тогтохгүй. Ямар нэг зүйлийг харахын тулд, тухайн обьектыг нарийн онож харахын тулд нүдний алимаа эхлээд хөдөлгөх хэрэгтэй. Хүний нүдэнд дээш доош болох, анивчих, эргүүлэх, чөлөөтэй хөдөлгөх зургаан булчин байдаг. Жишээлбэл таныг энэ өгүүлбэрийг уншиж байхад ч нүдний чинь булчин суларч, агшиж, нүднийхээ алимыг зүүн, баруун тийш хөдөлгөөд тун завгүй байгаа.

Бие, толгой хөдөлж байсан ч нүд төвлөрсөн цэг, фокусаа тогтвортой хадгалж чаддаг. Учир нь камерын дүрс тогтворжуулагч шиг биеийн чичиргээг харгалзан фокусаа байнга нарийн тохируулдагтай нь холбоотой. Цагирган суваг нь хөдөлгөөний чиглэлийг мэдэрч, тархи руу дохио илгээх үед тархи нь нүдийг биеийн хөдөлгөөний эсрэг чиглэлд хөдөлгөдөг байна. Доргиж чичирч буй машин дотор ном уншиж болдог учир энэ.

Нүд фокусаа тааруулсны дараа хүүхэн харааны хэмжээг тохируулж, улмаар харанхуй өрөө шиг нүд рүү хангалттай хэмжээний гэрэл орж байх боломж өгдөг байна. Цагирган боов шиг хэлбэртэй нүдний солонгон бүрхүүл нь камерын диафрагмын үүрэг гүйцэтгэдэг. Гэрэл бүдэг үед хүүхэн харааг том болгохоор нүд солонгон бүрхүүлээ нээдэг аж. Гэрэл хурц үед зөвхөн тодорхой хэмжээний гэрэл нь л нүд рүү орж байхаар болгох гэсэндээ хүүхэн харааг жижиг болгохоор нүд солонгон бүрхүүлээ хаадаг байна. Нарийн мэдрэлээр хянагддаг энэхүү хурдан хариу үйлдлийг “хүүхэн харааны рефлекс” гэж нэрлэдэг. Үүнийг тархины үйл ажиллагаа хэвийн бус эсэхийг шалгахад мөн ашигладаг байна.

Ямар нэг ойрын юмыг харж байгаад гэнэт хол газар руу харсан байсан ч хүний нүд хормын зуур фокусаа тааруулдаг байна. Камерын хувьд бол фокус тааруулах гэж линзийг урагш хойш нь хөдөлгөх хэрэг гарна. Харин нүд бол болор линзнийхээ зузааныг өөрчлөх замаар фокусаа тааруулдаг аж. Ойрын юм харахад болорт холбогдсон эдүүд суларч, болор линз зузаарч, холын юм харахад тэдгээр эдүүд нь болор линзийг татаж, нимгэн болгоно. Ингэснээр тэд гэрлийн хугарлын илтгэгчийг тохируулдаг. Хүн хормын дотор хол, ойрын аль алиныг харах боломжтой байдаг учир шалтгаан нь уян хатан болор линз анхны хэлбэрээ алдалгүйгээр хоромхон зуур нимгэн зузаанаа тохируулдагт нь байдаг ажээ.

Нэг ертөнцийг хоёр нүдээр хардаг

Сээр нуруутан амьтан бүр хоёр нүдтэй. Яагаад нэг биш хоёр нүдтэй байдаг юм бол? Нэг нүдээ аниад хоёр гартаа харандаа бариад гараа дэлгэж, хоёр харандааны үзүүрийг хооронд нь хүргэх гээд үз. Тэгээд яагаад хоёр нүд хэрэгтэйг мэдэх болно.

Адилхан нэг обьектыг нүдээ нэг нэгээр нь аниад ээлжлэн харвал нэг нэгнээсээ бага зэрэг ялгаатай байдаг. Зүүн, баруун нүдний хоорондын зай ойролцоогоор 60-70мм байх бөгөөд обьектыг өөр өөр өнцгөөс харж, дүрсийг биежүүлдэг. Үүнийг нүдний дурангийн ялгаа (Binocular disparity) гэдэг байна. Хоёр нүд үнэндээ хоёр хэмжээстээр хардаг бидний хараанд 3D эффект нэмж, гурван хэмжээстийг мэдрэхэд тусалдаг ажээ. Тархи нь нүд бүрээс ирэх харааны мэдээллийг нэгтгэж, нэг дүрс болгон таньдаг байна. Ийм учраас нүдний хараанд 3D эффект нэмэгдэж, тус тусдаа байсан харааны мэдээлэл нэгддэг. Хэрэв хүн ганц нүдээрээ хардаг байсан бол дэлхий ертөнц хавтгай дээрх гэрэл зураг шиг л байх болов уу.

3D стерео кино гэдгээрээ алдартай “Аватар” кино гэхэд л хоёр камер зэрэг ашигласан байдаг. 3D стерео зургийн үндсэн зарчим нь хоёр камерын өөр өөр өнцгөөс авсан дүр зургийг дурангийн ялгаа ашиглан баруун, зүүн нүд рүү харуулах явдал юм.

Бид нүдээрээ хардаг уу? Бид тархиараа хардаг!

Үр хөврөлийн хувьд ч, анатомийн хувьд ч нүд бол тархины нэг хэсэг юм. Учир нь нүдний торлог бүрхэвч болон харааны мэдрэл нь ургийн хөгжлийн эхэн үед тархины урд хэсгээс үүсдэг бөгөөд нүд нь харааны мэдрэлээр дамжин тархитай шууд холбогддог. Харааны төв нь тархины арын хэсэгт байрладаг тул толгойны ар тал гэмтэх нь нүдэнд ямар ч гэмтэл учраагүй байсан ч хараагаа алдахад хүргэж болзошгүй байдаг.

Камерын хальстай адилтгадаг нүдний торлог бүрхэвч нь маш мэдрэмтгий, өндөр нарийвчлалтай мэдрэлийн эд юм. Нүдний торлог бүрхэвч дэх харааны эсүүд гаднаас ирж буй гэрлийн мэдээллийг цахилгаан дохио болгон хувиргаж, тархи руу илгээнэ. Харааны эсүүдийн нэг болох савханцар эс нь гэрэлд маш мэдрэмтгий тул дан ганц фотонд ч хариу үйлдэл үзүүлэх чадвартай төдийгүй харанхуй газар гэрэл сүүдрийг ялгах гол үүрэг гүйцэтгэдэг. 120 сая савханцар эс үүргээ бүрэн дүүрэн биелүүлдэг тул хүн харанхуй шөнө ч ертөнцийг бүдэг бадаг ч болов харж чаддаг. Нүдний торлог бүрхэвчинд 6 сая конус эс бий. Конус эсүүд нь улаан, ногоон, цэнхэр өнгөний гэрэлд хариу үйлдэл үзүүлдэг гурван төрөлтэй. Тархи нь конус эсээс илгээсэн мэдрэлийн дохиог нэгтгэж, задлан шинжилж, нэг сая өнгө ялгаж чаддаг. Эдгээр конус эсийн ачаар бид тунгалаг, өнгөлөг ертөнцийг өндөр нарийвчлалтайгаар харж чаддаг.

Нүдний торлог бүрхэвчинд цахилгаан дохио болж хувирдаг харааны мэдээлэл нь харааны мэдрэлээр дамжин толгойн арын хэсэгт байрлах тархины харааны кортекс руу дамжина. 30 орчим хэсгээс бүрдсэн харааны кортекс нь тухайн биетийн үндсэн дүрс болох шугам, хүрээ, булан зэргийг ялгаж, хэлбэр, өнгө, үйл хөдлөлийг илрүүлэх, царайг таних зэргээр олон хэсэг нэг зэрэг зохицож, эд юмсыг цогцоор нь авч үздэг.

Хэрэв өнгө хариуцдаг хэсэг нь үүргээ зүй ёсоор гүйцэтгэхгүй бол өнгөний харалган байгаагүй хүмүүс ч ертөнцийг хар цагаанаар харах болно. Байнгын хөдөлгөөнийг харж байдаг хэсэг нь гэмтсэн бол давхиж буй машиныг харвал огцом хөдөлгөөнт дүрс мэт харагдах болно. Хэрэв нүүр царай таних хэсэг нь доголдвол мэдрэлийн эмч Оливер Саксийн бичсэн “Эхнэрээ малгай гэж андуурсан хүн” хэмээх номонд гардаг шиг эхнэрийнхээ царайг ч таньж чадахгүй “нүүрний харалган байдал” эмгэг тусна.

Чихуахуа, нэрстэй жигнэмэг хоёрыг, муур, иристэй зайрмаг хоёрыг ялгаж чаддаггүй зураг хайх программын хөөрхөн алдаанууд цахим ертөнцөд олны анхаарлыг татсан. Гурван настай хүүхэд хүртэл нохой, муур гэдгийг нь амархан ялгаж чаддаг байтал хиймэл оюун ухаан өөр өөр дүрсийг хооронд нь ялгана гэдэг бидний боддог шиг тийм ч энгийн зүйл биш. Хиймэл оюун ухааны технологиор дүрс шинжлэх нь ч мөн л хүний харааны мэдээллийг боловсруулах явцыг дуурайлгах замаар бий болгосон дэвшил юм. Гэвч бүрэн төгс болох үе шатанд очтолоо бас л хол хэвээр.

Сүүлийн жилүүдэд хүний нүүр царай таньж, хүмүүс дээр фокусаа тааруулж, эсвэл нүүрний хувирлын хариуд автоматаар зураг дардаг гээд өндөр мэдрэмжтэй, өндөр нарийвчлалтай камеруудаас ч давсан камерууд бий болоод байгаа. Нүд анивчихыг таньдаг, түүнээс зайлсхийдэг технологи хүртэл хурдацтай хэрэгжээд байна. Виртуал бодит байдал, 3D зурагт зэрэг орчин үеийн дүрс бичлэгийн технологиудыг хүний харааны системийн гурван хэмжээст танин мэдэхүйн чадвар болон байгалийн өнгө мэдрэх чадварыг дуурайлган хөгжүүлж байна. Тэгтэл эдгээр технологи бидний нүдэнд хэдийн тун нарийн боловсронгуй гэгч нь хэрэглэгддэг байна. Үүнийг саяхан л олж илрүүлсэн төдий.

Нүдний бүтэц болон харааны нарийвчлалыг бүрдүүлдэг цогц нарийн эрэмбэ дараалал ер бусын гайхамшигтай. Хараа нь эвэрлэг бүрхэвчээс харааны кортекс хүртэлх бүх холбоосууд хоромхон зуурт холбогдож, хамтдаа ажиллах үед л үүсдэг нарийн, төвөгтэй мэдрэхүй юм. Хүмүүн бид урт удаан хугацаанд дэлхий ертөнцийг өөр өөрсдийн нүдээр харж байна. Гэвч бидний хараа хичнээн онцгой болохыг ухаарч ойлгоогүй шүү дээ. Элдэв янзын камер, дүрс бичлэгийн технологийн гайхалтай хөгжил нь биднийг хүний бие махбодийн харах мэдрэхүйн тухай эрхгүй нэгийг бодоход хүргэнэ.

“Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?” Дуу 94:9

“Нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно. Хэрэв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ!” Мат 6:22-23

​Эх сурвалж
Япон хэлнээс солонгос хэл рүү орчуулсан Кан Гым Хы, И Сэ Ён нар, Мэдрэхүй: Гайхамшигт механизм, Ньютон Пресс, Япон, 2015
Япон хэлнээс солонгос хэл рүү орчуулсан Кан Гым Хы, И Сэ Ён нар, Хүний бие: 21-р зууны анатоми, Ньютон Пресс, Япон, 2006
И Ын Хы, Харихарагийн нүдний тухай өгүүлэл, Ханкёрэ Пресс, 2016
Тацуо Сакай, Япон хэлнээс солонгос хэл рүү орчуулсан Юн Хе Рим, Анатоми, Биед маань нууцлагдсан гүн нууц, Жоннамүсүп, 2019