WATV.org is provided in English. Would you like to change to English?

Үйлстэй итгэл

99 Үзсэн тоо

Энэ дэлхийд амьдарч байгаа бүх үндэстэнд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглагдана гэж Библид тэмдэглэгдсэн байдаг (Мат 24:14). Сайн мэдээний дуу хоолой бүх газарт, Бурханы үг ертөнцийн хязгаарт хүрэхийг ч бас тодорхой гэрчилдэг (Ром 10:18).

Зөгнөлийн үгийг сонсоод ухаарсан гэр бүлүүд дэлхийн бүх үндэстэн рүү хандан Бурханы сайн мэдээг зоригтойгоор тунхаглаж байгаа гэсэн Сионы үнэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсээр байна. Гэвч одоо ч авралын зар тараах ажилд оролцохоос татгалзан хойш суух гэр бүл мэр сэр байгаа бололтой.

Библийн зөгнөл ёсоор өнөө үед бүх хүнд сайн мэдээ тунхаглая гэвэл үйлс зайлшгүй хэрэгтэй. Хүн бүр нэг сэтгэлээр оролцох үед сайн мэдээний түүх бүрэн биелэгдэх юм. Үйлс ба хэрэгжүүлэхийн чухлыг Библиэс судалцгаая.

Үйлсээр биелсэн гайхамшигт түүх

Библид Бурханы үгэнд итгэж, үйлс болгон хэрэгжүүлээд агуу амжилтанд хүрсэн итгэлийн өвөг дээдсийн талаар өдий төдий тэмдэглэл бий. Тэдний нэг нь Бурханы үгэнд итгэн, үйлс гаргаж, тэр чинээгээрээ гайхамшигт түүхийн гэрч болсон Иошуа юм.

“Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч гарч, орохгүй байв. ЭЗЭН, Иошуад —Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн. Та нар хотыг тойр. Тэгэхдээ бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрогтун. Үүнийг зургаан хоног хий. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ.” Иош 6:1-5

Цөлийн 40 жилийн аяны төгсгөлд сүү, зөгийн балаар бялхах Канаан нутаг нүдний өмнө ирэхэд төмөр мэт Иерихо хот израиль ард түмний өмнө хөндөлсөв. Тэр үед Бурхан Иошуад Иерихо хотыг нураах нууц төлөвлөгөө зааж өгдөг. Тэр төлөвлөгөө нь зургаан өдөр бүх цэрэг эрс хотыг өдөрт нэг удаа тойрч, долоо дахь өдөрт долоон удаа тойроод тахилч нар бүрээ үлээвэл бүх хүн нэгэн зэрэг хашхирах байв.

Иошуа болон израиль ард түмэн Бурханы үгийг дуулгавартай дагасны эцэст Бурханы зөгнөл нүдэн дээр нь биелэгдэх гайхамшгийг харсан юм.

“Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд —Уухайлан хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. … Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, …” Иош 6:15-20

Долоо дахь өдөр болмогц израиль ард түмэн Бурханы тушааснаар Иерихо хотыг долоон удаа тойрсны эцэст тахилч нарын бүрээн дуу болон Иошуагийн хашхир гэх чимээнээр бүгд хамт хашхирчээ. Тэгэхэд хэзээ ч нурах шинжгүй байсан Иерихо хоромхон зуурт нуран унажээ.

Хэрэвзээ Бурхан хотыг тойр гэж айлдсаар байхад үгэнд нь итгэж тойрох хүн байгаагүй, хашхир гэхэд нь хэн ч хашхираагүй бол Иерихо хот чухамдаа нурах байсан болов уу? Огтхон ч үгүй! Бурханы хий гэсэн бүхэн зөвхөн амьдрал дээр хэрэгжүүлэн, ажил хэрэг болгосон үед л биелдэг юм. Энэ нь баттай үнэн гэдгийг Библийн үй олон түүх бидэнд сургасаар байгаа.

Үйлд гэсэн шалтгаан

Хятадын Байлдаант улсын үеийн нэгэн их сэтгэгч “Харах нь сонсохоос хавьгүй дээр, мэдэх нь харахаас хавьгүй дээр, хийх нь мэдэхээс хавьгүй дээр. Сурсан зүйл нь хэрэгжүүлж байж л ой тойнд тогтоно” гэж хэлсэн байдаг. Энэ нь аливаа зүйлийг амьдралд хэрэгжүүлэх нь зүгээр нэг сонсож харахаас илүү чухал гэсэн үг аж.

Үнэндээ аливаа юмс санаанд орохдоо сонссоноосоо харсан нь илүү тогтсон байдаг ба нэг удаагийн хүлээж авсан мэдээллийн нөлөөнөөс илүү биеэр амсаж, олон талаар хүлээж авсан мэдээлэл нь ой тойнд илүү үлддэг аж. “Сонссоноо мартаж, харснаа санаж, хийснээ ойлгодог” гэсэн үг байдагчлан хүн аливаа зүйлийг зүгээр л нэг санахаас гадна биеэрээ мэдэрч хийснээ л сэтгэл зүрхээрээ ухаардаг билээ. Тиймээс л бид итгэлээ үйлс болгон хэрэгжүүлэх учиртай юм.

“Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж —Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу явж, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв. Елиа даруй босон Зарефат уруу явлаа. Тэрээр хотын үүд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад —Надад уух ус вааранд хийж авчирч өгөөч гэж гуйв. Тэр эмэгтэй ус авчрахаар явах гэж байхад Елиа түүнийг дуудан —Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв. Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭН амьд! Надад саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв. Тэгэхэд Елиа эмэгтэйд —Бүү ай. Явж, хэлснээрээ л хий. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. Учир нь “ЭЗЭН энэ газрын гадаргад дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл саван дахь гурил ч дуусахгүй, тостой домбо ч хоосрохгүй” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан юм гэв. Тэр эмэгтэй явж, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй.” 1Хаа 17:8-16

Бурханы айлдсанаар Елиа ган гачгаас зугтаж, Зарефатад амьдардаг нэгэн бэлэвсэн эмэгтэйн гэрт байхаар болдог. Бурханы зөгнөл ёсоор Израиль нутагт гурван жил хагасын хугацаанд ган болж олон хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Зарефатын бэлэвсэн эмэгтэй ч бас идэх хоолгүй болж, сүүлчийн ганц атга гурил, домбон дахь жаахан тосоороо хоол хийж хүүтэйгээ идээд үхэх байв.

Тэр үед Елиа өнөөх бэлэвсэн эмэгтэйд талх хийж эхлээд надад авчирч өгөөч гэж хэлжээ. Нөхцөл байдал хэдий хэцүү байсан ч Зарефатын эмэгтэй Бурханы хүслийг хүлээн авч, үгийнх нь дагуу үйлдсэн. Үр дүнд нь тэднийх ган гачиг дуустал саван доторх гурил, домбон дахь тос нь дуусахгүй байх гайхамшгийг биеэр үзсэн байна.

Амь нас нь үхлийн ирмэгт байхад үлдсэн жаахан хоолоо эхлээд Елиад өгөх нь амархан хэрэг биш байлтай. Гэвч Зарефатын бэлэвсэн эмэгтэй эш үзүүлэгчийн дамжуулсан Бурханы үгэнд итгэж үйлдсэнээрээ энэ бүхэн өөрт нь ерөөл өгөх гэсэн Бурханы түүх байсныг ухаарчээ.

Бурхан Гидеонд гучин хоёр мянган цэргийг гурван зуу болгож хас гэж тушаасан үед ч мөн адил байв. Зуун гучин таван мянган мидиантай дайтахад гучин хоёр мянган цэрэг ч хүртэл хаана нь ч хүрэхээргүй дутуу байтал цэргүүдийн тоог дахиад хас гэж айлдсан Бурханы үгийг хүний бодлоор ойлгоход амаргүй байсан байх. Гэвч энэ дайн Бурханы төлөвлөсөн хүслээр Израиль ялалт байгуулж дууссан юм (Шүү 7:2-23). Үүнтэй адил Бурханы үгийн дагуу үйлдсэн үед ерөөлтэй үр дүнд хүрч, Бурханы үгийн хүслийг ч бүрэн ойлгодог.

Бурханы үгийг хэрэгжүүлдэг хүний орох тэнгэрийн хаанчлал

Бид Бурханы үгийг үйлдэж, хэрэгжүүлэхгүйгээр бүрэн төгс ухаарч чадахгүй. Тийм ч учраас Бурхан цаг үргэлж биднийг итгэлтэйгээ дүйцэх үйлстэй байхыг онцгойлон заадаг.

“Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү? Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь нүцгэн, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг нь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” Иак 2:14-17

Библид үйлсгүй итгэл биднийг аварч чадахгүй төдийгүй энэ нь өөрөө үхмэл гэсэн байна. Үхмэл итгэлийн ертөнцөд Бурханы хүч чадлын ямар ч түүх гарахгүй.

Хэрэв бид Бурханы үгийг зөвхөн чихээрээ сонсож, нүдээрээ л хараад болчихвол үүнийгээ хэр зэрэг ойлгож, хэр удаан санах бол? Залбирах ёстойгоо мэдэж байгаа хэрнээ залбирахгүй, Бурханы үгийг шамдан сурах ёстойгоо мэдэж байгаа ч сурахгүй, авралын зар тараах хэрэгтэй гэж мэдсээр байж тараахгүй байгаа бол Бурханы хүслийг яавч ойлгохгүй. Үйлсгүй, үхмэл итгэлээр огтхон ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй юм.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” Мат 7:21

Тэнгэрийн хаанчлал нь Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүсийн орох газар. Библид эрдэнэ мэт сайхан үгсийг хэдэн арван мянгаар нь, тоо томшгүй их тэмдэглэсэн ч хэрвээ бид хэрэгжүүлэхгүй бол тэдгээр үгс зүгээр л цаас дүүргэсэн үгийн цуглуулга төдий л байх юм. Бурханы үгийг сонсож, уншсан л бол амьдрал дээр заавал хэрэгжүүлэх гэж шамдаарай. Бурханы хүслийг биелүүлсэн үед л бид хүсэж мөрөөдөж байгаа тэнгэрийн хаанчлалдаа орж чадна.

Тэгвэл өнөө үед бид бүхний хэрэгжүүлэх ёстой Бурханы үг юу гэдгийг Библиэс харцгаая.

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун.” Мар 16:15

Энэ үед Бурхан биднийг түрүүлж дуудаад “Хүн төрөлхтөнд сайн мэдээ тунхагла” гэж тушаасан.

Бурханы энэхүү тушаалыг яг одоо үйлс гарган хэрэгжүүлцгээе. Хэрэгжүүлэхгүй бол ухаарахгүй, ухаарахгүй бол Бурханы үг бидний ой санамжаас тэр дороо арчигдана. Эцэст нь хэрэгжүүлдэггүй хүн Бурханы үгийн дагуу амьдарч чадахгүйд хүрдэг. Израиль ард түмэн цөлд амьдрахдаа Бурханы үгийг тоо томшгүй сонссон ч дорхноо мартаж дахин бузар мууг үйлдсэн шалтгаан ч бас тэд үгийг сонсох нь сонссон ч хэрэгжүүлээгүйд байв.

Үйлдлээр хийсэн аливаа зүйл хэзээ ч мартагддаггүй. Хүн төрөлхтөнд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагла гэсэн Бурханы үгийг удаан мартахгүй байя гэвэл өөрийн биеэр хэрэгжүүлж, зөгнөлийн биелэлтэнд гар бие оролцон, сэтгэл зүрхээрээ ухаарах хэрэгтэй.

Үйлстэй итгэлээр биелдэг авралын түүх

Бурхан өнөө үед ч бас үйлстэй, хэрэгжүүлдэг итгэлээ орхигдуулж болохгүйг захисаар байна.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” Мик 4:1-2

Библид эцсийн өдрүүдэд Бурхан ирээд үнэнийг зааж өгөхөд нь хүлээн авсан хүмүүс тэр жимээр алхана гэж айлдсан байна. Яг энэ зөгнөлийн үед бид одоо амьдарч байгаа. Бурханы Сионд тунхагласан үнэний замыг зөв ойлгож ухааръя гэвэл бид яах ёстой билээ? Айлдсан үг ёсоор хэрэгжүүлэх ёстой.

Энэ үед Сионоос гарч байгаа Бурханы хууль нь хэрэгжүүлж байж л ухаарах үнэн юм. Бурхан үнэний замуудаа зааж өгөхөд үг бүрийг хэрэгжүүлж үздэг хүн л хамгийн сайн ойлгож чадна (Иак 1:25). Зүгээр л сонсож, хардаг хүмүүс Бурханы үгийг мэдэх нь мэдэх ч сэтгэлээсээ ухаарч ойлгож чадахгүй.

Мэдлэг чухал ч гэлээ мэдэж байгаагаа амьдрал дээр хэрэгжүүлэх нь илүү чухал. Хэдийгээр мэдэж байгаа зүйл багахан ч гэлээ түүнийхээ хэрээр үйлддэг хүмүүсийн очих газар бол тэнгэрийн хаанчлал.

Иерихо хотыг нураачихаж чадах бүгдийг чадагч Бурхан яагаад израиль ард түмэнд хотыг долоон өдөр тойр гэж тушаасан юм бол? Үүний цаана Бурханы үгэнд баттай итгэх итгэл ба үйлсийг тэднээс хүсэж байв. Тиймээс итгэлийн бүх өвгийг үйлсээр хэрэгжүүлсэн үед нь Бурхан тэдэнд ялалтын баяр хөөр болон яруу алдар эдлүүлж байсан.

Бурхан үгэнд нь итгэж хэрэгжүүлсэн израиль ард түмэнд Иерихог эзлэх агуу ерөөл соёрхож, айлдсан ёсоор нь үйлдсэн Зарефатын бэлэвсэн эмэгтэйд урт удаан ган гачигт зөвхөн тэднийхийг хоол ундаар таслаагүй. Энэ мэт өнгөрсөн түүхийг сэтгэлдээ тунгаавал үйлстэй, хэрэгжүүлэх итгэл нь хичнээн чухал гэдгийг дахин ухаарах болно.

Бурханы нүдэнд дэлхий хувингийн дусал ус, дэнсэн дээрх ширхэг тоос мэт дэндүү өчүүхэн. Хэний ч тусламжгүйгээр бүгдийг чадагч Бурхан ганцхан хоромд авралын ажлаа дуусгаж чадна. Тийм атлаа Бурхан бидэнд дэлхийн сайн мэдээний үүргийг даалгасан нь биднийг итгэлээ үйлсээр хэрэгжүүлж байгаа эсэхийг харах гэсэн хэрэг.

Итгэл дээр маань үйлс дагалдвал бидний төсөөлж ч чадахааргүй гайхалтай үр дүнг Бурхан харуулна. Хэрэгжүүлэхээ маргааш, нөгөөдөр гэж хойшлуулахын оронд харж, сонссон үгээ өнөөдөр хэрэгжүүлдэг итгэлтэй байж, тэнгэр Эцэг Эхийн яруу алдрыг дэлхий даяар гаргах Сионы гэр бүлүүд болохыг хүсэж байна.