Мэдлэгтэй итгэл ба үйлстэй итгэл

20,179 үзэлт

Өнөө үед ертөнцөд олон сүм байгаа боловч ихэнх нь Есүсийн биечлэн зааж, сахин биелүүлэх жишээ үзүүлсэн шинэ гэрээний сайн мэдээг дагадаггүй. Христэд итгэдэг гэх хүмүүс Есүст итгэх л юм бол аврал авна гэж зүтгэцгээдэг. Тэд өөрсдийгөө Библи уншдаг гэж ярьдаг хэрнээ үнэн хэрэгтээ Библид бичигдсэн, бид бүхний үйлсээрээ харуулах ёстой Христийн сургаалыг хайхардаггүй. Энэ нь христчүүдийн бодит байдал билээ.

Бурханы үгийг мэддэг атлаа хэрэгжүүлдэггүй бол тушаал ба хууль дотроо шингээсэн Бурханы хүслийг ч сайн ойлгож чадахгүй, Бурханы авралын ажилд ч оролцож чадахгүй. Мэдэхийг нь онол, хэрэгжүүлэхийг нь практик гэдэг. Ертөнцийн энэ зүй тогтлоос харсан ч тэр онол практик хоёр зохицохгүй л бол ямар ч ажил бүрэн төгс биеллээ олдоггүй.

Бидний итгэлийн хувьд ч мөн адил. Мэдэх нь чухал ч хэрэгжүүлэх нь бүр чухал. Бурхан бидэнд зөвхөн мэддэг итгэл дотор зогсох биш, үйлсээрээ хэрэгжүүлэх итгэлтэй байх хэрэгтэй гэж зааж өгдөг. Одоо Бурханы энэхүү хүслийг Библиэс сайтар судалж үзэцгээе.

Шинэ гэрээний үгийг хэрэгжүүлэгч нь ерөөлтэй

“Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү? Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь нүцгэн, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг нь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. … Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. … Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.” Иак 2:14-26

Бурханы үгийг зөвхөн мэдэх төдийгөөр аврал авч чадахгүй. Шинэ гэрээг сахиж байж мөнх амийг олно гэсэн үгийг мэдлэгийн хувьд мэдэж байгаа ч сахиж хэрэгжүүлэхгүй бол тэр мэдлэг бидний сүнсийг аварч чадах уу? Зөвхөн итгэл байгаад аврал авч огт чадахгүй. Гагцхүү үйлс дагалдаж байж л төгс авралд хүрнэ.

Бурханы биднээс хүсэж байгаа итгэл бол үйлстэй итгэл юм. Шинэ гэрээний үгийг хэрэгжүүлж дагадаг хүмүүс л ерөөгдөнө.

“Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг. Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрөлх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад, эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг нь үйлсдээ ерөөгдөх болно.” Иак 1:22-25

Бидэнд уламжилж өгсөн Бурханы шинэ гэрээний үг, тухайлбал шинэ гэрээний зарлиг, залбирал, авралын зар, ах дүүгийн хайр зэрэг бүх сургаалыг хэрэгжүүлж байхдаа түүний утга учрыг зөв ухаарч авдаг. Тиймээс шинэ гэрээний үгийг зөвхөн сонсдог хүний итгэл ба хэрэгжүүлдэг хүний итгэл хоорондоо тэс зөрүүтэй юм.

Хэдэн мянган онолыг арван хуруу шигээ мэддэг, Библийн ишлэлийг торох юмгүй хурдан хайж олдог байлаа гээд үгийг үйлс болгон хэрэгжүүлдэггүй бол түүний бүхий л мэдлэг, онол сүнсэнд нь ямар ч ашиггүй юм. Бурхан тушаасан гэж мэддэг хэрнээ тушаалыг нь бодитоор хэрэгжүүлэхгүй бол мэдэхгүй байснаас дор муу үр дагаварт хүрч ч болно (Лук 12:47-48 үзэх).

Чигч шударга нь түүгээр алхана

Бид Бурханы үгийг сонсох төдийгөөр дуусгах биш, өчүүхэн жижиг зүйл хэлсэн ч хэрэгжүүлдэг итгэлтэй байх хэрэгтэй. Бурханы үгийг баяртайгаар дагадаг хүмүүс нь Бурханы ард түмэн юм.

“Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул чигч шударга нь түүгээр алхаж, тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.” Хос 14:9

Нүгэлтнүүдийн хувьд Бурханы замаар алхах нь хүнд дарамт болж, эцэстээ бүдэрнэ. Харин нүглийн уучлалын ерөөл авсан чигч шударга хүмүүс түүгээр алхахдаа баяртай байх юм. Амралтын өдрийг тасралтгүй сахивал Амралтын өдрөөр бидэнд өгөх ерөөлийг ухаарч чадах учраас Амралтын өдрийг хөөр баяртайгаар тэмдэглэдэг. Авралын зар ч яг л ийм. Авралын зараар дамжуулан сүнс нэг бүрийн Бурханы хүүхэд болон өсөж байгааг харж, дүрслэн хэлэхийн аргагүй баяр хөөрийг мэдэрнэ. Улмаар сайн мэдээний амтанд орж, авралын зарыг ямар ч албадлагагүй дуртайяа тараах юм. Авралын зар тарааж үзэхгүй л бол ийм урамтай баяр баясгаланг яагаад ч мэдэрч чадахгүй.

Бурханы бидэнд тушаасан шинэ гэрээний бүх хууль нь хүний чадвараас гадна зүйл огтхон ч биш, хэн ч байсан хэрэгжүүлж чадахуйц зүйл. Гагцхүү тэр үгийн дагуу хийе гэсэн сэтгэлтэй юү, үгүй юү гэдгийн дагуу ерөөл авч ч болно, ерөөл алдаж ч болно. Нас, хүйс, нөхцөл байдал зэргээр шалтаглан Бурханы үгийг хэрэгжүүлэхээс татгалзвал шинэ гэрээг өгсөн Бурханы чинхүү хүслийг нь ч ойлгож чадахгүй, үнэ цэнийг нь ч ухаарч чадахгүй, утгагүй хоосноос хоосон юмсын араас бэдэрч явсаар амьдралаа үрэн таран хийхэд хүрнэ.

Илжгэн чихний модонд ургасан илжгэн чихийг идье гэвэл түүж авахын тулд саваа мод, модонд авирах шат бэлтгэх идэвх зүтгэл хэрэгтэй. Харин модон дор зогсчихоод илжгэн чих унахыг зүгээр хүлээж зогслоо гээд илжгэн чих хэзээ ч өөрөө унаад ирчихгүй.

Сайн мэдээний замаар алхах явцад хичнээн хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч Бурханы хүслийн дагуу хийе гэсэн сэтгэл байвал заавал зам нээгдэнэ. Бурханд залбиран чин зүрхнээсээ гуйгаад үзээрэй. Сатаны бүх саадыг ялан дийлж, Бурханы хүслийг гүйцээх Ариун Сүнсний хүч чадлыг авах арга нь залбирал юм (Мар 9:28-29 үзэх). Үргэлж залбиралд өөрийгөө зориулах явцдаа аажим аажмаар итгэлээ батжуулбал ямар ч бэрхшээлийг даван туулж, эцэст нь агуу том ерөөл хүртэнэ.

Явж, бүх үндэстэнд хаанчлалын сайн мэдээг тунхагла

Жинхэнэ христчин мөн л бол хүн төрөлхтнийг аврахын төлөө Бурханы энэ газарт ирээд туулсан золиосын замыг зөвхөн мэдэх төдий биш, тэрхүү золиосын замаар нь мөн дагах хэрэгтэй юм. Бидний хийх ёстойг Есүс Өөрийн биеэр жишээ үзүүлсэн бөгөөд Сүнс ба Сүйт бүсгүй болж ирсэн Елохим Бурхан ч эдүгээ Өөрөө хэрэгжүүлж бидэнд жишээ үзүүлсээр байна.

Өнөө үед бид дэлхий дахиныг аврах учиртай зөгнөлийн үед амьдарч байна. Зөгнөлийн баатруудын хувьд ямар зөгнөл хүлээж байгааг мэдэж байгаа атлаа Бурханы тушаалын дагуу хэрэгжүүлж, тушаалынх нь дагуу үйлс гаргахгүй бол дэлхийн сайн мэдээний түүх хэрхэн гүйцэлдэх билээ?

Энэ үед амьдарч байгаа бидэнд Бурхан нэг үүрэг хүлээлгэсэн.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Энэ үг ч бас бидний заавал гүйцэтгэх ёстой Бурханы тушаал юм. Бурханы ийм хүслийг биелүүлье гэсэн сэтгэлийн хат, зорилго төлөвлөгөө, хичээл зүтгэлгүйгээр Бурхан ирнэ гэж зүгээр хүлээх биш, авралын өдрийг аль болох хурдан ирүүлэхийн тулд зөгнөлд идэвхтэй оролцох хэрэгтэй.

Бурхан бидний хийх боломжгүй, бидний хүчээр барахгүй зүйлийг хий гэж тушаагаагүй билээ. Бурхан Өөрөө Самари ба дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглагдах замыг бэлдэж, нөхцөл бололцоог хэдийн бүрдүүлчихээд бидэнд зөвхөн “Яв” гэж л тушаасан.

1950, 1960 оны үед гэхэд л дэлхийн ядуу буурай орны нэг байсан Солонгос улс эдүгээ эдийн засаг нь дэлхий нийтийг алмайруулам хурдан хөгжиж, хүчирхэг эдийн засагтай улсын эгнээнд багтаж чадсан нь ч дэлхий дахинаа сайн мэдээг дэлгэрүүлэхийн төлөөх Бурханы ивээл дотор биелсэн түүх юм. Бурхан бидний төлөө шинэ гэрээний сайн мэдээг Самари ба дэлхийн хязгаар хүртэл тараах бүхий л нөхцөлийг бүрдүүлсээр байна. Тиймээс бид Бурханы хүч чадлыг түшиж, “Яваарай” гэхэд нь явах л юм бол бүх зүйл саадгүй, бүх зам дардан байх юм.

“Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:14

“Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно” гэж 2000 жилийн өмнө Есүс аль хэдийн зөгнөсөн. Тариалангийн улирал гэж байдагчлан зөгнөл биелэх үе гэж бас бий. Одоо энэхүү зөгнөл яг биелэх үе юм. Боломж алдалгүй хурдан явж тунхаглацгаая.

Есүсийн хэлсэн бүхэн гарцаагүй биелж, бидэнд ерөөл өгнө гэдэгт итгэж байна уу? Тэгвэл ямар ч нөхцөл байдалд гомдол гаргалгүй, итгэлтэйгээр урагшлаарай. Бурханы хүч чадалд итгэж, гадаадад сайн мэдээ тунхаглахаар явсан эш үзүүлэгч нарын жишээнээс харахад ч Бурхан тэдний өмнө явж замыг нь шулуун болгож өгсөн байдаг. Бурхан тэднийг зөвхөн шинэ гэрээний сайн мэдээг тараахад л бүх хүчээ дайчлаг гэсэндээ бүх нөхцөл байдлыг нь бүрдүүлчихсэн болохоор сүнсээр харанхуй байсан тивүүдэд ч, үл таних газарт ч амийн гэрэл цацарч, үхлийн сүүдэрт амьдарч байсан хүмүүс үнэний гэрэл болсон Бурханыг баяртайгаар хүлээн авч байна. “Явж бүх үндэстэнд сайн мэдээ тунхагла” гэсэн Бурханы үгийг сонсчихоод нэг нь ч биелүүлээгүй байсан бол ийм ивээлтэй үр дүнд хүрч чадахгүй байх байсан.

Бурханы өмнөөс ертөнцийг сэрэмжлүүл

Дэлхийг аврах сайн мэдээний ажилд оролцох ёстой гэдгээ бид бүгд мэдэж байгаа. Одооноос эхлээд зүгээр мэдээд зогсохгүй үйлс болгон хэрэгжүүлцгээе. Үүний төлөө Бурханы хүслийг төгс биелүүлж чадах сүнслэг хүч нөөцлөхийн тулд өөрсдийгөө байнга залбиралд зориулах хэрэгтэй.

“Тэгээд Тэр надад —Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, чихээрээ сонс. Цөлөгдөгсөд уруу, ард түмнийхээ хөвгүүд уруу явж тэдэнд ярь. Тэд сонссон ч, эс сонссон ч “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж тэдэнд хэл гэв. … —Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. … Би чамд айлдах үедээ амыг чинь нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд тэрслүү гэр юм.” Езе 3:10-27

Бурханы өмнөөс ертөнцийг сэрэмжлүүлэх үүрэг бидэнд даалгагдсан. Тэрслүү сэтгэлээсээ болоод хүмүүс үг сонсохгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй. Авралын тухайд бидний дүгнэх эсвэл шийдвэрлэх зүйл гэж үгүй.

Сонссон ч бай, татгалзсан ч бай хамаагүй бид бүх хүнд сайн мэдээ тунхаглах л хэрэгтэй. Тэгэх явцад Бурханы үгийг сонсоод Бурхан руу ирэх хүүхэд зайлшгүй гарч ирнэ. Сайн мэдээ тараахад сонсох юм шиг хүмүүс нь сонсолгүй, огт санаанд оромгүй, сонсохгүй байх гэсэн хүмүүс анхааран сонсож Бурхан руу ирэх үе байдаг. Тэгээд тэр ганц хүнээр дамжин олон сүнс Бурхан руу эргэдэг шүү дээ. Бурхан бидэнд сайн мэдээ тараах үүрэг өгөхдөө үгийг анхаарч сонсох хүсэлтэй хүнд л зөвхөн тунхаглаарай гээгүй юм.

Түүнчлэн юу юугүй л “Энэ хүн Бурханы хүүхэд болов уу, эсвэл тэр нь Бурханы хүүхэд юм болов уу” гэж урьдчилан дүгнэж, сонгоод тараагаарай ч гээгүй. Үр дүнг нь Бурханд даатгаад, бүх хүнд хичээнгүйлэн тараахад л болно. Тийнхүү Бурханы айлдсанчлан уйгагүй тунхаглавал үр дүнд нь олон сүнс сайн мэдээ сонсоод ухаарч Бурхан руу ирэх ба үүгээр дамжуулан Бурханд яруу алдрыг өргөж, бид ч бас ерөөл авах юм.

“Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.” Езе 11:19-20

Зөгнөлийн цаг хугацаа болбол Бурхан сайн мэдээг яаравчлахын тулд бүх хүүхдэдээ ганц зүрхийг өгнө хэмээсэн. Энд хэлсэн ганц зүрх гэдэг нь Бурхан хаашаа ч хөтөлсөн дагахыг буюу нэг ёсондоо Бурхантай адил сэтгэлээр хийхийг хэлсэн хэрэг.

Одоо уг зөгнөлийн тухайд биелэгдэх цаг үе нь билээ. Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, хугацаа бий гэсэн учраас бүх зөгнөл биелж дууссаны дараа хожимдож хэрэгжүүлье гэлгүй, Бурханы бидэнд зөвшөөрсөн ерөөлийн энэхүү боломжийг алдалгүй, дэлхийн сайн мэдээний ажилд бүгд хамт оролцоцгооё. Дэлхий дахиныг аврах гэсэн Бурхантай нэг сэтгэлээр, ганц зүрхээр дэлхийн үндэстнүүдэд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шударга ёсны Бурханаас олон шагнал, их ерөөл авах сайн мэдээний гол баатрууд болцгооё!